УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатыг хоёрдугаар сарын 1-нээс өмнө тодорхой болгох ёстой. Энэ тухай Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд тодорхой заасан билээ. Эдүгээ тойрог, мандат хуваарилахаар УИХ хэлэлцэж байгаа юм. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын зөвлөл УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Хөдөө орон нутагт ногдох тойрог, мандатыг нэмэгдүүлж, нийслэлийнхийг бууруулах байдлаар асуудлыг шийдэх гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хуулийн хүрээнд иргэдэд ижил тэнцвэртэй төлөөллийн нөхцөл байдлыг бий болгох нь чухал. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын зөвлөл нийслэлийн мандатыг бууруулахгүй байх талаар онцгой анхаарч, дараа дараагийн сонгуульд үүнийг хатуу баримтлан ажиллана хэмээн УИХ-ын дарга Г.Зандашатарт санал хүргүүлсэн. Судалгаанаас харахад хөдөө орон нутагт байгаа нэг мандат 15 мянган сонгогчийг төлөөлдөг. Тэгвэл нийслэлд 40 мянган иргэнийг нэг мандат төлөөлж, тэнцвэрт байдлыг алдагдуулахаар байна. Тиймээс хөдөө орон нутагт ногдох 48 мандатыг хооронд нь шилжүүлэх замаар хэт цөөн мандаттай аймгуудын төлөөллийг нэмж асуудлыг шийдэх боломжтой гэлээ.
Дараа нь УИХ-ын дарга Г.Зандашатарт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлэв. Шаардах бичигт:
-Монгол Улсын Их Хурал дахь МАН-ын зарим гишүүдийн хууль бус үйлдлүүдтэй холбогдуулан, тухайлбал Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан гишүүд, Төрийн ордонд хүний амь нас хохирсон гэмт хэрэгт шалгагдаж буй гишүүн, зарим гишүүдийн хөрөнгө орлого огцом өссөн талаар хуулийн байгууллагаас болон Төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгуулах, хариуцлага тооцуулахаар албан бичиг, шаардлагыг Улсын Их Хурал, Халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хороодод удаа дараа ирүүлсэн. Улсын Их Хурлын бүтцийн нэгж болох Халдашгүй байдлын дэд хороо, Ёс зүйн дэд хороод хуульд заасан чиг үүргээ умартаж, Улсын Их Хурлын гишүүдийг хаацайлах, хууль бус үйлдлийг нь хамгаалж, бусдад бурууг чихэх арга саам эрэлхийлэх замаар ёс төдий шийдвэр гаргаж байгаа явдал нь төрийн нэр хүндийг уландаа гишгэх, сонгогч иргэдийг үгүйсгэж, үл хүндэтгэж байгаа үйлдэл юм. Улсын Их Хурлын дотоод үйл ажиллагаа, холбогдох байнгын болон дэд хороодоос гарч байгаа шийдвэрүүд асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд нийцэхгүй, хаацайлсан, хуулийг үгүйсгэсэн байдалтай байгааг анхааралдаа авч, хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна” гэжээ. Мөн цаашид Улсын Их Хурал болон холбогдох байнгын болон дэд хороод хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, шударга ёсыг дээдэлж, хуулийн дагуу ажиллахыг шаарджээ.
Мөн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг дахин өргөн барих гэж буйгаа мэдэгдэв. Уг хуулийн төслийг 2012 онд анх санаачлаад, 2014 онд өргөн барьж, 2015 онд батлагдан, 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжих байсан юм. Гэвч МАН сонгуулиар УИХ-д олонх болсон даруйдаа Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгосон билээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: “Өнөөдөр иргэд сонгогчид, ялангуяа ахмадуудын зүгээс удаа дараа энэ асуудлын талаар санал тавьж, шаардаж байгаа. Ийм учраас энэ удаа миний бие нөхдийн хамт Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг дахин боловсруулж, нэмэлт өөрчлөлт хийн өргөн барьж байна. Энэ хуулийг хэлэлцэж батлах нь аль нэг улс төрийн намын эрх ашиг гэхээсээ илүү Монголд өнөөдөр залуу насаа улсдаа зориулан ажиллаж, ихийг хийж бүтээсэн 400 гаруй мянган ахмадын албан ёсны шаардлага юм. Бид энэ хуулийн хүрээнд иргэд, сонгогчдоос албан ёсны санал хүсэлт хүлээн авах хэлэлцүүлгийг орон даяар хийж байгаа бөгөөд Засгийн газраас санал авсан даруйд УИХ-ын даргад өргөн барих болно” гэв.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаарх байр сууриа тодруулж өгнө үү?
-УИХ-ын гишүүд газар нутгийг төлөөлдөггүй. Сонгогчдыг төлөөлдөг. Тэгэхээр сонгогчдын тоон үзүүлэлт хамгийн эхний шалгуур зарчим байх ёстой. Ийм учраас 15 мянган сонгогч, 40 мянган сонгогчийг төлөөлж УИХ-д суух нь өдөр, шөнө шиг ялгаатай асуудал. Тэнцвэртэй бус ийм байдлыг үүсгэхгүй байх учиртай. Техник технологи, цахим орчин хөгжсөн өнөө үед газар зүйн байрлал, хол ойрын асуудал арилсан. Ийм учраас УИХ-ын 76 гишүүн Монгол Улсын гурван сая хүнийг төлөөлж үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тэнцвэртэй, тэгш тооны сонгогчийг төлөөлөх ёстой. Бодоод үз 15 мянган сонгогч, 40 мянган сонгогчийг төлөөлж гарч ирсэн УИХ-ын гишүүний эдлэх эрх, үүрэг яг адилхан. Ийм учраас тэнцвэргүй, шударга бус хуваарилалт байж болохгүй гэж бид харж байгаа.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нийслэл Улаанбаатар хотыг арай өөр байдлаар авч үзэх гэж байгаа гэсэн. Ийм асуудал байж болох уу?
-Үндсэн хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо гэдэг засаг захиргааны нэгж байхаар заасан. Үндсэн хуулийн энэ заалт өөрчлөгдөөгүй байхад органик хууль буюу сонгуулийн хуульд ямар нэг өөр утга санаа агуулсан заалтууд орох нь хориотой. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн хуульд нийслэлийг ямар нэг тусгай статустай өөр байдлаар оруулж болохгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байх үед Ардчилсан намын зүгээс засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал оруулсан. Ялангуяа, нийслэлийн эрх зүйн байдлыг өөрчилье. Өнөөдөр статусын хувьд 300 мянган хүн амтай дүүрэг 3000 хүн амтай сум хоёр нэг түвшинд байна. Үүнийг өөрчилье гэдэг санал тавьсан. Харамсалтай нь, эрх баригчид энэ асуудлыг авч үзээгүй. Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд ийм зарчим баримтлах гэж байгаа бол энэ нь хууль бус үйлдэл юм.