УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа өчигдөр (2020.02.04) танилцуулав. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70, Улсын Их Хурлын тогтоолын 14 төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын томьёолол бэлтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа ийнхүү тайлагнав.
Зөрчлийн тухай хуульд дахин өөрчлөлт оруулна
Зөрчлийн тухай хуульд олон өөрчлөлт орно. Энэ хуулийг хаврын чуулганд миний бие шинэчлэн найруулсан төсөл өргөн барихаар ажиллаж байна. Олон улсад манайхтай адил эх газрын эрх зүйн системтэй орнуудад ийм хууль байдаг. Уг шинэчилсэн найруулгаар заавал торгох уу эсвэл эрх зүйн үр нөлөөллийг сайжруулах уу гэдэг асуудлыг ярих юм. Зөрчлийн тухай хуульд саяхан тодорхой өөрчлөлтүүд орсон байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн харилцааг шийдэх явцад асуудал гардаг. Тухайлбал, хүмүүс зөрчлөө шалгуулдаггүй, ирдэггүй, хөөн хэлэлцэх хугацаагаа зориуд дуусгадаг асуудлыг таслан зогсоож тодорхой өөрчлөлтүүд оруулсан.
Хүүхдийн мөнгөө төлөөгүй эцэг, эхийг баривчилна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд төлбөр барагдуулах асуудлыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой өөрчлөлт орууллаа. Тухайлбал, эцэг тогтоолгоод шүүхийн шийдвэрээр тэжээн тэтгэх үүрэг ногдсон ч мөнгө төлдөггүй цөөн ээж, олон аав бий. Тэд хүүхдийнхээ тэтгэмжийг төлөхгүй байгаа учраас хүүхдийн эрх зөрчигддөг. Тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан аав нарыг баривчлах шийтгэлтэй зөрчил болгож байгаа. Энэ харилцаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зөрчлийн хэрэг үүсгэж шалган шийдвэрлэх харилцааг хуульчилсан.
Үл хөдлөх хөрөнгө, алт мөнгөний худалдааг хянана
Мөнгө угаах тероризмтэй тэмцэх чиглэлээр тодорхой хуулиудад өөрчлөлт оруулж байна. Цаашид ч энэ ажил үргэлжилнэ. Монгол Улс саарал жагсаалтаас хурдан гарахын тулд ФАТФ-тай тохирсон ажлын төлөвлөгөөний дагуу хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагууд бий. Тус байгууллага хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах үүрэг өгсөн. Нэн тэргүүнд Мөнгө угаах тероризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Мөн Эрүүгийн хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Эдгээрээс гадна санхүүгийн чиглэлийн бусад хуульд өөрчлөлт оруулах харилцан тохиролцоо хийсэн. Энэ хүрээнд өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь, Татварын тухай хуульд татвар төлөхгүй байх, татвараас зайлсхийсэн хүмүүст ногдуулах хариуцлагыг чангаруулах заалтыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар унагасан. Энэ нь ФАТФ-тай тохирч хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үг. Цаашид үл хөдлөх хөрөнгө, алт мөнгөний борлуулалт зэрэгт Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьж явна. Өөрөөр хэлбэл эзэнгүй, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөөр үл хөдлөх хөрөнгө, алт мөнгөний худалдаа арилжаа хийх явдлыг хязгаарлаж байгаа юм. Мөн хууль бусаар хөрөнгөжих, татвар төлөхөөс зайлсхийхэд ногдуулах шийтгэлийг чангатгана. Цаашид үүнийг авлигын гэмт хэрэгт хамааруулж ял шийтгэл ногдуулах өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар оруулахаар төлөвлөөд байна.
Шүүгч, прокурор, мөрдөгчид хар тамхины хэрэгт холбогдох болсон
УИХ-ын намрын чуулганаар хар тамхи, мансууруулах бодисын хууль зүйн орчны талаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Эндээс Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодисын эсрэг иж бүрэн тэмцэл явуулах зүй ёсны шаардлага байгаа гэсэн дүгнэлт гарсан. Мөн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчийг албадан эмчлэх эмнэлэг 10 хүрэхгүй тооны ортой байна. Цаашид урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх, албадан эмчлэх чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулах ёстой. Мөн олон улсын байгууллагуудтай тохирсны дагуу зарим төрлийн хураамж, төлбөрийг төлж хөтөлбөрүүд авах шаардлага байна. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ маш хурдацтай өсч байгаа. 2019 онд өмнөх жилийнхээс нэг дахин өссөн тайлан гарсан. Жил бүр ийм хурдацтай өсч байна. Хэрэглээ нь бүр залуужсан. Олны танил, урлаг соёлын одууд, залуусын үлгэр дуурайл болох хүмүүс хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж хуулийн байгууллагад баригдах болсон. Харамсалтай нь хууль хяналтын байгууллагууд ялгамжтай ял шийтгэл өгч байна. Ялаас чөлөөлөх, бүр цаашлаад хэргийг нь шийдүүлэхгүй удаах асуудлууд бий. Тэгэхээр шүүх, прокурор, мөрдөгчид энэ төрлийн хэрэгт сэжиг бүхий байдлаар холбогдож буй тохиолдлуудад хариуцлага хүлээлгэх тэмцлийг Монгол Улсын төрөөс явуулахгүй бол мафи гэдэг зүйлд орох хандлагатай болсон байна. Тухайлбал, прокурор хар тамхи тээвэрлэж яваад хууль хяналтын байгууллагад баригдсан. Хөнгөн ял шийтгэл аваад энэ хэргээ давтан үйлдсэн. Шүүхийн шатанд ийм хэргийг ялгамжтай ялладаг. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт оролцсон, хар тамхи, мансууруулах бодис борлуулагчидтай сүлбэлдсэн албан тушаалтнуудтай тэмцэх шаардлага байна.
Гэрлэлтийн гэрээг зайлшгүй байгуулдаг болно
Хууль зүйн байнгын хороонд хэд хэдэн томоохон хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. УИХ-ын чуулганы завсарлагаанаар ажлын хэсэг гарч ажиллана. Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бий. Монгол Улс 1973 онд Гэр бүлийн тухай хууль баталсан. Энэ нь социалист зан суртахуунтай гэр бүлийн тухай асуудлыг зохицуулж ирсэн хууль. 1999 онд энэ хуулийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилсэн. Одоо гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад төрөөс тодорхой зохицуулалт хийх, гэрлэгсэдийн эдийн болон эдийн бус харилцааг зохицуулсан гэрлэлтийн гэрээг дагаж мөрүүлдэг болгох зэрэг өөрчлөлт оруулна. Энэ хуулийн төсөл дээр Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран ажиллаж байна гэв.
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хууль хэрэгжээд эхлэхээр одоо шалгаж буй хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа зогсох юм байна. Тэгвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, сэргээн хэлэлцэх хугацаа хэзээнээс эхлэх юм бэ?
-Төрөөс батлагдаж гарч буй хуулийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Тэр дундаа шүүх, прокурор, мөрдөх байгууллага хуулийг хүчин төгөлдөр болсон өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх үүрэгтэй. Нэгдүгээрт, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах шатанд яваа бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоно. Яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг үүсгээд зогсоно. Мөн прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүд сэргэж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж шүүхээр орно. Шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон хэргүүд бүгд дахиж шүүхээр шийдүүлнэ. Авлигын гэмт хэрэгт холбогдсон бүх хүмүүс шударга шүүхээр шийдүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.
Бид бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, буцааж сэргээх тухай яриагүй. Зөвхөн авлигын гэмт хэрэгт холбогдсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан бүх хэргүүд сэргэнэ. Түүнээс биш бусад хэргүүд сэргэхгүй. Цаашид хууль хүчин төгөлдөр болохоор Эрүүгийн хуульд заасан бүх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татах хүртэл тоологдоно. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй болно.
-Хар тамхитай тэмцэх тухай хуулиийг яагаад өнөөг хүртэл УИХ-аар хэлэлцэхгүй байна. Хуулиа чангатгах тухай яриад байгаа шүү дээ?
-Бид хар тамхины талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулсан. Үүний дүнг Хууль зүй дотоод хэргийн яам, Засгийн газарт хүргүүлсэн. Энэ хуулийг санаачилж УИХ-д оруулж ирэх үүрэг нь Засгийн газарт бий. Бид хар тамхи, мансууруулах бодисын чиглэлээр хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч хяналтын ажил явуулахаар төлөвлөж байгаа. Тэгэхдээ ерөнхий боловсролын сургуулийн хөл хорио дуусахаар хүүхдийн, хүний эрх зөрчихгүй байдлаар тест явуулах юм. Тодорхой цэнгээний газруудад худалдаж борлуулдаг мэдээлэл бий. Эдгээрт бас хяналт шалгалт хийнэ. Маш олон хүүхэд, залуус хар тамхинд донтсоноос болж амьдрал, ирээдүй нь бүрхэг болж байна. Тун хэтрүүлэн хэрэглэснээс болж олон хүүхэд амь насаа алдаж байна. Урлаг соёлынхон олноороо хэрэглэж бусдад буруу үлгэр дуурайл болох боллоо. Ийм учраас УИХ-ын хаврын чуулганаар энэ төрлийн хэрэгт ногдуулах ял, шийтгэлийг Эрүүгийн хуульд чангатгах зорилгоор Хууль зүйн байнгын хорооны зүгээс Засгийн газарт шахалт үзүүлнэ. Зохион байгуулалтын хэлбэрт ороод байгаа энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг чангаруулмаар байна. Цагдаагийн ерөнхий газарт бие даасан газар байгуулж бүтэц орон тоог нь нэмж баталж өгсөн.