Б.Сүрэн
COVID-19 халдварын тархалтын улмаас манай улсын эдийн засаг уналтад орж, жижиг бизнесүүд үндсэндээ хаалгаа барьж эхэллээ. МҮХАҮТ-ын коронавирусийн эсрэг хоригийн бизнест үзүүлж буй нөлөөллийн судалгаагаар “Бүх бизнесийн 60 гаруй хувьд нь зээлийн хүү, хугацаа, 20 гаруй хувьд нь түрээсийн төлбөрийн асуудал томоохон дарамт учруулж байна. Энэ хориг аялал жуулчлал, тээвэр, худалдаа, үйлчилгээний салбарт хамгийн ихээр нөлөөлж байна” гэсэн дүгнэлт гарчээ.
Танхимын судалгаанд 1500 компани хамрагдсаны 33 хувь нь буюу 6000 орчим мянган ажлын байрыг ямар нэгэн байдлаар цомхотгосон байгаа аж. Цаашид халдварын тархалт нэмэгдэж, хорио цээр хэвээр үргэлжилбэл 8000 орчим ажлын байр үгүй болох бодит эрсдэл хүлээж буй гэнэ. Тэрчлэн томоохон зах, худалдааны төвийн түрээслэгчдийн 80 гаруй хувьд нь хүндрэл үүссэн төдийгүй 30 хувийнх нь орлого 50-иас дээш хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Экспорт, импортын орлого тасрахын сацуу гол үзүүлэлт болох агаарын тээврийн буюу МИАТ-ын орлого 40 тэрбумаар гэхчилэн уул уурхай, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 20-24, улсын төсвийн орлого 11.7 хувиар тасалдлаа. Эндээс харахад, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй долоон арга хэмжээ нь бүхэлдээ бизнес эрхлэгчид, ААН-дэд болон голлох үзүүлэлтийг илтгэх салбаруудад шууд дэмжлэг болохуйц шийдлүүд болж чадахгүй байгааг МҮХТАТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байна. Тэрбээр “Засгийн газрын шийдвэрүүд сонгууль руу чиглэсэн дүр зураг харагдаж байна. Гэвч сонгуулийн маргааш амьдрал үргэлжлэх нь үнэн. Ганц удаагийн сонгуулиар хязгаарласан шийдлүүд байж боломгүй” гэсэн юм.
Тэгвэл дэлхийн бусад улс орон эдийн засгийн эрсдэлийг даван туулахад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг жишээлье. БНСУ гэхэд ЖДҮ эрхлэгчид, шинээр бизнес эрхэлж буй иргэд, захын худалдаачдад зориулан 1-3 жилийн хугацаатай, 4.5 хувийн хүүтэй 500 хүртэлх сая воны зээл олгохоор шийдвэрлэсэн. Харин Малайзын хувьд хамгийн их нөлөөлөлд автсан салбаруудад хөрөнгө оруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үл хөдлөх хөрөнгө, газрын татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх зэрэг бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
2020 оны гуравдугаар улиралд БНХАУ-ын эдийн засаг хэвийн хэмжээнд хүрнэ гэсэн судалгаа бий. Бусад улс орнуудын хувьд ирэх оны нэгдүгээр улирал болон түүнээс цааш эдийн засаг нь дээрдэж эхэлнэ гэж таамаглаж байгаа. Гэтэл манай улсын Засгийн газар, ялангуяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дээрх бүх асуудал ердөө хоёрхон сарын дотор хэвийн байдалд орох учраас Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэж зургаа дахь удаагаа мэдэгдээд буй.
Гэтэл эдийн засагчид хоёр сарын дотор дээрх нөхцөл байдал хэвийн болох ямар ч боломжгүй төдийгүй 2020 онд бүхэлдээ эдийн засгийн сэргэлт ажиглагдахгүй хэмээн дүгнэж байна. Харин 2021 оны нэгдүгээр улирлаас л Монголын эдийн засаг сэргэх магадлалтай гэсэн таамаг хөвөрч байна. Бусад улс орнууд үүсээд буй нөхцөл байдлыг дэлхийн II дайны үетэй адилтгаж үзэж байгаа энэ үед хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсвөө тодотгохгүй байгаа нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл юм.
Тиймээс Сангийн сайдын өмнөөс ажлыг нь хийж, тэвчиж, танаж болох төсвийн төслүүдийг хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очирын гаргаснаар харлаа. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтыг легал инфо хуудаснаас авч судалж үзвэл нийт 4.2 их наяд төгрөгийн төслүүдийг дэмжиж, энэ онд 1.8 их наяд төгрөг зарцуулах төсөв баталжээ. Сонгуультай жил учраас 2020 оны улсын төсөвт нийгмийн шинж чанартай хөрөнгө оруулалт ихээр тавигдсан байна. Тодруулбал,
-Багийн иргэний танхим, ахмадын өргөө, шинэ хорооны байр барьж, сумын төвийг шинэчлэхэд 39 тэрбум,
-Орон нутагт сургууль цэцэрлэг, дотуур байрны барилгын 353 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхэд 165 тэрбум,
-Нийтийн орон сууцны хана, дээвэр, фасад, хашаа будах ажилд 38 тэрбум,
-Шинээр театр, соёлын төв барих 591 тэрбумын төсөл баталж, энэ онд эхлүүлж, тууз хайчлахад 118 тэрбум, тэдгээрийн засвар арчлалтад 20 тэрбум, сургууль цэцэрлэгийн хананд будаг шунх түрхэж, өнгө засахад 23 тэрбум, соёлын төвүүдэд хөгжим, тоног төхөөрөмж худалдан авахад 39 тэрбумыг зөвхөн энэ жил зарлагадах нь. Дээр нь улсаас санхүүжүүлэх нь зүйтэй эсэх нь тун эргэлзээтэй “Шинэ яармаг” төслийн дэд бүтцийг босгоход таван тэрбум, аялал жуулчлалын бааз барих 19 тэрбумын дүнтэй 10 төслийг /үүнээс зургаа нь Хэнтий аймагт/ дэмжиж 11 тэрбум өгөх, гурван тэрбумаар хүүхдийн зуслан байгуулах гэх мэт анхаарал татсан төслүүд байна.
Тиймээс л эдийн засгийн үндсэн хөдөлгүүрүүдийн нэг МӨНГӨНИЙ БОДЛОГЫН хүүгээ нэг нэгжээр бууруулах шийдвэр гаргасан нь сайшаалтай. Ингэснээр зах зээлд шинээр 400 тэрбум төгрөгийн зээл гарах боломж бүрдэнэ гэж үзэж буй. (Нийт зээл олголтын 10 хувьтай тэнцэх мөнгө). Энэхүү нэмэлт хөдөлгүүрийн нөлөө нь дор хаяж есөн сарын дараа мэдрэгдэнэ.
Харамсалтай нь, нөгөө хөдөлгүүр болох төсвөө тодотгох тал дээр толгойтой бүхэн зөвлөсөн ч Сангийн сайд зургаа дахь удаагаа “Үгүй” гэж хэлсэн. Ийм хүнд үед юун төсөв тодотгох вэ? Эдийн засгаа Засгийн газрын худалдан авалтаар дэмжинэ гэх өнцгөөс ярьж байна. Уг нь зөв. Гэхдээ... “Тодотго” гэж буй хүмүүсийн санаа нь зардлаа хумь гээгүй, зардлаа тана гээгүй. Үр ашигтай зарцуул. Ялангуяа, унаж байгаа салбарыг дэмж, зайлшгүй шаардлагатай биш бол тэрхүү зардлаа хэрэгтэйд нь зарцуул гэж байгаа. Жишээ нь, Баянзүрх дүүргийг хамгаалдаг хоёр тэрбумын нохойнууд, Хэнтийд баригдсан 2.6 тэрбумын Мангасын ам гэх мэт шаардлагагүй бүтээн байгуулалтыг л царцааж, салбаруудаа дэмж гэсэн санаа шүү дээ.
Сангийн яамнаас төсөвт тодотгол хийхгүй гэж зарласан нь төсвийн бодлогоор эдийн засгийн уналтыг сааруулах, эдийн засгийг аврах арга хэмжээ авахгүй гэж хэлсэнтэй ижил. Төсвийн орлого тасрах нь ойлгомжтой болсон. Үүний зэрэгцээ хамгийн их сэтгэл түгшээж буй асуудал бол ажилгүйдэл. 2009 оны хямралаар ажилгүйдэл 11.6 хувь, 2016 онд 10 хувь байсан бол энэ онд хамгийн багадаа 20 хувьд хүрэх нь. Хэрэв ажилгүйдэл 20 хувьд хүрвэл 260 орчим мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. Үүнийг дагасан нийгэм, эдийн засгийн маш хүчтэй хямрал явагдах нь. Гэтэл Засгийн газрын шийдвэрүүд байгаа онохгүй байгаа нь харамсалтай. Түр хойш тавьж болох 300 гаруй соёлын төв, сум, багийн автомашин, мотоцикль гэх мэт төслүүд байна.
Өнөөдөр 55 тэрбум төгрөгөөр босох Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төсөв боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэхэд хоёр тэрбум төгрөг нэн шаардлагатай төсөл мөн үү?
Тэгэхээр эдийн засагч Ц.Лут-Очирын судалгаагаар энэ онд 802 тэрбум төгрөг сонгуулийн үеэр санал худалдаж авах авлигын шинжтэй, ирээдүй хойч үед үр өгөөжгүй, өрийг улам нэмэгдүүлж, амьдралыг доройтуулах үр дагавартай төсөл байна гэж үзээд доорх жагсаалтыг гаргажээ. (Доод талын хүснэгт)
Тиймээс эдгээр зарлагыг төсвийн тодотголоор хасч, илүү ард иргэддээ хэрэгтэй зүйлд зарцуулах зайлшгүй шаардлага байна. Өнөөдөр вирусийн тархалтаас хамааран эдийн засаг ямар хэлбэрээр сэргэх нь одоо ч тодорхой бус байна. Одоогоор гурван янзын хувилбар яригдаж байна.
V - эдийн засаг огцом унаад сэргэнэ.
U - эдийн засаг унаад, тодорхой хугацааны дараа эргээд сэргэнэ.
LoL - эдийн засаг унаад, тэг зогсолт хийгээд дахиж унана гэсэн үг.
Харин манайд хамгийн магадлалтай хувилбар нь U хэлбэрийнх байна. Гэвч төсөвт тодотгол хийхгүй болбид LoL хэлбэрт шилжих магадлал өндөр байна гэж судлаачид дүгнэж буй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"