Эдийн засагч, судлаач Х.Батсуурьтай Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал дэгдлээ. Энэ нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Энэ онд дэлхийн эдийн засаг 6.5 хувиар өснө гэсэн таамаг олон улсын судалгааны байгууллагууд хийсэн. Гэтэл covid-19 гэсэн цар тахал дэгдэж уг төсөөлөл өөрчлөгдөж байна. Тухайлбал, одоогоор 5.5 хувиар өснө гэсэн төсөөлөл гараад байгаа. Гэхдээ энэ байдал цаашид үргэлжилбэл 2-3 хувиар буурах нөхцөл үүсчихээд байгаа юм.
-Тэгвэл манай улсын эдийн засаг ямар байх төлөв байна вэ?
-Монгол Улсын эдийн засагт нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Гэтэл Засгийн газар, төрийн зүгээс энэ байдлыг төдийлөн ойшоохгүй байна. Бодит байдал ямар байгаа талаар тодорхой зүйл ярихгүй байна.
-Тэгэхээр манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд хэдэн хувьтай гарах бол?
-Манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд зургаан хувиар өснө гэж төлөвлөсөн. Үүнийг олон улсын байгууллагууд ч, эдийн засагч судлаачид ч хүлээн зөвшөөрсөн. Гэтэл ийм өсөлт үзүүлэхгүй гэдэг өнөөдөр тодорхой боллоо. Миний тооцож буйгаар 0.5 хувиар буурах нь тодорхой болсон. Эдийн засгийн энэ бууралт, хүндрэл нь ард түмний нуруун дээр шууд ирнэ. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулалттай компанид ижил очих ёстой хүнд цохилтыг ард түмэндээ үүрүүлж байна. Ийм байж болохгүй л дээ.
-Энэ онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Төсвийн орлого хэр бүрдэж байгаа бол?
-Монгол Улсын төсөв өнөөдөр 25 орчим хувиар тасалдаад байна. Энэ нь цаашид үргэлжилж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Яагаад гэвэл Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ халдварыг Францын иргэн тээж ирсэн. Цаашид халдвар дахиад гарвал хориг арга хэмжээг үргэлжлүүлэхэд хүрнэ. Коронавирусийн халдвар манай улсын гадаад худалдаанд илүү хүнд цохилт өгч байна. Тэр дундаа экспорт агшсан. Энэ нь манай эдийн засагт хамгийн их хор хохирол тарьж эхэлсэн. Өнгөрсөн хоёр сарын байдлыг судлаад үзвэл манай улсын гадаад худалдаа 17 хувиар буурсан. Үүнийг задлаад харвал экспорт 26 хувь буурсан байна. Энэ хэмжээгээр төсөв тасалдаж эхэлсэн гэсэн үг. Харин импорт тогтвортой байгаа.
Ялангуяа хүнсний импорт буураагүй байна лээ. Бодит байдал дээр экспортод хориг тавилгүй импортоо хязгаарласан бол эдийн засагт эерэг нөлөө авч ирэх байсан. Өөрөөр хэлбэл урт хугацаандаа манай эдийн засагт сайнаар нөлөөлөх юм. Ийм бодлого манай улсад үгүйлэгдэж байна. Харамсалтай нь экспортоо хязгаарлаж, импортоо дэмжээд байна.
-Тухайлбал?
-Тавантолгойн нүүрсний экспортыг хязгаарласан. Тэгээд нэг боомтоор экспорт хийдэг уурхайд хориг тавиагүй. Энэ нь ялгавартай, гадаадын эрх ашигт үйлчилсэн бодлого гэж харж байна. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлаа мэдэхгүй байгаагийн шинж. Оюу толгой, Тавантолгой уурхай ойрхон. Гашуунсухайт боомтоор л түүхий эдээ экспортолж байгаа. Гэтэл Тавантолгойн уурхайн экспортод хориг тавиад хоёр сар шахуу боллоо. Харин Оюутолгой бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Энэ бол хачирхалтай үзэгдэл. Оюутолгой бол гадаадын хөрөнгө оруулалттай. Гэтэл дотоодын хөрөнгө оруулалттай ард түмэн хувьцааг нь эзэмшдэг Тавантолгойг хорьсон. Энэ нь ард түмний эрх ашгийг үл тоож хөсөрдүүлсэн асуудал.
-Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлага гараагүй гэж мэдэгдсэн. Та эдийн засагч, судлаачийн хувьд энэ оны төсөвт тодотгол хийх талаар ямар байр суурьтай байна вэ?
-Энэ жилийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь улсын төсвийн орлого аль хэдийн 400 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байна. Энэ нь манай улсын төсвийн гурав орчим хувь болж байгаа юм.
-Тэгвэл Засгийн газар, Монголбанкны хэрэгжүүлж буй бодлого хэр оновчтой байна вэ?
-Монгол Улсын эдийн засгийг тодорхойлогч нь Сангийн яам, Монголбанк. Гэтэл эдийн засагт коронавирустэй холбоотой онцгой нөхцөл байдал үүсчихээд байхад маш удаан ажиллаж байна. Энэ нь ард түмний эрх ашгийн эсрэг бодлого хэрэгжүүлж байна уу даа гэж харагдахаар байгаа юм.
-Эндээс Засгийн газарт эдийн засгийн учирсан онцгой нөхцөл байдалд тохируулсан бодлого алга гэж ойлгож болох уу?
-Ер нь тийм. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг зүйл болох вий. Энэ талаар би удаа дараа байр сууриа цахим орчин болон олон нийтийн хэвлэлээр илэрхийлсэн. Мөн надтай адил байр суурь илэрхийлсэн судлаачид, бизнес эрхлэгчид ч олон бий. Гэвч төр засаг олигтой арга хэмжээ авахгүй байгаа. Тэгээд баахан шаардуулсны эцэст Сангийн сайд Ч.Хүрэлбаатар арга хэмжээ авна гэж ярьж байна лээ. Мөн Монголбанкны зүгээс ямар ч арга хэмжээ авна гэж хэлээгүй. Маньд хамаагүй. Мөнгөний бодлогын хороогоо хуралдах цагт нь хуралдуулна. Одоо шийдвэртэй арга хэмжээ авах шаардлага алга. Бид судалж үзнэ гэсэн байр суурь илэрхийлээд байгаа. Уг нь тэр судалгаагаа аль хэдийн хийсэн байх ёстой. Учир нь дэлхий нийтэд коронавирусийн асуудал дэгдээд гурван сар шахуу болж байна шүү дээ. Гэтэл ард түмний, олон нийтийн шахалтаар одоо л ажлаа хийж эхлэх гэж байгаа нь туйлын харамсалтай. Маш хариуцлагагүй үйлдэл юм.
-Манай улс ирэх онд чамгүй хэмжээний өр төлнө. Үүнийг төлөх боломж бололцоо алга гэж ойлгож болох уу?
-Тийм, өрийн асуудал маш хүндрэлтэй байгаа. Үүнээс гадна эдийн засаг хүндрэх нөхцөл байдал үүсээд байна. Ийм учраас хожуу үүсэх хор хохирлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг одоо авах гарцаагүй шаардлага тулгарлаа. Гэтэл Сангийн яам, Монголбанк аль хэдийн төлөвлөгөө гаргаж зургаа зурсан байх ёстой атал тэгсэнгүй. Нэн тэргүүнд төлөх өрийг аваад үзвэл УИХ-ын сонгуулийн дараа БНХАУ-ын Ардын банканд төлөх ёстой хоёр тэрбум юанийн своп хэлцлийн асуудал бий. Энэ талаар Монголбанк ямар арга хэмжээ авах гэж байгаа нь тодорхой бус байна. Уг нь Монголбанкны асуудал учраас энэ жилийн улсын төсөвт тусгагдаагүй. Ийм учраас үүнийг төлөх мөнгө төгрөг, санхүүгийн шийдэл алга. УИХ-ын ээлжит сонгууль өнгөртөл чимээгүй хүлээж байгаа нь хариуцлагагүй үйл явдал юм.
-Та эдийн засагч судлаач хүний хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?
-Энэ Засгийн газарт хоёр сарын ажил үлдсэн. Гэтэл мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалтгүй гэж бодож байна. Үүнээс гадна эдийн засагт хүндрэл нүүрлэсэн, төсөв нь тасарч байгаа учраас олигтой ажил хийж чадахгүй л болов уу. Улс оронд өнөөдөр онцгой нөхцөл үүсчихсэн. Гэтэл тэгээгүй юм шиг жүжиглэж байж таарахгүй. Эрх баригчид УИХ-ын сонгуулийг л бодож байна. Ийм ч учраас асуудлыг нуун далдлах арга хэмжээ авч байгаа юм. Ингэж ард түмнийг хуурах технологи хэрэгжүүлж байгаа нь харамсалтай. Ер нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайдынхаа бодлогын эсрэг ажиллаж байгаа шүү дээ. Тухайлбал, Ерөнхий сайд нь хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарна. Хятадаас оруулж ирж буй импортын хортой хүнсийг хязгаарлана гэсэн. Манай улсын нийт импортын 70 орчим хувийг Хятадаас авдаг. Үүний дийлэнх нь хүнсний импорт байдаг. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь эдийн засгийн хориг арга хэмжээ авч буй нь энэ гээд Хятадаас оруулж буй хүнсэнд хориг тавиагүй. Харин эсрэгээрээ нүүрсний экспортод хориг тавьсан. Энэ нь дотоодын хүнсний үйлдвэрлэлд маш том цохилт өгч байна. Ажлын энэ уялдаагүй байдлаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэж байна уу үгүй юу гэдэг асуудал бий.
-Дэлхий нийтийг түгшээсэн энэ цар тахалтай тэмцэх эдийн засаг, санхүүгийн бололцоо манай улсад хэр байна вэ?
-Санхүүгийн бололцоо бол бий. Хамгийн гол нь төрөөс зөв бодлого явуулах чадвартай хүмүүс байна уу гэдэг нь асуудалтай. Гэтэл тийм чадвартай удирдлагууд алга. Учир нь нөхцөл байдлыг аль хэдийн урьдчилж харах байтал тэгсэнгүй. Хүнд нөхцөл байдлаас гарах угтсан арга хэмжээ авах байсан. Өнөөдөр ийм арга хэмжээ аваагүй байж өөрсдийгөө өмөөрөөд сууж байна.
Тэгвэл БНХАУ, БНСУ, Сингапур гээд бүх улс орон нөхцөл байдлыг урьдчилж дүгнээд судалгаа хийгээд бодлогоо тодорхойлсон шүү дээ. Ийм учраас хохирол нь арай бага байна гэсэн үг. Гэтэл Монгол Улс ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл энэ онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллах, эдийн засгийн өсөлтөө хадгалах бодлого алга.
-Тэгвэл манай эдийн засаг хүндэрч бүр дефолт зарлах хэмжээнд хүрчихгүй байгаа?
-Арай ч тэр хэмжээнд хүрэхгүй байх. Гэхдээ байдлыг ажиглаж байна. Эрх баригчид ямартай ч УИХ-ын сонгууль болтол байгаа нөөц бололцоогоо дайчлах байх. Асуудлыг нуун далдална. Үүний гор нь оны төгсгөлд гарна. Өөрөөр хэлбэл сонгуулийн дараа долдугаар сараас эдийн засгийн хүндрэл тод гарч ирнэ гэж харж байгаа. Гэтэл эрх баригчид юу ч болоогүй мэтээр ярьж байна. Анагаах ухаанд өвчин туссан хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь чухал гэдэг шүү дээ. Үүндтэй адил эдийн засагт арга хэмжээ авах ёстой юм. Өвчин туссан хойно нь эмчлэх гэж дайрвал илүү зардал, хор хохирол учруулна.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"