УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхийн нийтийн эдийн засагт коронавирусийн тархалт ямар хор хохирол учруулж байна вэ?
-Короновирусийн цар тахал дэлхийн хэмжээнд гамшиг тарьж байна. Дэлхийн 100 гаруй оронд тархаж, олон улсын харилцаанд хүндрэл үүсгэлээ. Үүнтэй уялдаад улс орнуудын гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж байна. Манай улсад л гэхэд экспортод хүндрэл учирч төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй болсон. Саяхнаас эхлээд нүүрсний экспорт Замын-Үүд боомтоор гарч эхэлсэн. Энэ байдал нь эдийн засагт маш хортой нөлөө үзүүлж байна. Тухайлбал, нэгдүгээр сарын байдлаар татварын орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Хоёрдугаар сарын албан ёсны мэдээ хараахан гараагүй байгаа. Гэвч нэгдүгээр сарынхтай ойролцоо гэж бодоход татварын орлого 400 тэрбум төгрөгөөр тасрах болоод байгаа юм. Дэлхий нийтэд энэ вирус юугаар өдөөгдөж тархаад байгааг тогтоож амжаагүй. Вирусийн гарал үүсэл, шинж чанарыг бүрэн тодорхойлж чадаагүй учраас урьдчилан сэргийлэх, эмчлэх эм, бэлдмэл бас гараагүй юм. Ийм учраас энэ өвчлөл дэлхийн хэмжээнд ноцтой аюул учруулсан хэвээр байна.
-Манай улсад ирсэн Францын иргэнээс коронавирсийн шинж тэмдэг илэрлээ. Төр засгаас ямар арга хэмжээ авах ёстой гэж харж байна вэ?
-Коронавирусээс урьдчилан сэргийлэх, тархахгүй байх талын бүхий л арга хэмжээг төр засгаас гадна хүн бүр авах ёстой. Энэ вирус анх тархсан Хятадад шийдвэртэй, хатуу арга хэмжээ авсан учраас тархалтын хүрээ багассан. Монголчууд энэ вирусээс сэргийлэхийн тулд маск зүүх, гараа угаах, гэр орон, орчины ариун цэврээ сахих нь чухал боллоо. Монголчууд маск зүүж, гараа угааж ариутгах болсноор коронагоос гадна амьсгалын замын өвчлөл, гэдэсний өвчин багассан статистик мэдээлэл бий.
-Монгол Улсын эдийн засагт коронавирус ямар хор хохирол авч ирэх шинжтэй байна вэ?
-Монгол Улсын эдийн засагт маш их хор хохиролтой. Манай улс гадаадаас маш их хэмжээний бараа материал авдаг. Хавар бүтээн байгуулалтын ажил эхэлдэг. Тэгэхээр гадаадаас авдаг бараа материал хомсдох, ажил үйлчилгээ зогсох гээд их хор, хохирол авч ирнэ. Энэ бүгд нь эдийн засгийн жаахан өсөлтийг бууруулж хүнд байдалд оруулж мэдэх юм. Коронавирусийн анхны тохиолдол илрээгүй байхад уул уурхай, хөдөө аж ахуйн зэрэг бүтээгдэхүүний экспорт тодорхой хэмжээнд агшсан байсан. Гэтэл одоо дахиад асуудал үүсч мэдэх юм. Ийм сөрөг үйл, үр дүнг бид даван туулж гарах ёстой.
-Тэгэхээр улсын төсөвт тодотгол хийх шаардлага гарах нь ээ дээ?
-Урд нь төсөвт тодотгол хийх яриа гарсан л даа. Миний хувьд тодотгол хийх шаардлагатай гэсэн байр суурьтай байсан. Энэ байр суурь хэвээрээ. Гэхдээ яг өнөөдөр тодотгол хийхэд дөрөв, тавдугаар сард юу болох бол гэдгийг тааж тооцоолж болохгүй байна. Төсвийн тодотголыг сар бүр, хоёр сар тутам ойр ойрхон хийгээд байдаггүй. Ийм учраас тодорхой хугацаанд нөхцөл байдлыг харах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл Монгол Улсад өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал, дэлхий нийтийн чиг хандлагыг харж байж тодотгол хийх нь зөв.
-Тэгвэл төсөвт тодотгол хийхдээ ямар ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?
-Төсвийн орлого тасарч байна. Энэ оны төсөвт 11.8 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсон. Тэгээд 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар баталсан. Үүний хоорондын зөрүү буюу төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг. Энэ нь манай улсын ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх юм. Тэгэхээр орлого буурсан учраас зарлага багасч таарна. Зарлагаа орлогод тааруулж бууруулахын тулд хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийгэм, эдийн засагт онц ач холбогдолтойг нь авч үлдэх учиртай. Ач холбогдол бага байшин барилгын засвар үйлчилгээ гэдэг юм уу, нийгэм эдийн засагт шууд нөлөөлдөггүй зүйлийн зардлыг танах ёстой. Миний хувьд төсөвт тодотгол хийхдээ нэг, хоёр, гурав гэж зардлаа эрэмбэлээд эдийн засаг, нийгэмд нөлөөлөх нөлөөлөл нь хэсгээс нь эхэлж танах ёстой байгаа. Дахин тодотгол хийх шаардлага үүсвэл хоёр дахь хэсгийг нь танах хэрэгтэй. Эцсийн дүнд нь хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, боловсролын салбар гээд нийгэм, эдийн засагт өсөлт бий болгох хөрөнгө оруулалтуудаа авч үлдэх ёстой.
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын гишүүдийн хувьд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад бэлэн гэж ойлгож байна. УИХ-ын дарга АНУ-д айлчлах байсан. Энэ айлчлал нь хойшилсон байгаа. Мөн байнгын хороодын шугамаар гадаад томилолт гурав байсан нь хойшилсон. Миний ойлгож буйгаар УИХ-ын гишүүдийн 70-80 хувь нь Улаанбаатарт байгаа. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган гэхээс илүү байнгын хороод хуралдаж шаардлагатай асуудлыг хэлэлцээд явж байна. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдсан. Ойрын үед Эдийн засгийн байнгын хороогоор эдийн засагт үүсэх хүндрэл, үүнээс сэргийлэх коронавирустэй холбоотой асуудлыг хэлэлцэх байх. Тэгэхээр улс оронд үүссэн онцгой нөхцөл байдлын үед УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахад ирц хангалттай байна. Учир нь коронавирус дэлхий нийтэд дэгдсэнтэй холбоотой манай улс хөл хорио, уулзалт, цуглаан олон нийтийн арга хэмжээ хорьж ирсэн. Ийм учраас УИХ-ын гишүүд орон нутагт, гадаад томилолтоор ажиллаагүй. УИХ 11 сар завсаргүй хуралдаж олон асуудал шийдсэн. Тухайлбал, Үндсэн хууль, Иргэний хууль, Оюуны өмчийн тухай хууль, Татварын хууль гээд олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж чадаагүй. Одоо коронавирустэй холбоотойгоор телевиз, радио, цахим орчноор сонгогчидтойгоо уулзаж байна.
-Та УИХ-ын чуулган завсарлаж байгаа үед ямар ямар ажил амжуулж байна вэ?
-Миний хувьд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, Шинжлэх ухаан технологийн хуулийн төслүүд дээр ажиллаж байна.
-Бизнес эрхлэгчид зээл төлөх хугацааг хойшлуулж өгөх, зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авч өгөөч гэсэн санал хүсэлт төр засагт гаргаж байгаа. Энэ асуудлыг шийдэх боломж байгаа юу?
-Үүнийг маш сайн тооцож үзэх хэрэгтэй. Төр засгийн мэдэлд Төрийн банк, Хөгжлийн банк гэж бий. Эдгээр банкуудын олгодог зээлийн зориулалт өөр. Томоохон төсөл хөтөлбөр санхүүжүүлдэг. Эдгээр хоёр банкаар дамжсан зээлийг төрөөс зохицуулах боломжтой. Харин арилжааны банкнаас авсан зээлийг төрөөс зохицуулахад төвөгтэй. Учир нь арилжааны банкуудын өгч буй зээлийн ихэнх нь иргэдийн хадгаламж байдаг. Арилжааны банкууд энэ хадгаламжийг тодорхой хүүтэй өсгөж өгнө гээд авсан. Тэгээд энэ хадгаламжийг зээлд гаргахдаа тодорхой хүүтэй өгсөн. Ийм учраас маш нарийн тооцох шаардлагатай. Мөн түрээсийн төлбөрийг бууруулах асуудал бий. Аж ахуйн нэгж, иргэдэд төр өмчөө түрээслүүлэх нь ховор. Дандаа л хувийн компаниуд өмчөө түрээслэдэг. Тухайлбал, дэлгүүр, худалдааны төв, зах бол бүгд хувийн компанийн өмч. Тэгэхээр төрөөс түрээсийн мөнгийг нь гаргаад өгөх боломж алга. Харин төрөөс татварын бодлогоор зохицуулах боломж бий.
-Гадаад өр төлбөр нэлээд өндөр болсон. Ирэх онд чамгүй өр төлнө. Үүнийг ажрахгүй төлөх боломж бий юү?
-Монгол Улсын эдийн засаг сэргэж байна. Гэвч манай улсын нийт гадаад өр 30 тэрбум, засгийн газрын өр 7.4 тэрбум ам.долларт хүрсэн. Ийм учраас өр төлөх асуудал хүндрэл учирч болзошгүй. Асуудлыг одооноос сайн судалж гарц шийдэл олох нь чухал.
-Гадаадын хөрөнгө оруулалт ямар байна. Эдийн засагт учирсан хүндрэлийг даван туулах ямар боломж бололцоо, гарц байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт татах төрийн бодлого тодорхой. Гэвч хөрөнгө оруулалт орж ирэх нь бага байна. Дэлхийн улс орнууд, гадаадын хөрөнгө оруулалтад коронавирус саад болж байгаа. Жишээ нь эдийн засгийн чөлөөт бүсэд хятадаас ажилчид оруулж ирээд ажил үйлчилгээ хийнэ гэхэд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсангүй гэдэг маргаан гарсан. Тэнд гадаадын 300 гаруй иргэн орж ирж ажиллах юм билээ. Тэгэхээр коронавирус олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, гээд бүхий салбарт саад болж байгаа л даа. Ийм учраас энэ хохирлоос гарах арга замыг сайн бодож олж ажиллах шаардлага үүсээд байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"