Т.ЭРДМАА
УИХ дахь МАН-ын бүлгийн бараг бүх гишүүд нь ЖДҮ авсан хэрэг мандаж жирийн иргэдийн дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр дэлхий нийтийг хамарсан коронавирусийн дүйвээнд ЖДҮ-ийн хэрэг замхраад байна уу даа гэх хардлага төрүүлэх боллоо. Жинхэнэ ЖДҮ-чидийг жийж тэрбум тэрбумаар нь халаасаа түнтийлгэсэн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр “Маасайтлаа инээж манийгаа дахиад сонгоорой” гэсэн шиг хээв нэг гэмгүй царайлаад сууцгааж байна. ЖДҮ бол жирийн зээл биш. Эрх мэдэл албан тушаалаа ашиглаж үгсэн хуйвалдаж, улсаа тоносон хэрэг. ЖДҮ-чин гишүүд хууль эрх зүйн болоод ёс зүйн хариуцлага хүлээх учиртай. Гэтэл эрх баригчид ЖДҮ-ийн хэрэг дэгдсэн үеэс нь бие биенээ хаацайлж авч үлдэхээр ажиллаж эхэлсэн. Эргэн сануулахад Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д..Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хүсэлт УИХ-д гаргасан. Гэвч УИХ-д хамгийн олон суудалтай МАН гишүүдээ авч үлдэх шийдвэр гаргасан удаатай. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ч хэлсэн үгэндээ эзэн болж ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцолгүй өнөөг хүрлээ. Тэрбээр 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд “Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ. ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байгаа. Хууль зөрчиж авсныг нь хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Удахгүй болох намын Бага хурлаараа ч авч хэлэлцэнэ” хэмээн мэдээлсэн. Гэвч энэ мэдэгдлээс өөр юу ч хийсэнгүй. Арга ч үгүй биз. Өөрөө төрсөн дүү У.Давхарбаяртаа ЖДҮ авч өгсөн баримт мэдээлэл олон нийтийн хэвлэлээр түгээд буй билээ. Ийм ч учраас ЖДҮ-ийн хэргийн талаар ам ангайлгүй байж байгаад замхруулах, ирэх сонгуулиас өмнө чимээ аниргүйхэн нам дарахаар шийдсэн бололтой. Өнөөдөр ЖДҮ бол зүгээр л нэг зээл. ЖДҮ авсан УИХ-ын гишүүд нь хууль зөрчөөгүй болон хувирч байна. Ганцхан УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нь бүхнийг үүрээд гарах шатанд явна.
Түүний ЖДҮ сангийн хөрөнгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, танил талдаа тарааж өгсөн албан тушаалын хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 10-ны өдөр шүүхээр товлоод байна.
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг, тухайн үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮХС-гийн захирал дарга нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрчхөөд байгаа билээ. Гэвч тэдний хэргийг өнөө хүртэл эцэслэн шийдээгүй байна. Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж, шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байсан. Харин энэ оны хоёрдугаар сарын 28-нд тэдний хэргийг шүүх рүү шилжүүлсэн мэдээлэл бий.
Эргэн сануулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн 1802 00488 0258 дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж дараах шийдвэрийг гаргаж байв. Үүнд “Яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дөрөв болон 17.5 дугаар зүйлийн дөрөвт заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж байна” хэмээн шийдвэрлэсэн.
Тэдний хэрэг шүүхэд шилжсэн учраас ямар нэг шийдвэр гарах нь тодорхой. Харин утсаар ярьж, уурлаж, инээж, аргадах зэргээр элдэвлэж байгаад ЖДҮ авсан УИХ-ын гишүүдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх яах бол, ЖДҮ-чин гишүүд ирэх сонгуульд нэр дэвшүүлэх үү, тэд УИХ-д нэр дэвших нь ёс зүйтэй асуудал мөн үү зэрэг асуулт ар араасаа өөрийн эрхгүй хөвөрнө.
Жинхэнэ үйлдвэрлэгчид нь жил бүр төслөө бариад, бөөн бичиг цаас болоод ХХААХҮЯ-ны хаалга үүдийг сахиж босгыг нь элээн гүйдэг ч зээл авч чадалгүй хоцорч байсныг мартах учиргүй. Гэтэл УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд нь хэрхэн аашилж, аяглаж жилийн гурван хувийн хүүтэй ЖДҮ зээл авч байсныг өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл баримттай, цувралаар гарган тавьж байгаа юм. Түүнээс зарим баримтыг нь эш татан хүргэе.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Бишрэлт групп”, дампуурсан Капитал банкаар овоглогддог. Түүний “Доктор мейк” ХХК-ийн төсөл “Шаардлага хангаагүй” гэсэн шалтгаанаар санхүүжилтээс хасагдчихаад байжээ. Тэрбээр ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү ХХАХХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай”А-88 дугаартай тушаал гарах үеэр залгаад “Яагаад манай компани тэнцээгүй юм бэ. Би авах ёстой юмаа авах ёстой” хэмээн удаа дараа залгаж байсан аж. Ингээд ХХААХҮ-ийн сайдын 2018 оны наймдугаар сарын 14-ны өдрийн “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай“ А-141 дугаартай тушаалын жагсаалтад УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Доктор мейк” ХХК багтаж 800 сая төгрөгийн зээл авсан байна. Удалгүй ЖДҮ-гийн хэрэг дэгдэж, олон нийтэд мэдээлэл хүрч эхлэхэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гийн захирал С.Төгбилэг рүү утастаж “Эгчийгээ бодоорой. Би танай талд байгаа шүү” гэсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд “УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувиар биш хувь гишүүний зүгээс ЖДҮХС-тай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцуулах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна” хэмээн мэдээлэл хийж байсан. Гэвч УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга байхдаа ЖДҮ-д нэр холбогдсон. Тухайлбал, “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байсан нь хууль хяналтын байгууллагын шалгалтаар тогтоогджээ. Харин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг хожим энэ талаар ярихдаа “Би компанийг нь мэдэхгүй байна. Албан хүсэлтээр хандаж байсан байхыг үгүйсгэхгүй” гэж тайлбарласан удаатай.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа ЖДҮХС-гийн Зээл, төслийн хэлтсийн дарга Ж.Баасандоржийн гар утас руу залгаж, “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн талаар хэлж сануулсан байна. Тухайн үед ЖДҮХС-гийнхан “Д.Хаянхярваа гишүүн хаанаас утасны дугаар олчхов оо” гэж ихэд гайхсан байгаа юм. Ингээд уг компани нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний А-88 тоот тушаалд багтаж 900 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Гэга” ХХК, “Гэрд сараа” ХХК, “Дэлгэрбаян говь” ХХК, “Сэлши үүр” ХХК, “Алиман төгс буян” ХХК-ийн төслүүдийг ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд багтаахаар тухайн үед ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж байжээ. Ингээд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн гэх гурван компани 2018 оны хаврын сонгон шалгаруулалтаар ЖДҮХС-гаас тус бүр 1.6 тэрбум төгрөг авсан байна. Үүнээс гадна намрын сонгон шалгаруулалтаар дахиад хоёр компанийг ЖДҮХС-гийн санхүүжилтэд багтаасан байдаг. Ийнхүү УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүдийн тэргүүн эгнээнд орж таван компани “яриад” бүгдэд нь ЖДҮХС-гаас санхүүжилт авч чадсан байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Арвай хүрд” ХХК, “Хөх үзүүр” ХХК-ийн төслийг дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хандаж, төслүүд нь шалгарчээ. Тодруулбал, 2018 оны намрын буюу наймдугаар сарын 24-ний А/141 тоот тушаал гарахаас өмнө ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаад “УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “Хөх үзүүр” ХХК-ийг тэмдэглээд ав” гээд цаасан дээр бичүүлсэн байна. ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг цаасан дээр “ТБД. “Хөх үзүүр” ХХК” гэж тэмдэглэжээ. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг рүү утсаар залгаж “Сайдтай чинь ярьчихсан байгаа. Элдэв асуудал гарахгүй байх. Асуудал гарвал надад хэлээрэй” гэжээ.
Ийнхүү тоочоод байвал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн ЖДҮ зээлийн цуваа, баримт хөвөрч өгнө. УИХ-ын гишүүдээс гадна Засгийн газрын харьяа агентлагийн хурган дарга нар ч ЖДҮ авсан нь бий. Тухайлбал, өнөөг хүртэл УБЦТС-ын захирлын албан тушаалаа хашиж яваа Д.Баярсайхан юм. Тэрбээр 3.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан нь ЖДҮ-гийн хамгийн өндөр дүнтэй зээл. Энэ мэтэд ЖДҮ зээл авсан ч хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээлгүй өнөөг хүрч буй эрх мэдэл, албан тушаалтнууд МАН-д байна. Тэгэхээр шударга ёс, сайн жишиг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН-аас хүлээгээд нэмэргүй боллоо. Яаж ийж байгаад албан тушаалын хэргүүдээ замхруулж мартагнуулах, ажил хийсэн дүр эсгэх арга барилаар ажиллаж УИХ-ын ээлжит сонгуультай золгох гэж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"