Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга, эдийн засагч, удирдахуйн ухааны доктор (рh.D), дэд профессор Д.Мэндбаяртай ярилцлаа.
-Өнөөгийн нөхцөлд улс орны хөгжлийг урагшлуулахад юу хамгийн чухал вэ. Улс төрийн нам үүнд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ?
-Аливаа орны улс төрийн намын тодорхой хэлбэл тэдгээрийн удирдагчдын улс төр болон эдийн засгийн шийдвэрээс улс орны нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьдралыг одоогийн түвшнээс дээшлүүлэх, хөгжлийн хүрсэн түвшинг тогтоон барих асуудал шууд хамаардаг. Хувь хүн бүр өөрийн амьдралыг өөрөө мэдэх тэгш боломжийг ардчилал олгодог хэдий ч үүнд төрийн зайлшгүй гүйцэтгэх үүргийг үгүйсгэх боломжгүй юм. Макро эдийн засгийн хүрээнд ДНБ-ий өсөлт бууралт, инфляц, үнийн бодлогууд, ажилгүйдэл, хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт, мөнгөний урсгал, гадаад харилцааны экспорт импортын тэнцэл зэрэг төрөөс зохицуулах бодлогуудыг Засгийн газар зайлшгүй шийдвэрлэж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдийн засгийн эдгээр асуудлуудыг дан ганц улс төрийн шийдвэрээр боловсруулж хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд судалгаанд суурилсан эдийн засаг-шинжлэх ухаан-техникийн сайтар боловсруулсан үндэслэлийн үндсэн дээр шийдэж үр дүнд хүрэх учиртай. Тиймээс улс төр, эдийн засгийн ухааны онол болон улс төрийн намуудын практик үйл ажиллагааны давуу талуудыг хослуулан нийгэм-эдийн засгийн шийдвэр гаргахад судалгаанд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой шийдвэр гаргах нэн шаардлага манай улсад тулгарч байна.
Улс төрийн тодорхойгүй, системгүй, маргаантай субьектив хүчин зүйлээс үлэмж хамааралтай шийдлийг обьектив хүчин зүйлээс шууд хамааралтай цэгцтэй, бодит байдлыг судалгааны үндсэн дээр тодорхойлсон өгөгдөл, мэдээлэлд тулгуурласан төрийн аливаа шийдвэр болгоход улс төрийн намууд, тэдгээрийн удирдлага анхаарах ёстой гэж ойлгож болно.
Дэлхийн эдийн засгийн интеграци, бүс нутаг, улс орны онцлог, өөрчлөлтөд нийцсэн байх, өөрөөр хэлбэл “дэлхийн дүрмээр” улс төр эдийн засгийн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн эрин үеийн хөгжлийн интеграцид зохицон амьдрахыг цаг үе, орчин шаардаж байна. Манай оронд болж өнгөрсөн улс төрийн олон удаагийн өөрчлөлтүүд засаглалын чанарын доройтол, улс төржсөн хийрхэл, шинжлэх ухаанд суурилаагүй бодлого, хөтөлбөрүүд, гадаад хөрөнгө оруулалтын тогтвортой бус байдал зэрэг үндэслэлгүй шийдвэрүүд бидэнд том сургамж болж цаашид ийм байдлаар явах боломжгүйг дахин дахин нотлон харуулсаар байна. Үүний зэрэгцээ юуны өмнө засаж залруулах ёстой зүйл бол шудрага засаглал. Одоогийнх шиг улстөрчид нь улс орноо тонон дээрэмдэж, өөрсдөдөө ашигтай буюу бүлэглэлд үйлчилсэн хариуцлагагүй ёс зүйгүй, шударга бус шийдвэрүүд гарсаар байгаа нөхцөлд шинжлэх ухаан болон хөгжил дэвшил ярих боломжгүй юм.
-Тэгвэл ард түмнийг сайн сайхан амьдралын төлөө өнөөгийн төр засаг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахгүй байна гэж үзэж болох уу?
-Судалгаанд суурилсан шинжлэх ухааны үндэстэй шийдвэр гаргах гэдгийг тодруулъя. Үндэсний хөгжлийн газраас гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улсад 1990 оноос хойш дунд болон урт хугацааны стратеги, үзэл баримтлал, хөтөлбөр, төрөөс баримтлах бодлого, мастер төлөвлөгөө гэх мэт хөгжлийн бодлогын 480 гаруй баримт бичгүүдийг батлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авч иржээ. Үүнээс харахад төр засаг огт судалгаа хийдэггүй гэж хэлж болохооргүй байгаа биз. Гэвч, эдгээр бодлогын баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэслэл муутай боловсруулснаас хэрэгжилт нь ихэнх тохиолдолд хангалтгүй, эсвэл зарим хөтөлбөр, төлөвлөгөө нь бодит амьдрал дээрх нөхцөл байдалд тохирохгүй, цаг хугацааны хувьд тохиромжгүй, хоорондын уялдаа холбоо муутай байв.
Урт, дунд болон богино хугацааны бодлогын бичиг баримтууд харилцан уялдаатай, иж бүрэн, цогц болж чадаагүй, хэрэгжилт хангалтгүй байсныг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болох юм. Юуны өмнө, аливаа бодлогыг боловсруулахдаа судалгаан дээр үндэслэдэггүй, шинжлэх ухааны ололт үр дүнг оновчтой тусгаж чадаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсруулах арга зүйг хэрэглээгүйн улмаас амьдралд нийцээгүй, гадаад орны ижил төстэй баримт бичгийг өөрийн нөхцөлд тохируулалгүй шууд хуулбарласан, бодит нөхцөл байдлыг бүрэн тусгаагүй зэрэг шалтгааныг дурьдаж болно. Өөр нэг үндсэн шалтгаан нь манай засаг, төрийн тогтворгүй байдал. Сонгуулиас сонгуулийн хооронд засгийн газар өөрчлөгдөн, шинээр томилогдсон сайд, дарга нар баг бүрдүүлэх, эсвэл шинэчлэл хийх нэрээр яам, агентлагуудын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольж байгаагийн хамгийн уршигтай нь тэд өмнө нь хэрэгжиж ирсэн бодлогын залгамж чанарыг зогсоож саатуулах, улмаар бодлогын цоо шинэ бичиг баримтыг богино хугацаанд, чанар муутай боловсруулж, батлан хэрэгжүүлэх гэж үлэмж цаг алдаж, улс орныхоо хөгжлийг гацаасаар өнөөг хүрсэн билээ. Дээрх шалтгаануудын улмаас судалгаа, шинжлэх ухаан гэсэн ухагдахууныг улс төрчид хангалтгүй ашиглаж байгааг засах цаг болсон гэж үзэж байна.
-Тэгвэл улс төр-эдийн засгийн шийдвэрүүдээс хөгжлийг хэрхэн хурдасгахтай холбогдох жишээнээс тодруулахгүй юу?
-Улс орны эдийн засгийг сэргээх, дэмжих гэсэн ерөнхий, уриа лоозонгийн хэлбэртэй зүйл ярьж, хурал цуглаан хийж их цаг алдаж байна. Эдийн засаг сэргээх суурь асуудал бол бүтээмж, чанарын асуудал гэдгийг цөөн тооны эрдэмтэд, бизнесийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрч энэ талаар ажиллаж байгаа ч засаг, төрөөс тэдний энэхүү хүчин чармайлт, санал, санаачлага, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг анхаарахгүй орхигдуулж байна. Нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдах нөөц буюу бүтээмжийг нэмэгдүүлж, ажил үйлчилгээний чанарыг сайжруулснаар иргэдийн амьдралын түвшин дээшлэх, тэдний орлого бодитой нэмэгдэх, компани, бизнесийн байгууллага тогтвортой ажиллан, үйл ажиллагаа нь өргөжих, өрсөлдөх чадвар нь нэмэгдэх боломж бүрдэж улмаар улс орноо эрчимтэй хөгжүүлэхэд бүх цаг үеийн улстөрч, шийдвэр гаргагчдын гол анхаарах, судлан шийдвэрлэх асуудал байх ёстой. Өөрөөр хэлбэл, ингэснээр одоогийн бидэнд байгаа хязгаартай нөөц, бололцоогоороо хамгийн боломжит олон төрлийн, их хэмжээний, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ажил үйлчилгээ явуулж ард иргэдийнхээ хэрэгцээ, сэтгэл ханамжийг хангах бодлого гэж ойлгож болно. Улс орныхоо эдийн засгийг хэд дахин тэлэх шаардлагатай гэж шууд онол ярихын оронд эдийн засаг дахь бүтээмжийг өсгөх, чанарыг сайжруулах талаар маш цөөхөн хүн дуугарч байна. Бүтээмж болон чанар гэж юу болох, тэдгээрийг хэрхэн дээшлүүлэх, ингэснээр иргэдийн аж амьдрал хэрхэн дээшлэх вэ гэдэгт хариулт өгөх судалгааны томоохон цогц бодлого чиглэгдэх ёстой. Хувь хүний хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх нь түүний амьдралын түвшинг дээшлүүлэхээс гадна тухайн улс орны бүтээмж харилцан уялдаатайгаар дээшлэх үндэс суурь болдог учраас төрийн бодлогоор бүтээмж болон чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааны идэвхжүүлэлтийг бүхэлд нь дэмжин ажиллах ёстой гэсэн санаа. Үүнийг янз бүрийн аргаар хэрэгжүүлэх боломжтой. Өнөө цагт хөдөлмөрийн бүтээмжийг технологи ашиглан нэмэгдүүлж, компанийн ашиг, ажиллагсдын цалин хангамж өсөх боломжтой. Гэвч хөдөлмөрлөх хүчний ихэнхийг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй төрийн алба хаагчид эзлэж байгаа манай нөхцөлд тэдний зарим хэсэг нь ажил хийж буй дүр эсгэж, улс төрийн оноо алдахаас айж тэдэнд төрөөс цалин өгч, үргүй зардал гаргасаар байгаа нь нууц биш юм. Төрийн албаны хөдөлмөрийн хуваарийг дахин хянаж, харьцангуй цөөн хүн амд тохирсон удирдах арга, аргачлалыг боловсронгүй болгож чадварлаг, өндөр бүтээмжтэй, мэргэшсэн төрийн алба хаагчдаас бүрдсэн цомхон бүтцээр тогтвортой ажиллуулах нь чухал. Төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлснээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг өсгөж иргэдийн амьдралын түвшинг нэмэгдүүлэх боломжтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх бөгөөд мэдээж ингэхэд олон салбарын харилцан уялдаа, бүтцийн өөрчлөлтийг зэрэг хийх хэрэгтэй болно. Сонгууль ойртсон өнөө үед сонгуульд нэр дэвшихээр горилогчид зарим салбарын бүтцийн өөрчлөлтийн талаар ярьж эхлэж байна.
Ардчилсан тогтолцооны амин чухал үнэт зүйл бол хамгийн чадалтай иргэдийг өөрсдөө сонгож, төрийн удирдлагад дэвшүүлэхээр хуульчилсан явдал бөгөөд улс төрийн хүрээний тэмцлийн орон зай, орчинд сонгогчид тодорхой ашиг, сэтгэл ханамж олж авах ёстой. Энэ үүднээс төрийн албан хаагчдыг шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийж чаддаг, идэвх санаачлагатай, эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж шудрага, оюуны чадамж сайтай, шаардлагатай үед эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүдийн хүчийг зөв ашиглах чадвартай болгоход улс төрчид онцгой анхаарах шаардлага цаг ямагт өсөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ сонгогчид өөрсдийн ашиг сонирхлыг улстөрчдөөр уламжлан хэрэгжүүлбэл чиглүүлэн тэдний (сонгогчдын) боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй гээд гинжин урвалаар хийгдэх ажлууд их байна. Ажлуудын үр дүнг сайжруулахад бидний менталитет, газар зүйн байрлал, улс төрчдийн шийдвэр гаргах явц, байгалийн баялаг зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлөх хэдий ч миний тооцоолж байгаагаар хамгийн чухал нь улс орныг удирдаж шийдвэр гаргаж байгаа улс төрчдийн ёс зүй, хариуцлага, шинжлэх ухааныг эрхэмлэх сэтгэл, хүсэл эрмэлзлэл, шудрага засаглал тогтоох чин хүсэл, тэмүүлэл маш том хүчин зүйл гэдгийг дахин онцлон хэлье.
-Таны яриан дахь хөдөлмөрийн бүтээмжийг өсгөснөөр иргэний орлого ч даган өснө ингэснээр улс орны хөгжил дээшилнэ гэдэг их анхаарал татлаа. Үүнийг таныхаар хэрхэн хийх вэ?
-Бид орчин үеийн оюун их шингэсэн үйлдвэрлэлийн техник технологийг сайн эзэмшээгүй учир хөдөлмөрийн бүтээмж өсөхгүй байгаа бөгөөд үүн дээр нэмэгдээд боловсролын түвшин хангалтгүй, хөдөлмөрийн шаардлага хангасан багаж хэрэгсэл, техник, технологи байхгүй байгаа дээр улстөрчийн буруу бодлого нэрмээс болж хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжгүй, үүнээс үүдэн амьдралын түвшин сайжрахгүй байсаар байна. Юуны өмнө өнөөдрийн дижитал орчинд нийцэх техник технологийг судалгааны үндсэн дээр гадаад орнуудаас импортлон өөрийн орны нөхцөлд нутагшуулан бүтээмж сайтай, орчин үеийн чанарын шаардлага хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх бага оврын өндөр технологийн үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Бид дотооддоо шинээр хийх, зохион бүтээх гэхээсээ илүү туршигдаж сайжруулагдсан, инновацийн үндсэн дээр нутагшуулах боломжтой бэлэн техник технологийг шууд оруулж ажилчдыг тэднийг ашиглалтад сургаснаар хөдөлмөрийн бүтээмжийг огцом дээшлүүлж болно гэж үздэг.
Тэгвэл орчин үед дэлхий ертөнцөд юу болж байгаа билээ. Өнөөдөр аж үйлдвэрийн 4-р хувьсгал явагдаж, тоон технологид суурилсан эдийн засаг давамгайлах хандлага хэрэгжиж бүтээмж, орон зай, цаг хугацааны тухай бидний төсөөллийг орвонгоор нь өөрчилж байна. Улс хоорондын эдийн засгийн интегралчлал, инновацчлал дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэлийг үндсээр нь өөрчилж байгааг “цахим хувьсгал” гэж нэрлэх болсон төдийгүй зарим хөгжингүй улс орнууд цахим нийгмийг байгуулах зорилт тавьж эхэлснээ ил тод зарлаж байна.
Үүнээс харахад дэлхий дахинд зөвхөн хүний оюун ухаанаас бүрдсэн дижитал технологийн давлагаа эдийн засгийн хөгжилд урьд өмнө байгаагүй амжилт, хэзээ ч байгаагүй баялгийг бүтээж байна. Монголчууд бид ч энэ боломжийг хамтдаа ашиглан цаг хугацаа хожих, хамтдаа үр өгөөжийг нь хүртэхийн тулд олон улстай олон чиглэлээр интеграцид орох шаардлага урган гарч байгааг үүнээс харж болохоор байна.
-Тэгвэл ийнхүү өндөр бүтээмжтэй байхын тулд өндөр мэргэжилтэй, ур чадвартай ажилчид хэрэгтэй байх. Бидэнд тийм нөөц, боломж байгаа юу?
-Ийм боломж, нөөц бий. Юуны өмнө иргэддээ сайн боловсрол эзэмшүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Боловсрол нь улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх гол хүчин зүйл гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Боловсролын реформ хийгдэж, магадгүй нэг үе өнгөрсний дараа энд яриад байгаа зүйлүүд хэрэгжих байх. Гэсэн ч аль болох боломжоороо аажуухан ч богино хугацааны сургалтаар ч гэсэн иргэдийнхээ боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд чиглүүлэн шахуу хэрэгжих төрийн бодлого хэрэгтэй. Аль ч оронд иргэдийн боловсрол нэмэгдэх тусам тэдний авах цалин хангамж өсдөг. Хөгжсөн орны боловсролтой иргэд хөгжил буурай оронд очиж ажиллахад тэдний цалингийн ялгаа асар их зөрүүтэй байдаг. Энд зөвхөн дээд боловсролыг хэлээгүй.
Ялангуяа үйлдвэрлэл, технологи, инновацийн талаар ажилчид бэлтгэх нь улс орны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болно. Улс орон өндөр боловсролтой иргэдээ дэмжин ажиллаж чадахгүй байгаагаас тэд өөрсдийнх нь хөдөлмөрийг бодитойгоор үнэлж чаддаг өндөр хөгжилтэй оронд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхээр эх орноосоо явдаг. Энэ нь тухайн улсын хувьд оюуны асар их нөөц бололцоогоо гадагшаа алдаж, хөгжихгүй байгаа үндсэн шалтгаануудын нэг болдог бол харин тэднийг хүлээн авч байгаа өндөр хөгжилтэй орны хувьд улам хөгжин цэцэглэх үндэс шалтгаан болдог.
-Боловсрол байгаа газарт баялаг бий болдог гэдэг. Боловсролтой эрүүл чийрэг чинээлэг иргэн бол Монголын баялаг гэдэгтэй ч санал нийлэх байх. Иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөний талаар АН-ын байр суурийг тодотговол?
-Ардчилсан намын шинэчилсэн үзэл баримтлалд хувийн өмчийг хамгаалах талаар ямар ч хоёрдмол санаагүйгээр тусгаж өгсөн. Гишүүн бүр түүнийг мөрдөж ажиллах болно. Манай үзэл баримтлал нийгмийн сэхээтэн, бизнесмэнүүдэд онцгой таалагдсан үзэл баримтлал болсон. Өнгөрсөн хугацаанд олсон ардчиллын амжилтын салшгүй хэсэг бол хувийн өмч бөгөөд эдийн засгийн эрх чөлөөгүйгээр ардчилалын ололт амжилтын талаар ярих боломжгүй бөгөөд өмчгүй хүн үг хэлэх ч эрхгүй байдгийг бид өнгөрсөн түүхээс мэднэ. Иймд эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх улсын гадаад, дотоод бодлогын чиглэл нь өмчийн эрхийг хамгаалах замаар улс төрийн хувьд тогтвортой байх явдал гэж үздэг. Өмчлөгчийн эрхийг хамгаалах, хүндэтгэх болон тэднийг өмчөө чөлөөтэй ашиглах боломж олгох нь онцгой чухал. Сүүлийн үед өмчлөгчийн өмчийг ичгүүр сонжуургүйгээр нийгэмчилсэн асуудал гарч эхэлж байгааг яагаад ч зөвтгөж болохгүй. Ингэж өмч эзэмшигчийн эрхэнд шүүхийн шийдвэргүйгээр заналхийлж коммунист үзэл суртлаар хувийн өмчийг хүчээр нийгэмчилвэл улс төрийн хувьд тогтворгүй байдал үүсгэхээс гадна иргэд нь хөрөнгө оруулах, шинэ бизнес хийх хөгжүүлэх ямар ч сонирхолгүй болно. Энэ мэт улс төр, эдийн засгийн буруу шийдвэр иргэдийн амьдралын түвшинг бууруулж түүнээс ч илүү муу үр дүн авчирч болно гэдгийг зарим орны гашуун туршлага харуулж байна.
Дараагийн сонгуульд биднийг сонгох маш том шалтгаан бол хувийн өмч, бизнес эрхлэгчдээ хамгаалах эдийн засгийн эрх чөлөөг дэмжих АН-ын бодлого байх болно. АН угаасаа хувийн өмч, бизнесийг тогтвортой явуулахыг дэмжсээр ирсэн. Бид “Бизнес эрхлэгчдэд ашигтай юм бүхэн улс оронд ашигтай” гэсэн бодлогоор тэднийг тууштай дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг эрүүлээр ханган ажиллахыг чухалчлах болно.
-Сүүлийн өдрүүдэд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой болж байна. Таны бодлоор ардчилал зорьсон зорилгодоо хүрсэн үү. Өнөөгийн ололт амжилтыг хэрхэн дүгнэж байна вэ.
-Өөрчлөлтийг тоо баримтаар гаргаж харья. Эдийн засаг тэр үеэс 30 дахин өссөн хэдий ч нэг хүнд ногдох ҮНО 208 орноос 161 дүгээр байранд бичигдэж байна. Авилгын индексээр 132-т, эрх чөлөөний индексээр 100 гэж үзвэл 85 буюу эрх чөлөөтэй, эдийн засгийн эрх чөлөө 55.4 буюу азийн 43 улсаас 29-д бичигдэж байна. Энэ мэт хэдэн үзүүлэлтээр харвал бид дэлхийн дахинд ардчилсан улс хэмээн танигдах нь гарцаагүй амжилт мөн. Харин бодит байдал дээр ардчилалын ололт амжилтыг өөрсдийнх нь амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн хөгжил, улс төрийн тогтвортой байдал, ардчиллын үнэт зүйлс, иргэний нийгмийн төлөвшлийн асуудлыг энэ систем дотор байгаа иргэд л үнэлэх боломжтой юм.
Азийн улс орнуудын ардчилалттай харьцуулахад давуу тал маш их байгаа ч үүнээс илүү болгох боломжтой гэж үзэж байна. Дээрх тоо бидэнд юу хэлж байна вэ гэхээр бид эрх чөлөөгөө хангалттай эдлэж байгаа боловч хамгийн чухал хүчин зүйл болох эдийн засгийн ашиг шим бага хүртэж байгаа нь нөгөө л засаглалын асуудалтай холбогдоно. Гэтэл бүх хүчин зүйлийн хэмжүүр бол эдийн засгийн өгөөжтэй байдал билээ. Эдийн засаггүй боловсрол, эрүүл мэнд, ая тухтай амьдрал хөгжил дэвшлийн тухай яриа байх боломжгүй юм.
Үүнээс гадна нөлөөлж байгаа зүйлс нь манайд улс төрийн соёл, ёс зүй, хариуцлага төлөвшөөгүй, төрд клинтелист систем бий болсон, ардчиллыг нийгэмд бүрэн ойлгуулж чадаагүй, улс төрчдийн популист амлалт, хуулийн тэгш бус байдал, иргэний нийгмийг хөгжлийг гацаасан зэрэг нь ардчилсан институцийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд ийнхүү гажуудсан ардчиллыг засч нийгэм, эдийн засгийн хүчтэй шинэчлэл хийхийг орчин цагийн боловсролтой иргэд улам эрчимтэй хүсч байгаагаа илэрхийлэх боллоо. Энд улс төрийн намын манлайлал зайшгүй чухал байх болно. Ардчилсан намын зүгээс нийгмийн энэ зүй ёсны шаардлагыг хангаж ажиллахаар хичээж байна.