УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчиж буй талаар байр сууриа илэрхийллээ.
-Прокуророос оруулж ирсэн асуудлыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэх ёстой. Гэтэл хууль тогтоох дээд байгууллага өөрөө хууль зөрчөөд долоо хонолоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэхгүй болохоор нь асуудлыг дэвшүүллээ. Ерөнхий прокурорын зүгээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нэгдүгээр сарын 13-нд өргөн барьсан байна. Хуульд зааснаар УИХ асуудлыг хүлээн авснаас хойш ажлын хоёр хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг зохицуулалт бий. Тухайн өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадад айлчлалтай байсан учраас танилцаж амжаагүй. Харин нэгдүгээр сарын 15-нд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцсанаас хойш хуулийн хугацаа нь тооцогдон явж байгаа. Тэгэхээр нэгдүгээр сарын 17-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт багтааж уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт УИХ уг асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцэн шийдвэрлээгүй өдий хүрсэн. Ирэх долоо хоногт УИХ-ын намрын чуулган завсарлана. Тэгэхээр хууль тогтоомж ноцтойгоор зөрчиж буй асуудал үүсч байна. Аль ч дэд хорооны олонх гишүүн хүрэлцэн ирснээр хуралдаан хүчинтэйд тооцогдож хуралддаг. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн заавал бүгд ирж байж хуралдах хуулийн заалт байхгүй. Үүнээс гадна гурван гишүүн хуралдаж шийдвэр гаргалаа гэхэд нөгөө хоёр гишүүн нь өөр саналтай байсан гэдэг яриа гарах гэж байна. Ингэж хариуцлагагүй байдал гаргаж хуулийг мушгиж болохгүй. Тэр хүмүүс хуралдаа оролцох үүрэгтэй. Хуралд оролцоогүй гишүүд нь ямар нэг байдлаар эргэж санал оруулах эрх байхгүй. УИХ-ын байнгын хороодын хурал ч ялгаагүй ийм зарчмаар явдаг. Хуралд ирээгүй гишүүд дэмжээгүй байсан бол уг асуудал өөр болчих байсан юм болов уу гэдэггүй. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж “Дөрвөн гишүүн хуралдаад санал тэнцвэл яах вэ” гээд маш хариуцлагагүй зүйл ярьсан. Санал тэнцвэл тухайн санал дэмжигдсэнгүй гэдэг хуулийн зохицуулалт бий. Байнгын хорооны хурал 10 гишүүнтэй эхэллээ гэхэд санал тэнцвэл яах вэ гээд хуралдахгүй хойшлуулдаггүй.
-Хуулийн энэ зохицуулалтыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдэхгүй байна гэж байх уу?
-Мэдэхгүйдээ биш байх. Маш сайн мэдэж байгаа. Мөн Халдашгүй байдлын дэд хорооны хэн нэгэн гишүүн саналаа бичгээр өгнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өөрсдөө хуралдаа хүрэлцэн ирж асуудалд оролцож санал өгөх ёстой. Хуралд оролцоогүй бол олонхоороо хүчин төгөлдөр шийдвэр гаргаад явах ёстой. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд уг асуудлыг хөндөж тавихад хуралдаан даргалагч маш хариуцлагагүй хариулт өгч байна. Тэр “Халдашгүй байдлын таван гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ байх үед Ерөнхий прокурор өргөн барих ёстой” гэж дарга Ц.Нямдорж хэлж байгаа” гэж өмнөөс нь тайлбарлаж өөрөө санал нэгтэй хэлж байгаа юм. Ц.Нямдорж “Прокурор туршлагагүй байна. Яарч байна” гэсэн тайлбар бас өгсөн. Ерөнхий прокурорын хуульд заасан бүрэн эрх нь асуудлыг хэзээ ч өргөн барьж болно. Тэр ч бүү хэл УИХ-ын чуулганы хуралдаан завсарласан үед хүртэл асуудал өргөн барих эрхтэй. Өргөн барьсан асуудлыг нь УИХ 48 цагийн дотор шийдэх үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах ёстой л доо. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулган эхлэнгүүт хоёр хоногийн дотор асуудлыг шийдэх үүрэг хүлээдэг. Хууль зөрчих юм бол хариуцлага бас ярих учиртай.
-Тэгвэл хууль зөрчөөд Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй байгаа шалтгаан нь юу юм бол?
-УИХ 48 цагийн дотор хуралдах үүрэг хүлээсэн явдал нь учиртай. Яагаад гэвэл уг асуудал дээр ямар нэг нөлөө гарахаас сэргийлж байгаа. Үүний цаана улс төрийн тохироо явахаас сэргийлнэ гэсэн үг. Авлига хээл хахуулийн асуудал үүсэхээс сэргийлж байгаа юм. УИХ хуулийн хэрэгжилтийг богино хугацаанд шуурхай хангах үүрэгтэй байдаг. Гэтэл ажлын хоёр өдөр байтугай бүтэн долоо хонолоо. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Үүний цаана ямар тохироо хийх гээд хүлээгээд асуудлыг удаашруулж, хууль зөрчөөд байгаа нь эргэлзээтэй. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын хамгийн туршлагатай, олон удаа сонгогдсон, тулхтай хүмүүсээ оруулдаг. Бусдадаа үлгэр жишээ болох ёстой. Гэтэл энэ хорооны гишүүд хууль зөрчих байдлыг үргэлж жишээ болгож байна.