МАН: Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулж, эдийн засгийн эргэлтэд оруулна
МАН коронавирусийн үеийг макро түвшинд, тэр тусмаа санхүүгийн салбар их хэмжээний мөнгө нийлүүлэх замаар гэтлэн давах бодлого баримталж байна. Тэд эхний ээлжинд шатахууны үнийг 300 төгрөгөөр бууруулахаа зарласан. Дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ буурснаар монголчуудын ОХУ-аас авдаг нефтийн бүтээгдэхүүний үнэ буурах нь тодорхой болсон. Гэхдээ үнийн хямдралыг урьдчилан зарлах нь иргэдийн хүлээлт үүсгэж, түрүүчийн өндөр үнээр авсан түлш зарагдахгүй, түлшний үнэ буурах асуудал хойшлогдох аюул дагуулдаг тухай эдийн засагч ярьж байна.
Мөн зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, банкны өөрийн эх үүсвэрээс олгосон 500 сая хүртэлх төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүний хувийг бууруулах, хөнгөлөх санал гаргасан. Энэ үйлдэл зах зээлийн эдийн засгийн эсрэг үйл ажиллагаанд тооцогдоно. Учир нь нэгэнт гэрээгээр олгосон зээлийн хүүг бууруулах нь банкуудыг дээрэмдэж байгаа хэрэг юм.
Эрх баригчдаас гаргаж байгаа бас сонин санал бол ипотекийн санхүүжилтийг дэмжих, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх. Энэ тохиолдолд иргэд сарын хүүгээ чадан ядан төлж байгаа бол 6-12 сарын дараа бүтэн жилийн зээл, хүүг бөөнд төлөх аюултай тулна гэнэ.
Намууд жижиг дунд үйлдвэрийг дэмжихээ амладаг ч өнөөг хүртэл манай жижиг дунд үйлдвэрлэгчид зээлд хамрагдаж чадахгүй байгаа тухай гомдол өнөөг хүртэл тасраагүй. Гэтэл өнгөрсөн жилээс энэ зээлийг хэн хусдаг байсан тухай баримтууд дэлгэгдэж, Ерөнхий ЖДЧ-чдээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаж байна. Гэтэл хямралын эсрэг дайнд олны танил биш бас нэг сангийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Энэ нь “Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сан гэнэ. Ямар аж ахуйг хэр хэмжээгээр даатгах, даатгалын хэмжээ хэд байх нь өнөөг хүртэл тодорхойгүй.
Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь хямралыг давах бодлого. Төр хувийн хэвшлийн түншлэл гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татна. Монголчуудад хэнээс ч дутахгүй алт олборлолт байгаа. Үүнд хувийн хэвшлийнхэн хэний ч оролцоогүйгээр олборлож чадна. Сүүлийн үед Монголбанканд алт тушаалт эрс нэмэгдсэн мэдээ бий. Энэ нь монголчууд алт олборлож чадахгүй байгаа хэрэг биш. Харин олборлосон алтаа хил, гаалиар алдаж байсан гэж мэргэжилтэн ярьж байна.
МАН хямралын эсрэг хэрэгжүүлэх бодлогын хамгийн сонирхолтой санал нь татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ. Тоон дотор үсэг гэдэг шиг дампуурсан банк эдийн засгийн хямралаас гарахад хэрэг болох мэт ойлголт төрнө. Саяхан дампуурсан Капитал банк дампуурлаа зарлаад сураггүй байгаа Зоос банкны үйлчлүүлэгчид өнөөг хүртэл гомдсоор яваа. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг Капитал банк буцааж өгсөн тухай мэдээ алга. Гэтэл хямралыг давахад татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулж эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг залуусын ярьдгаар “Юу ч гэсэн үг юм. Бүү мэд” гэдэг шиг юм болох болов уу.
Харин сөрөг хүчин болох АН-ынхан эрх баригчдын дээрх санааг бодит биш гэж үзэж байна. Тэд шүүмжлээд зогсохгүй өөрсдийн бодлогыг эрх баригчдад санал болгосон ч нөгөө хэд нь “гөлөг” гээд тоосонгүй өнгөрөв.
АН: 100 мянга өрхийн ипотекийн зээлийг жилээр хойшлуулж болно
АН-ын зөвлөлөөс коронавирусийн гамшиг болон түүнээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барьжээ. Түүндээ МҮХАҮТ-аас хийсэн судалгааг ашиглав. АН эрх баригчдын ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих санал нь иргэдийн саналыг татах шоу гэж үзэж байна. Энэ салбарт 300 тэрбум төгрөг зарцуулаад бизнес эрхлэгчдийг дэмжихгүй, малчдын орлогыг нэмэгдүүлж чадахгүй аж.
Харин МАН арилжааны банкуудын зээл, зээлийн хүүг бууруулах сан тавьж байгаа бол АН 100 мянган өрхийн ипотекийн зээлийг хойшлуулах иргэдэд илүү тус болно гэж тооцож байгаа аж.
АН-ын үзэж буйгаар Засгийн газраас 300 тэрбум төгрөгийг ноолуурын салбарт зарцуулах бизнес эрхлэгчдийг дэмжиж чадахгүй нь судалгаагаар илэрхий болсон. Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг Монгол Улс нийлүүлдэг. Дэлхийн зах зээл дээрх өмнөх хямралуудын үед ноолуурын үнэ 35 хүртэл хувиар унасан. Харин өнөөгийн нөхцөлд самнасан ноолуурын гол худалдан авагч Итали улсад нөхцөл байдал хүнд байгаа учраас манай улсын компаниуд ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломжгүй. Мөн макро эдийн засгийн гол оролцогч болох өрхийн нөхцөл байдал тун хүнд байна. Өнөөдрийн байдлаар 400 мянган өрх зээлтэй. Үүнээс 100 мянган өрх нь давхар зээлтэй. 2019 онд өрх орлогынхоо 70 хувийг зээлдээ зарцуулж байна гэдэг судалгаа гарчээ. Мөн ипотекийн зээлийн гэрээг нэг жилээр сунгаж болно. Сунгасан нэг жилдээ ямар нэгэн торгууль, шийтгэл, ямар ч юм төлөхгүйгээр 400 гаруй тэрбум төгрөг өрх гэрийн орлогод үлдэнэ. Мөн төсөвт суулгасан олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа энэ жилдээ царцаах хэрэгтэй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"