Х.АНАНД
Эхлэл буюу Оршил нь
А.Ганбаатар: Олон улсын олон сонгуульд хэрэглэсэн бүтцүүдийг бид судалсан. Тиймээ. Маш олон. Орос, Герман гээд олон газрыг судалсан. Тэгэж үзэж байгаад, ерөөсөө, бид бүтэц зохион байгуулалттай, схемтэй оролцъё, ерөөсөө сайн схем хийе, ажилладаг схем хийе. Ингээд л явж байгаа. Үүийг, Ц.Сандуй, чи нэг хэлээд, тайлбарлаадах.
Ц.Сандуй: Ер нь бид санхүүжилтийн төлөвлөлт хийсэн. Түрүүн А.Ганбаатар хэлж байсан. Ирээдүйд бид яах ашгаа үнэлье гэж байгаа.
А.Ганбаатар: Ирээдүйн боломжоо үнэлчихье.
Ц.Сандуй: Ирээдүйн боломжоо үнэлье гэж байгаа. Тэгэхээр бид бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг, одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн түвшин, бүгдийнх нь албан тушаалыг гаргаад авсан байгаа. Энэ дээр хэн ажиллах вэ. Ямар үнэ өртөгтэй байх вэ гэдэг юм л нууцлалд байх ёстой.
Тэгээд түүнийг л бид “За, чи яг энэ дээр очих юм бол доороо таван хүн олоод удирдаж ажилла. Энэ таван хүнтэйгээ нийт тэдэн төгрөгийн санхүүжилт босгож ир” гэдэг ийм нууц даалгаврыг бид өгнө. Энэ бол өөр хоорондоо, тус тусдаа байна гэсэн үг.
М.Энхболд: Хотынхыг бас давхар хийчихсэн байгаа юу?
Ц.Сандуй: Тийм. Хийчихсэн. Бүгд байгаа. Бүх. Дараа нь танд үзүүлчихнэ. Задарна.
Энэ бол бүгд задарна. Үүнийг бид танд ойлгомжтой... Тэртэй тэргүй санхүүжилтийн нэг, хоёр, гуравдугаар схем гэж байгаа. Нэгдүгээр схем бол бүх гишүүдийн татвар, хураамж, хоёр дахь нь сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар, хураамж орно. Тэгээд дээр нь бас хандивтай. Сонгуулийн үед ашиг сонирхолтой байгаа компаниудын хандив гэсэн ийм схемийг босгож ирсэн байхгүй юу. За ингээд бүгд задарчхаж байгаа юм. 46 мянган гишүүн байгаа гэж тооцоод л.
Сонгуультны хураамж ийм юмнаас ингэж бид авдаг гэсэн юмаа ингээд тавьсан байгаа. УИХ-д нэр дэвшигч нь 100 сая гээд тавьчихсан, НИТХ-д 50 (сая), дүүрэгт 30 (сая), хороо болон Засаг дарга бол 10 (сая) гээд задлаад л. Тэгээд томилогдох албан тушаал, одоо сонгогдох биш албан тушаал гээд бүгдийг нь гаргачихсан. Бүх хүнээр нь гаргаад... Тэгэхдээ бид байгууллага дээр доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл яасан, түүнээс мэргэжилтнүүдийг бол оруулаагүй.
Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, тэгээд санхүүгийн эрхтэй, дарга, дэд дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд л. Тэгээд л ерөөсөө эртхэнээс хүмүүсээ байршуулаад л тодорхой. Бид мэдээж, бүгдийг нь солино шүү дээ. Тэр үедээ л хүмүүсээ бүгдийг нь ажил төрөлтэй болгоё гэсэн санаа.
Г.Доржзодов: Нэг ёсондоо хөрөнгө босгох фандрайзингийн систем, барууны систем, практикт хийх хэрэгтэй.
М.Энхболд: Тийм орон олон байна уу?
Г.Доржзодов: Европ руу бол хэд хэд бий.
Ц.Сандуй: Таксаар квот өгөөд. Тэгэх юм бол чи хэдийг босгоно гэж тооцлоо.
А.Ганбаатар: Ер нь нийслэл дээрээс 60 тэрбумыг босгож байгаа.
Ц.Сандуй: 60 тэрбум босгочихоор байгаа.
М.Энхболд: Өөр ярих юм юу байна.
Ц.Сандуй: За одоо хамгийн сүүлчийн юмаа яриад дууслаа дарга аа, одоохон. Энэ бол гадаадаас мөнгө босгох. Гадны бусад нам, гадаадын хөрөнгө оруулагчидтай танай нам гарах юм бол бидэнд ийм юм одоо, тухайлбал Таван толгойн тэд ч гэдэг юм уу, бүр тийм юмнууд байдаг шүү дээ. Тийм юмнуудыг тусад нь гадаадад мөнгө угаах маягаар санхүүжилт босгоё гэсэн юм бас байгаа. Үүнийг өөрсдөө дараа нь жич ярилцъя гэж бодож байгаа.
Энэ бол иргэн Г.Доржзодовын “60 тэрбум”-ын гэх хэргийн бичлэгийг “Шинэ Монгол хаад” группийн Стратеги хариуцсан албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа буюу 2014 онд хийж, буулгасан хамгийн ноцтой хэсэг нь.
Уг бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарын төрийн албыг ханцуй дотор буюу ширээн доогуур хэрхэн наймаалцаж, намдаа болон өөрсдөдөө доод тал нь 60 тэрбум төгрөг босгох пирамид хэлбэрийн схемийг тодорхой өгүүлдэг.
Иргэн Г.Доржзодов энэхүү дуулианыг 2017 онд гаргаж тавьсан бөгөөд цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ил болсон билээ. Гэхдээ энэ бүхэн үнэхээр иргэн Г.Доржзодовын эх оронч үзлээс ургасан дуулиан байв уу, эсвэл улс төрийн шинжтэй явуулга байсан уу гэдэг нь одоо хэр тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Гэсэн ч энэ бол хоёрдугаар асуудал.
Үүнээс илүүтэйгээр 2016 оны УИХ-ын сонгуулиар олонхын 65 суудал авч бүрэлдсэн МАН-ынхан урьдаас ярьж, төлөвлөж байснаараа төрийн албыг ийн үнэлэн худалдаж, хувьдаа хөрөнгө мөнгө завшсан уу гэдгийг илрүүлэх нь чухал юм. Тэгвэл өнөөдрийн байр сууринаас харахад, эрх баригчдын төрийн албыг төлбөртэй болгосон нь хараахан эцэслэн тогтоогдоогүй байгаа ч лав өнгөрсөн дөрвөн жилд улирсан хийгээд одоогийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд, яамдын сайд, агентлагийн дарга тэргүүтэй нөхдүүд төрийг төрлийн буюу ураг садан, янаг амраг, танил тал, дотны найз, цаашлаад нутаг ус, жалга довны алба болгосон нь зөвхөн Гадаад харилцааны яаманд хийсэн удаа дараагийн томилгооноос харагдана.
За энэ ч яах вэ, тусдаа сэдэв. Одоо мартагдах шахсан 60 тэрбумын гэх хэргийн өрнөл хийгээд бичлэгт гарч буй албан тушаалтнуудын улс төрийн карьерийн төгсгөл ирснийг, цаашид энэ хэрэг хэрхэх талаар өгүүлье.
Өрнөл буюу төгсгөл нь
2017 онд 60 тэрбумын гэх хэргийг ЦЕГ, АТГ, ТЕГ-аас томилсон, хамтарсан ажлын хэсэг шалгав. Энэ хэрэгтэй холбогдуулан нийт 1400 төрийн албан хаагчаас тайлбар авсны дотор УИХ-ын дарга М.Энхболд ч багтжээ. Тэрчлэн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа нийт 2300 төрийн албан хаагч ажлаасаа халагдан, мөн тооны хүн шинээр ажилд орсон байдаг.
Угтаа 60 минутын хугацаатай бичлэгийг цахим сүлжээнд иргэн Г.Доржзодов байршуулсан нь үнэндээ нийт 162 минут үргэлжилсэн яриа байв. Энэ бичлэгийг дөрвөн удаа шинжилсэн ч дахин шинжлэх нь зүйтэй гэж үзэн, шинжээч томилсон удаатай. Үүнээс гадна 24 болон таван минутын дахин хоёр бичлэгийг шинжилж буйгаа АТГ-аас тайлбарласан байдаг. Тодруулбал, АТГ-аас шүүх шинжилгээний байгууллагаар 2016 оноос хойш дуу хоолойг таниулах дөрвөн төрлийн шинжилгээг хийжээ. Энэ дунд УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох 60 тэрбумын бичлэгийн хэрэг багтсан.
Бичлэгийн хэргийг өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр хуулийнхан хэрэгсэхгүй болгосон ч, прокурорын байгууллагаас дахин шинжээч гарган эвлүүлэг мөн эсэхийг тогтоохоор ажилласан. Харин хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүд энэ хугацаанд уг бичлэгийг гүтгэлэг, эвлүүлэг гэж няцааж байсныг дурдах ёстой.
Ингээд хэрэг явсаар 2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцсэн. Төрийн байгуулалтын байнгын хороогоор УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжээгүй. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 43 нь М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжсэн билээ. Ингэснээр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдлөө.
Дараа нь мөн оны хоёрдугаар сарын 21-нд төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт буруутгагдаад буй НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарыг намын гишүүнчлэлээс нь хассан. Тодруулбал, тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан. Тухайн үед А.Ганбаатар 60 тэрбум гэх хэргийн талаар мэдээлэл хийж “Г.Доржзодов өөрийнхөө хийсэн зүйлийг биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон ч хүнтэй уулзалт хийж, тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Тэр уулзалтуудын бичлэгүүдээ эвлүүлж, тарааж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ” гэсэн тайлбарыг хэвлэлд анх удаа өгч байсан юм.
Эцэст нь, 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан. Улмаар тэдэнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн. Шүүх бүрэлдэхүүн 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзжээ. Тиймээс хэргийг ийн прокурорт буцаасан байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзжээ.
Уг нь анхан шатаар буюу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэднийг дөрвөн жил хорих ялаар тус тус шийтгэсэн байв.
Ингэснээр төрийн албан тушаалыг наймаалцаж, томилгоо хийх замаар “60 тэрбум” төгрөг босгох, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг санаархсан гэх хэрэг өдгөө эцэслэн шидэгдээгүй хэвээр л байна. Товчхондоо, анхан шатны шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон ч Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан билээ.
эх сурвалж : "Ардчилал таймс сонин"