Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг тэрбум 694 сая 829 мянган төгрөгийн хадгаламжтай. Харин жилийн орлого нь 160 сая төгрөг. Нийт 162 сая 448 мянган төгрөгийн үнэлгээтэй зуслангийн болон нийтийн орон сууц тус бүр нэг бий. ML 320 маркийн Mercedes Benz болон Lexus 570 маркийн тус бүр нэг автомашин хөлөглөж, хобби нь болох Harley Davidson-ны нэг мотоцикльтой. Энэ бүх тээврийн хэрэгслийн үнэлгээ нийт 284 сая төгрөг.
Мөн 1.5 га газрыг ашиглахаар эзэмшдэг бол 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Тэрбээр Эрдэнэс Тавантолгой ХК 1072 ширхэг хувьцаатай бөгөөд аялал жуулчлалын “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг аж. Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэж буй хөрөнгө (олон нийтэд зориулан гаргасан)-ийг газрын болон хувьцааны үнэлгээ зэргийг нь хасаад тооцвол хоёр тэрбум 401 сая 277 мянган төгрөг болж байна. Энэ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АТГ-т өгсөн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэг байлаа.
Ингээд логикоор бодвол төрд насаараа зүтгэсэн ч ийм хэмжээний хадгаламж, тийм хэмжээний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх боломжгүй. Тиймээс ямар бизнес хийж, хөлжсөнийг нь сонирхож үзэв. Түүний намтрыг сөхвөл, 1985 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг, 2000 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ.
Ажлын гараагаа 1989 онд Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоор эхлүүлж, дан МАХН-ын улс төрийн албан тушаал хашиж явсаар 2000 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байна. Улмаар 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч болж, 2008-2012 онд МАН-ын ЕНБД, 2012 онд УИХ-ын гишүүн, 2014-2017 он хүртэл Шадар сайдаар, 2017 оны аравдугаар сарын 4-нөөс Ерөнхий сайдаар ажиллаж эхэлжээ. Эндээс дүгнэвэл, Ерөнхий сайдад ажлын гараагаа эхлүүлсэн 1989 оноос 2020 он хүртэлх 31 жилийн хугацаанд ямар нэгэн бизнес эрхэлж байсан түүх байхгүй ажээ.
Ийм байтал ямар арга замаар, ямар эх үүсвэрээр хоёр тэрбум 401 сая 277 мянган төгрөгийн хөрөнгөтэй болсон юм бол? УИХ-ын гишүүн болсон 2000 оноос өнөөг хүртэлх идэвхтэй амьдралынх нь үүх түүхийг бодоод үзсэн ч түүнд цалингаараа ийм хэмжээний хөрөнгөтэй болох үндэслэл байхгүй. УИХ-ын гишүүдийн цалин дунджаар хоёр сая төгрөг байдаг гэж албан бус эх сурвалж мэдээлж байна. Тэгэхээр хоёр сая төгрөгийн цалин авдаг У.Хүрэлсүх сайд Та хоёр гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөө, жил бүр тогтмол олдог 160 сая төгрөгийн орлогын эх үүсвэрээ ард түмэндээ тайлбарлах хэрэгтэй болох нь. Хэрэгтэй биш ёстой юм байна.
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай уг асуудлын зангилаа явсаар Ерөнхий сайдын нэр холбогдож, ял сонссон “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдож таарах нь. Учир нь амьдралынхаа түүхэнд бизнес хийгээгүй хүн яаж энэ их хөрөнгөн дээр эзэн суусан байх вэ, арай “Хадгаламж” банкны 14.2 тэрбум төгрөгийн нэгээхэн хэсэг нь түүний дансанд байршиж байгаа юм биш биз гэсэн эргэлзээтэй асуултууд урган гарч байна.
Эргэн сануулбал, одоогоос 13 жилийн өмнө “Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэгт одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай нарын нэр бүхий бизнесмэнүүд холбогдож, ганцхан тус банкны ерөнхий нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэн ял авч байсныг монголчууд сайн санаж байгаа байх.
У.Хүрэлсүх сайд дээрх хэрэгт холбогдох үедээ УИХ-ын гишүүн байсан. Тэрбээр 11 сая төгрөгийн Фургон машиныг "Хадгаламж" банкны мөнгөөр хувьдаа завшсан хэмээн буруудаж Эрүүгийн хуулийн 150.150.3-аар буруутгагдан хэрэг нь шүүх рүү шилжиж ял авсан түүхтэй. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хэргээс яаж мултарсан тухай МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хамгийн сайн мэдэх хүнийх нь нэг гэдэг.
Тухайлбал, У.Хүрэлсүхэд тухайн үед Анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял ногдуулсан ч тэд Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалт руу буцаасны дараа У.Хүрэлсүх нь Н.Энхбаяр дээр алтан аяган дээр хадаг барин очиж өршөөл эрсний эцэст түүнд холбогдох хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож бүх бурууг дээрх банкны ерөнхий нягтлан бодогч асан Ц.Чимэдцэрэн ганцаараа үүрч 10 жилийн ял авч байсан гэлцдэг.
Ингэж л У.Хүрэлсүх хэргээс мултарч удалгүй гадагшаа явж нам гүм амьдралыг сонгосон ч 2011 онд эргэн ирж өөрт нь тус хүргэж ялаас мулталсан Н.Энхбаярыгаа МАН-аас хөөж жудаггүй зан гаргасан гэдгийг одоо ч МАН-ынхан ярьдаг юм билээ. Харин Г.Занданшатар, Т.Бадамжунай нарын хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, тэд ял завшсан байдаг. Учир нь Ц.Чимэдцэрэн өөрөө казинод тоглосон гэдгээ хүлээж дээрх хоёр эрхэм хэргээс мултарч банкны мөнгөөр тоглоогүй гэж гүрийсээр ялгүй өнгөрсөн юм.
Үлгэр домог мэт яригдах энэ асуудлын одоо тавигдах ганц асуулт бол тэдний улсад учруулсан 14.2 тэрбум төгрөгийн хохирол бүрэн дүүрэн барагдсан уу гэдэг юм. Энэ хэргийг сөхөж буйн шалтгаан нь 14.2 тэрбумын хэргийн эзэн холбогдогч нар өдгөө УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэх мэт өндөр дээд албан тушаал хашиж, Монголын төрийн толгойд гарч суучхаад шударга эх орончдын дүр эсгэж байгаа нь үнэндээ ёс зүйд нийцэхгүй байна.
Хадгаламж банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглосон этгээдүүд шүүгдэж байгаа нь. Эхний эгнээнд зогсч буй хослолтой хүн бол одоогийн нийслэлийн МХГ-ын орлогч дарга С.Даваасүрэн бол мөн эгнээнд нүдний шилтэй цайвар ногоон цамцтай зогсоо хүн бол бүх хэргийг дааж “баатар” болсон Ц.Чимэдцэрэн. Түүний ар талд зогсч байгаа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх.
Энэ хэргийг хар толгойгоороо дааж, 10 жилийн хорих ял 2008 онд сонссон Ц.Чимэдцэрэн нь 2012 оны сүүлээр магадлангаар суллагдсан байдаг. 2018 он хүртэл ял эдлэх ёстой хүн ердөө дөрөвхөн жил суугаад гарахад Ерөнхий сайд тэргүүтэй нөхдүүд нөлөөлсөн үү гэх асуулт ч мөн ургана. Энэ хэргийг дангаар үүрснийхээ шанд Ц.Чимэдцэрэн одоо гадаадад тансаг харшид, баян чинээлэг амьдардаг гэх яриа ч бий.
Ийн МАН-ын толгойд, Монгол төрийн өндөр босгыг гэмт этгээдүүд давж гарснаас үүдэн өнөөдрийн ЖДҮХС, ТЭДС, ХЭДС-ийн хэрэг ар араасаа гарч, тэд ч сурсан зангаараа тэрбум, тэрбумаар нь татвар төлөгч бидний мөнгийг хумсалж, бүх түвшинд эрх мэдэл, албан тушаалаа ашигласаар байна. Эцэст нь, Ерөнхий сайд аа, таны холбогдсон 14.2 тэрбум төгрөг улсын төсөвт орж улсыг хохиролгүй болгосон уу, энэ хэргээс ял завшсан Т.Бадамжунай, Ц.Чимэдцэрэн тэргүүтэй нөхдүүд үнэхээр баян тансаг амьдардаг уу, Ерөнхий сайд Та өөрийн хөрөнгийн эх үүсвэрээ хэзээ ард түмэндээ баримттай тайлагнах вэ гэж асуумаар байна.