Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Э.Гэрэлт-Од: МАН өөртөө тохируулж сонгуулийн хууль, зарчмыг өөрчилсөн

-Энэ хуулиар сонгууль явуулбал улс оронд хөгжил дэвшил авч ирэхгүй-

Улс төр судлаач, МУБИС-ийн багш, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Одтой Улсын Их Хурлын сонгууль, улс төрийн нам тойрсон асуудлаар ярилцлаа.

-Эрх баригч МАН энэ удаа өөрчилсөн Улсын Их Хурлын сонгуулийн хууль чамбай болсон. Улс орны хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулна гэж байгаа. Та судлаач хүний хувьд уг хуулийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-Өнгөрсөн түүхийг харахад сонгуулийн хуулийг 20-оод жилийн хугацаанд байнга сонгууль болгоны өмнө өөрчлөгдөж ирсэн. Анх 1992 онд сонгуулийг баталсан. Дараа нь 2005, 2011, 2015 онд шинэчлэгдсэн байдаг. Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 21-нд тав дахь удаагаа шинэчилсэн. Тэгэхээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хийх гэж байна.

 Миний харж буйгаар энэ хуулиар сонгууль явуулбал улс оронд хөгжил дэвшил авч ирэхгүй. Учир нь 1992, 2008 онд УИХ-ын ээлжит сонгуульд хэрэглэсэн олон мандаттай томсгосон тойргийг ашиглаж байгаа. Түүхээс харвал бид сонгуулийн энэ томсгосон тойргийг хэрэглэж болохгүй, манайд таарахгүй гэдэг туршлага 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал харуусан. Харамсалтай нь, дахин хэлэхэд өнөөдөр сонгуульд ялалт байгуулахын тулд Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар ч дэвшил авч ирэхгүй нөгөө тогтолцоогоо сонгуульд ашиглах боллоо.
-Тэгвэл манай улсад сонгуулийн ямар тогтолцоо тохиромжтой, улс орны нийгэм, эдийн засагт үр өгөөж авч ирэх юм бэ?
-Судлаач хүний хувьд сонгуулийн тогтолцоонд тодорхой хэмжээнд ялангуяа, 50 орчим хувьд нь пропорцианал элементийг хэрэглэсэн холимог тогтолцоотой байх ёстой. Энэ нь манай улсад тулгамдаад байгаа асар олон асуудлыг шийдэхэд дэмжлэг болох юм. Нэгдүгээрт өнгөрсөн 30 жилийн хугацаанд улс төрийн намууд төлөвшиж чадаагүй. Хариуцлагатай, дотоод ардчилалтай, нээлттэй байх улс төрийн соёл төлөвшөөгүй. Ийм учраас эрх баригч нам сонгуулийн өмнө сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх сонирхолтой байна. Тэгэхээр улс оронд ямар ч ахиц гарахгүй гэж харж байна. Хоёрдугаарт, сонгогчдын боловсролыг дэмжих ёстой гэж олон жил ярилаа. Үндсэндээ улстөрийн намуудын хүчирхийлэл дунд сонгогчид сонголтоо хийж байна. Сонгогчдын саналыг татахын тулд үнэн, худал, бодит, бодит бус нь мэдэгдэхгүй улс төрийн амлалт өгдөг, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах гэж оролдох болсон. Өнөөдөр ч яг ийм л үйл явдал өрнөж байна. Ийм тохиолдолд бас дахиад хэлье, энэ жилийн УИХ-ын ээлжит сонгууль улс орны нийгэм эдийн засагт дэвшил авч ирэхгүй.

-Тэгэхээр Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг эрх баригч МАН олонхоор хүч түрэн баталсан. Уг хуулийг хэлэлцэж байх үед таны ярьсан пропорцианал тогтолцоог нэвтрүүлэх яригдсан ч үл тоосон. Иймд эрх баригчдад уг тогтолцоог нэвтрүүлэх сонирхол яагаад байхгүй байгаа юм бол?
-Түүнийг нэвтрүүлэх хүсэл зориг улстөрчид, намуудад дутагдаад байна. Өнгөрсөн үйл явцыг харвал сонгуулийн хууль хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэсэн тайлбар хэлж байсан. Үндсэн хуульд ийм заалт бий гээд. Харин Үндсэн хуульд “УИХ-гишүүнийг сонгогчид бүх нийтийн чөлөөт, тэгш шууд эрхийн үндсэн дээр сонгоно” гэсэн томьёолол бий. Энэ нь ардчилсан сонгуулийн суурь зарчим юм. Гэтэл энэ зарчмыг буруугаар тайлбарлаад сонгуулийн холимог тогтолцоо Монгол Улсад байхгүй, тохирохгүй. Сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байна гэж буруугаар тайлбарласан. Энэ бол улстөрчид хүсэхгүй, хувийн ашиг сонирхлоо харж буйг илтгэсэн явдал юм. Үүнээс гадна улс төрийн манлайлал дутагдаж байгаа. Манлайлал нь улс орны урт хугацааны хөгжлийг тодорхойлох бодлоготой улс төрийн намуудад илэрдэг зүйл. Тэгвэл миний бодлоор харамсалтай нь улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд яаж ялах вэ гэдэгт л хамаг анхаарлаа хандуулдаг. Энэ нь манай улс төрийг баллаж байгаа юм.

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандат хуваарилахдаа төлөөллийн зарчмыг алдагдуулсан маргаан гарч байгаа. Үүнийг та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Тийм. Миний ажигласнаар газар нутгийн төлөөлөл, хүн амын төлөөллийн талаар маргаан үүсээд байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын 76 мандатыг яаж хуваарилах вэ гэдэг асуудал юм. Түүхээс харвал 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 56 мандатыг нь орон нутгаас, 20 мандатыг нь Улаанбаатар хотоос сонгож байсан. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байх. Улаанбаатарт нийт сонгогчийн 45 хувь нь бий. Монгол Улс маш уудам газар нутагтай, цөөн хүн амтай. Ийм учраас газар нутгийн төлөөллийг харгалзах ёстой. Энд мандатын тооны тухай огт яриагүй. Харин ямар нэг аргаар хүн амын төлөөлөл, газар нутгийн төлөөллийг хослуулж хэрэглэх нь зохистой. УИХ-аас гаргасан шийдвэрээр УИХ-ын сонгуулийг явуулахдаа 29 тойрогтой, 52 мандатыг нь орон нутгийн тойргоос 24 мандатыг нь Улаанбаатар хотоос сонгох болсон. Энэ асуудал нь маргаан үүсгээд байгаа. Уг асуудлыг цэвэр улс төрийн шийдвэрээр л шийдэх байх.
-Та судлаачийн үүднээс энэ онд болох УИХ-ын сонгуулиар ямар парламент бүрдэнэ гэж харж байна вэ?
-Үүнийг таамаглахад хэцүү. Улс төрийн намууд ямар тоглолтууд хийхийг мэдэхгүй учраас. Тэр нь төдөн суудал авна, парламент ингэж бүрдэх байх гэдэг нь харьцангуй ойлголт. Учир нь Монголын улс төр өдөр бүр өөрчлөгдөж байна. Тэгэхээр миний хувьд дөрвөн сарын дараа болох сонгуулийг урьдчилан тааж хэлэх боломжгүй.
-Зарим хуульч, судлаач УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль нэг хуультай, нэг зэрэг явуулдаг байх ёстой. Энэ зардал мөнгө хэмнэхээс өгсүүлээд олон талын ашигтай гэдэг байр суурь илэрхийлдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ зөв. 2015 онд Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад яг л ийм шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэгтгээд явуулбал зүгээр. Үүсч болох бэрхшээлийг сонгуулийн автомат машин шийдэх тул ямар нэг асуудал гарахгүй. Хамгийн гол ач холбогдолтой зүйл нь мөнгөнөөс илүүтэйгээр УИХ, орон нутгийн сонгууль явуулах зарчмыг ижил болгох явдал юм. Энэ бол чухал асуудал. Тэгэхгүй болохоор УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль гээд жил тойрон гурван сонгууль хийгээд байгаа юм. Сонгууль нь өөр өөр зарчмаар зохион байгуулдаг. Энэ нь сонгогчдыг төөрөгдүүлж буй юм. Ингээд Сонгуулийн нэгдсэн хуулийг 2015 онд батлахын тулд Японы ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр Сонгуулийн ерөнхий хороонд миний мэдэж буйгаар хоёр жилийн турш төсөл хэрэгжиж байж энэ зарчмыг тодорхойлсон. Харамсалтай нь эрх баригч МАН 2019 оны арванхоёрдугаар сарын 21-нд сонгуулийн хуулийг шинээр батлахдаа өөртөө тааруулсан. Нэг ёсондоо сонгуулийн хууль, зарчим, санхүүжилтийг өөртөө тохируулахын тулд шалтаг тоочих замаар “Сонгогчид ойлгохгүй байна. Будилаад байна” гэсэн тайлбар хийгээд сонгуулийн хуулийг өөрчилсөн. Сонгогчид илүү хариуцлагатай болж асуудлыг олон талаас нь хардаг болох хэрэгтэй. Тэгж чадахгүйгээс улстөрчдөд хууртагдаад байна гэж боддог. Ер нь улстөрчид сонгогчдыг байнга хуурдаг, “хүчирхийлж” байна шүү дээ.
-Тэгэхээр сонгогчийн боловсролыг дээшлүүлэхийн тулд ямар ямар ажил, өөрчлөлт хийх ёстой юм бэ?
-Би дээр хэлсэн. Сонгуулийн пропорцианал тогтолцоог холимог байдлаар хэрэглэх ёстой. Ингэж байж сонгогчийг хариуцлагатай, намыг сонгохдоо бодлого, үнэт зүйлийг сонгодог болгохын төлөө явах учиртай. Гэтэл УИХ-ын өнгөрсөн долоон удаагийн сонгууль сонгогчдод хүнийг нь хардаг, түрийвчийг нь мэдэрдэг зан төлөв суулгасан. Энэ бол муу зүйл. Боломжтой бол төрөөс сонгогчийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээд улс төрийн намуудын мөн чанар, үүрэг оролцоог ойлгуулах шаардлагатай байна. Сонгогчид өнөөдөр ямар нам, улстөрчийн төлөө саналаа өгч байгаагаа мэдэхгүй байна. Зүгээр л баян уу, хөөрхөн үү эсвэл манай нутгийн хүн үү гээд л санал өгсөн сонголт болсон. Энэ нь Монгол Улсын хөгжил, бүр цаашлаад ардчиллын хөгжилд саад болж байгаа юм.
-Сонгуулийн холимог тогтолцоо улс оронд хөгжил дэвшил авч ирнэ гэж та ярилаа. Үүнийг тодорхой тайлбарлана уу?
-Сонгуулийн тогтолцоонууд өөр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай. Аль ч тогтолцоо нь ямар нэг улсад зуун хувь таарна гэж байдаггүй. Бид онолын хувьд можаритор, пропорцианал гэж ярьдаг боловч түгээмэл 10-аад хувилбар бий. Дэлхийн улс орнууд өөр өөрийн онцлогт тааруулсан 150 гаруй тохиргоотой хувилбар үүсгэн хэрэглэж байна. Тэгэхээр Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хувилбар сонгох ёстой. Сонгуулийн можаритор тогтолцоо манай улсад тохирохгүй байгааг хэд хэдэн зүйлээс харж болно. Тухайлбал, нэгдүгээрт, улс төрийн намууд төлөвшихгүй байна. Хоёрдугаарт, сонгогчдын боловсрол дээшлэхгүй байгаа. Гуравдугаарт, манай улс төрийг мөнгө тодорхойлдог. Санал худалдаж авах, хууль бус мөнгө зэрэг нь сонгуулиас сонгуулийн хооронд төгөлдөржиж ирсэн. Дөрөвдүгээрт, шийдвэр гаргах түвшинд ялангуяа, парламентад эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл нэмэгдэхгүй байна. Сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэсний үр дүнд 2012 онд 20 хувийн квотоор УИХ-д 11 эмэгтэй суудал авсан. 2016 онд квотыг 30 болгосон. Тэгээд сонгогчид хэт туйлширсан санал өгсөн учраас 17 эмэгтэй УИХ-д орж ирсэн. Тэгвэл энэ онд тойргуудыг аймаг, дүүргээр нь томсгосон блок системтэй болсон учраас эмэгтэйчүүдийн оролцоо УИХ-д нэмэгдэнэ гэсэн ойлголт, тайлбар хийхэд хэцүү. Өөрөөр хэлбэл УИХ-д эмэгтэй гишүүн олноор сонгогдоно гэж харагдахгүй байна. Энэ дөрвөн асуудал манайд тулгамдаад байгаа юм.
-Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бэ?
-Сонгуулийн пропорцианал элемент тодорхой хэмжээнд шийдэж өгч чаддаг. Тэгэхээр сонгуулийн пропорцианал болон можаритор тогтолцоог холимог байдлаар хэрэглэх манай улсад ашигтай. Тухайлбал, сонгуулийн тогтолцооны давуу болон сул тал, улс төрд үүсээд байгаа эерэг, сөрөг асуудлуудыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүнгээс хамаарч ололт амжилтаасаа гэнэт ухрах биш, ямар ч тохиолдолд тогтвортой байх дүр зураг манай улсад хэрэгтэй байгаа юм. Ер нь сонгуулийн хамгийн сайн тохирох тогтолцоогоо сонгох, сонгуулийн сайн хуультай байх, сонгуулиа шударгаар зөв зохион байгуулдаг л байх хэрэгтэй.
-Та яриандаа 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдал гашуун сургамж болсон тухай дурдсан. Ирэх сонгууль яг тэр тогтолцоогоор явна. Тийм хар бараан үйл явдал дахиад давтагдахгүй гэх баталгаа бий юү. Нэгэнт тохирохгүй тогтолцоо гэдэг нь тодорхой байхад дахиад хэрэглэх болсонд хүмүүс нэлээд болгоомжилж байна л даа?
-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал 2020 онд дахиад давтагдана гэж хэлж чадахгүй. Гэхдээ тухайн үед юу болсон бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. 2008 онд сонгогчид миний өгсөн санал хаачсан юм бэ. Эрх баригч нам буюу МАН луйвардлаа гэсэн тайлбар хийж байсан. Тэгээд жагсаал цуглаан болж хохирол амсч хүний амь эрсэдсэн. Харин энэ онд нөхцөл байдал юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Өнөөдөр иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл маш их суларсан. Үүнийг ашиглаад намуудын дүрд тоглож байгаа хөдөлгөөн, клубуудийн улс төр намуудын алдагдсан орон зайг эзлээд орж ирлээ. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудын нийгэмд гүйцэтгэх үүргийг бид хэрэгжүүлье гээд гараад ирж байгаа юм. Энэ бол маш муу дүр зураг. Мэдээж, томсгосон тойргоор нөлөө бүхий намууд, улстөрчид сонгогдож гарч ирнэ. Тэгэхэд миний өгсөн санал хаачсан бэ гэдэг асуудал үүснэ. Тойргуудад дунджаар 10-аас дээш магадгүй 20 нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс ч олон байж болно. Энэ тохиолдолд сонгогчдын санал задрах нь тодорхой. Маш хүчтэй тарна. Ийм үед олны танил, хуучин улстөрчид цөөн саналаар гарч ирнэ. Ингээд сонгуулийн үр дүн гарахаар сонгогчид 2008 онд асуусан асуултаа дахиад тавих магадлалтай. Тэгээд “Миний өгсөн санал хаачив. Би илүү шударга шинэ хүнд санал өгсөн. Бидний санал алга болчихлоо. Эрх баригч нам луйвардсан юм биш үү” гэсэн таамаглал дэвшүүлэх магадлал өндөр юм. Энэ нь улс төрийн намуудын нэр хүнд унасантай холбоотой. Яагаад гэвэл улс төрийн намуудын нэр хүнд унасан тэр орон зайд тоглох сонирхолтой нам бусчуудын тоглолт ихэсч байна. Уг үйл явц нь төлөөллийн ардчилалд хортой зүйл. Сайн зүйл биш. Тэгэхээр миний бодлоор улс төрийн үйл явц өрнүүлж буй иргэний хөдөлгөөн, клубууд нэг бол маш хурдан нам болох хэрэгтэй гэж хардаг. Харамсалтай нь, өнөөг хүртэл нам болохгүй олон завин дээр хөлөө алцайж зогсчихоод яваад байгаа юм. Зүгээр л намуудын нэр хүнд унасан өнөө үед олонд танигдах гэж байгаа улс төрчдийн оролдлого. Магадгүй залуу улстөрчид үүнийг ашиглах нь нэг талдаа зөв байх. Нөгөө талдаа бас буруу харагдаад байгаа юм. Улс төрийн нам гэдэг байгууллага ардчиллыг авч явдаг, төлөөллийг хэрэгжүүлдэг цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн институц. Гэтэл бид үүнийг үл ойшоогоод эхэлж буй дүр зураг бол тийм ч сайн зүйл биш.
-Улс төрийн намуудын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэнэ гэж байгаа. Энэ хуулиар таны сая ярьсан асуудлуудыг шийдэж чадах болов уу?
-Шийдэх хүсэл сонирхол маш их байгаа. Гэвч бодит байдал дээр Улс төрийн намуудын тухай хууль энэ оны УИХ-ын сонгуулийн өмнө батлагдах уу гэдэг нь эргэлзээтэй. Батлагдсан ч хэрэгжих үү гэдэг асуудал бий. Миний харж буйгаар хэрэв энэ хуулийг одоогийн УИХ баталсан ч хэрэгжилт нь сонгуулиас хойш байх болно. Магадгүй 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ гэх байх. Уг хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах нь эрх баригч намд сонгуулиар хүссэн үр дүндээ хүрэх боломж бүрдүүлнэ гэсэн үзэл, хүсэл эрмэлзэл улстөрчдөд байгаад байна. Ийм л зүйл ажиглагдаж байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com