УИХ-ын Сонгуулийн тухай хуульд орсон анхаарал татсан заалтуудын тухай хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.
-2020 оны УИХ-ын сонгуулийг хууль тогтоогчид дангаар явуулахаар болсон нь ямар учиртай вэ?
-Өнгөрсөн 20 гаруй жилийн турш тусдаа явж ирсэн Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг тухайн үеийн хууль тогтоогчид учир дутагдалтай байна гэж үзээд 2015 онд нэгтгэхээр шийдвэрлэсэн. Харамсалтай нь, дөрөвхөн жилийн дараа сонгуулийн хуулиа дахин хувааж байгаа нь төр ямар богино ой санамжтай байгааг харуулж байна.
Энэ гурван хуулийн дотоод харилцааг зохицуулж буй 70 гаруй зүйл заалт өөр хоорондоо ав адилхан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 70 гаруй заалт давхцаж бичигдсэн гэсэн үг. Сонгогчийн нэрсийн жагсаалт, сонгуулийн байгууллага, сурталчилгаа гэх мэт...
Тэгвэл сонгуулийн хууль гэж юу вэ? Энэ нь ардчиллын үндсэн суурь зарчим буюу төрийн эрх барих үйл явцад шууд оролцох, улмаар сонгож байгуулсан төлөөлөгчийн байгууллагаараа дамжуулан ард түмэн төр барих эрхээ эдлэх зохицуулалтыг хууль хийдэг. Ерөөс ардчилсан төрийг цогцлоох Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх нь энэ хуулийн гол зорилго.
Тиймдээ ч эцэг хуульд яв цав нийцсэн, эрх тэгш, шударга ёсыг хангасан байх ёстой байдаг.
-2020 оны УИХ-ын сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулахаар болсон. Үүний сул болон даваа талын талаар?
-Энэ удаагийн УИХ-ын сонгууль олон мандаттай тойргоор явахаар боллоо. 1992 болон 2008 онд ийм тойргоор сонгууль явагдсан. Энэ тогтолцоон дээр нэг хүчтэй шүүмжлэл гардаг. Энэ нь эрх тэгш байдлын харьцааны тухай. Жишээлбэл, нэг УИХ-ын гишүүн нийслэлд 70 орчим мянган хүнээс сонгогддог бол орон нутагт 20 мянган хүнээс гарч ирдэг. Өнөөдөр л гэхэд нийслэлийн зарим тойргийн мандатыг хасах тухай асуудал яригдаж байна. Ингэснээр улам л харьцангуй буюу тэгш бус харилцаа үүсгэж байгаа юм. Тиймээс тэгш байдлыг хангах Үндсэн хуулийн суурь зарчимд олон мандаттай тогтолцоо нийцэж байгаа эсэх нь маргаан үүсгэж буй хэрэг. Нөгөөтэйгүүр, тойрог байгуулах улсын дундаж гэж байдаг. Хэд байх талаар СЕХ тодорхой тайлбар өгөх ёстой. Үгүй аваас эрх баригчид өөрсдөдөө тааруулж тойрог байгуулах тоо гаргах асуудал гарч ирж болзошгүй.
-Санал хураах явцад хөндлөнгөөс нэр дэвшигчид нөлөөлдөг гэх шүүмжлэл гардаг. Энэ хуульд нууцлалыг хангах зохицуулалтыг тусгасан уу?
-Сонгогчийн санал нууц байх ёстой нь мэдээжийн хэрэг. Гэхдээ өнгөрсөн 28 жилийн турш, ялангуяа, автоматаар тооллого явуулж байх үед ажиглагч нарт сонгогчийн санал ил харагдах болсон. Яг л АТМ-ээр үйлчлүүлж байхад ард зогсч буй хүн үйлдэл бүхнийг хянаад байдаг шиг. Энэ бол сонголт хөндлөнгийн хяналтад байгаагийн жишээ. Мөнгө тараасан хүн нь “Миний талд өгөх нь үү яах нь вэ” гээд хараад зогсч байдаг нь өнгөрсөн практикуудаар илэрсэн шүү дээ. Хуулиар нэр дэвшигчид болон холбогдох албан тушаалтнууд санал өгч буй хүнээс дөрвөөс доошгүй метрийн зайд байх ёстой гэсэн хуулийн заалт бий. Тиймээс үүнийг дагаж мөрдүүлэх ажлыг СЕХ хийх ёстой.
-Сонгуульд оролцох намуудын бүртгүүлэх хугацаанд өөрчлөлт орсон уу?
-Өмнө нь ээлжит сонгуулийн жил эхлэхээс өмнө улс төрийн намууд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх ёстой байсан бол ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу сонгууль товлон зарлахаас өмнө Дээд шүүхэд бүртгүүлсэн намууд сонгуульд оролцож болдог болсон. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар сард багтаан буюу сонгуулийн товыг зарлахаас өмнө шинээр нам байгуулж, шүүхэд бүртгүүлээд сонгуульд оролцох боломжтой гэсэн үг. Энэ нь зөвхөн сонгууль дагасан намууд бий болох эрсдэлийг дагуулж байна. Сонгуулийн товыг тухайн жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө тогтоож, зарлах хуультай.
-Сонгогчийн нэрийн жагсаалтыг намуудад өгөхөөр болсон. Энэ нь хувь хүний нууцад халдаж байна гэж шүүмжлэх хүмүүс олон байна?
-Иргэний улсын бүртгэлийн сан сонгогчийн бүртгэлийн сантай болсон. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс сонгогчийн нэрсийг burtgel.mn вэб сайтад байршуулна. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг намууд авахаар хуульд нэмж тусгасан. Учир нь, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самуун нь сонгуулийн дүнд үл итгэх ард иргэдийн тэмцэл хөдөлгөөнөөс үүдсэн. Иймд санал хулгайлах, хиймэл сонгогч бий болохоос урьдчилан сэргийлж, ил тод байдлыг хангах үүднээс 2012 оноос сонгогчийн нэрсийн жагсаалтыг намуудад өгдөг болсон. Энэ удаад сонгогчийн нууцлалд үл хамаарах нэр, регистр, гэрийн хаяг гэсэн гурван мэдээллийг намуудад өгөх хууль баталлаа.
-Гадаадад оршин суугаа иргэдийн саналыг авахгүй байх нь Үндсэн хуулиар олгосон хувь хүний сонгох, сонгогдох эрхэд харшлах уу?
-Мажоритар тогтолцоогоор бол гадаадад байгаа сонгогч санал өгөх боломжгүй байдаг. Харин улсын хэмжээний Ерөнхийлөгчийн болон пропорцианал сонгуульд гадаадад оршин суугчид санал өгч болдог. Жишээ нь, Баянгол дүүргийн дугаар хороонд байгаа иргэн АНУ-д амьдарч буй тохиолдолд санал авах хүндрэл гарна. Учир нь, тухайлсан нэг тойргийн 20 мянган хүн гадны улс оронд энд тэнд тархан суурьшсан үед тэр бүрээс санал авахад цаг хугацааны хувьд ч боломжгүй байдаг. Шуудангаар явууллаа гэхэд дүн гарсны дараа саналын хуудас нь ирэх, цахимаар авлаа гэхэд хэр зэрэг найдвартай байх вэ гэх мэт хүндрэлтэй асуудал үүсдэг. Гэхдээ санал авах өдрөөс нэг өдрийн өмнө гадаадаас ирвэл сонгогч санал өгөх хүсэлт гаргаж, эрхээ нээлгэх боломжтой.
Нөгөө талаас нь дахиад тайлбарлая. 2012 онд хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгууль явагдахад бид гадаадад байгаа иргэдээсээ санал авсныг санаж байгаа байх. Хувь тэнцүүлнэ гэдэг нь нам ба хүн сонгох сонголттой. Тэгэхээр сонгуульд оролцож буй бүх иргэн намын төлөө санал өгдөг, улмаар хаана байгаагаас үл хамааран саналын хуудас нь адил байдаг учраас гадаадад байгаа хүмүүс өгч болдог.
-2016 оны сонгуулиар “царцаа”-ны нүүдэл болсон. Энэ удаагийн хуульд шилжилт хөдөлгөөнийг хэрхэн зохицуулсан бэ?
-“Царцаа” гэдэг ойлголт энэ хуулиар байхгүй болсон. Сонгуультай холбоотой албан ажлаа хийж яваа цагдаа, төрийн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн ухуулагч, ажиглагч гэх мэт статустай хүмүүс санал өгөх өдрөөс 14 хоногийн өмнө тухайн байгаа газраа шилжилт хөдөлгөөнөө хийлгэж, тэнд нэр дэвшиж буй хүний төлөө санал өгөх боломжтой. Өмнө нь 800 ажилтантай компанийн босс бүх ажилтнаа автобусаар зөөгөөд өөрийнхөө тойрогт санал өгүүлдэг үзэгдэл хавтгайрсан байсан.
-Нэр дэвшигчид тавигдах шаардлага дээр нэмэгдсэн, өөрчлөгдсөн зүйл байна уу?
-Нэр дэвшигч өр төлбөргүй байхаас гадна хувийн компанийн 51 хувь ба түүнээс дээш хувьцаа эзэмшиж байгаа тохиолдолд тухайн компани нь татварын өргүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглох заалт орсон байгаа. Маргаантай байгаа энэ харилцааг ҮХЦ-д холбогдох иргэд нь гомдол мэдүүлбэл асуудал аль нэг тийш шийдэгдэх боломжтой байх. Тэрчлэн тухайн нам, эвслээс дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь хүйсийн аль нэг байна гэдэг заалт хэвээр үргэлжилж байгаа.
-Нам болон нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт хориглосон заалт байгаа юу?
-Сонгуулийн мөрийн хөтөлбөрт хувьцаа болон ажлын байр амлах, санал худалдаж авахуйц хэмжээний мөнгөн амлалт өгөхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, зээл тэглэнэ гэх мэт амлалтыг мөрийн хөтөлбөрт оруулж болохгүй гэсэн үг. Үүнээс гадна сонгуулийн жил эхэлснээс хойш буюу нэгдүгээр сарын 1-нээс аливаа этгээд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө болон эд зүйл амлах, тараахыг хориглосон. Хэрэв ийм асуудал үүсгэвэл нэр дэвшигчид захиргааны хариуцлага хүлээлгэж, бүртгэхээс татгалзах үндэслэл болно. Гэхдээ энд нэг ээдрээт асуудал үүсч байгаа. Хэрэв сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ, Засгийн газар сонгогчдод их хэмжээний хөрөнгө мөнгө өгөх шийдвэр гаргавал яах вэ гэсэн. Энэ тохиолдолд төрийн ажлаа хийж байна гэж үзэх үү, сонгуулийн амлалт руу орж байна гэх үү? Ямартай ч ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр нь эрх баригчдын санал авах зорилгоор хийсэн алхам гэдгийг захын хүн ч ойлгоно. УИХ нь хууль зөрчиж болоод байхад бусад нам, эвсэл гэх мэт субьект нь яагаад болохгүй гэж. Төр ч, иргэн ч бүгд хуулийн өмнө эрх тэгш байх ёстой. Энд ахиад л ардчилсан шударга ёс, тэгш байдлын асуудал хөндөгдөж байгаа биз.
-22 хоног үргэлжлэх сонгуулийн сурталчилгааны үеэр анхаарах ёстой зүйлс?
-Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигч сонгогчдод урилга явуулбал сонгуулийн сурталчилгааны материалд тооцогдохгүй. Тиймээс хандивын уулзалт, хүлээн авалтад урьсан урилга явуулбал ямар нэгэн асуудал үүсэхгүй байх нь. Өдөр тутмын сонинтой холбоотой нэг заалт нэмэгдсэн. Энэ нь сонгуулийн сурталчилгааны үеэр сонирхогч этгээд сонгуулийн сурталчилгаагаа сониноор дамжуулан хэвлүүлж болно гэсэн. Өмнө нь хориглодог байсан. Ингэхдээ тухайн өдөр тутмын сонин нь сонгуулийн булан гэдгийг мэдээлэх үүднээс аль намын сонгуулийн штабаас өгсөн материал вэ гэдгийг заавал эх сурвалжтай нь дурдах ёстой. Үгүй бол торгуулна. Мөн сонгуулийн сурталчилгааны материалыг шуудангаар хүргэж болдог болсон. 2016 оны сонгуулийн үеэр нийслэл хот самбараар дүүрсэн. Шинэ сонгуулийн хуулиар нэг нэр дэвшигч 10-аас илүүгүй самбарт байрлуулах тоо заасан.
-Эрх баригчид шинэ хуулийг өөрсдөдөө ашигтай хувилбараар баталсан уу?
-Бас нэг эрх тэгш бус харилцаа үүсгэснийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. УИХ-ын гишүүн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө дөрвөн жилд хийсэн ажлын тайлангаа сонгогчдод хүргэж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 75 гишүүн хийсэн ажлынхаа тайланг иргэдэд хүргэж, бусдаас илүү давуу эрх эдэлнэ гэсэн үг. Бусад нь сонгуулийн сурталчилгааны үеэр буюу 21 хоногт л материалаа тарааж болох нь. Тэгэхээр нэг гараанаас эхлэх эрх тэгш байдал юу болох вэ? Магад нэг нэр дэвшигч хүний эрхийн чиглэлээр сайн дурын ТББ байгуулаад хоёр, гурав, дөрвөн жил ажилласан байж болно. Тэр хүн тайлангаа тавибал хууль зөрчсөн болох уу. Яагаад УИХ-ын гишүүн давуу эрх эдэлж байна вэ. Мөн орон нутгийн төлөөлөгчид УИХ-д нэр дэвшихээр бол яах вэ, хийсэн ажлын тайлангаа тавибал хуулийн хязгаарлалтад орох уу гэх мэт асуудал байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө эд зүйл тараахыг хориглосон. Гэтэл ном гэдэг эд зүйлдээ орно. Эндээс эрх баригчид өөрсдөдөө зориулсан хууль баталсан нь тодорхой харагдаж байна.
-Санал авах өдөр цахим орчинд хязгаарлалт хийнэ гэсэн. Үнэн үү?
-Цахим хуудастай холбоотой нэг заалт орж ирсэн. Энэ нь шаардлагатай тохиолдолд сонгуулийн санал авах өдрүүдэд цахим орчинг хязгаарлах, хурдыг нь багасгах, хандалтыг нь зогсоох тухай хуульд тусгасан.