УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр (2020.01.28) хаалттай хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргав. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо түүнийг авч үлдэхээр шийдэв. Харин УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй тул дахин хуралдах болсон билээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар гишүүн Н.Номтойбаярын асуудлыг энэ долоо хоногт оруулан
хэлэлцэх ажээ.
Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон бусад асуудлаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас тодрууллаа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага байсан уу?
-Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хоёрт зааснаар улсын нууцад хамаарах, хаалттай хэлэлцсэн хуралдааны мэдээллийг задалсан талаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа. Ийм учраас дахин мэдээлэл алдагдахаас сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал тавьж байгаа юм. Би олон удаа ярьж байгаа. Хувь хүн өмгөөлөгчөөр дамжуулж өмгөөлүүлнэ, мөн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж. Нотлох баримтуудаа мөрдөх байгууллагуудад гаргаж өгөөд түүнийх нь дагуу шалгана. Хуулийн нэг гол зарчим бий. Н.Номтойбаярыг өнөөдөр гэм буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гагцхүү шүүх л гэм буруутайг тогтоодог. Өнөөдөр зөвхөн яллах эсвэл цагаадах нотлох баримт л цуглуулж байгаа юм. Тэгэхээр дан ганц яллах нотлох баримт цуглуулж байна гэж үзэж болохгүй. Тэр хүн өөрөө цагаатгагдах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Ийм ажиллагаа л одоо хийж байгаа.
-Тэгэхээр УИХ-ын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол хэрэг мөрдөх ажиллагаанд ямар саад учрах вэ?
-Би энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр тодорхой тайлбарласан.
-Түүнийгээ одоо хэлэх боломж байгаа юу?
-Мөрдөх байгууллагуудад саад учирч байна. Тухайлбал, задалсан нотлох баримт үгүйсгэгдэх, зарим нэг шалгах ажиллагааг устгаж үгүй болгох эрсдэл гарах талтай. Ийм учраас дахин давтан нотлох баримтыг задлуулахгүй гэсэн үүднээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлага тавьж байгаа юм. Бид хуулийн хүрээнд л мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулна.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр би мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгдөг гэж байгаа шүү дээ?
-Дуудсан цагт очихгүй байхыг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж хэлдэггүй. Саад учруулна гэдэг нь олон үндэслэлтэй. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 12-нд яллагдагчаар татагдсан дөрвөн үндэслэлийг ил тод мэдээлсэн.
-Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзвэл мөрдөн байцаах ажиллагаа зогсох уу?
-Үргэлжлүүлээд л явна шүү дээ.
-Тэгвэл түдгэлзүүлбэл цагдан хорих ч гэдэг юм уу тийм арга хэмжээ авах уу?
-Хэн тэгж ярьж байгаа юм бэ. Надад ямар ч тийм мэдээлэл ирээгүй. Тэгэхээр би тодорхой хэлж мэдэхгүй.
-УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан тухай асуудал яригдаж байсан. Ийм зүйл байгаа юм уу?
-Нэг зүйл дээр ойлголцох ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагад Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж байх ёстой. Энэ нь нийгэмд маш чухал. Ил болгосон олон асуудлаас шалтгаалж нийгэм бас эрүүлждэг. Гэхдээ Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ямар хэмжээнд очиж, аль хил хязгаар хүртэл явах вэ гэдэг асуудал бий. Тэр хэм хэмжээнээс цааш хуулийн байгууллагын хил хязгаар ямар байхыг тодорхойлох ёстой. Үүний тулд хэвлэл мэдээлэл, хуулийн байгууллага харилцан мэдээлэл солилцох учиртай. Бас хамтарч ажил зохион байгуулах хэрэгтэй. Зарим мэдээллийг өгч болохгүй шалтгаан байдаг. Хуулийн байгууллага зарим асуудлыг ил ярихгүй, дандаа нууц гэж ярьж байна гэсэн шүүмжлэл гардаг. Энд хуулийн ялгаа бий. Урд нь 2002 онд Эрүүгийн байцаан шийтгэх хууль батлагдсан. Уг хууль 2017 оны долдугаар сар хүртэл үйлчилсэн. Энэ хуулийн болон өнөөгийн мөрдөж буй хуулийн өөрчлөлт хоёр өөр болсон. Өнөөдөр үйлчилж буй хуулийн хүрээнд энэ асуудал нь нууцлалтай гэдэг зүйл ярьж байгаа юм. Ийм учраас УИХ-ын тэр гишүүн яллагдагчаар татагдсан, энэ гишүүн ингэсэн гэдэг тайлбарыг хуулийн хүрээнд өгч болдоггүй. Яагаад гэвэл энэ хүн үндэслэлтэй, эсвэл үндэслэлгүй татагдсан эсэх талаар ямар нэг оролцогчийн гомдол над дээр ирээгүй учраас “Энэ хүн тэгсэн, ингэсэн” гэж хэлж болдоггүй. Тэр үндэслэл нь хаана эхэлж яригддаг вэ гэхээр хяналт тавьж байгаа прокурор, мөрдөгчийн эхний асуудал дээр яригддаг. Тэгвэл тэр асуудалд нь “Ийм үндэслэлтэй” гэсэн тайлбар өгвөл анхан шатанд, мөрдөгчид нөлөөлсөн хэрэг болно. Тийм учраас хэрэгтэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүй ярих боломжгүй байдаг юм. Нөгөө талаар олон хэргийн талаарх мэдээллийг өгч чадахгүй. Яагаад гэвэл анхан шатанд байгаа тэр бүх хэргийг дэлгэрэнгүй мэдэхгүй. Тэнд прокурорууд хэнээс ч хараат бусаар шийдсэн шийдвэрүүд нь байгаа. Тэр хэрэг болгоны шийдвэрийг би тодорхойлж хэлж болдоггүй юм.
-Прокурорууд үнэхээр хараат бусаар шийдвэр гаргаж чаддаг уу?
-Гаргасан шийдвэр нь хууль бус байна гэж үзэж байгаа бол тэр болгоныг шат шатанд нь хянаж засдаг хуулийн зохицуулалттай.
-Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж ирц хүрэлцэхгүй байхад Ерөнхий прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Лавлах ёстой байсан гэсэн тайлбар хийсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирэхдээ мэдээлэл солилцох зохицуулалт байдаг юм уу?
-Улсын Их Хурлын тухай хуульд заасан байдаг. УИХ-ын чөлөөт цагт, чуулган хуралдаж байх үед хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл асуудлыг оруулж ирнэ. Энэ бол хуулийн зохицуулалттай. Энгийнээр бодоод үз. Хэрэв УИХ-ын хэн нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирэхийн тулд ирц бүрэн байна уу, үгүй юу гээд УИХ-ын даргатай уулзаж асуух ёсгүй. Энэ үйлдэл нь парламентын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байгаа хэрэг болно. Тийм учраас өмнө нь ч тийм харилцаа байгаагүй, одоо ч тийм боломж байхгүй.
-ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын олон гишүүн бий. Энэ талаар ярихгүй, яагаад оруулж ирэхгүй байна вэ?
-Мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж прокурор УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьдаг. Прокурорт одоогоор тийм санал орж ирээгүй. Тухайн хүн мөрдөх байгууллагад саад учруулж байна уу, үгүй юу гэсэн үндэслэлээр л шийдвэр гардаг.