Улс төр судлаач Д.Уламбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажил цагийн хуваарийн дагуу явж байна. Гэтэл коронавирусийн халдвар илэрлээ. Тиймээс УИХ-ын сонгууль хугацаандаа явах боломжтой юу?
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль өмнө батлагдсан хуулиудтай харьцуулахад хүмүүсийн оролцоо боломжийг нэлээн нэмэгдүүлсэн. Ялангуяа хоёр том намаас бусад нам, нэр дэвшигчийн оролцоог нэмэгдүүлсэн. Гэхдээ эрх барьж байгаа намынхан өөрсдөө ашигтай боломж бүрдүүлэхийн тулд хөдөө орон нутгийн тойргийг нэмэгдүүлсэн тал байгаа. Улаанбаатар хотын мандатыг 28 байсныг дөрвөөр цөөлж, 24 болгоод, орон нутгийн мандатын тоог нэмэгдүүлсэн. Ингэснээр эрх баригчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд олон суудал авахыг хүссэн. Ийм учраас эрх баригч намын төлөө хүмүүс сонголт хийхгүй л болов уу. Харин улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа хөдөлгөөнүүдийг дэмжих тал анзаарагдаж байгаа. Ийм учраас сонгогчид залуусыг гаргахыг хүсч байгаа.
-Эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг та юу гэж дүгнэж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дорвитой зүйл хийж бүтээсэн үү?
-У.Хүрэлсүх сайд ганцхан л үгтэй. Тэр нь “ална шүү” гэдэг болсон нь анзаарагдаж байна. Энэ нь ажил хийх гэж байна гэдэг сэдлийг хүмүүст төрүүлээд байдаг. Асуудлыг шийдэх, авлигачидтай тэмцэнэ, тэднийг засч залруулах гэж байна гэсэн хүлээлтийг нийгэмд төрүүлсэн. Харин энэ хүлээлтийг биелүүлж чадаагүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөртэй харьцуулахад бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн гэж хэн ч хэлж чадахгүй. Зарим судлаачдын ярьж байгаагаар 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн МАН-ын мөрийн хөтөлбөрт 30-40 хувьтай гэсэн тооцоо харагдсан. Нийгмийн сэтгэлзүйг татахын тулд шударга ёс тогтоох гэж дүр эсгэж байна. Гэвч төрийн дунд, доод шатны албан тушаалтнууд авлига авч, хүмүүсийн асуудлыг хүндрэлтэй байдлаар шийдэж байгаа. Нэр бүхий тодорхой улстөрчдийг шүүхэд дуудах гэх мэтээр тоглолт хийгээд байна. Ерөнхий сайд, нийслэлийн захирагч нарын шийдвэрээс энэ байдал харагдана.
-Үүнийг яаж өөрчлөх вэ?
-Тэд нийгмийн сошиал сүлжээнд анхаарч, хүмүүст таалагдах байдлаар асуудлыг шийдэж байгаа. Гаргасан шийдвэрээсээ ухарч, олон нийтэд яаж таалагдах вэ гэдэг нь хамгийн эрхэм зорилго мэт болсон. Ингээд олон нийтийн сэтгэлзүйг татаж цааш явах ээлжит сонгуулийн бэлтгэлдээ эртнээс орсон.
-Тавантолгой хувьцаа тараана, сургалтын төлбөрийг чөлөөнө гэдэг нь Сонгуулийн хуулийг зөрчөөд байгаа юм биш үү?
-Сангийн сайдын ярьснаар ирэх оноос томоохон өр төлбөр төлөх ёстой. Энэ төлбөр нь нэг тэрбум орчим ам.доллар болно гэдгийг хүмүүс мэдэж байгаа байх. Гэтэл гадаад худалдааны нөхцөл байдал энэ өр төлбөрийг төлөх боломж хомстож байна. Учир нь манай улсын нүүрс, зэсийн борлуулалт эрс буурсан. Цаашилбал, дэлхий нийтэд түгсэн коронавирусийн халдвараас болоод урд хөршийн эдийн засаг суларсан. Манайх ч мөн ялгаагүй бүр дордсон. Ийм үед зээл тэглэх, чөлөөлөх нь эдийн засагт хор уршигтай. Үүнийг далимдуулаад улс орны эдийн засагт алсын хараагүй шийдвэрүүд бас гарч байна. Өнөө маргаашийг аргацаах хэрэггүй, алсыг харах хэрэгтэй. Энэ чухал хариуцлагыг ирэх сонгуулиар ялж эрх барьсан нөхөд үүрэх байх даа. Одоогийн эрх баригчдад маргааш юу болох нь хамаагүй өнөөдөр алга ташуулах нь чухал байна.
-УИХ-ын ихэнх гишүүд нь ЖДҮ, концесс гээд хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоод байгаа. Энэ асуудлыг төр, засаг шийдэж чадах юм болов уу даа?
-Шийдэхгүй биз дээ. Үүнийг шийдвэл УИХ, Засгийн газар нь хугацаанаасаа өмнө тарах хэрэгтэй болно. Ийм учраас яаж ийж байгаад ганц, нэг хүн дээр тоглолт хийх байх. Тухайлбал, ЖДҮ-гийн толгойлогч Б.Батзориг л байна. Тэгэхээр МАН-ын хувьд ЖДҮ-д холбогдсон УИХ-ын гишүүдээ дахин нэр дэвшүүлэхгүй бол хамгийн том ололт болох байх.
-Тэгвэл МАН өөр нэр дэвшигч байна уу?
-Залуучуудаа нэр дэвшүүлсэн ч энэ намд итгэх нь юу л бол. Концесс, ЖДҮ-г хувьдаа авчихдаг учраас иргэд итгэхгүй байх даа. Учир нь энэ талаар мэргэшсэн ах нараа дагаад төлөвшсөн хүмүүс гарч ирэх л байх гэж бодож байна.
-Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд улс төрийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Энэ нь улс оронд хортой гэж зарим улс төр судлаачид хэлдэг. Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Иргэний нийгмийнхэн олон жил тархай бутархай явсан. Өнөөдөр эрх баригч хүчин болоод улс төрийн намууд тодорхой үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Ийм учраас тэр орон зайг нөхөж иргэний хөдөлгөөнүүд гарч ирж байгаа юм. Үүнийг гарцаа байхгүй иргэний нийгмийн байгууллагууд нөхөхөөс өөр аргагүй. Энэ нь зарим талаараа зөв ч байж магадгүй.
-Тэгвэл улс төрийн намуудын төлөвшил ямар байна вэ?
-Улс төрийн намуудад хөрөнгө, мөнгөн дээр тогтсон төлөвшил байна. Ажил мэргэжил, үзэл бодол дээр тогтсон төлөвшил одоогоор харагдахгүй байна. Тэгэхээр Монголын улс төрд итгэл үнэмшил, үзэл бодол тогтоогүй байна гэж би боддог. Аливаа улс орны төрийг бизнес эрхлэгчид барьдаггүй, улстөрчид л барьдаг. Улстөрчдийг бодлогоор барьдаг. Улстөрчид нь ар гэрээ орхиж, Засгийн төлөө, хүний төлөө, нийгэм, эдийн засгийн төлөө зүтгэдэг юм билээ. Яг ийм хүмүүс төрд гарах цаг нь болжээ. Түүнээс биш түрийвчээ түнтийлгэж, ЖДҮ, концесс авахын төлөө төрд орох ёсгүй. Гэтэл дээр ярьсан шударга гэж хэлдэг хүмүүс төрд орох бололцоо олдохгүй байна. Ийм учраас монголчуудын ДНБ-ий 90 гаруй хувь нь 2000-хан хүнд төвлөрчхөөд байгаа юм.
-Улс төр шударга биш учраас баялаг тэгш хуваарилагдахгүй байна уу?
-Тийм. Би дээр хэлсэн. Монголд баялгийн хуваарилалтын эрс тэс нийгэм бий болчхоод байна. Ийм учраас Монголд дундаж давхарга гэж төлөвшөөгүй, байх ч үгүй. Тэгэхээр Монгол Улсын хүн амын 90 орчим хувь нь дунджаас доод давхаргад амьдарч байна. Ийм учраас бидэнд бодлоготой, төлөвшилтэй улс төрийн нам хэрэгтэй байна. Үүнийг сонгож чадахгүй бол бид дахиад 30 жил мөлхөнө.
-Улс төрийн намын тухай хуулийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж байгаа. Та энэ талаар судалсан уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улс төрийн намууд улс төрийн байгууллага болсон. Нийт хүн амын нэгээс доошгүй хувийг цуглуулсан бол улс төрийн нам байгуулж болно гэж заачихсан байна лээ. Тэгэхээр одоогийн эрх барьж байгаа МАН, бас АН, үүн дээр ганц хоёр улс төрийн хүчин нэмж гарах л бололцоо байна. Үндсэн хуульд ийм нэмэлт өөрчлөлт хийсэн учраас МАН 50 жил төр барих концесс яриад байна. Энэ нь шударга ёсонд нийцэх үү. Яг ийм амбицтай мэдэгдлийг эрх баригч МАН өнөөдөр хийж байна.
-Тэгвэл ард түмэн эрх мэдлээ яаж олж авах вэ?
-Үндсэн хуульд МАН өөрийн эрх мэдлээ дархалсан том түгжээ хийсэн. Энэ түгжээ нь дээр миний хэлсэн амбиц шүү дээ. Тэгэхээр дахиад 30 жил монголчууд нэг намын дарангуйлалд орох юм уу гэдэг асуудал байна. Уг асуудлыг МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийчихлээ. “Алсын хараа:2050” бодлогоо яриад яваад байна. Үндсэн хуулинд амбицтай өөрчлөлт хийсэн нам “бидний зургаар явна” гэж яриад байна. Хэрвээ 2020 оны сонгуулиар бид өөрчлөлт хийж чадахгүй бол дараагийн 30 жил, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол МАН-д дарлуулах нь ээ.
-АН бодлогын нам гэдгээ зарласан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Үндсэн хуульд МАН өөрийн ноёрхлоо тогтоох гээд нэмэлт өөрчлөлт хийчихсэн. Харин АН бодлогоо тодорхойлж явж байгаа нь зүйтэй юм. Үндсэн хуульд дахиж өөрчлөлт оруулахгүй бол энэ гаж асуудал засагдахгүй.
-Ирэх парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бүрдсэн үү?
-Маш зөв. Улс төр судлаачийн хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарт сэтгэл дундуур байгаа. АНУ-д сургууль төгсч ирээд Зөвлөлдөх ардчилал гэж яриад Үндсэн хуульд буруу зөрүү өөрчлөлт хийчихлээ. Тэр нь Зөвлөлдөх ардчилал гэж санаа яриад өөрийн үзэл бодлоо Үндсэн хуульд шингээчихсэн. Энэ санаагаа УИХ-ын гишүүдийг айлгаж байгаад баталчихсан. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт монголчуудын эрх ашгийг хангаж чадахгүй гэдэг нь тодорхой юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалын наймаа цэцэглэнэ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл зургаан жил болж байгаа учир хязгааргүй, дураар авирлаж болох нөхцөлийг бүрдүүлсэн. Засгийн газрын тэргүүн танхимаа бүрдүүлэх учир сайд болох хүн авлига өгөх хаалга нээгдсэн юм шиг санагдаж байна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"