Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Эрдэнэбат: Аймаг бүрийн эмнэлэгт дор хаяж амьсгалын төхөөрөмж 10 ширхэгийг суурилуулах ёстой

 УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы баасан гаргийн (2020.04.10) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Д.Эрдэнэбат, Д.Оюунхорол, С.Бямбацогт, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсад коронавирус (СОVID-19)-ийн халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй хор уршгийг үнэлэн тооцоолох, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын байдал өдрөөс өдөрт хэцүү болж байгаа. Бид аль болох иргэдээ татан авах гэсэн эрмэлзэлтэй ажиллаж байна. Он гарснаас хойш онгоцоор, галт тэргээр, автобусаар 6000 гаруй иргэдээ татаж авсан. Одоо мөн тооны иргэн эх орондоо ирэх захиалга өгөөд байгаа. Гадаадын иргэдийг авч ирэхгүй гэсэн бодлого хэвээрээ. Монгол Улсын иргэдээ авч ирэхдээ ялгавартай хандана. Хамгийн эхэнд эмчилгээнд явсан, нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, транзитаар зорчиж буй иргэдээ авч ирнэ. Транзитаар зорчин ирж буй иргэд нэлээд хүнд байдалд байгаа. Зарим иргэд нисэх буудалд 14 хоносон тохиолдол бий. Ийм зорчигчдоо татаж авна. Хүсэлт гаргасан бүх хүмүүсийг татан авч чадахгүй. Яагаад гэвэл манай улсад 250 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай онгоц хоёр л бий. Мөн нисэх баг цөөхөн. Нэг чиглэлд нислэг хийгээд ирэхэд тэр нисэх багийг тусгаарлаж байгаа. Тэгэхээр тусгаарлах хугацааг нь хүлээж байна. Үүнээс гадна өмнө авч ирсэн иргэдийн биеийн байдлыг үзэж, оношилж ялгах ёстой. Дахин давтан шинжилгээнд хамруулах ёстой. Ийм учраас ойрхон хугацаанд нислэг хийх боломжгүй. Санаа байвч сачий дутаж байгаа юм. Зэрэгцсэн арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Жишээ нь НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагад хүсэлт гаргасан. Энэ байгууллага гадаадад байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг. Ойрын хугацаанд хариу ирүүлэх байх. Мөн Гадаад харилцааны яамнаас судалгаа хийж байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Коронавирусийн цар тахлын халдварыг даван туулах талаар Засгийн газраас авах долоон арга хэмжээг зарласан. Нэгдүгээрт, тэтгэлэгт хөтөлбөрийн эхэнд НДШ-ийн 26 хувийг тэглэснээ мэдэгдсэн. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар НДШ төлөгч 770 мянган иргэн бий гэсэн мэдээлэл гарсан. Үүнээс төрийн байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, түүнчлэн олон улсын төсөл, хөтөлбөрүүд, улсын болон орон нутгийн төсвөөс тендер авсан 15 мянга гаруй аж ахуйн нэгж, компанид ажиллагчдын НДШ-ийг чөлөөлөхгүй гэсэн мэдэгдлийг Сангийн сайд хийгээд байгаа. Тэгэхээр энэхүү хөнгөлөлт нь байндаа тусахгүй нь. Хоёрдугаарт, ХАОАТ авахгүй гэж бас мэдэгдсэн. Одоогоор 720 сая ам.доллар буюу 1.9 наяд төгрөгийн 14 төсөл, хүнсний болон боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд бүтцийн салбарт гүйцэтгэх ажил авсан байна. Энэ нь сонгуулиас өмнө ихэнх тендерээ зарлаж гүйцэтгэгчээ сонгохоор төсвийн хуваарь хийснийг илтгэж буй юм. Эдгээр тендерт хамрагдсан аж ахуйн нэгжүүд мөн татварын хөнгөлөлтөөс хасагдахаар байна. Тэгэхээр үлдсэн цөөхөн хувь буюу ХАОАТ төлөгчдийн 10 гаруй хувь нь хөнгөлөлтөд хамаарах дүн гарч байгаа юм. Гуравдугаарт, орлогын дүн нь 1.5 тэрбум төгрөгөөс бага татвар төлөгчдийг ААНО-ын албан татвараас чөлөөлнө гэсэн. Зах зээлд жин дарах салбарууд онцолж хасалт хийснээр энэхүү татварын чөлөөлөлт нэр төдий болж үйл ажиллагаа нь хоригт орж орлого тасарч буй аж ахуйн нэгжүүдэд хүртээлгүй үлдэх нөхцөл байдал харагдаж байна. Дөрөвдүгээрт, Үйл ажиллагаа нь доголдож орлого буурч байгаа боловч, ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан бүрт 250 мянган төгрөг олгохоор шийдвэрлэснээ зарласан. Энэ мөнгийг гурван сарын хугацаанд олгоно гэсэн. Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа­гаа зогсоосон аж ахуйн нэгж байгууллагуудад энэ шийдвэр хамаарна гэж зарласан. Гэвч хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь хаагдсан үзвэр үйлчилгээний байгууллага, спорт клуб, цэнгээний газрууд гээд өдрийн орлогоороо цалингаа тавиад явдаг газрууд ажилтнаа халахгүй, сул цалин олгоод явах боломжгүй байгаа. Аж ахуйн нэгжийн 88 хувь нь ажилтнаа цомхотгож буй мэдээ байна. Төрийн дэмжлэг авахаар үлдсэн 12 хувь нь үйл ажиллагаагаа доголдсоноо батлах ажил ундарч эхэлсэн. Тэгэхээр уг хөнгөлөлтийг авах хүн маш цөөхөн гарах нь. Тавдугаарт, ноолуур худалдан авагч бэлтгэгчдэд 300 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгосон гэсэн. Хариуд нь нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авах үүрэг өгсөн. Харамсалтай нь үйлдвэрлэгчид энэхүү зээлээс татгалзсан. Тэд дэлхий нийтээр эдийн засгийн уналтад орж тансаг хэрэглээ хумигдсан энэ үед нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авсан ноолуураа ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зээлийн өрөнд орох эрсдэл үүсгэж байгааг мэдэгдсэн. Зургадугаарт, хүүхдийн мөнгөний асуудал байна. Мөн л амьжиргааны түвшин тогтоож, хүүхдийн мөнгө олгохоос хасдаг тал бий. Иймд бүх хүүхэд энэ мөнгийг авах боломжгүй. Нэг литр шатахууны жижиглэнгийн үнийг 300 төгрөгөөр хямдруулна гэсэн. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ гурав дахин хямдарсан энэ цаг үед шатахууны жижиглэнгийн үнэ 300 байтугай төгрөгөөр хямдрах боломжтой. Энэ бол Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ биш. Олон улсын түүхий эдийн зах зээлийн нөхцөлөөс үүсч буй асуудал гэдгийг хэлье. Тэгэхээр Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр байндаа тусч байна уу? Энэ долоон хөтөлбөрт хэдэн хүн хамрагдах юм. Тэр 5.1 их наяд төгрөг бүрэн зарцуулагдах юм уу үгүй юү гэдэг талаар Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрын ам, ажлын зөрүүтэй байдлыг тодруулж асууя. Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа юм бэ? Засгийн газар танхимын зарчмаар ажиллах горим аль хэдийн алдагдаж, Ерөнхий сайдын ярьсныг Сангийн сайд нь гарч ирээд үгүйсгэж, мушгин гуйвуулдаг жишгээр өрнөж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Асуултад хариулах байсан ч алга байлаа. Ингээд дараагийн УИХ-ын гишүүн асуултаа асуув.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Нийслэл Улаанбатар хотын хүн амыг 1.3 сая гэдэг. Гэтэл 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Өнөөдөр урин дулаан цаг ирж дулаарч байна. Гэр хорооллын хөрсний бохирдол ямар хэмжээнд хүрснийг бид мэднэ. Нүхэн жорлонгийн асуудлыг иргэд маш их асууж байна. УОК-ын үүрэг даалгавраар гэр хороололд ариутгал хийж эхэлсэн. Иргэд манай гудамжаар хэдийд ирж ариутгах вэ гэж асуух боллоо. УОК-оос гэр хорооллын хөрсний бохирдол, ариутгал халдваргүйтэл хийхэд хөрөнгө мөнгө гаргах талаар ямар ажил хийж байна вэ?

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-Засгийн газраас УОК-т улсын хэмжээнд хөрсний бохирдолд халдваргүйтэл хийх үүрэг өгсөн. Ингээд 14 хоногийн хугацаатай ажил эхэлсэн. ЭМЯ-ны харьяа Зооноз өвчин судлалын үндэсний төв, ариутгал халдваргүйтэлийн үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгж гэрээгээр энэ ажлыг хийж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Эрүүл мэндийн энэ эрсдэлтэй нөхцөл байдлыг даван гарах, урьдчилан сэргийлэх ажлыг ЭМЯ, УОК хангалттай сайн хийж байгаа. Эрдэмтдийн судалгаанаас харахад энэ цар тахал хүнийг амьсгалын дутагдалд оруулах өвчлөл огцом өссөн. Манай улсад амьсгалын төхөөрөмж хэр хангалттай байна вэ? Аймаг бүрт тусгай тасаг нээж, дор хаяж 10 ширхэг амьсгалын төхөөрөмж оруулж ирэх хэрэгтэй гэж бодож байна. Эмийн хангамж тасалдаж эхэллээ гэсэн мэдээлэл бий. Ялангуяа ахмадууд хөнгөлөлттэй эм авах гэж дугаарлах, эм нь олдохгүй байх асуудал үүссэн. Эмийн хангамж ямар байдалтай байна вэ? Гадаадад сурч буй оюутнууд хүнд байдалд орлоо. Байдал онцгой хүндэрч бүр гадуурхагдах тал руу явах нь. Ирж чадахгүй байгаа оюутнууд, иргэдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг УИХ-д яаралтай оруулж шийдэх хэрэгтэй байна. Энэ жил 12-р анги төгсч ЭЕШ өгөх хүүхдүүдийн асуудлыг эртхэн цэгцэлж шийдэх хэрэгтэй. Амьдралаа сонгох гэж буй хүмүүс шүү. Хариуцлагатай хандаж тодорхой шийдэл гаргах талаар хариулт өгөөч ээ? Хүнсний үйлдвэрлэлээ дэмжих асуудал нэг л бүрхэг яваад байна. УИХ-аас баталсан тогтоолуудад тоймтой зүйл тусгасангүй.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал:

-ЭМЯ-наас амьсгалын төхөөрөмж 160 ширхэг хэрэгтэй гэж цар тахал дэгдэж эхэлсэн үед тооцоолсон. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс хоёр тэрбум төгрөг шийдэж өгсөн. Одоогоор амьсгалын төхөөрөмж 40 ширхгийг худалдан авч бүх аймаг, шаардлагатай эмнэлгүүдэд хүргүүлсэн. Нэг аймагт 10 ширхэг байх ёстой гэсэнтэй санал нэг байна. ЭМЯ-ны дэргэд хүний эмчийн зөвлөл ажилладаг. Ингээд асуудал хүндэрвэл яах гэдэг үүднээс судалгаа хийсэн. Зүрх, судасны өвчлөлийн, хүүхдийн тусламжийн шаардлагатай, хавдрын, чихрийн шижин өвчний эм дутагдалд орох өндөр магадлалтай байна гэсэн судалгаа гарсан. Хавдрын эмийн асуудлыг яаралтай шийдэж нэг удаагийн лиценз олгоод Энэтхэгээс Европоор дамжуулж авах болсон. Ер нь дэлхий нийтэд эмийн хомсдол үүсч байна гэсэн мэдээлэл бий. Ийм учраас аль болох богино хугацаанд шаардлагатай эмүүдээ оруулж ирэхээр ажиллаж байна.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

-ДЭМБ энэ цар тахлын үед хамгийн түрүүнд бүрдүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтад амьсгалын төхөөрөмжийг оруулсан. Засгийн газрын нөөц хөрөнгөөс болон ЭМЯ-ны шугамаар хэрэгжиж буй Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдээд явж байна. Тухайлбал, ХӨСҮТ-ын орны боломжийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Одоогоор зургаан төрлийн тоног төхөөрөмжөөр 21 аймаг, есөн дүүрэг, 17 эмнэлгийг хангасан гэлээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com