ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулетэй өвөлжилт, цас зудын байдал нийт нутгаар ямар байгаа талаар ярилцлаа.
-Та орон нутагт ажиллаад ирсэн. Өвөлжилт ямар байна вэ?
-ХХААХҮЯ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг баруун таван аймагт өвөлжилт хүндэрсэн нутгуудаар ажиллаад ирлээ. Одоогийн байдлаар зургаан аймгийн 13 суманд цас их орж зудархуу байдалд хүрсэн байна. 13 аймгийн 43 сумын нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Говь-Алтай аймгийн Хөхморьт зэрэг хойд талын сумдын нутгаар цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөв бий. Одоогоор сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцөө дуусаагүй байна. Ховд аймагт өвөлжилт гайгүй. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөцөө дуусаагүй байгаа. Баян-Өлгий аймгийн Булган, Алтай, Цэнгэл сумын нутаг, Даянгын боомтод өвөлжилт хүндэрч эхэлсэн. Ялангуяа Булган суманд зуншлага муу байсан учраас мал туранхай байгаа юм. Одоогоор сумынхаа өвс тэжээлийн нөөцөөр амь зууж байна. Цас нэмж орвол Булган сумын улсын чанартай зам даваа хаагдчих аюул бий. Алтай сумын хувьд нэг талын даваа нь хаагдсан. Увс аймгийн Малчин, Зүүн говь, Тэс суманд өвөлжилт маш хүндэрсэн. Завхан аймгийн хойд талын таван суманд ажилласан. Цас эрт орсон. Тэр нь хайлж зарим газарт мөстсөн. Одоо зарим газарт 60 орчим см хүртэл цастай байна. Иймд мал өвс олж идэх маш хүнд. Малын ам, хөл нь гэмтсэн байгаа юм. Байнгын арчилгаатай байгаа учраас улсын чанартай авто зам хаагдаагүй. Харин орон нутгийн зам даваа нь хаагдсан. Баянтэс сумын хувьд сумын өвс тэжээлийн нөөц нь дууссан. Тэгээд улсын нөөцөөс авч байгаа. Увс, Завхан аймгийн сумдад зарим гуу жалганд нэг метр 20 см зузаан цастай. Энгийн тал газарт 30-35 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Шөнөдөө 42 градус хүртэл хүйтэрч байгаа.
-Өвөлжилт хүндэрсэн аймгуудад ямар туслалцаа үзүүлж байна вэ?
-Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн аймгуудад 50 сая төгрөг шийдэж өгсөн. Өвс тэжээлийг тавин хувийн хөнгөлөлттэй үнээр өгч байгаа. Мөн таван төрлийн эм, био бэлдмэл нийлүүлсэн. Завхан аймгийн мал эмнэлгийн ажилтнууд тэр таван төрлийн ам, био бэлдмэлийг малчдад тарааж өгөөгүй асуудал гарсан. Тэдгээр ажилтнуудад арга хэмжээ авахаар болсон. Ажлын хэсэг тайлангаа олон улсын байгууллагуудад танилцуулсан. Орон нутгийн зүгээс өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох хүсэлт тавьж байна. Бас хүн, малын эм био бэлдмэл хүрэлцэхгүй байгааг хэлж байгаа. Мөн усны сүлжээг сайжруулж өгөх хүсэлт гаргасан. Цаашид өвөлжилт хүндэрсэн газруудад өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр хүргэх арга хэмжээ авна. Мөн хүн, малын эм био бэлдмэл хүргэнэ.
-Тэгэхээр зудын байдалд орсон гэж хэлж болох уу?
-Увс аймгийн Тэс, Зүүнговь сумд зудын байдалд орсон. Завхан аймгийн хойд талын таван суманд бас зуд боллоо гэж хэлж болно. Бусад нутаг нь зудархуу байгаа.
-Өвс тэжээлийн нөөц улсын хэмжээнд ямар байна вэ?
-Энэ жил улсын нөөцөд өвс бэлтгээгүй. Аймаг, орон нутгийг өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн. Зуншлага сайн байсан орон нутагт өвс тэжээлийн нөөц сайн бэлтгэсэн. Зуншлага муу байсан газрууд өвс тэжээл татан авч нөөц бүрдүүлсэн байгаа. Одоогоор өвс тэжээлийн нөөц хангалттай бий. Завхан аймгийн хоёр, гурван сум өвс тэжээлийн нөөцөө дууссан. Бусад нь сумынхаа нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлээ хэрэглэж байгаа.
-Отрын бүс нутгуудад цас зуд ямар байна вэ?
-Энэ жил маш олон мал отороор өвөлжиж байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн малчид зуншлага сайн байсан ойролцоох нутагт оторлож байгаа. Оторлож буй малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах болсон. Жирэмсэн эмэгтэй, өндөр настан, нялх хүүхэд байгаа талаар эрүүл мэндийн байгууллага судалгаа гаргасан. Зарим өвчтэй хүмүүст эмчилгээ хийж байгаа. Цагдаагийн байгууллагатай бас хамтран ажиллаж байна. Өвөрхангай аймгийн зарим малчдыг тухайн орон нутаг оторлуулахгүй гэдэг асуудал гарсан. Иймд хэв журам сахиулах, ойлголцох талаар ажиллаж байгаа.
-Малын хорогдол ямар хэмжээнд байна вэ?
-Баруун таван аймагт малын тэвээрэг ямар байгаа талаар ажиллах хугацаандаа авсан. Тэгэхэд Увс аймагт 1000 гаруй толгой мал хорогдсон мэдээлэл өгсөн. Завхан аймагт 2000 мянган толгой мал хорогдоод байна. Зуншлага муу байсан, туранхай малтай газруудад хорогдол өндөр байгаа.
-Зүүн бүсийн аймгуудад өвөлжилт ямар байгаа вэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд 13 аймагт ажилласан. Одоогоор зүүн бүсийн аймгуудад ажиллаагүй. Ерөнхий сайд Хэнтий аймгийн бүх сумдад ажилласан. Өвөлжилт хүндэрсэн газруудад улс нөөцөөс өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх шийдвэр гаргасан. Зүүн аймгуудад өвөлжилт хүндэрч байгаа газрууд бий. Гэхдээ Завхан, Увс аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдын хэмжээнд арай хүрээгүй.
-Өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр олгохдоо ямар нэг хэмжээ, хязгаар тогтоох уу?
-Үгүй. Хаана хэдий хэмжээний өвс, тэжээл хэрэгтэй байгаа талаар судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргаж өгнө. Түүнийг ХХААХҮЯ, ОБЕГ-ын ажлын хэсэг хянаж үзээд олгох юм. Зарим сумдад өвөлжилт хүндэрлээ гэсэн ч газар дээр нь очоод ажиллахад зүгээр байсан. Мөн зарим газар нь гайгүй гэсэн мэдээлэл өгсөн ч очоод ажиллахад өвөлжилт хүндэрсэн тал ажиглагдаж байлаа. Одоогоор орон нутагт өвс, тэжээл хангалттай байгаа.
-Тэгэхээр ажлын хэсэг тайлангаа гаргаж зудын эрсдэлийн үнэлгээ хийнэ гэж ойлгож болох уу?
-Олон улсын байгууллага сайн дурын үндсэн дээр өвөлжилт хүндэрсэн газруудад тусламж дэмжлэг үзүүлнэ гэсэн. Зарим байгууллага мөнгө өгөх, эм био бэлдмэл нийлүүлэх зэргээр туслахаа илэрхийлээд байгаа.