2020 оны сонгууль хийгээд сонгуулийн технологи, стратеги хэрхэн явуулах талаар “WINNER STRATEGY GROUP”-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбаатартай ярилцлаа.
-2020 оны сонгуулийн талаар яриагаа эхлүүлье. Дөрвөн жилийн мөчлөг дуусч, өдгөө ард түмэн өөрийн сонголтондоо дүнгээ тавьж, дүгнэлт хийх цаг болжээ?
-Найм дахь удаагийн буюу 2020 оны сонгууль олон мандаттай томсгосон мажиратор хэлбэрээр явагдана. Энэ нь Монгол Улсын хэмжээнд жижиг 76 тойрогт хуваагддаг байсныг томсгоод 29 том тойрогт хуваасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн тойргийг томсгосноор сонгогчдын тоо ихэсч, 2-3 мандаттай болохоор сонгогчид мандатын тоогоор хүн дугуйлах хувилбар бөгөөд сонгуулийн тогтолцооны хувьд хамгийн муу сонголт. 2008 онд эл тогтолцоогоор яваад үр дүнд нь сонгогчид санал нийлэхгүй эсэргүүцэж долдугаар сарын 1-ний харамсалтай үйл явдал болсон.
Сүүлийн үеийн судалгааг харахад, сонгогчдын дийлэнх нь цэвэр шинэ хувь нэр дэвшигчдийг дэмжинэ гэсэн байна. Энэ нь өөрөө сонгогчид хуучин удирдагчдаас ямар нэгэн үр дүн олж хараагүйг илтгэж байгаа юм. Товчхондоо сонгогчдын бодол сэтгэхүй, хандлага өөрчлөгдсөн. Тэр бүү хэл сонгуулийн үеэр хар пи ар, нэгнээ гүтгэдэг, мөнгө тараадаг, царцаа нүүлгэдэг арга барилаа өөрчлөх хэрэгтэй болсныг судалгаа харуулж байна. Өмнө нь сонгуулийн төлөвлөгөөг зөвхөн мэдрэмж, туршлага дээр суурилж стратеги нь хийгддэг байсан бол энэ удаагийн сонгуулийг мэдлэгт суурилсан цэвэр тунгалаг өрсөлдөөнийг дэмжсэн стратегийг боловсруулан ажиллах нийгмийн захиалга үүсээд байна. Ингэснээр улс төрийн сонгуулийн шинэ соёл төлөвших, улс төрчдийн үргүй зардал, эрсдэл буурч, зорилгодоо хүрэх магадлал нэмэгдэх, санхүүгийн оновчтой зарцуулалт бий болох гээд олон эерэг үр дүнг хэлж болно. Улс төрийн үйл ажиллагааны хувьд тасралтгүй, тогтвортой болж сайжирна.
-Ард иргэдийн хүсэл шинэ цэвэр хүн гаргах сонирхол дээр тулгуурлаж байгаа гэлээ. Гэтэл энэ удаагийн сонгуулийн хууль ийм боломжийг хаачихсан санагдаад байх юм. Өөрөөр хэлбэл, намаас бас өөрийнх нь нэр хүнд, бэл бэнчингээс шалтгаалах сонгууль болох юм биш үү?
-Тийм. Энэ жилийн сонгуулийн тогтолцооны сул тал. Олон мандаттай томсгосон мажиратор тогтолцоог ямар тохиолдолд сонгодог гэхээр, эрх барьж буй нам нь ялах магадлалаа өндөр байлгахаар тооцсон сонгуулийн стратеги болчхоод байна. Энэ нь эрх барьж буй намын хувьд сонгож болох хамгийн сайн сонголт байж мэдэх ч улс орон, иргэдэд бол сайн биш. Бүүр сонгодог ардчилалтай орнууд болох Америк, Герман, Англи, Япон зэрэг орнуудад олон мандат бүхий томсгосон мажиратор тогтолцоо сул тал ихтэй тул хэдийн татгалзчихсан. Одоо хэрэглэгдэж тогтолцоонууд дотроос хамгийн муу хувилбар гэсэн үг. Харамсалтай нь эрх баригчид ухралт хийсэн сонгуулийн хууль баталсан нь дахиад иргэд, сонгогчдынхоо хүсэл сонирхлын эсрэг үйлдэл хийчихлээ. Шууд хэлэхэд цэвэр өрсөлдөөнийг боомилж, бодлогын өрсөлдөөнд оролцох танигдаагүй шинэ залуу улс төрчид, эмэгтэйчүүдэд хаалт болсон шийдвэр юм.
Нөгөөтээгүүр залуучуудад огт боломж байхгүй гэж хэлж болохгүй. Нийгэм өөрөө шинэ залуу улс төрчид, шинэ үеийн ухаалаг хүчтэй улс төрчдийг хүсч, захиалж байгаа учир сонгуульд залуучууд түлхүү оролцох нь зөв. Сонгуулийн стратеги нь өөрөө цэвэр тунгалаг өрсөлдөөн байх ёстой байхад харамсалтай нь манайд өнгөрсөн сонгуулиуд хар пи ар зонхилсон өнгө, мөнгөний өрсөлдөөн болчихсон. Энэ нь бүүр сонгуулийн технологи мэт иргэд ойлгочихсон байна. Бие биенээ гүтгэдэг, эрх барьсан намынхаа хийж бүтээснийг үгүйсгэдэг, бие биенийхээ мөрөөдөл зорилгыг замхруулдаг хар пи арын ажлууд эхэлж байна. Зарим нэг эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд яваад эхэллээ. Тиймээс залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. Гэхдээ оролцож байна гээд ах нарынхаа буюу өмнөх удирдлагуудын алдааг давтаад, үргэлжлүүлээд байж болохгүй.
-Өөрөөр хэлбэл эрх барьж байгаа нам ялагдахгүйн тулд ийм тогтолцоогоор сонгууль явуулах нь. Зөв үү?
-Буруу. Гэхдээ улс төрийн онол нь өөрөө ийм. Тогтолцооны хувьд муу хувилбарыг мэдсээр байж ялах магадлалаа бодож нийгмийн захиалгын эсрэг хийж буй амьд үлдэх гэсэн арга. 1992 оноос хойших долоон сонгуулийн үр дүн үүнийг харуулж байна. Нэг нам дараалаад дахин олонх болсон тохиолдол байхгүй. Тэр дүр зургаараа ч эд нар томсгосон тогтолцоог сонгохоос өөр аргагүй байсан гэж хувь судлаачийн үүднээс үзэж байгаа. Сөрөг хүчин хэчнээн эсэргүүцээд ч дийлсэнгүй 65 хүч түрэн баталсан.
-2016-2020 оны парламент юу хийж бүтээв?
-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж чадсан. Энэ бол яалт ч үгүй нийгмээрээ хүлээн зөвшөөрөх зүйл. Хэдий бүх зүйл заалт сайжирсан гэж хэлэхгүй ч тодорхой саналуудыг тусгаж чадсан. Энэ нь Монголын ирээдүйд гэрэл асаах зүйл болсон гэж үзэж байна. Утааг арилгаж чадлаа. Зоригтой хийвэл чадаж байна, болж байна.
Магадгүй энэ жил илүү цэвэр тунгалаг өрсөлдөөнийг эрхэмлэж, зөвхөн мэдрэмж практикт суурилсан стратеги биш мэдлэгт, эрдэмтэн судлаачдын гаргаж ирж буй шийдлүүдэд суурилсан стратегитэй байх юм бол бид зөв хүмүүсийг гаргаж ирэх боломжтой.
-Сонгогчдын боловсролын асуудал хөндөгдөх байх?
-Уг нь эрх барьж байгаа төр өөрөө сонгуулийн бус үед сонгогчдын боловсролыг дээшлүүлж, сонгогчдын тархины эргээг өөрчлөх ёстой. Нийгмээ дагаад сонгогчид өөрсдөө боловсорч байна. Нөгөөтээгүүр сонгогчдод боловсрол байхгүй биш төөрчихсөн байна. Үүний гарц гаргалгааг хийх нь төрийн үүрэг шүү дээ. Гэтэл иргэдийн энэ төөрөгдөл дээр хамгийн муу тогтолцоог санал болгоод өөрсдөө ялах гэж хичээдэг. Дахиад л нөгөө амжилт байхгүй нөхдүүд, нөгөө 30 гэр бүлийн хамаарал ялалт байгуулах тогтолцоогоор сонгууль явна.
-Тэгэхээр л өнөөх нэр хүндтэй, олны танил, бизнесмен, мөнгөтэй гэдэг хүчин зүйлс автоматаар шууд нөлөөлөхөөр байна?
-Тийм. Автоматаар нөлөөлнө. Энэ тогтолцооны сул тал нь гэсэн үг. Өнөөх мэдлэг боловсролтой, улс орны ачаа үүрэх цаг нь болсон, биеэ зассан, гэрээ засчихсан олонд танигдаагүй шинэ улс төрчид хаагдмал нөхцөлд сонгуульд оролцох гээд байна.
-Бас нэг зүйл байна. Иймээс л заавал аль нэг нам, нөлөө бүхий хүнд харьяалагдахаас өөр аргагүй болоод байгаа юм биш үү?
-Тийм. Би улс төрийн намын ирээдүйг энгийн байдлаар өөрийн хувийн өнцгөөс тайлбарлахыг оролдох гээд үзье. Учир нь улс төрийн зөв хөгжил, улс орны хөгжилд шууд нөлөөлөөд байна л даа. Аливаа институт, улс төрийн намын үйл ажиллагааг тулгын гурван чулуут бодлого дээр тогтдог гэвэл нэгдүгээрт: улсаа хөгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөр, хоёрдугаарт: хүний нөөц бодлого, гишүүнчлэл, гуравдугаарт: санхүүжилтийн бодлого.
Нэг дэх тулгуур чулуу буюу улс орноо хөгжүүлэх бодлого, мөрийн хөтөлбөр тодорхой хэмжээнд боловсруулснаа иргэд, сонгогчдод танилцуулаад эхэллээ.
Тэгвэл энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх намын гишүүнчлэлийн бодлого нь учир дутагдалтай, санхүүжилтийн бодлого нь мөн ижил. Хоёр дахь тургуур буюу гишүүнчлэлийн бодлого нь намуудын хувьд хатуу гишүүнчлэлтэй байдаг нь иргэдийн хүлээлтэд байдаг шинэ залуучууд гарч ирэхэд их саад болж байгаа юм. Тодруулбал, нэг намын гишүүн улаан батлахтай бол буруу зөв ч улаан л гэнэ. Нөгөө намын гишүүн цэнхэр батлахтай бол түүнийгээ л гэнэ. Ийм л хатуу гишүүнчлэлтэй байна. Үндсэндээ улс орны идэвхтэй иргэдийг, нэг гэр бүлийг улаан, цэнхэр гээд хоёр хуваачихсан. Сонгодог ардчилалтай хөгжингүй орнууд бол хатуу гишүүнчлэлээс татгалзчихсан. Дэмжигчидтэй л байдаг. Нам нь буруу явбал дэмжигчид нь холдоод явчихдаг.
Мөн санхүүжилтийн бодлогодоо зоригтой шинэчлэл хиймээр байна. Намын санхүүжилт гишүүдийн татвар, хандиваас бүрдэнэ. Татвар нь ёс төдий бага. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг нэр дэвшигч өөрөө хариуцна. Мөн намдаа хандив өгч нэр дэвших эрхээ авна. Нэг нэр дэвшигчээс гарах дээд хэмжээ нь улсын хэмжээнд дунджаар 500 сая байна. Энэ бол хуулиар тогтоосон тоо. Гэтэл өнөөдөр 500 саяыг төлчих хүн хэд байгаа юм бол. Эргэлзээтэй.
-Хатуу гишүүнчлэл, намын санхүүжилтээс болж улс төрийн шинэ залуу хүчнүүд гарч ирж чаддаггүй. Чаддаг байлаа ч сонгуульд зарцуулсан мөнгөө олох гэж улайрдаг гэж ойлгож болох уу?
-Шууд утгаараа тийм. Дэлхий дахинд улс төрийн намын санхүүжилтийн хоёр үндсэн бодлого байна. Нэг нь манайд одоо явж байгаа дээр хэлсэн муу бодлого. Нөгөө нь сонгодог ардчилалтай гэгддэг хөгжингүй зарим орнууд төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Энэ бодлогоор улс төрд гарч ирсэн хүмүүс мөнгөний төлөө ажилладаггүй. Ард түмний сонголтоор, ард түмний мөнгөөр гарч ирсэн юм чинь тэр хүн ард түмний төлөө л ажиллана шүү дээ. Тэгэхээр сайн бодлого байгаа. Энэ хувилбар руугаа л явах хэрэгтэй. Тэгтэл манайхан муу хувилбараар яваад нөгөө арай хийж босгосон компанийнхаа мөнгийг сонгуульд хийчихээр компанидаа л өр тавина биз дээ. Тэр чинь компанийн л мөнгө.
Ингээд улс төрд гараад тэр зарцуулсан мөнгөө олохгүй бол компани хаалгаа барина. Мөн тэр мөнгийг бүлэг фракц, бизнесийн бүлэглэлүүдээс босгох, эргээд тэднийхээ эрх ашгийн төлөө ажиллах болдог. Энэ нь өөрөө намын санхүүжилтийн хуультай холбоотой. Дөрвөн жилд нэг удаа болдог улс төрийн сонгуулийг маш бага зардлаар, төсвийн мөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулдаг болчихвол, их хурал хуулиа л тогтоодог, төлөөллөө л хийдэг болчихвол энэ буруу зүйл өөрөө цэгцэрнэ.
-Үүнийг татвар төлөгчид хүлээж авч, ойлготол цаг хугацаа их зарцуулагдах байх?
-Мэдээж. Өөрсдийн мөнгөөр сонгууль хийж гараад бидний боломжийг хулгайлахыг зогсоох хэрэгтэй. Сонгуулийн зардлыг нь багасчихвал асуудал байхгүй. Тухайлбал, тэтгэврийн шинэчлэл нэрээр зээлийг тэглэж байснаас тэр мөнгөөр сонгууль зохион байгуулсан бол шударга сонгууль болох байсан уу. Байсан. Энэ үйлдлийг би хувьдаа сонгуулийн жил дөхсөнтэй холбоотой санал татах стратеги л гэж хэлнэ. Бүтээн байгуулалт, дэд бүтэц рүү мөнгө хийхээр нийтлэг иргэдийн амьдралд нөлөө байхгүй тул санал руу л мөнгө хийчхэж байгаа хэрэг. Одоо залуу үеийн төлөөлөл гарч л шинэчлэлийг зоригтой хийнэ. Жишээ нь Украйны хошин урлагийн жүжигчин 42 настай залуухан улстөрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Владимир Зеленский ялалт байгуулсан. Тэрээр авлигын эсрэг тэмцэнэ гэж ялалт байгуулаад эхний алхмаа парламентын халдашгүй байдлыг цуцлах шийдвэр гаргасан байдаг. Залуучууд гарч ирээд ийм зоригтой үйлдлүүдийг хийх хэрэгтэй. Санхүүжилт өөрөө зөв болчихвол сонгууль шударга ч явагдана.
-Одоо тэгвэл сонгуулийн улстөрийн стратеги, сонгуулийн технологи гэдэг зүйлрүүгээ оръё. Чухам юуг сонгуулийн стратеги, сонгуулийн технологи гээд байгаа талаар маш энгийнээр тайлбарлаад өгнө үү?
-Стратеги гэдэг нь дахин давтагдашгүй, цор ганц санааг гаргаж ирэх, өөр байх, оновчтой байх, тасралтгүй ялгарах шинж чанар бүхий үйл явц ажиллагааг л хэлээд байгаа юм. Одоо бол улстөрийн намуудын сонгуулийн стратегийг хэн хийгээд байна гэхээр мэдрэмжтэй, туршлагатай гэгдэх үе үеийн намын лидерүүд хийж байна. Эд нараас мэдрэмж бас туршлага гарна. Туршлага бүр сайн байдаггүй. Туршлага бол өөрөө алдааны цуглуулга. Манай туршлага бүхий улс төрчдийн мэдрэмж нь нөгөөх л хар пи ар, харлуулалт, гүтгэлэг, мөнгө тараах, царцаа нүүлгэх. Гаршсан арга, туршлага нь энэ. Ингэж сонгуулийг удирдаж байгаа нь өөрөө сонгууль ийм явдаг гэдэг ойлголтыг нийгэмд үүсгэчихсэн. Сонгуулийн технологи энэ юм байна гээд улс төрчид нь ойлгочихсон. Энэ бол хатуу үнэн.
Гэтэл нийгмийн захиалга иргэд сонгогчид судалгаа, мэдлэгт суурилсан зөв стратеги төлөвлөлт бүхий цэвэр тунгалаг өрсөлдөөнийг хүсч байна. Иймээс улс төрийн сонгуулийг бохир өрсөлдөөний талбараас цэвэрлэж, өнгө мөнгөний бус цэвэр стратегийн өрсөлдөөнөөр шударга явагддаг болгож, эх орныхоо төлөө хийж бүтээх чин эрмэлзэлтэй, мэдлэг чадвартай улс төрчдийг дэмжин ажиллахаар бид “EXPERT POOL” буюу мэргэжилтнүүдийн цөмийг үүсгэн ажиллаж байна. Мөн сонгуулийг хуулинд заасан богино хугацааны ажил гэж ойлгодог улс төрчдийн сэтгэлгээнд өөрчлөлт хийж, сонгуулийн өмнөх кампанит ажил буюу нэг сонгуулиас дараагийн сонгууль хүртэл хугацаанд тасралтгүй үргэлжлэх үйл явцыг хэрэгжүүлэх улс төрийн соёлыг нэвтрүүлэхийн төлөө бид явна.
-Нэр дэвшигчид яг ийм мэргэжлийн баг, зөвлөхүүдээр бодлого стратегиэ тодорхойлуулах гэхээсээ илүү сонгуулийн штабаа гэр бүл, хамаатан саднаараа бүрдүүлчихдэг. Монголд ийм л байдаг. Санал нийлнэ биз?
- Яг үнэн. Ирээдүйд сонгуулийн кампанит ажил нь итгэлтэй хүмүүсийн дан ганц туршлага, мэдрэмж, төсөөлөл дээр тулгуурлан хийгддэг зүйл байхаа больж мэргэжлийн улс төрийн стратегийн байгууллагуудтай хамтран ажилладаг мэдлэг суурьтай үйл явц болохын төлөө л бид ажиллаж байна. Олон улсад ч ийм жишиг аль хэдийн нэвтрээд улс төрийн бохир өрсөлдөөнөөс салж эхэлцгээж байна. Тиймээс бид энэ мэргэжлийн улс төрийн стратегийн агентлаг байгуулах цаг нь болсон гэж үзэж байна.
-Нэг нэр дэвшигч дээр цорын ганц бодлого боловсруулж байж л стратеги биеллээ олно биз дээ?
-Дэлхий дээр долоон тэрбум нүдний харц, нүүрний төрх, хурууны хээ байдаг шиг долоон тэрбум стратеги байх боломжтой. Дорж дээр хийгдсэн 2016 оны стратеги энэ удаа Цэцгээ дээр хэрэгжих боломжгүй. Яагаад гэвэл сонгогчид өөрчлөгдсөн. 2016 онд 17 настай байсан хүү 2020 онд 21 нас хүрээд сонгогч болсон. Тэдний цаг үе өөр. Дэлхий даяар Gen Y, Z… үзэл бодол хүсэл мөрөөдөл шал өөр. Манай нийт хүн амын 63 орчим хувь нт 35 хүртэлх насны залуус байна. Тэгэхээр манайх залуучуудын орон. Залуучуудын стратегийг залуус л гаргана. Гурван хүн явж байлаа гэхэд стратеги муу бол гурвуулаа унах магадлалтай. Хэдий багийн өрсөлдөөн юм шиг харагдаж байгаа боловч баг доторх өрсөлдөөн явагдаж байдаг. Хүн хүссэн хүсээгүй өөрийгөө л бодно шүү дээ. Баг доторх өрсөлдөөнөө хийе гэхээр гурвуулаа адилхан юм чинь яах юм. Чадахгүй. Тиймээс хувь хүнд заавал стратеги хэрэгтэй. Тойргийн онцлогоосоо шалтгаалаад, хувь хүнээсээ шалтгаалаад ахиад өөр өөр стратегитай байх ёстой. Цорын ганц нэг стратеги гаргах юм. Намууд бол үндсэн стратегиа өөрсдөө гаргана. Түүнээс биш хувь нэр дэвшигч дээр намууд ажиллаж чадахгүй. Тэгэхээр 76 гишүүнийх нь хувь стратеги алдагддаг. Тэгэхээр мэргэжлийн зөвлөх агентлаг авч ажиллуулах шаардлагатай. Тэр нь өмнө манайд байгаагүй. Байгаа хэд нь нэгдэж чаддаггүй. Харин бид салбар бүрийн мэргэжлийн зөвлөхүүдийг нэгтгэн ажиллаж байна.
-Ийм төрлийн мэргэжлийн түвшний зохицуулалт гадны өндөр хөгжилтэй оронд хөгжчихсөн, байр сууриа олсон байдаг. Үүнийг яаж нэр дэвшигчид, ард иргэдэд ойлгуулмаар юм бэ?
-Эхлэл нь тавигдах л ёстой. УИХ-ын ээлжит сонгуульд таван багцаас 500 орчим нэр дэвшигч өрсөлдөнө. Бид бүгдтэй ажиллах боломжгүй. Илүү ухаалаг, цэвэр тунгалаг өрсөлдөөнийг эрхэмлэдэг, итгэж чадсантай нь бидэнтэй ажиллана гэж харж байна. Тэдний гаргасан үр дүнгээр л бидний ажил үнэлэгдэнэ шүү дээ. АНУ-д тухайлбал “Стратеги 360” улс төрийн стратегийн зөвлөх агентлаг байна. Бид холбогдож хамтран ажиллах санал хүргүүлэхэд таатай хүлээн авсан. Судлаач төлөөлөгчдийн бүрэлдэхүүн Монголд ирэх боломж байлаа даанч нөхцөл байдлаас болж цуцлагдсан байгаа. Мэргэжлийн агентлагаар улс төрийн стратеги, сонгуулийн кампанит ажил дээр хамтрах нь тухайн нэр дэвшигчийн ялах магадлалыг огцом өсгөж байдаг.
-Стратеги баахан ярьлаа. Одоо технологийн талаар товчхон ярилцъя
-Онолын хувьд сонгуулийн технологи буюу сонгуулийн кампанит ажлын дараалал гаргавал бэлтгэл ажил, судалгаа, нөхцөл байдлыг үнэлэх, ажлын зорилгыг тодорхойлох, зорилтот сонгогчдыг тодорхойлох, мессеж боловсруулах, сонгогчдод хүрч ажиллах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх... гэх мэт хольцыг л технологи гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл компанит ажлын зөв төлөвлөлт нь технологи болдог. Зарим хөгжингүй орнуудад сонгуулийн технологчдыг бэлтгэдэг болсон байна.
-Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо эмэгтэйчүүдэд бүр хаалттай болчихсон уу?
-Томсгосон тойргийнхоо онцлогоор бол хэцүү. Гэхдээ нийгмийн захиалга бол эрэгтэй улстөрчдөөс уйдсан байна. Эрчүүдийн давамгайлал, манлайллаас уйдсан. Эмэгтэйчүүдийг сонгох магадлал бас өндөр. Эмэгтэй лидерүүд гарч ирэх бүрэн боломж байгаа. Харамсалтай нь хоёр том нам болон бусад намуудад эмэгтэй лидерүүд цөөхөн байна. Сонгууль өөрөө маш хатуу байдаг. Тиймээс эмэгтэйчүүдээс хатуу чанга байх, тэр ирж байгаа дайралт мессежийг даваад гарах сэтгэлийн тэнхээ шаарддаг учраас түүний ард гараад үлдэх эмэгтэйчүүд маш цөөхөн санагддаг. Энэ жилийн сонгууль медиа талдаа болно. Тиймээс залуучуудын идэвх оролцоо ч нэмэгдэнэ. Шинэ үеийн сонгуулийн технологи ашиглан, цэвэр өрсөлдөж, бодлогын мэтгэлцээн, үнэнд ойр шийдэл гарц яриад тэр нь хэмжигдэхүйц байвал залуучуудын сонгуулийн идэвх нэмэгдэнэ. Залуу шинэ нэр дэвшигчид үүн дээр нэгдээсэй гэж хүсч байна. Ингэж чадвал бид стратегийн маш том нөөцөө сонгуульд оролцуулж, саналыг нь авч чадна. Хуучин улс төрчид үүнийг хийхгүй хийсэн ч сонгогчид хүлээн авахгүй.
-Яг сонгуулийн өмнө шинэ нам гарч ирээд намууд хоорондоо эвсч, намаа сольж байна. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ ?
-Энэ нь өөрөө эрүүл үзэгдэл. Намууд хатуу гишүүнчлэлгүй байх, эерэг ардчилал. Тэр хүмүүс буруу зүйлтэй эвлэрэхгүй, энэ буруу зүйлийг хийх гээд байгаа хүмүүсээс тусгаарлаад зөв юм хийе гээд гарч байгаа бол эрүүл үзэгдэл. Харин хувь хүний амбиц, цэвэр өөрийнх нь хааж боймлонгуут нөгөөгийнхөө эсрэг хийж байгаа бол буруу үзэгдэл. Намдаа өөрөө хортой. Одоо тухайлбал том намын лидерүүд хоорондоо эв нэгдэлгүй, ойлголцохгүй байдлаас шинэ нам байгуулаад гарч байна. Үүний цаана юу байгааг бид мэдэхгүй. Үнэхээр шинэ бодлого, шинэ улс төрийн соёлыг бий болгоно гээд явж байвал зөв байж болно. Хэвийн байх ч ёстой үзэгдэл. Зөвхөн ашиг сонирхол нь юу вэ гэдгээс л хамаарна. Цөөн хүнийх үү, улс орны төлөө юү. Нөгөөтээгүүр, улс орны төлөө өөрсдийнх нь эсрэг ирсэн зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж болох л байсан. Тиймээс аль аль талаас нь бодох хэрэгтэй. Ардчиллыг иргэд эмх замбараагүй байдал гэж андуураад байна. Энэ чинь өөрөө илүү ёс суртахуун, хариуцлагыг шаардсан зүйл шүү дээ. Эрх нь байгаа ч нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдаж ёс зүйн хариуцлага шаарддаг ийм л зүйл. Хэн хөдөлмөрлөсөн, хэн зорилготой, хэн төлөвлөсөн нь л хожно. Зөв стратегитай хүн л ялалт байгуулна.
-Эвсэх нь?
-Зөв. Бас л стратегийн асуудал. Том нам нь санал хуваах боломжтой үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр нь ижил байгаа шинэ, жижиг намуудтайгаа эвсэх нь зөв стратеги. Санал авах хувиа өндөрсгөх, саналаа хуваалгахгүй байх гэсэн хоёр зорилготой л эвсдэг.
-Урьдчилсан байдлаар 2020 оны сонгуулийн өнгө цэнхэр үү, улаан уу. Зураглал гарч байна уу?
-Бид судалгааны байгууллага, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Нэлээн томоохон цэвэр тунгалаг үнэн судалгаа гарна гэж итгэж байна. Судалгаа хараахан гараагүй учир хувь судлаачийн мэдрэмж, байр сууринаас харахад судалгаанд намуудын мөрийн хөтөлбөр, сонгуулийн хуулийн хугацааны өмнөх далд улс төрийн ажиллагаа их нөлөөлнө. Олон мандаттай томсгосон мажоритар тогтолцооны онол нь өөрөө нэг нам дийлэнх олонх болох магадлал тун бага. Тухайн гурван мандаттай тойрогт 15 хүн байхад эхний гурван хүн л гарна. Нөгөө л нэг уламжлалт сонголт, сэтгэлгээгээр хоёр том намаа нэг, хоёрт дугуйлчих хандлага гарна. Гурав дахь нь нийгмийн захиалга байх боломжтой. Шинэ залуу улс төрчид, эмэгтэйчүүдэд маань гурав дээр гарч ирэх боломж байна. МАН, АН дангаараа, МАХН хоёр намтай эвсээд, ШИНЭ эвсэл нь орж ирээд, ХҮН нам “Электорат” хөдөлгөөнтэй эвсээд таван цул эвсэл болчихлоо. Тэгэхээр хоёр мандаттай тойрогт нийгмийн захиалга хэцүү харагдаад байна. Одоо мөрийн хөтөлбөрөөрөө ялгарсан стратеги явуулах ёстой. Гэтэл мөрийн хөтөлбөрөө танилцуулсан намуудад ялгарах, онцгой байх шинж чанар буюу тэдэнд ямар ч стратеги алга. Хэрэгжих боломжгүй, тооцоо судалгаагүй амлалтууд сонгуулийн ирцийг бууруулах, нөгөө стратегийн нөөц бүхий 18-35 насны залуучуудыг 63,7 хувийг сонгуульд оролцохгүй байх хандлага руу түлхэчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хандлага хуучин улстөрчдийн амьд үлдэх башир арга шүү. Тиймээс шинэ залуу улстөрчид цэвэр тунгалаг өрсөлдөөнд нэгдэж, бүтэшгүй боломжгүй амлалтуудаа зогсоож, судалгаа, мэдлэгт суурилсан боломжит юмнуудаа ярьж шинэ үе гэдгээ нотлох хэрэгтэй байна.
Б.Саруул