Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхантай ярилцлаа.
-Ардчилсан сонгуулиа хийгээд 30 жил болжээ. Өнөөг хүртэл бид сонгуулиа зөв, шударга хийж чадсан уу?
-Юуны өмнө Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ойн мэндийг журмын нөхдөдөө дэвшүүлье. Энэ 30 жилийн хугацаанд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн ээлжит сонгууль тус бүр долоон удаа болсноос гадна нөхөн сонгуулиуд хийгджээ. Сонгуульд оролцож болох бүх хэлбэрээр буюу сонгуулийн төв байгууллагад ажиллаж, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, УИХ-д нэр дэвшигчийн менежер хийж байсны хувьд ажигласан зүйлсээ та бүхэнтэй товчхон хуваалцъя.
Нэгдүгээрт, сонгууль сонгодог утгаараа цэвэр шударга, ойлгомжтой болох хэрэгтэй. Гэтэл манайд болж байгаа сонгуулиуд сонгодог зарчимдаа нийцэхээ больчихсон. 2004 он хүртэл сонгууль харьцангуй шударга явж байсан санагддаг. Түүнээс хойших сонгуулиуд нэлээд будилаантай болж, эрх мэдэл, мөнгөтэй бүлэглэлүүдийн нөлөө ороод эхэлчихсэн юм уу даа. 1996, 2000 оны сонгуулиар жишээлбэл улс төрийн намууд харьцангуй шударгаар өрсөлдөх гэж оролддог байсан. Дараа нь сонгуулийн сурталчилгааны шоу, элдэв амлалтыг хориглоод эхлэхээр намууд сонгогчдын саналыг авах өөр арга хайж эхэлсэн.
Хоёрдугаарт, Монгол Улс газрын хэвлийдээ асар их баялагтай орон. Баялгийг дагаад улс төрийн сонирхлууд орж ирснээр сонгуульд нөлөөлж эхэлсэн болов уу.
Гуравдугаарт, сонгогчдын боловсрол огт дээшлэхгүй байна. Энэ бол том хүчин зүйл.
Үүний зэрэгцээ улс төр, бизнес холилдчихсон учраас сонгуулиар дамжуулж, эдийн засгийн бүлэглэлүүд төртэй холбоотой бизнесийг хийх гэж сонгуульд их мөнгө хаядаг болжээ.
Эдгээр хүчин зүйлээс шалтгаалаад сонгууль цэвэр болохоо байжээ. Ялангуяа эрх барьж байгаа намынхан сонгуулийн луйвартаа төрийн байгууллагуудыг татан оролцуулж байгаа хандлагыг мэдэрч байна. Тухайлбал 2008 оны сонгуульд энэ нь хүчтэй илэрсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй мөртлөө иргэний үнэмлэхтэй буюу хаягийн наалттай л бол сонгуульд оролцуул гээд сонгуулийн төв байгууллагын дарга нь хүртэл албан бичиг илгээж үүрэг өгсөн. Төрийн хүчин төгөлдөр бичиг баримт “наалт”-ыг ингээд хууль бусаар ашиглаж эхэлсэн байгаа юм. Явдаг царцааны анхны хэлбэр 2008 оны сонгуулиар илэрсэн. Өмнө нь сонгуулийн хэсгийн хороод харьцангуй шударга ажилладаг байсан нь ийнхүү алдагдсан. Сонгуулийн хэсгийн хороодод олон намын төлөөлөл зэрэг орж ажилладаг байхад ажиглагчийн үүргээ ч хангаж чаддаг байжээ. 2012, 2016 оны сонгуульд бол ажиглагчдыг ёс төдий бэлгэдлийн байдлаар оролцуулдаг болсон.
Сонгуульд нэг л зүйл нууц, бусад нь ил байх ёстой. Хэнд санал өгснөөс бусад нь ил тод байх учиртай. Гэтэл эрх барьж байгаа намынхан сонгуулийн хэсгийн хороонд өөрсдийнхөө гар хөл болсон төрийн албан хаагчдыг оруулж, тэр нь булхай луйварт хутгалддаг болчихжээ. Ялангуяа сонгогчдын нэрийн жагсаалт болон иргэний бүртгэл дээр их асуудал гарах болсон.
2008 оны сонгуулиар СЕХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сонгогчдын тоо, иргэний бүртгэлийн мэдээлэл 200-300 мянгаар зөрж байсныг ил гаргаж тавьж байлаа.
Сүүлд 2016 оны сонгуулиар сонгогчдын ирц 10 орчим хувиар нэмэгдсэн. Тодруулбал орой 20.00 цагаас эхлээд сонгогчдын идэвх нэмэгдсэн харагдсан. Үүнийг ажиглавал саналаа өгдөггүй иргэдийн судалгаа, бүртгэл дээр үндэслэн хүчин төгөлдөр бичиг баримт бүхий явдаг царцаанууд саналаа өгсөн байх магадлалтай. Баримт ч байдаг. Энэ бол маш аюултай. Монгол Улс сонгуулиа хийж чадахаа больчихоор бидний болоод үр хүүхдийн минь ирээдүй болон төр засагт коронавирусээс илүү аюул нүүрлэчхээд байна.
-Ардчилал чөлөөт, шударга сонгууль дээр түшиглэн хөгждөг. Гэтэл ийм байдалд орчихоор үнэхээр ардчилсан орон мөн үү гэсэн эргэлзээ төрж байна.
-Сонгуулиар бүх юмны эх тавигддаг. Булгийн эх нь булингартай бол ус нь ямар байх билээ. Эрх мэдэл, уур уурхайн баялагт шунасан нөхдүүд улс төрд орж ирээд зөвхөн нам болон хувийн эрх ашгаа төрийн ажлын дээр тавиад эхэлж байгаа юм. Угтаа бол УИХ-ын гишүүдийг бид улс эх орон, ард иргэд, тойргийнхоо сонгогчдын төлөө ажиллана гэж сонгодог. Харамсалтай нь сонгогчдын боловсрол дээшлэхгүй байгаа учраас мөнгө тараадаг сүлжээнд ороод хэдхэн төгрөгөөр саналаа худалдчихдаг болсон байна. Тэгэхээр ардчилсан сонгууль хийж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй болж, Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих хэрэгтэй болчхоод байна.
-2008 оны сонгуулийн дараа хурцадмал байдал үүссэн. Тэр үед та СЕХ-д ажиллаж байсан. Гажуудлыг засахад сонгогчдын боловсрол чухал нөлөөтэй. Гэтэл СЕХ болон Төрөөс энэ асуудалд яагаад анхаардаггүй юм бол?
-Тэр улс төр, эдийн засгийн бүлэглэлд сонгогчдын боловсрол ийм хэмжээнд байх нь таатай байгаа. Сонгогчдын боловсрол дээшлээд дундаж давхарга нь нэмэгдчихвэл тэдний хоосон амлалтад итгэж, худалдагдахаа болино. Сонгогчдын боловсролын эсрэг хийж байгаа хамгийн аймшигтай зүйл бол сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж байгаа явдал. Хүчин төгөлдөр сонгуулийн хуулийнхаа учрыг бүрэн дүүрэн ойлгож амжаагүй байгаа сонгогчдод шинээр баталсан хуулийг нь уншиж, таних цаг ч гардаггүй.
Энэ жил коронавирус гараад сонгууль бүр л аймаар болох гээд байна. Сонгуульд намууд мөрийн хөтөлбөрөөрөө бодлого ярьж өрсөлдөх ёстой. Гэтэл үнэгүй байр, өндөр цалин яриад эхэлчихсэн байгаа нь эвгүй. Үр ашгийг нь тооцохгүй тухайн сонгуульд ялж, намаа олонх болгох гээд дайраад байна шүү дээ. Монголчууд хэт улайрсан хүнд бүү зөвшөөр гэсэн үгтэй дээ. Үнэхээр хэцүү байдалтай байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Бид цөөхүүлээ, хоёр том гүрний дунд, далайд гарцгүй, эдийн засгийн хүчин чадал багатай хэцүүхэн нөхцөлтэй. Сонгуулиа зөв л явуулчихвал бусад нь ямар ч хамаагүй санагддаг. Энэ 30 жилийн хугацаанд урагшаа нэг алхаад, хойшоо хоёр алхаж явсан юм болов уу. Уг нь алдаагаа нэг алхам, ахисан дэвшсэн хөгжлөө хоёр алхам байлгаж чадсан бол өнөөдөр би ийм зүйл яриад суухгүй л байсан байх. Сонгууль болгоноор хуулиа сольж, хэсгийн хороонд эрх баригчдын гар хөл болсон төрийн албан хаагчид орж, тэдэнд Төрийн цагдаа нь үйлчилж байгаа үед шударга сонгуулийн тухай ярих хэцүү болжээ.
-Зөвхөн иргэний өгсөн санал нууц байх ёстой. Гэтэл бараг бүх процесс нууц, оньсон тоглоом шиг болчихсон нь аймшигтай юм аа.
-Бидний хэсэг нөхөд саяхан ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн. Сонгуулийг шударга болгохын төлөө тэмцэнэ.
-Ямар ямар шаардлага тавьсан бэ?
-Саналаа өгдөггүй байсан иргэдийн өмнөөс “явдаг царцаанууд” санал өгсөн байж болзошгүй нөхцөл байдал 2016 онд гарсан. Үүнд хорооны засаг захиргааныхан болон бүртгэлийн байгууллага оролцсон байж болзошгүй.
Тиймээс
1. 2020 оны УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад нэрийн ямар нэгэн давхцалгүй, сонгогчийн овог нэр, регистрийн дугаар тухай сонгогчийн зураг, хурууны хээтэй тулж байгаа эсэхийг олон нийтэд ил тод мэдээлэх,
2. Сонгогчийг сонгох эрхээ хэрэгжүүлэхэд зориуд саад учруулсан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эд хөрөнгө, мөнгөөр татаж саналыг нь худалдан авах, авахаар завдсан нэр дэвшигчийг 5-10 жилээр хорих ялаар шийтгэх хууль батлуулах,
3. Сонгуулийн санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан өдөөн хатгасан, дэмжсэн, санал хураалтын дүнг өөрчилсөн, буруу гаргасан сонгууль зохион байгуулах албан тушаалтанг 5-10 жилээр хорих ялаар шийтгэх хууль батлуулах,
4. Сонгуулийн санал хураалтын дүнг гаргахдаа нээлттэйгээр гараар тоолох хууль батлуулах гэсэн дөрвөн шаардлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн ч өнөө хэр нь хариу авч чадсангүй ээ.
-Одоогийн нөхцөл байдлыг харахад сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн санаачилга зөв үү?
-Сонгууль шударга, ойлгомжтой байх ёстой. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан иргэд сонгогчид намуудын мөрийн хөтөлбөртэй танилцах боломж байхгүй байна. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт юм уу, улс төрийн намуудын эрх мэдлийн төлөөх хүсэл нэгдүгээрт юм уу. Эрх ашгийн эрэмбээ хараад үз. Би бол Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжмээр байна. Энэ байдлаараа бол иргэд сонгогчид нэр дэвшигчдээ ч мэдэж амжаагүй байж санал өгөх болчихно. Ингэвэл сонгогчдын эрх ашиг л хамгийн түрүүнд зөрчигдөнө. Иргэд бид сонгуулиар л сонгох эрхээ эдэлдэг. Тэр эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжгүй болчихлоо. Таваас дээш хүн цуглаж болохгүй, амны хаалт зүү гэсэн нөхцөлтэй байхад амны хаалттай дэвшигчээ сонгогч ялгаж таних уу. Дээр нь тойрог томроод хамгийн муу тогтолцоотой сонгууль явах гэж байна. Нэг аймаг нэг тойрог. Үнэхээр сонгуулийг хойшлуулж, тайван амгалан сонгуулиа хийж, мөрийн хөтөлбөртэй нь танилцаж сонголт хиймээр байна шүү дээ.
-Энэ нөхцөл байдал хэнд ашигтай вэ?
-Бүлэглэлүүдэд л ашигтай. Жишээлбэл, улс эх орныхоо эрх ашигт санаа зовсон энгийн нэгэн хүн сонгуульд нэр дэвших ямар ч боломж алга. Сонгуульд “мөнгөтэй АТМ-үүд” нэр дэвшдэг болсон. Зардал нь хэт өндөр, мөнгө тараадаг сүлжээтэй, тодорхой ханштай шахуу болчихсон ийм үед жирийн нэгэн боловсролтой залуу яаж дэвших юм бэ.
-Тэр их мөнгө тарааж дэвшиж байгаа хүн дараа нь юу хийх вэ гэдэг нь аймшигтай.
-Би сонгуулийг хурдан морины уралдаан шиг л болчхож гэж хэлнэ. Бүлэглэлүүд уяач шиг хурдан морио шинжиж байгаад нэг хүнийг санхүүжүүлдэг. Дараа нь тэр хүнээ кнопчин болгочихдог.
-Дахиад асууя, бид эрх чөлөөтэй, ардчилалтай оронд амьдарч байна уу?
-Би өмнө нь ардчиллыг эрх чөлөө гэж боддог байсан. Одоо бол хуулийн засаглал юм байна гэж харж байгаа. Хууль хэрэгжихгүй бол ардчилсан гэхээсээ илүү анархи тал руугаа орчхож байна. Мөнгөтэй хүнд бас дарга нарт хууль үйлчлэхгүй, тэгэхээр энэ ардчилал мөн юм уу. Бидний оюутан байхдаа хүсч тэмцсэн 30 жилийн өмнөх ардчилал гажуудчихаж. Зөв юм ярьснаа ад шоо үзнэ, сэтгэцийн эмгэгтэй гэнэ. Дуугардаг хүн гэж байхаа болилоо. Бүгд айдастай. Үнэхээр болохгүй байна. 2008.07.01-ний айхтар үйл явдал гарахад сонгуулийн төв байгууллагад би ажиллаж байсан. Сонгууль шударга болоогүйтэй холбоотойгоор энэ үйл явдал болсон. 2020 онд үүнээс ч илүү хэцүү юм болж магадгүй болохоор Ерөнхийлөгч санаачилга гаргасан гэж бодож байна. Захын гэр хорооллуудад амьдрал огт өөр байдалтай шүү дээ. УИХ-ын гишүүд Улаанчулуутын хогийн цэг дээр очиж үзсэн болов уу.
-Энэ гажуудал цаашилбал бүр ч томорно. Тэгвэл засахын тулд хийх эхний алхам нь юу байж болох вэ?
-Одоо бүр Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой юм уу гэж бодогдож байна... Би парламентын засаглалыг л дэмждэг хүн. Гэтэл бүр арга ядаад, ийм утгагүй байдлыг өөрчлөх гарц нь тэр юм болов уу гээд энэ талаар бодож үзэж байх жишээтэй.
-Дарангуйллыг сонгох гэж үү?
-Нэг зөв хүн гарч ирж л аврахгүй бол энэ 76 кнопчин улс орныг хэрхэн авч явааг ЖДҮДС-гаас зээл аваад өөрсдийн ББСБ рүү оруулж хүүлж байгаагаас эхлээд л харагдаж байна. Хүүхдүүдээ өндөр төлбөртэй сургуульд улсын мөнгөөр сургачхаад, зээлээ төлөхгүй чөлөөлөгдөж байна.
-Улс төр рүү шургалж, шударга бус зүйлсийг гааруулаад байгаа энэ нөхдөөс хэрхэн салах вэ?
-Баабарын хэлсэн үгээр л хариулъя. Оготны хамраас цус гаргалгүй ардчилсан хувьсгал хийсэн, тэр үед аль аль талд нь байсан болохгүй нөхдүүд бүгд бурхны оронд морилж байж гайгүй болох юм болов уу. Аль нэг намыг онцлоогүй шүү. Би ч орох байх тэр тоонд. Бидний үеийнхэн арилж байж арай өөр залуус гарч ирэх ёстой. Гэтэл энэ залуусыг эвдээд байна. Цүнх баригчдын шинэ арми бий болчихоор бас л хэцүү.
Хамгийн түрүүнд хууль л хэрэгжих хэрэгтэй. Сонгуулийн хууль, Үндсэн хууль болон бусад органик хуулиуд хэрэгжих ёстой. Өдөр тутмын бидний амьдралд нөлөөлж байгаа Замын хөдөлгөөний тухай хууль ч хэрэгжих ёстой. Тэгэхгүй бол хүн болгон стресстэй амьдарч байгаа. Ганцхан надад биш бүх хүнд л ийм байгаа.
30 жилийн өмнө бариад зогсч байсан уриа лоозон, тэр үгнүүд яг л хэвээрээ байгаа.
-Өөрчлөлтгүй гэж үү?
-Өөрчлөлт байгаа ч жинхэнэ шинэчлэлт алга.
-Томоор нь харвал энэ уналт, босолтыг давж байж бид эрүүл нийгмийг бүтээх ёстой юм болов уу?
-Онолын хувьд хөгжсөн орнуудын 200 жилийн туулсан зовлонг 20-30 жилд давах гээд бид бухимдаад байгаа зүйл ч бий. Тэглээ гээд ийм байх ёсгүй. Хууль хэзээд хэрэгжих ёстой. Хөгжсөн орнууд 200-300 жил зовж байж энэ капиталист нийгмийг байгуулсан л байх. Гэхдээ цөөхөн хүн амтай, газрын баялаг ихтэй манай шиг улсад боломж бий. Алтанд умбуулдаггүй юм гэхэд сэвхийтэл өргөөд ард түмнээ дунджийн хэмжээнд амьдруулчихмаар л санагддаг.
Газар дороо нүүрс, төмрийн хүдэртэй хэрнээ хадаас ч үйлдвэрлэж чадахаа больчихсон. Энэ хөгжил мөн үү. Баахан цементэн барилга барьснаас өөр хөгжил байна уу.
-Чаддаг чаддагаа хийгээд явмаар байх юм.
-Урдаа байгаа ажлаа бусдад гай болохгүй хийж сурмаар байна. Сонгууль болгоны дараа төрийн албан хаагчдыг ажлаас нь халж, сольж, салбараа мэдэх нь бүү хэл ажил албаныхаа нэрийг зөв хэлж чадахгүй хүмүүс дарга цэрэг хийгээд яваад байна гэхээр утгагүй. Яам болгон аж ахуйн ажилд орооцолдчихсон. Бодлого боловсруулж байх яам нь тендер зарлаад барилгын компани шахуу болчихсон. Хийдэг ажил нь тендер. Төсөв тодотгохгүй гээд байгаа нь ерөөсөө л тэр. Төсөв тодотгож хэрэгтэй юмаа хийгээд тэвчиж болох зардлыг хойш нь тавья гэснээс биш энд улс төр байхгүй. Дэлхийн бүх орон төсвөө тодотгоод ажлын байрыг хэрхэн авч үлдэх вэ гэж байхад манайх эсрэгээрээ. Ажил хийж байгаа нэрээр сонгуулийн сурталчилгаа хийгээд л...
-Сонгогчдын боловсрол, иргэдийн оролцоо гэдэг зүйл хэзээ, яаж тогтворжиж, хяналт тавьж, шаардаж, тэмцэх юм бол оо?
-2017 оны сонгуулийн өмнө М.Энхболдод нэг эмэгтэй “Сонгогчид чинь цагаан цаас шүү дээ. Юу ч хэлж бичиж болно” гэж хэлсэн бичлэг тарсан даа. Яг л ийм зарчмаар хандаж байна шүү дээ. Тэгэхээр хууль л хэрэгжих ёстой. Хууль хэрэгжихгүй бол бүх зүйл утгагүй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"