Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хамтын тэтгэврийн хуульд хөгшчүүд горьдлого тавьж байна

 Одоогоос таван жилийн өмнө буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.1 хувийн олонхын саналаар дэмжиж баталсан байдаг.

 Энэхүү хуулийг анх 2012 онд санаачлан боловсруулж, 2014 онд УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлсэн бөгөөд иргэд даатгуулагчдын хувьд ихээхэн хүлээлт үүсгээд байсан хууль юм. Тус хуульд зааснаар гэр бүлээ албан ёсоор батлуулан 15-аас дээш жил амьдарсан ахмад настан гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувийг хань нь өөрийн тэтгэвэр дээрээ нэмж авахаар зааж өгсөн байв.
 Мөн Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ахмад настнуудын амьжиргааны түвшин, амьдралын чанарыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчны дэвшилт болохоос гадна гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй хууль санаачлагчид онцолж байсан.

 Ингээд таван жилийн өмнө уг хуулийг ёсчлон баталж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэхээр байв. Харамсалтай нь, 2016 оны сонгуулиар МАН олонх болж, Засгийн газраа эмхлэн байгуулсан. Ингэхдээ төрийн бодлогын залгамж халааг үгүй хийж, зөвхөн дов жалганы үзлээр хандан, ахмад настнуудын хүсэл эрмэлзлэлийг үл ойшоон, уландаа гишгэж хуулийн дагуу баталчихсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шийдвэр гаргасан явдал байлаа.

 ҮСХ-ны мэдээллээр, 2017 онд 55-аас дээш насны 5394 эрэгтэй, 4565 эмэгтэй, 2018 онд 5665 эрэгтэй, 4816 эмэгтэй гээд 2017, 2018 онд нийт 20,440 ахмад настан өөд болсон гэж мэдээлсэн. Одоогоор 2019 оны статистик мэдээлэл гараагүй байгаа учраас нэмж мэдээлэх боломжгүй гэсэн тайлбарыг тус хорооноос өгсөн байна. Ямартай ч эндээс дүгнэвэл, хэрэв 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлсэн бол 20 гаруй мянган ахмад настны гэр бүл нь улсад нийгмийн даатгал төлсний үр шимийг хүртэх боломжийг олгох хууль байжээ. Энэ бол өнөөдөр ахмад настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглээд өнгөрөхөөс ч илүү нийгмийн халамжийн хамгийн оновчтой бодлого, магадгүй бүр өнгөрсөн долоон удаагийн парламентын баталсан хуулиудын хамгийн сайн хүн төвтэй хуулийн нэг ч болох байв.
Гэхдээ найдвар байна. Учир нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хамтын тэтгэврийн тухай хуулийг УИХ-д дахин өргөн барихаар олон нийтээс төсөл дээрээ санал аваад эхэлжээ. Мөн Засгийн газарт уг хуулийн төслөө 2020.01.20-ны өдөр хүргүүлж санал авч байгаа юм байна. Уг төсөлд хэд хэдэн чухал заалт бий. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр эсвэл цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад өөд болсон иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсвэл нөхөр, хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй Монгол Улсын иргэн байх болон Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн иргэнд олгох хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшин, үнэ ханшны өөрчлөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тогтоох бөгөөд хамтын тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас багагүй байна гэх мэт тодорхой заалтууд оржээ.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн ач холбогдлыг Та мэдэх үү

Ингээд Хамтын тэтгэврийн тухай хуулийг дахин өргөн барьсантай холбогдуулан ахмад настнуудын төлөөллөөс байр суурийг нь тодрууллаа.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ж.Жаргал:

-Би өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан. Манай хүний гарах нас нь арай болоогүй. Хамтын тэтгэврийн тухай хуулийг өөрөөс тань анх удаа сонсч, ойлголт мэдээлэл авлаа. Таны тайлбарлаж буйгаар хөгшчүүд бидэнд тун хэрэгтэй хууль юм байна тиймүү. Саяхан манай хамаатны өвгөн ах маань өнгөрсөн. Хөөрхий эгч минь гунихраад үлдсэн дээ. Хэдэн хүүхдүүд нь уйдаахгүй, элдэв юм бодуулахгүй гээд аль болох гадаад, дотоод руу дагуулж явдаг. Тэр хоёр маань улсад насаараа зүтгэсэн хүмүүс. Тэтгэвэртээ гараад таван жил болоод л явчихлаа. Уг нь тийм хууль батлагдчихвал хэрэгтэй юм. Хэдэн хүүхдүүд нь хүний гар харуулахгүй гээд ээжийгээ асарч тойглодог. Гэхдээ бодох нь, бүхий л насаараа даатгал төлчхөөд тавхан жил тэтгэврээ аваад явчхаж байгаа нь шударга бус санагдуулж байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Ц.Баасансүрэн:

-Их зөв санаа байна.Саяхан зээл тэглэх үеэр манай найзын 70 гаруй насны хоёр хөгшний нэг нь тэтгэврийн зээлтэй, нөгөө нь зээлгүй байсан. Гэтэл зээлтэй хөгшин нь бурхан болоход зээл нь эмгэнд нь өвлөгдөж үлдсэн. Ингээд үр хүүхдүүд нь төлөх гэж үйлээ үзэж байгаа. Ганц энэ жишээгээр зогсохгүй хөгшчүүд зөндөө байгаа шүү дээ. Хөгшчүүд уг нь хожим хэрэглэнэ гэж залуу наснаасаа эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлсэн ч өөрсдийнхөө л мөнгийг хэрэглэж байгаа юм. Гэтэл улсаас сар бүр авах мөнгөнийхээ хязгаарыг тогтоолгочхоод илүү зээл хэлбэрээр аваад бурхан болбол үр хүүхэд үлдсэн хөгшинд нь өр үлддэг хачин тогтолцоог эрс шинэчлэх хэрэгтэй байна.

СХД-ийн 15 дугаар хорооны
иргэн Н.Баянмөнх:

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг мэднэ. Өмнөх УИХ-аар баталж, хэрэгжих шатанд нь хөгшчүүд биднээр тохуу хийж МАН-ын Засгийн газар цуцалсан. Тэд энэ хуулийг цуцлах болсон тайлбараа хэлэхдээ, хөгшид нэгнийгээ хэзээ үхэх бол гэж хялайн сууна гэсэн эргүү балай юм яриад болиулсан. Насаараа зовлон жаргалаа хуваалцаж амьдарсан нэгийгээ үхээсэй гээд хялайгаад суух ахмад настнууд байх уу? Хүн рүү чиглэсэн, ахмадаа хайрласан, ачийг нь хариулж байгаа хуулийн төсөв мөнгө нь хүрдэг юм бол батлахыг нь дэмжиж байна. Дээгүүрээ ЖДҮ сан гээд хуваагаад идээд байгаа нөхдүүдээс ямар тэр мөнгөнөөсөө өгөөч гэж гуйсан биш хань ижлийнхээ насаараа хөдөлмөрлөсөн мөнгийг нь л өвлүүлж авах гээд байгаа гэж ойлгож байгаа шүү дээ.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Н.Даваа:

-Дэмжиж байна. Даанч эрх баригчид хуульчилж өгөхгүй байна. Тэд ер нь казиногийн хуулийг дуу нэгтэй батална даа аягүй бол. Тийм л тэнэг хүмүүс. Уг нь бол төрөөс мөнгө гуйгаад байгаа юм биш шүү дээ. Насан туршдаа хуримтлуулсан мөнгөө насны эцэст авах гээд байгаа хэрэг. Өнөөдөр монголчуудын дундаж наслалт хэд байгаа билээ. Ойр тойрноо анзаараад хараад байхад муусайн эрчүүд нь л түрүүлээд бурхны оронд оччих юм. 65 хүртлээ махийтлаа ажиллаж байгаад арайхийж тэтгэвэртээ гараад за нэг жаргая даа гэхэд төрөөс тогтоосон тэтгэвэр нь амьдралд нь дөнгөж хүрч байна. Ингээд мань мэт нь тэтгэврээ авахын зэрэгцээ харуул, хамгаалалтын ажил хийгээд сууж байх жишээний. Уг нь насаараа даатгал, шимтгэл төлсөн ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тэтгэвэр тогтооно. Бид чинь тэтгэвэртээ гарсан болохоос биш үхчихээгүй шүү дээ. Хүнтэй л адил хоол иднэ, өмсөнө, зүүнэ. Энэ хэрэгцээгээ хангахын тулд сарын 300-хан мянган төгрөгийн цалинтай харуулын ажил хийж байна. Шөнө нойргүй хононо. Энэ бүхнээс болоод л манай эрчүүд эрт нүд аниад байх шиг. Тэгэхээр энэ хуулийг баталчихвал ядаж л хөгшин, хүүхдүүддээ санаа зовохгүй нүд аних юм даа.

УИХ-ын зарим гишүүнээс энэ талаар тодрууллаа.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлан өргөн барьсан. Энэ хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Тэтгэврийн дундаж хэмжээ 400 мянган төгрөг байгаа. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдвал олон жил хамт амьдарсан хань нь өөд болсны дараа үлдсэн өндөр настан нь сард 80 мянган төгрөгөөр тооцож жилд нэг удаа 960 мянган төгрөг авах боломж бүрдэнэ. Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж батлаасай гэж хүсч байна. Уг нь Хамтын тэтгэврийн тухай хуулийг 2016 онд баталсан байсан. Гэтэл МАН төрийн эрх авахдаа 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжих ёстой байсан уг хуулийг хүчингүй болгосон юм. Тэгээд Насны хишиг гэдэг зүйл оронд нь гаргаж ирсэн. Энэ нь 90-ээс дээш настай иргэн жилд 500 мянган төгрөг өгөх тэтгэмж.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Монгол Улс тэтгэврийг төрд төвлөрүүлэх бодлого хэрэгжүүлж ирсэн. Ийм учраас тэтгэвэр монголчуудын хэлдгээр аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг асуудал болоод байна. Ялангуяа, төсөв, мөнгөний хямралтай үед тэтгэвэр нэмж чадахгүйд хүрдэг. Инфляц өсч буй өнөө үед ахмад настны тэтгэвэр болох 200, 300 мянган төгрөг амьдралд нь хүрэлцэхгүй байгаа. Бусад улс орнууд тэтгэврийн тогтолцооны маш олон арга хэлбэр хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хамтын тэтгэвэр, хувийн тэтгэврийн сан болон банкуудад төвлөрсөн олон харилцаа, бодлого хэрэгжүүлдэг. Тэтгэврийн тогтолцооны шинэ хэлбэрүүдийг гаргаж ирэх ёстой. Жишээ нь хувийн тэтгэвэр, хамтын тэтгэврийн гээд хэд хэдэн тогтолцоотой байж болно. Ингэснээр хүний орлоготой байх, өндөр насандаа нийгмийн дундаж хэмжээнд амьдрах эрхийг нь хамгаалах үндэс болох юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Үүнийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Би дээр хэлсэн Монгол Улс олон төрлийн тэтгэврийн тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж. Тэгэхээр уг асуудал ч бас нэг хэлбэр нь юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Тэтгэврийн шинэчлэлт хийх асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Нийгмийн даатгалын сан өнөөдөр 2.4 их наяд төгрөгийн төсөвтэй болсон. Миний бодлоор тусдаа бие даасан хувийн хэвшлийг дэмжсэн тэтгэврийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Хувийн тэтгэврийн сантай болох зайлшгүй шаардлага манай улсад үүссэн. Сүүлийн үед хамтын тэтгэврийн талаар нэлээд ярих болсон. Гэр бүлийн хүн нь нас барсан тохиолдолд үлдэж буй хүн нь тэтгэврийг нь авах эрх үүснэ гэх зэргээр ярьж байгаа. Гэвч тухайн хүн өөрөө өөрийнхөө ирээдүйд зориулж хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр тэр төлсөн мөнгө нь гэр бүлийн тэтгэврийн санд орох нь яадаг бол. Иймд уг асуудлыг эрх зүйн хувьд ямар байхыг нь судалж байж зохицуулалт хийх ёстой болов уу гэж бодож байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com