Х.АНАНД
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ахмад настны Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл санаачиллаа. Тэрбээр Монгол Улсад үйлчилж буй нийгмийн хамгааллын бодлого шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжгүй, амьдралын наад захын хэрэгцээг нь хангахгүй хэвээр байна гэж үзжээ. Ингээд УИХ-ын гишүүн С.Эрдэнээс хуулийн төслийн талаар нэмж тодрууллаа.
-Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгнө үү?
-Хуулийн төсөл гурван заалттай бөгөөд бүрэн тэтгэвэр авагч өндөр настны тэтгэвэр 500 мянгаас доош, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэвэр 420 мянгаас доош байхаар нийгэм, эдийн засгийн тооцоо судалгаа гаргасан. Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн ба хуулийн хугацаа дуусахаар УИХ-ын даргад өргөн барина.
-Өөр ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна вэ. Өргөн барьсан ямар хуулиуд байгаа вэ?
-Хамтын тэтгэврийн болон Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль гээд хэд хэдэн хуулийн төсөл дээр төвлөрч ажиллаж байна. Түрүүчээсээ өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхгүй удаах асуудал үүсч байгаа. Тухайлбал, мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төсөл хоёр жилийн хугацаанд гацаатай, хэлэлцэхгүй удсаар байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барьсан ч ирц нь хүрэхгүй байснаар чуулганаар ороод унасан гээд янз бүрийн улс төрийн бохир тогтлолтууд хийгдэж байна.
-500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг иргэд яах вэ?
-Бүрэн тэтгэврийн хэмжээ нь 500, хувь тэнцүүлсэн тэтгэвэр нь 420 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авагчдад энэ хууль үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хамгийн доод хэжээг тогтоож өгч байгаа хууль юм. Тэгэхээр 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэртэй иргэдэд хууль үйлчлэхгүй гэсэн үг.
-Энэ хуулийн хүрээлэлд хамаарах хэдэн ахмад настан байна вэ. Эдийн засгийн тооцоо судалгаа хийсэн үү?
-Бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ нь дээр дурдсан хэмжээнээс доош байгаа тэтгэвэр авагчдын ерөнхий тооцоо судалгааг гаргасан бөгөөд илүү нарийвчилсан тоон дээр бид одоо ажиллаж байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирч, тэтгэврээ олон сар, жилээр барьцаалан зээл авах нөхцөл буурна гэж үзэж байгаа.