Дэлхийн хэмжээнд тархаж буй цар тахал хэмээн нэрлэгдсэн коронавирус улс орны эдийн засгийн чадавх, эрх баригчдын бодлого шийдвэрийн бядыг шалгаж байна. Ганцхан жишээ дурдахад дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын салбарт 1.7 их наяд ам.доллар эргэлддэг гэсэн тооцоо бий. Тэгвэл энэ салбар 2020 онд 90 хувиар унана хэмээн олон улсын эдийн засгийн судалгаа тооцоо хийдэг байгууллагууд хэлж буй юм. Үүний нөлөөгөөр нийт авиа компаниудын 60-70 хувь нь дампуурлын ирмэгт тулжээ. Учир нь дэлхийн томоохон авиа компаниудын нислэгийн 95-100 хувь нь зогсоод байна. Манай МИАТ ч бас тэг зогсолт хийгээд байгаа билээ.
Тэгэхээр манай улсын аялал жуулчлалын салбар ч бас үүнийг дагаад зогссон гэсэн үг. Урин дулааны улирал эхэлж буй өнөө үед зун ирэх жуулчдын 70-80 хувь нь захиалгаа өгсөн байдаг цаг. Гэтэл өнөөдөр ямар ч захиалга аваагүй байна.
Цар тахал манай эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг илтгэх статистик ч бий. Жишээ нь зочид буудал, нийтийн хоолны салбарын 83 хувь нь ажилгүй зогсчээ. Мөн тээвэр 73, хөнгөн үйлдвэр 71 хувиар унасан судалгаа гарлаа. Бас үйлчилгээний салбар 70, худалдаа 66, бусад нь 63 хувиар унаад байна. Энэ бүх тоо баримт нь манай эдийн засгийн 30 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбар нурж унахад бэлэн болсныг илтгэж байгаа юм.
Тэгэхээр эдийн засгаа унагалгүй, уналтын хурдыг нь сааруулах арга нь мөнгөний нийлүүлэлт болоод буйг эдийн засагчид хэлж байгаа. Өөрөөр хэлбэл иргэдэд бэлэн мөнгө тараах нь өнөө цаг үед оновчтой шийвэр болох юм. Энэ удаа бэлэн мөнгө тараах нь сонгуулийн үеэр мөнгө амлахаас тэс ондоо зүйл гэдэг нь дээр жишээ, тоо баримтаас тод харагдаж байна. Ийм цаг үед зүгээр хараад суух юм бол Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ унах эрсдэл өдөр өдрөөр ойртсоор. Ийм учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсээд буйг төр засаг харж мэдэрч тодорхой арга хэмжээ авах ёстой. Төрийн үүрэг юм.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга О.Магнай Монгол Улсын иргэн, эдийн засагчийн хувьд бэлэн мөнгө тараах тухай байр сууриа илэрхийлж Ерөнхий сайдад шаардлага тавиад байгаа.
Тэрбээр уг шаардлагадаа “Монгол Улсын иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөгийг дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт багтаан олгох ёстой. Энэ асуудлыг ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулган эхлэхэд нэн яаралтай хэлэлцэн шийдэх нь зүйтэй” гэсэн билээ. Тэгээд яагаад бэлэн мөнгө тараах ёстой гэж үзэж буйгаа дараах байдлаар тайлбарлаж байна.
Эдийн засагч, иргэн О.Магнай:
-Энэ бол популизм биш. Онцгой нөхцөл байдлын үед эдийн засгаа тэтгэх арга хэмжээ. Эдийн засгийн цусны эргэлт нь мөнгө. Иймд эдийн засгийн цусны эргэлт болсон мөнгөний нийлүүлэлтийг нэмж байж хямралыг сөрж гарах боломж бүрдэнэ. Иргэн бүрт олго гэсэн шаардлага тавьсан нэг сая 242 мянга 721 төгрөг бол зүгээр нэг санаанаас зохиосон тоо биш. Статистикийн хорооноос гаргасан 2019 оны дундаж цалингийн хэмжээ. Ийм учраас энэ мөнгийг иргэн бүрт өгөх ёстой гэсэн зарчмын байр суурь илэрхийлсэн. Ер нь бэлэн мөнгө тараах гэдэг нь сайн зүйл биш. Иргэдийн хөдөлмөрлөх хүсэл зоригийг унтраадаг гэдгийг бид бүгд мэднэ. Бэлэн мөнгө тараах явдал сайн үр дагавар авч ирдэггүй гэдгийг бид үзэж туулсан. Би иргэдэд бэлэн мөнгө тараах нь буруу гэсэн зарчмын байр суурьтай хүн. Харин өнөөдөр дэлхийг хамарсан цар тахал дэгдээд байна. Ийм онцгой үед эдийн засгаа, худалдан авалтыг дэмжсэн арга хэмжээ авахаас өөр арга алга. Энэ үүднээс өөрийн байр сууриа илэрхийлсэн хэмээж буй юм.
Цар тахлын улмаас АНУ-ын эдийн засаг 15 хувиар хумигдах судалгааг эдийн засагч, судлаачид гаргаад байгаа. Тэгвэл тус улсын эдийн засгийг 20 их наяд ам.доллар гэж бодъё. Тэгвэл гурван их наяд ам.доллароор эдийн засаг нь хумигдана гэсэн үг. Энэ хэрээр ажилгүйдэл нэмэгдэнэ. АНУ дэлхийн хамгийн том эдийн засагтай орон. Тус улсад ажилгүйдэл нэмэгдэхэд дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Иймд Монгол Улс богино хугацаанд эдийн засгаа аврах арга хэмжээ шуурхай авах шаардлага тулгарч байна. Гэтэл төр засаг гал унтраасан, сонгуулиар иргэдэд таалагдах гэсэн өнгөц арга хэмжээ авч буйг эдийн засагчид, судлаачид шүүмжилсээр байгаа юм.
Эдийн засгчдын үзэж буйгаар хямралаас гарах, эдийн засгаа идэвхжүүлэх гурван арга бий аж.
Нэгдүгээрт:
Үйл ажиллагаа нь хүндэрсэн томоохон компаниудын хувьцааг төр худалдаж аваад эдийн засаг сэргэх үед эргүүлж зардаг туршлага бий. Гэтэл Монголд санхүүгийн зах зээл олигтой хөгжөөгүй учраас ийм арга хэмжээ авахад хэцүү.
Хоёрдугаарт:
Монголбанк бодлогын хүүгээ хангалттай хэмжээнд буулгаж болно. Үүгээр дамжаад арилжааны банкууд зээл гаргаж эдийн засгаа мөнгөөр тэтгэх арга зам бий. Гэвч энэ нь эдийн засагт нөлөө үзүүлэх нь дунд хугацааны асуудал байдаг. Эдийн засагчдын судалгаанд “Монголбанк бодлогын хүүгээ бууруулахад манай эдийн засагт дор хаяж гурван сарын дараа үйлчилж эхэлдэг” гэж тайлбарласан байдаг.
Гуравдугаарт:
Иргэдэд бэлэн мөнгө тараавал маргаашнаас нь эхлээд эдийн засгийн эргэлтэд ордог талтай. Өөрөөр хэлбэл эдийн засагт шууд бэлэн мөнгө орж уналтын хурдыг нь сааруулна гэсэн үг. Эдийн засагч, иргэн О.Магнайн иргэн бүрт тараах ёстой гэж үзсэн нэг сая 242 мянга 751 төгрөгийн нийт дүнг аваад үзвэл таван их наяд гаруй төгрөг болно. Ийм хэмжээний мөнгийг хөшөө дурсгал, цементэд бус иргэдэд өгвөл эдийн засгаа дэмжсэн, мөнгөний дутагдлаас зайлсхийсэн хамгийн оновчтой арга хэмжээ болох аж.
Дэлхий нийтээр хорио цээр тогтоосны улмаас эдийн засгийн хямралын давлагаа улс орнуудыг аль хэдийн нөмрөөд байгаа билээ. Иймд улс орнууд эдийн засгаа тэтгэх, уналтын хурдыг сааруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд дотоодын ямар л нөөц бололцоо байна түүнийг ашиглаж эхэлсэн. Тэгэхдээ дотоодын үйлдвэрлэлээ тасалдуулахгүй байх, иргэдийн худалдан авах чадварыг дэмжих зэргээр арга хэмжээ авч буй юм. Тухайлбал, АНУ иргэн бүртээ 1000 ам.доллар тараах шийдвэр гаргасан. Засаг захиргааны тусгай бүс болох Хонгконг иргэн бүртээ 1200 ам.доллар өгч эхэлсэн. Их Британийн Засгийн газар аж ахуйн нэгжүүдийн нийт ажилчдын цалингийн 80 хувийг даахаа мэдэгдээд байгаа. Тэгвэл манай эрх баригчид хүн бүрт хүртээлтэй, хямралыг эрсдэл багатай даван туулах, тодорхой шийдвэр гаргаж арга хэмжээ авахгүй байна. Манай эдийн засагт мөнгө дутагдаж цус багадалттай хүн шиг сульдаж унахад бэлэн болжээ. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг зүйл болох вий хэмээн судлаач, эдийн засагчид анхааруулсаар. Төр засаг дүлий дүмбэ оргисоор. Төсвийн орлого бүрдэхгүй байхад тодотгол хийхгүй хэмээн гүрийсээр. Эрх баригчдаа хямралын эсрэг яг ямар бодлого баримтлах юм. Хувийн хэвшил, ард иргэдээ эрсдэлээс хэрхэн хамгаалах юм. Эдийн засагт дутагдаад байгаа мөнгөний нийлүүлэлт хийх юм уу үгүй юу. Гялс хариу өгөөрэй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"