Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: УИХ яаралтай хуралдаж эдийн засгийн хүндрэлийн асуудлыг хэлэлцэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар, ерөнхий сайд у.Хүрэлсүх нарт дахин шаардлага хүргүүллээ. Энэ талаар Ардчилсан намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл өгөв. Тэрбээр:

-Бид Засгийн газарт эдийн засагт үүсч буй эрсдэлийн асуудлаар тодорхой санал хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Засгийн газар эрсдэлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа.

Ийм учраас уг шаардлагыг дахин хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрх баригчид Монголбанкны бодлогын хүүг нэг хувиар бууруулсан, хэрэглээний зээл төлөх хугацааг гурван сараар хойшлуулсан гэж байгаа. Гэвч үүний хэрэгжилт нь тааруу байгааг холбогдох хүмүүс хэлж буй юм.


Коронавирус гарснаас хойш урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч байна гэдэг санал нэг байна. Энэ хүнд цаг үед сайныг нь дэмжиж, саарыг нь хэлж хамтарч ажиллах ёстой гэж үзэж байгаа. УОК, эрүүл мэндийн салбарын эмч ажилчид, Онцгой байдал, цагдаа, Мэргэжлийн хяналтын ажилчид өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байна. Монголын ард түмэн ч бас энэ тахлыг тараахгүйн төлөө өөр өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа. Энэ цар тахал дэгдээд гурван сар өнгөрлөө. Эдийн засгийн хямрал бодитоор тулгараад байхад Засгийн газар, УИХ дэндүү хайнга хандаж байна. Энэ бол улстөржсөн хэлбэр биш. Улс оронд тохиох гэж байгаа аюул гамшгийг урьдчилан сануулж буй явдал юм. Төсвийн тодотгол хийх ёстой. Эдийн засаг хүндэрлээ, экспортын орлого тасарлаа. Сүүлийн нэг сарын хугацаанд нүүрс экспортлоогүй. Энэ байдал Монголд ямар хор хохирол учруулахыг өнөөдөр хэн ч тооцоогүй байна. Ийм учраас бид уг асуудлыг Засгийн газар, УИХ-д сануулж дахин шаардлага хүргүүлж байгаа юм. Бид эхний ээлжинд хямралаас гарах төлөвлөгөө яаралтай боловсруулъя гэсэн санал тавьж буй юм. Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж зээл олгох асуудлыг яаралтай шийдвэрлэх асуудал бий. Мөн төсвийн тодотгол хийх ёстой гэж үзэж байгаа. Ийм учраас Засгийн газар хүндрэлээс давах туулах төлөвлөгөө боловсруулж УИХ-д оруулж ирээч гэсэн шаардлага тавьж байна. Бид энэ санал, шаардлагаа гурав дахь удаагаа Засгийн газар, УИХ-д хүргүүлнэ. УИХ-ын дарга хаана явж юу хийж буй нь тодорхойгүй байна. Цар тахал гэдэг нэрийн дор УИХ-ын гишүүд танхимдаа цуглахгүй, асуудлыг ярихгүй байна. Улс орны нөхцөл байдал улам хүндрэх боллоо. Ард иргэд хоёр сар гаруй хугацаанд орлогогүй сул зогслоо. Худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл буурсан, хаагдсан, хөл хоригдсон байдалтай байгаа. Зайлшгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зөв. Гэхдээ түүний цаана үүсч байгаа эдийн засгийн хямралыг тооцох, тохирсон арга хэмжээ авах ёстой. Өнөөдөр иргэд, айл өрхийн орлогыг хамгаалах нь чухал байна. Гэтэл энэ талаар ярьж буй хүн төр засагт алга. Ийм учраас Ардчилсан нам эрх баригчдад удаа дараа шаардлага хүргүүлж байгаа юм. Манайхаас бусад улс орнууд төсөвтөө тодотгол хийж цар тахлын үед ажиллах төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, Канадын Засгийн газар 82 тэрбум канад долларын тусгай төсөв баталсан. Мөн хөл хорионд орсон иргэдэд хоёр долоо хоног тутамд бэлэн мөнгө олгох, эрүүл мэндийн даатгалгүй хүмүүст нөхөн төлбөр олгох болоод байгаа. Францын Засгийн газар гуравдугаар сарын 17-ноос эхлэн иргэдээс ус, хий, цахилгаан, орон сууцны төлбөр, түрээсийн мөнгийг авахгүй байх шийдвэр гаргасан. Мөн аж ахуйн нэгжүүдээ дэмжиж 355 мянган ам.долларын Засгийн газрын баталгаа банканд гарган өгч нийгмийн даатгалын шимтгэл, бусад татвараас чөлөөлөхийг шийдвэрлээд байна. Гэтэл манай Засгийн газар ажин түжин юу ч болоогүй юм шиг сууж байгаа юм. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь эн тэргүүний үүрэг мөн. Үүнийг бид дэмжиж байгаа. Иргэд ч өөрсдийн үүргээ биелүүлж буй. Гэвч өрхийн орлого буурч эхэлсэн. Ийм учраас бид дараах шийдлүүдийг УИХ, Засгийн газарт санал болгож байна.
-УИХ яаралтай хуралдах хэрэгтэй. Тэгэхдээ цахимаар эсвэл цуглаж хуралдах эсэхийг УИХ-ын дарга өнөө маргаашгүй шийдэх шаардлагатай гэж харж байна.
-2020 оны төсвийг тодотгож хамгийн багадаа нэг их наяд төгрөгтэй эрсдэлийн сан байгуулах ёстой.
-Иргэдэд төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмжийн талаар тодорхой шийдэл гаргах учиртай.


-Хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн цалингийн хэмжээг бууруулахгүй байх арга хэмжээг яаралтай авах ёстой. Монгол Улсад 1.1 сая ажиллах хүчин бий. Үүний 400 гаруй мянга нь төсвийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа. Тэдний ажлыг хэвийн үргэжлүүлэхийн тулд Монголбанк Засгийн газар болон компанийн өрийн бичгийг мөнгөжүүлэх ажил хийх хэрэгтэй. Нийт ажиллах хүчийг задлаад харвал хөдөө аж ахуйн салбарт 300, худалдаа, жижиг бизнес эрхлэгч 230 мянган хүн байна. Ялангуяа, худалдаа болон жижиг бизнес эрхлэгчдэд асар том хохирол эрсдэл нүүрлэж байгаа. Ийм учраас худалдаа, жижиг дунд бизнес эрхлэгчдийг бага хүүтэй зээлээр дэмжих, ажиллагчдын цалинг нөхөн олговор маягаар төр даах асуудалтай бид нүүр тулсан. Ийм шийдлийг УИХ, Засгийн газар яаралтай гаргах хэрэгтэй байна.
-Өргөн хэрэглээний импортын барааны татварыг чөлөөлөх шаардлагатай болсон.
-Экспортоо дэмжих зайлшгүй шаардлага бий. Засгийн газар нэгдүгээр сарын 15-наас нүүрсний экспорт эхлүүлэх шийдвэр гаргасан. Гэвч өнөөг хүртэл эхлэхгүй удаж байгаа нь эдийн засгийн бодит хохирол болж байна.
Ийм олон асуудал байгаа учраас УИХ хуралдаж шийдвэр гаргах ёстой. Улсын Их Хурлын Дэгийн тухай хуульд цахимаар хуралдаж шийдвэр гаргах тухай заагаагүй. Гэвч үүний гарцыг олохын төлөө УИХ-ын байнгын хороод, гишүүд санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Бид үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй. Цуглаж хуралдаж болохгүй бол дэгийнхээ асуудлыг шийдээд цахимаар хуралдаж болно. Төр өнөөдөр тодорхой шийдвэр гаргахгүй бол монголчуудын амьдралд асар их хор уршиг учрах гэж байна гэлээ.

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан нам өнгөрсөн бямба гарагт мөрийн хөтөлбөрөө батлах онлайн хуралдаанаараа баталсан. Сонгуулийн хуулийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө баталж, Адуитын газар хүргүүлэх ёстой. Хуулийн дагуу мөрийн хөтөлбөрөө өгнө. Энэ дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны цахим хоёрдугаар хуралдаанаа хийж мөрийн хөтөлбөрөө баталлаа. Ингээд мөрийн хөтөлбөрөө холбогдох байгууллагуудад хүргүүлэхэд бэлэн болсон. Мөрийн хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа иргэд, ТББ-аас 20 мянга гаруй санал хүлээж авсан. Үндэсний аудитын газрын дүгнэлт гарахаар бид мөрийн хөтөлбөрөө улс орон даяар танилцуулна. Үүнээс гадна үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор улс орны нийгэм, эдийн засгийн асуудал хүндрэх бодит нөхцөл үүссэн учраас яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Бид аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс харах биш бодит байдлыг дүгнэж тохирсон арга хэмжээ авах ёстой гэж харж байгаа. Өнөөдөр нэг л хариуцлагагүй алхам хийх юм бол нөхөж баршгүй хохирол амсана гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой. Эрдэмтэд, судлаачид эдийн засаг хүндэрч буй талаар удаа дараа сануулга өгөх болсон. Гэтэл үүнийг анхаарч бодит ажил хийж буй зүйл алга. Хий, хоосон популист зүйл ярьсан, үүсэх аюул гамшгийн хор хөнөөлийг үгүйсгэсэн, хэт тайвширсан байдал харагдаж байна. Бид өнөөдөр яагаад ч тайвширч болохгүй гэдгийг хатуу анхааруулж байгаа. Эрүүл мэндийн салбар хамгийн өндөр орнуудад байдал хүнд байгаа шүү. Үүнийг бүгд мэднэ. АНУ,Франц, Итали, Япон, Хятадад вирусийн тархалт өндөр, нас баралт их байна. Тэгэхээр бид чадаж байна, чадна гэдэг бардам зангаар асуудалд хандах нь үүсч болох маш том хор хохирлын эх үндсийг тавина гэдгийг дахин анхааруулж байна. Ардчилсан намаас өгч буй сэрэмжлүүлгийг зориуд мушгин гуйвуулах, улс төржүүлэх, эвлүүлэг хийх замаар хэвлэл мэдээлэл, цахим орчноор цацах боллоо. Үндэсний Аюулгүй Байдалд нөлөөлөх асуудал үүсчихээд байхад түүнийг улстөрийн зорилгоор, сонгуульд ялахын тулд ашиглах гэсэн увайгүй үйлдлээ таслан зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна.

Ардчилсан нам өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал, хүндрэлийг улс төрийн өнцгөөс бус Үндэсний аюулгүй байдал, монгол үндэстний оршин тогтнох үүднээс харж асуудалд хандаж байгаа. Гадаадад 150-200 мянган монгол иргэд гадаадад бий гэсэн мэдээлэл бий. Тэгвэл тэдний эрүүл аюулгүй байдлыг хангах талаар эрх баригчид ямар арга хэмжээ авсан бэ. Тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч ирж буйг мэдээлж байгаа. Гэвч энэ онгоцыг ямар зардлаар, тэр онгоцонд суух хүмүүсийн жагсаалтыг хэн гаргаж байгаа, ямар хяналт тавьж буй тухай мэдээлэл алга. Бид хэд хэдэн Элчин сайдтай холбогдсон. Гэтэл тусгай үүргийн онгоцыг хаанаас хэн гаргаж байгаа, ямар зарчмаар хүмүүсээ хамруулах боломжтой, эрүүл аюулгүй байдлыг хэн хянаж буй талаар мэдээлэлтэй хүн алга. Тусгай үүргийн онгоцонд жирийн иргэд сууж чадаж байгаа эсэх нь өнөөдөр тодорхой бус хэвээр байна. Тэгэхээр мэдээлэлд ойр, дарга нарт хамаатай хүмүүст энэ тусгай үүргийн онгоц үйлчилж байна гэж хардахаас өөр арга алга. Ийм асуудлыг гаргаж тавьснаараа би улс төрийн гүтгэлэгт өртөж байна. Гэвч цаашид энэ байр сууриа хадгална. Монгол иргэдийг эх орондоо авч ирэхийг эсэргүүцээгүй. Энэ талаар нэг ч үг хэлээгүй. Үндэстнийхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу үгүй юу гэдэг талаар л үгээ хэлсэн юм. Гурван сая монголчуудын аюулгүй байдал нэг алхмын цаана л аюулын харанга дэлдээд байж байна. Асуудал ийм байхад уянгын халилтай эх оронч дүр эсгэх үндэсний аюулгүй байдлаа хоёр, гурав дахь асуудал болгож тавьчхаад түүнийгээ нуух гэж оролдох хэрэггүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com