УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр (2020.01.06) ээлжит хуралдаанаараа цаг үеийн анхаарал татсан сэдэв Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын талаар хэлэлцэн, байр сууриа илэрхийллээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв.
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-ҮАБЗ өөрийн бүрэн эрхийн хэмжээнд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан байна. Яагаад гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшихэд АН “Монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх” захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авчээ гэж бид ойлгож байна.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ) өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай зөвлөмж гаргасан байна. Энэ зөвлөмж нь Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн санаачилга гэж үзэж байгаа. Учир нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд Төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авчээ хэмээн ойлгож байгаа. Хамгийн гол нь, Монгол Улсын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах асуудал өнөөдөр тулгамдаад байна. Тиймээс Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай бодлого хэрэгжүүлэх ажил санаачлаад дөрвөн жил боллоо. Ийм учраас бид Ерөнхийлөгчийн санаачилгыг бид бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
Мэдээж нийгэмд зөв, буруу хэмээн талцахаас өгсүүлээд янз бүрийн асуудал гарч байгаа. Гэвч бидний туйлын зорилго бол ямар ч ялгаваргүйгээр тэгш, шударгаар иргэдээ өрийн дарамтаас чөлөөлөх явдал юм. ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ авч хэлэлцэх байх. Засгийн газар ч мөн “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай асуудлаар хуралдсан. Бид үүнтэй холбогдуулан ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт зарим шаардлага хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Тэтгэврийн зээлийг тэглэх мөнгөний эх үүсвэрийг байгалийн баялгаас олсон ашгаас шийдвэрлэнэ гэж байна. Гэхдээ Үндсэн хуульд заасан тэгш эрх, шударга ёсны зарчмыг баримтлах зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн шоу болгож эдийн засгаа баллаж болохгүй. Ардчилсан нам Ерөнхийлөгчийг сонгуульд нэр дэвшихэд монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх захиас өгсөн. Үүнд тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн зээлийг өрийн дарамтаас чөлөөлөх асуудал багтсан. Тэгээд байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон хувьцааны ногдол ашгаас уг асуудлыг шийдвэрлэх тухай ярьсан. Нийгмийг талцуулж, хувааж болохгүй.
Зөвхөн Салхитын мөнгөний ордыг ярьж болохгүй, бид эрх зүйн орчноо шинэчилж, нийт стратегийн ордыг багтаасан төрийн нийтийн үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. ҮАБЗ-ийн шийдвэр нь үүнийг хэрэгжүүлэх эхний алхам болно гэж харж байна. Өртэй иргэдийнхээ асуудлыг орлоготой, амьдралтай, цаашид өрийн дарамтгүй байлгахын тулд стратегийн ордуудынхаа энэ компанийг байгуулах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай.
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг хазайлгаж огт болохгүй. Хүний эрх, эрх чөлөөний зарчмыг баримтлах, хөрөнгө чинээгээр үл ялгаварлан, иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар яаралтай УИХ-д өргөн барих шаардлагатай. Уул уурхайн ордын үр өгөөж буюу орлогыг иргэдийн өр тэглэхэд ашиглах асуудал нь Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвтэй зайлшгүй уялдах учиртай. Иймд 2020 оны төсөвт тодотгол зайлшгүй хийх шаардлага үүснэ гэдгийг сануулах нь зүйтэй. Өр тэглэх асуудлыг өргөн хүрээгээр харах нь чухал. Зөвхөн ахмадуудын тухай асуудал биш. Нийт иргэдийнхээ өрийн дарамтыг арилгах, стратегийн ордын үр өгөөжөөс цаашид өргүй болгох асуудал дээр Ардчилсан нам илүү санаачилгатай ажиллана. Ийм төсөл, судалгаа санаачилга УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд бий. Үүнийг хууль болгон санаачлан ажиллах болно. Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын гишүүдийн санаачилсан Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах тухай хуулийн төслийг УИХ-аар маш яаралтай оруулж батлуулахаар ажиллаж байна. Дараагийн асуудал бол Ирээдүйн өв сангийн хуулийг шинэ Үндсэн хуультай нийцүүлэх ёстой юм. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн хууль санаачлан боловсруулж УИХ өргөн барих нь Засгийн газрын үүрэг болон үлдэж байна. Ер нь цаашдаа гарах эдийн засгийн үр дагавруудыг бид маш зөв тооцох хэрэгтэй. Уул уурхайн баялгийг ард иргэдэд нийтэд нь тэгш, шударгаар хүртээх асуудал дээр ул суурьтай хандах байх гэж бид найдаж байгаа. Тиймээс энэ асуудлыг сууриар нь зөв зүйтэй шийдэх ёстой гэсэн Ардчилсан намын байр суурийг албан ёсоор мэдэгдэж байна. Нэг удаагийн сонгуулийн шоу болгож эдийн засгаа нураахгүй байх, инфляцийн өсөлт, зээл аваагүй иргэдийн тэгш хүртээмж, татвар нэмэгдэхгүй байх баталгаа, Засгийн газрын өр өсөхгүй байх зэрэг асуудалд бид онцгой анхаарах ёстой. Тиймээс дээрх ажлын эхлэл бол тэтгэврийн зээлтэй ахмадуудаа өрийн дарамтаас гаргах юм. Бид үүнийг дэмжинэ. Энэ нь цаашлаад зөвхөн ахмадууд биш, энэ их баялгийнхаа нөөц боломжийг ашиглаж нийт иргэдийг өргүй байлгах дээр маш зөв менежментийг хийх ёстой гэв.
З.Нарантуяа: Иргэд газар доорх баялгаас ногдол ашиг
авдаг байхаар хуульчлах ёстой
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Өнөөдрийн яригдаж буй энэ асуудалд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Бид байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрт тэгш хүртээмжтэй хэрхэн хүргэх вэ гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр судалгаан дээр үндэслэн гаргаж байсан. Монгол Улс газар доорх баялгаа 1997 онд Ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш ашиглалт, хайгуулын лицензийн хүрээнд ашиглуулж ирсэн. Стратегийн ордууд гэж тооцогддог УИХ-аас тогтоол нь гарсан 16 орд бий. Үүн дээр нэмж стратегийн орд гэж тооцогдох, тогтоолын төсөлд тусгагдсан олон ордуудын асуудал яригдах ёстой. Бид өнөөдрийг хүртэл хэнд ямар зарчмаар баялгаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй явж ирлээ. Тиймээс хамгийн эхлээд иргэдийн тэгш бус байдал, нийгмийн ялгаа, орлогын тэнцвэргүй хуваарилалтыг арилгая гэвэл энэ баялгийнхаа хуваарилалтаас бүх зүйлийг эхлэх ёстой. Иймээс Ардчилсан нам анх Монгол Улсын Ерөнхийлөгчийг анх сонгогдоход нь албан даалгавар өгч байсныг иргэд мэдэж байгаа байх. Үүний гол санаа нь газрын баялгийг иргэдэд тэгш хүртээх, өгөөжтэй хуваарилах зарчмыг бий болгоход оршино. Ийм заалт Үндсэн хуульд бий. Засгийн газрын үйл ажиллагаа эндээс эхлэх ёстой. Стратегийн ордоо хэрхэн яаж ашиглах зарчмаа тодорхойлохын тулд нэн тэргүүнд Төрийн нийтийн зориулалтаар ашиглах, эзэмших энэ баялгийг иргэн, ААН-д ашиглуулах эзэмшүүлэх бол ямар зарчим баримтлах вэ гэсэн хууль нэн даруй батлах шаардлага үүсээд байна. Дан ганц Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах нь өнөөдөр нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг төгс шийдэх гарц биш. Энэ нь тухайлсан нэг хэсэг нийгмийн бүлгээ ялгаварлан авч үзэж байгаа шийдэл болно. Тиймээс нийт иргэдийг зээлийн дарамтгүй, тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоё гэвэл зөвхөн Салхитын мөнгөний орд биш, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Монгол компанийн харьяанд байгуулагдаж байгаа компаниудын хувьцааг иргэдэд эзэмшүүлж болох хувийг УИХ-ын тогтоолоор батлах ёстой. Стратегийн орд бүр тодорхой нөөцтэй. Үүнийг суурь хуулиар батлан УИХ-ын тогтоол гаргаж, хувьцаандаа жил бүр ногдол ашиг авдаг байхаар тодорхойлж өгөх хэрэгтэй. Ингэж байж Монгол Улсын бүх иргэн хувьцааны ногдол ашгаас жил бүр тогтвортой орлоготой болно. Энэ бол бодит гарц. Дараагийн асуудал нь Ирээдүйн өв сангийн тухай хууль. Одоо хэрэгжиж байгаа хууль нь нийгмийн шаардлагаа хангаж чадахгүй байна. Иймээс Баялгийн сангийн тухай хуулийн төслөө Засгийн газар өргөн барих хэрэгтэй. Ирээдүйн өв сангийн хууль энэ жилээс баланс нь нэмэх болж, орлого хуримтлагдана. Өмнө нь дандаа хасах байсан. Тэгэхээр энэ сан одоо төсвийн дутууг нөхдөг сан байх ёсгүй. Нийт иргэдэд хүртээмжтэй улсын эдийн засагт өгөөжтэй ашиглагддаг сан байх учиртай. Ингээд энэ хоёр хууль батлагдаж байж шийдэл нь зөв оновчтой болж, Үндсэн хуульд заасан тэгш хүртээмжтэй өгөөжтэй байх зарчмыг хангах юм. Тиймээс энэ чиглэлээр Засгийн газар илүү ажиллах хэрэгтэй.