Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Эрдэнэ: УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулах боломжтой

-Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 90 хувь нь эхний 
зургаан сард зарцуулагдахаар батлагдсан-

 УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан намын 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд Ард­чилсан нам Монгол Улсад ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та үзэж байна вэ?
-Энэ жил Ардчилсан намын тэгш ой тохиож 30 нас хүрч байна. Энэ хугацаанд улс орны маш олон түүхэн үйл явдлуудыг бүтээлцсэн, бий болгосон, санаачилсан. Өнөөдөр Ардчилсан нам Монгол Улсын гол нам болтлоо төлөвшиж чадлаа. Монголын улс төрийг тодорхойлоход Ардчилсан нам гарцаагүй гол үүрэг гүйцэтгэдэг том хүчин гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрсөн. Намын 200 гаруй мянган гишүүд болон тэдний ар гэр, үр хүүхэд, найз нөхөд, АН-ын үйл хэргийг дэмжигчид, нийт монголчууддаа Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье. Монголын ард түмэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж цар тахлын аюулыг амжилттай даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Ардчилсан нам та бүхний төлөө, Монгол Улсын хөгжлийн төлөөх дэвшүүлсэн бүхий л зорилт, зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллах болно гэдгийг Та бүхэнд хариуцлагатайгаар мэдэгдье.
-Түүхэн товчооноос асууя. Улс төрийн таван нам нэгдэх үед үзэл баримтлалын хувьд ямар байв?
-1990 оны хувьсгалаас хойш нийлсэн, зарим нэг нь салж явсан гээд тооцоод үзэхэд улс төрийн 18 хүчин нэгдэж өнөөгийн Ардчилсан намыг бий болгосон. 2000 оны УИХ-ын сонгуулийн асар том ялагдлын дараа намууд уулзаж улс төрийн бодит байдлыг ярилцаж дүн шинжилгээ хийсэн юм. Ингээд хүчээ нэгтгэж улс төрийн нэг зорилго, зохион байгуулалтад орохгүй бол амжилтад хүрэхэд хэцүү юм байна гэдэгт зөвшилцөж ойлголцсон. Ингээд улс төрийн таван нам нэгдэж Ардчилсан намыг шинэчлэн байгуулсан түүхтэй. Нэгдэж орж ирсэн таван тэс өөр үзэл баримтлалтай байлаа. Жишээлбэл, Монголын Ардчилсан нам баруун чиглэлийн үзэл баримтлалтай байсан. Монголын Үндэсний Ардчилсан нам либериал, Сэргэн мандалын нам консерватив, Социал демократ нам зүүний үзэл баримтлалтай байсан юм. Мөн Шашны Ардчилсан нам бас нэгдэж орж ирсэн. Тэгэхээр баруун, зүүн, төвийн, шашны гээд тэс өөр өөр үзэл баримтлалтай таван нам нэгдсэн түүхтэй. Үүнээс хойш 20 жил болж байна. Энэ бол бага хугацаа биш. Гэхдээ улс төрийн түүхийн талаас авч үзвэл маш богино хугацаа. Нэг үзэл бодол, зорилготой болж төлөвштөлөө намууд тодорхой цаг хугацаа зарцуулдаг юм байна. Ардчилсан нам сүүлийн дөрвөн жилд шинэчлэлийг сайтар явуулсан. Гол зорилго нь нэг үзэл санаатай, үнэт зүйлтэй, нэгдмэл зохион байгуулалт, бүтэцтэй цул бат бэх улс төрийн нам болох явдал байлаа. Ингээд энэ шинэчлэлтээ амжилттай хэрэгжүүлж чадсан. Ардчилсан нам өнөөдөр нэгдмэл үзэл баримтлалтай, нэг үнэт зүйлтэй баруун төвийн улс төрийн хүчин гэдгээ хүчтэй тод зарласан.
-Ардчилсан намын үзэл баримтлалын талаар Та тодруулж өгнө үү?
-Хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглалыг дээдэлсэн, улс төрийн онолын хувьд баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин байна гэдгээ зарлан тунхагласан. Үзэл баримтлал, үнэт зүйлийн гол суурь нь таван эрх чөлөө юм. Тухайлбал, хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө гээд бий. Хувь хүний эрх чөлөө гэдэгт хүний эрх чөлөөт, бие даасан байдлыг тунхагласан. Эдийн засгийн эрх чөлөө гэдэгт хувийн өмч, өрсөлдөөнт зах зээл, төрийн хязгаарлагдмал оролцоо зэргийг тодорхойлсон байгаа. Улс төрийн эрх чөлөө гэдэгт ардчилал, иргэний засаглалын асуудлыг тусгасан. Шударга ёсны эрх чөлөө гэдэгт хуулийн засаглал, өөрийн зохицуулалтын асуудал бий. Үндэсний эрх чөлөө гэдэгт үндэсний өв уламжлал, түүх соёлын талаар тусгасан юм. Үндсэн таван эрх чөлөөг үзэл баримтлал, онолынхоо суурь, тулгуур зарчим болгосон. Тэгээд үүнийгээ цааш нь задлаад онолын түвшинд гаргаж ирсэн байгаа. Үүнийгээ хоёр жил гаруй хугацаанд намын бүх шатны байгууллага, бүх гишүүдийн оролцоотойгоор хэлэлцүүлэг явуулж баталсан. Би дээр хэлсэн, таван тэс өөр үзэл баримтлалтай улс төрийн нам нэгдсэн гэж. Тэр олон мянган хүнийг нэг үнэт зүйлтэй, нэг үзэл баримтлалтай болгож нэгтгэнэ гэдэг нь ардаа маш том ажил байлаа. Маш олон бэрхшээл, шалгуурыг давсан.


-УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирлээ. Ардчилсан нам энэ сонгуульд оролцох бэлтгэл ажлаа хэр хангаж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд хийсэн намын дотоод шинэчлэл, үзэл баримтлал, үнэт зүйлээ тодорхойлсон явдал нь үндсэндээ сонгуульд чиглэсэн маш том ажил байсан. Сонгуулийн бэлтгэл ажлын сууриа энэ шинэчлэлийн хүрээнд тавьж чадсан гэж харж байгаа. Бид мөрийн хөтөлбөрөө үзэл баримтлал, үнэт зүйлдээ тулгуурлаж боловсруулсан. Ингээд таван тулгуурт Монгол өрх-Хөгжлийн бодлого гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулж Үндэсний аудитын газарт хүргүүлээд байна. Аудитын дүгнэлт гарсны дараа мөрийн хөтөлбөрөө олон түмэнд хүргэх ажил зохион байгуулна. Ардчилсан нам энэ сонгуульд аль нэг улс төрийн намтай эвсэхгүй, дангаараа оролцоно. УИХ-ын энэ сонгуульд бүрэн ялалт байгуулах боломжтой гэж харж байна. Ийм итгэл үнэмшил, зорилготой ажиллаж байгаа. Сонгуульд оролцох бэлтгэл ажил хангалттай түвшинд явж байна гэж үзэж буй юм. Өнөөдөр коронавирусийн цар тахал дэлхий нийтээр тархаж хүндрэл бэрхшээл үүсч байна. Тэгээд сонгуультай холбоотой сургалт, сурталчилгаа хийхэд хүндрэлтэй болсон. Аль болох технологийн давуу талыг ашиглах, сургалт, сурталчилгааг хэрхэн зөв оновчтой хүргэх вэ гэдэг талаар ажиллаж байна. Хууль, дүрэм журам зөрчихгүйгээр намынхаа бодлого шийдвэрийг олон түмэнд хүргэх, сурталчлах ажлыг амжилттай зохион байгуулж болно, чадна гэж харж байгаа.
-Дэлхийд тархаад байгаа цар тахалтай холбоотойгоор УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж магадгүй гэсэн яриа гарах боллоо. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах боломжгүй. Учир нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, бусад хуулийн зохицуулалтаар улс эх оронд онцгой нөхцөл байдал үүссэн, онц байдал тогтоосон тохиолдолд УИХ сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар сонгуулийг хойшлуулдаг. Өөр тохиолдолд сонгууль хойшлуулах боломжгүй юм. Одоогоор ийм онцгой байдал үүссэн асуудал хараахан гараагүй байна.
-Засгийн газар таван их наяд төгрөг зарцуулах шийдвэр гаргаснаа мэдээлсэн. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй гэж удаа дараа мэдэгдээд байгааг хэрхэн харж байна вэ?
-Сангийн сайд зургаа дахь удаагаа төсөвт тодотгол хийхгүй гэж мэдэгдлээ. Ямар үндэслэлээр төсөвт тодотгол хийхгүй гэж улайраад зүтгээд байгаа нь ойлгомжгүй юм. Энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 90 хувь нь эхний зургаан сард зарцуулагдахаар батлагдсан. Тэгэхээр цэвэр улс төрийн зорилготой, сонгуульд чиглэсэн төсөв байна гэж харж байгаа. Хардах эрхийн хүрээнд сонгуультай холбоотой, улс төрийн мөнгө төсөв дотор яваад байна уу даа гэж харж байгаа.
-УИХ-ын хаврын чуулган удахгүй эхэлнэ. Нэн тэргүүнд яаралтай хэлэлцэх ямар ямар асуудал байгаа вэ?
-Маш олон асуудал бий. Жишээлбэл, өнөөдөр коронавирусийн дэгдэлттэй холбоотой хямрал, цар тахлыг аль болох хохирол, эрсдэл багатай даван туулах талаар улс орон болгон өөр өөрийн арга хэмжээг авч байна. Гэтэл манай улс энэ асуудалд хэтэрхий тайван хандаад байгаа нь цар тахлын хор уршгийг дутуу үнэлээд байна уу даа гэж харж байна. Энэ цар тахал дэгдэж эхлэх үед эрсдэлийг нь дутуу үнэлсэн улс орон ямар их хор хохирол амсч байгааг бид харж байна шүү дээ. Тухайлбал, Ангилийн Ерөнхий сайд, Германы канцлерын хийж байсан мэдэгдлийг хүмүүс мэднэ. Итали асуудалд хэрхэн хандсан, АНУ-ын Ерөнхийлөгч асуудлыг үл тоож байлаа. Гэтэл өнөөдөр бүгд түүнийхээ хор хохирлыг амсч байна. Цар тахал дэлгэрч, хяналтаас гарвал үндэстнийг ч мөхөөх аюултай. Энэ чинь ханиад биш юм. Тэгэхээр улс орны хэмжээнд уг асуудалд байнгын бэлэн байдалд байх ёстой. Монгол Улс гуравхан сая гаруй хүн амтай. Тэдний оршин тогтнох, амь нас эрүүл мэндийг нь яаж сахин хамгаалах асуудлыг бодох хэрэгтэй. Тэгэж байж энэ цар тахлыг эрсдэл багатай давж гарна. Таван их наяд төгрөг зарцуулна нь л гэлээ. Бид бүх зардлыг тооцоод үзэхэд 2.4 их наяд төгрөгөөс илүү гарсангүй. Үүн дээр Ерөнхий сайдын авна гэж мэдэгдсэн арга хэмжээнүүд нь байгаа оносонгүй гэж харж байна. Хий хоосон улс төржсөн, сүржигнэсэн мэдэгдэл болж харагдаж байна даа. Үр дүн нь туйлын хангалтгүй мэдэгдэл хийлээ. Улс орны аюулгүй байдлыг улс төрийн хий сүржигнэсэн популизмаар хангаж, эрсдэлийг давахгүй. Үүний ард үүрэг хариуцлага, хүрэх үр дүн гэж бий.
-Дэлхий нийтэд энэ цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор манай улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар хэмжээнд хүрээд байна вэ?
-Манай улсын эдийн засаг хүндэрч эхэлсэн. Ажлын байр маш олноор хумигдаж ажилгүйдэл эрс хурдтай өсч байна. Ялангуяа, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор бизнесийн хүрээ хумигдах боллоо. Зээл, зээлийн төлөлттэй холбоотой асуудлууд, түрээс, цахилгаан, дулаан гээд урсгал зардлуудаас эхлээд өнөөдөр аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хүндэрлээ. Мөн хувь иргэн, айл өрхийн орлого буурч эдийн засгийн байдал нь хүндэрч эхэлсэн шүү дээ. Тэгэхээр төрөөс яаралтай арга хэмжээ авах ёстой. Хий хоосон таван их наяд төгрөг зарцуулна гэж орилоод асуудал шийдэгдэхгүй. Яг юунд хэдэн төгрөг зарцуулах, юу хийх билээ гэдгээ маш сайн тооцох ёстой. Тэгээд энэ оны төсөвт батлагдсан үр дүнгүй маш олон хөрөнгө оруулалтыг царцаах хэрэгтэй байна. Эндээс хэмнэгдэж гарах мөнгийг цар тахлыг амжилттай даван туулах, ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг хадгалахад чиглэсэн арга хэмжээнүүдэд зарцуулах хэрэгтэй. Ингэж байж учраад буй том бэрхшээл, шалгуурыг давна гэж бодож байна.


-МАН-аас мөрийн хөтөлбөрөө 86 хувьтай биелсэн хэмээн мэдээлсэн. Гэтэл эрдэмтэн судлаачид, иргэд үзэхдээ ийм өндөр хувиар биелээгүй гэж байгаа. Сөрөг хүчний хувьд энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би тэр хэлсэн тооныхоо оронг андуураад хэлсэн байх гэж бодож байгаа. 8.6 хувь гэж хэлэх гээд 86 хувь гэсэн байх. Яаж ч үнэлж дүгнээд тийм тооцоо гарахгүй. Ганцхан жишээ дурдъя. МАН мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхдээ “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэн бүрт орон сууц олгоно” гэж хэллээ. Тэгвэл 2016 онд яг ингэж л амлаж байсан шүү дээ. Тухайн үед “Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй айл өрхөд орон сууц олгоно” гээд цагаан дээр хараар бичсэн мөрийн хөтөлбөр нь байж л байна. Өнөөдөр дөрөв ба түүнээс дээш хүүхэдтай нэг ч гэсэн айл өрх орон сууц авсан уу, тэр хөтөлбөр Монгол Улсад хэрэгжсэн үү гэвэл үгүй шүү дээ. Энэ мэтчилэн сонгогчдыг хуурч, монголчуудын тархийг угааж болно гэж бодож байвал эндүүрэл. Магадгүй нэг удаа хуурагдаж болох юм. Хоёр дахь удаагаа гэдэг асуудал байхгүй. МАН 2016 онд ямар ч татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан. Гэтэл энэ амлалтдаа хүрээгүй. Өнөөдөр 10-аад төрлийн татвар шинээр бий болголоо. Татварын хэмжээг нэмсэн. Татварын дарамт өнөөдөр эрс мэдрэгдэж байгаа.
-УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайдад хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн. Үүнд хариу өгсөн үү?
-Бид Ерөнхий сайдад цар тахалтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдал, нийгэм эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа шаардлага хүргүүлсэн. Аливаа зүйлийг сөрж бойкотлох биш. Улс орны хөгжлийн төлөө бодлого уралдуулсан, тодорхой хэмжээний шийдвэрийг санал болгож тавьсан. Харамсалтай нь нэг ч удаа хариу өгөөгүй. Адаглаад санал бодлоо солилцох санаачилга гаргасангүй. Эрх баригчид хэт олонхдоо дулдуйдаж тавьсан шаардлагыг ер нь хүлээж авахгүй байгаа. Монгол Улсын хөгжлийн тулгамдсан олон асуудал, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож буй үед эрх барьж буй нам оновчтой бодлогыг хэрэгжүүлж чадахгүй дөрвөн жилийг үр дүнгүй барж байгаа нь шүүмжлэлд өртөхөөс аргагүй байдалтай л харагдаж байна даа. 

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com