Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Эрдэнэ: Эдийн засаг хүндэрч байгаа учраас УИХ ээлжит бусаар хуралдах ёстой

 УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр: Нэгдүгээрт, Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ алагчилж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасныг эсэргүүцэж Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж байна. Хоёрдугаарт, УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж Засгийн газарт хүргүүлээд байна. Тухайлбал, Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 75 тоот тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын сарын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Энэ оны эхний нэг, хоёрдугаар сарын төсвийн орлого тасарч эдийн засаг цаашид хүндрэх нөхцөл байдал үүсч байна. Ийм эгзэгтэй цаг үед эрх баригчид төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж, төрийн албан хаагчдаа алагчилсан, шударга бус шийдвэр гаргалаа. Тиймээс АН-аас мэдэгдэл гаргаж байгаа юм. Засгийн газар өнгөрсөн хугацаанд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, бизнес эрхэлж орлогоо нэмэгдүүлэх асуудалд туйлын хариуцлагагүй хандаж ирсэн. Бид МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардаж ирсэн. Харамсалтай нь дорвитой арга хэмжээ авсангүй, бодит тайлбар хийлгүй өнөөг хүрлээ. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэл, үүргийн худалдаа эрхэлж байгаа 250-иад мянган иргэн ажлын байргүй болох аюул нүүрлээд байна. Улс оронд нийгэм, эдийн засагт ийм аюул тулж ирээд байна. Гэтэл Засгийн газар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа. Ийм учраас бүх зүйл болж байна гэж асуудалд тайван хандах эрх хэнд ч байхгүй. Улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, яам тамгын газар, төрийн албан хаагчид гээд бүх шатандаа нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд анхаарах зүй ёсны шаардлага байгаа юм. Тэгэхээр Засгийн газар алагчилсан энэ шийдвэрээ нэн даруй цуцлах ёстой гэсэн байр суурьтай байна. Мөн хамгийн бага цалинтай төрийн бага тушаалын болон үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм гэв.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тэгэхээр цалингийн энэ нэмэгдэл нь энэ оны төсөвт тусгагдсан юм болов уу?
-Төрийн албан хаагчдын цалинг ялгавартай нэмэгдүүлсэн байна. Иймд энэ шийдвэрээ эргэж хар гэсэн шаардлага тавьж байгаа юм. Үүнээс гадна төрийн үйлчилгээний албан тушаалтнууд болох эмч, сувилагч зэрэг албан тушаалтнуудын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байна. Өнөөдөр иргэдийн амьжиргаа маш хүнд нөхцөл байдалд тулж ирсэн. Би дээр хэлсэн. Жижиг үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид гээд 250 гаруй мянган хүний орлого хумигдаж, амьжиргаа нь хэцүү байдалд ороод байна. Ийм цаг үед зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэгдүүлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй хууль бус үйл ажиллагаа юм. Ийм учраас эрх баригчид энэ алдаатай бодлогоо засч залруул гэсэн мэдэгдлийг АН-аас гаргасан. Цаашид цалин хөлс нэмэгдүүлэхдээ судалгаа тооцоонд тулгуурлах ёстой. Төрийн үйлчилгээг иргэдэд тулж хүргэж байгаа үйлчилгээний албан тушаалтнуудын цалинг нэмэх асуудлыг тавьж буй юм.
-Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барих гол шалтгаан нь юунд байна бэ?
-Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нэн онцгой нөхцөлд, нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцдэг болох юм. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл санаачлахад эхлээд санал авна, боловсруулна гээд хамгийн багадаа 2-3 сарын хугацаа шаарддаг дэгтэй. Тэгэхээр УИХ онцгой тохиолдолд энэ хугацааг хүлээхгүй, дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх дэгийн асуудлыг оруулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Тавантолгой компанийн 30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх шаардлагатай болоод байна. Өмнө нь Засгийн газар УИХ-д танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж байсан.
Гэтэл УУХҮ-ийн сайдын хэлснээр эхний ээлжинд нэг тэрбум ам.доллароор 30 хувиа зарах асуудал яригдаж байгаа юм байна. Энэ нь Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан шийдвэр гэж харж байгаа юм. Ийм учраас Засгийн газар дур мэдэн шийдэх асуудал биш. Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлье гэсэн зорилгоор уг хуулийн төслийг өргөн бариад байна. Сүүлийн жилүүдэд Тавантолгой нүүрсний борлуулалтаас төсвийн багагүй хувийг бүрдүүлж өндөр ашигтай ажиллах боломжтой гэдгийг харж байгаа. Гэтэл энэ ордын үнэ цэнийг бууруулах, зарж борлуулах гэсэн хэсэг бүлгийн явуургүй оролдлого эрчмээ авах шинжтэй боллоо. Тэгэхээр ямар ч тохиолдолд Тавантолгойн хувийг худалдах биш өөрийнх борлуулалт, үйл ажиллагаанаас цэвэр ашгийг нь өсгөх бүрэн боломжтой гэж АН-аас үзэж байна.
-Тавантолгой орд IPO гаргахгүйгээр өөрийн ашгаас хөрөнгө оруулалт хийх боломж байгаа юм уу?
-Тавантолгойн үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж байсаар байтал зарах асуудал ярих нь утгагүй юм. Жилд 1-2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэллээ. Энэ нь тус орд өөрөө үр ашгаа дээшлүүлэх бодит боломжтой гэдгээ харуулсан явдал юм. IPO гаргаж, хөрөнгө босгоод юунд зарцуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Үүнийгээ тодорхой болгох ёстой. Тооцоо судалгаагүй, ерөнхий зарчим яриад байж таарахгүй. Бид Оюу толгой дээр яг ийм байдлаар л алдаа гаргасан шүү дээ. Тухайн үед би УИХ-ын гишүүний хувиар энэ ордыг ашиглах ТЭЗҮ нь ямар юм, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хэд юм, эргэн төлөгдөх хугацаа нь хэзээ юм гэсэн асуулга тавьсан. Гэвч С.Баярын Засгийн газар ямар ч хариу өгөөгүй. Өнөөдөр энэ уурхай ямар маргаантай байгаа билээ. Үүнтэй адил Тавантолгойн ордын ТЭЗҮ, ямар үр дүнд хүрэх тооцоо судалгаа маш бүрхэг байгаа. Тэгэхээр үүнийгээ эхлээд тодорхой болгох ёстой. Тэгээд нарийн тооцоо судалгаагаа УИХ-аар хэлэлцүүлж байж асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
-УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог яаралтай хуралдуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Энэ талаар ямар нэг хариу өгсөн үү?
-Одоогоор ямар нэг хариу ирээгүй. Эдийн засгийн байнгын хороо төдийгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг нэн яаралтай хуралдуулах шаардлагатай гэж харж байгаа. Яагаад гэвэл дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх дохио, нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдалдаа тайвшраад суух цаг биш. УИХ хуралдаж эдийн засгийн хүнд нөхцөл байдлаар гарах гарц олох, шаардлагатай арга хэмжээ авах асуудлаа шийдэх ёстой. Ийм учраас Эдийн засгийн байнгын хороог хуралдуулж асуудлыг тал талаас нь шинжлэн судалж өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал цаашид ямар үр нөлөө үзүүлэхийг урьдчилж харах учиртай юм. Энэ нь УИХ-ын үүрэг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com