УИХ-ын чуулганы өчигдрийн (2020.04.16) хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуулийн төсөл нь төмс, сонгино, саримс, байцай, шар лууван, шар манжинг гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлэх, мөн үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн албан татварыг тэглэх зэргийг тусгасан. Ингээд УИХ-ын гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн. Дэлхийн худалдааны байгууллагад элссэн улс орнуудын хоорондын гааль, татварын асуудлыг зохицуулдаг.
Бид дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд импортоор оруулж ирж байгаа бүтээгдэхүүний татварыг нэмэх нь дэлхийн худалдааны байгууллага дээр зөрчил үүсгэдэг гэсэн зүйл яригдсан. Жимс, жимсэн бүтээгдэхүүний 97 хувийг импортоор оруулж ирдэг. Үүнийг татвар нэмж, дотооддоо 10 хувь болгох шаардлага байгаа. Тэгэхээр Дэлхийн худалдааны байгууллагаас энэ асуудлаар ямар нэг дарамт, шахалт ирдэг үү.
УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун:
-Дэлхийн худалдааны байгууллагаас дарамт шахалт ирдэг. Тэр нь хамгаалалт болж чадахгүй байгаа юм. Хоёр хөрш маш өндөр татвартай байдаг. Хоёр хөршийн хувьд манайхтай заргалдаад байх явдал байхгүй гэж үзэж байгаа. Дэлхийн худалдааны гишүүн орнууд аливаа татвар дээр ойролцоо байх ёстой зарчим баримталдаг. Тиймээс хөндлөнгөөс нөлөөлөх шалтгаан байхгүй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Монгол хүн монгол ногоо, мах, хүнсээ идэх боломж үүсч байна. Сүүлийн үед малын мах сэтгэл түгшээж байна. Монгол хүн тарьсан гэхээс илүү эрүүл хүнс гэдгийг нь тодотгох ёстой. Тогтоолын төсөлд ногоочдоо дэмжих, хадгалалт, хамгаалалт, үнэ дээр нь анхаарах шаардлагатай. Эдийн засгийн тооцоотой, гарах үр дүн тодорхой байхаар байна. Ер нь бид маш олон цаас үйлдвэрлэсэн. Хэрэгжилт дээр нь анхаарч, ажил хэрэг болгоорой.
УИХ-ын гишүүн
С.Жавхлан:
-Монгол Улс 160 мянган тонн төмс хурааж авлаа гэж байна. Бүгд л Жаргалантын төмс болчихдог. Энэ 160 мянган төмсний 10 хувь л Жаргалантынх. Тэгэхээр ногооны гарал үүсэл, ямар хүн тарьж байна вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Улаанбаатарын ихэнх ногоо хөрсөнд ургуулахгүй байна. Хотын эргэн тойронд хаанахын ямар хүмүүс ногоо ургуулж байна вэ гэдэг дээр хатуу хяналт тавих хэрэгтэй. Мөн урд хөршийн хадгалалтын бодисыг хянах хэрэгтэй. Муутгахгүй байхын тулд бодис хэрэглэж байгааг анхаарах хэрэгтэй. Ногоочдын ногоог ченжүүдээр дамжуулахгүйгээр шууд гар дээрээс авах чиглэлээр арга хэмжээ авах хэрэгтэй гэв.
Өрхийн эмнэлэг харьяалал харгалзахгүй үйлчилдэг болно
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
-Эрүүл мэндийн салбарынхан маш сайн ажиллаж байна. Анхан шатны үйлчилгээг захын хороолол руу Өрхийн эмнэлэг анхаарал халамж тавьж байгаа ч цаашид ямар дэмжлэг үзүүлэх вэ. Хуульд анхан шатны нэгж буюу Өрхийн эмнэлэгтэй холбоотой заалт оруулж байгаа юу. Мөн коронавирусээс үүдэж нислэг зогссонтой холбоотойгоор эмнэлгийн нэн шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмж, бодисуудыг авах талаар тусгасан уу.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Нислэг зогссонтой холбогдуулан асуудал үүсч байгаа ч Онцгой комисс эрүүл мэндийн салбарын нэн чухал шаардлагатай тоног төхөөрөмж, бодис авах ажлыг тусгай үүргийн онгоцоор шийдээд явж байгаа. Цаашид ч зохион байгуулаад явах боломжтой. Анхан шатны тусламж үйлчилгээ 242 төв бий. Бид анхан шатны тусламжийн үйлчилгээг дээшлүүлж, дэмжих шаардлагатай. Цаашид Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг орон нутаг, дүүрэг дэмжих чиглэлээр анхаарвал иргэдэд ойртох боломж үүснэ. Энэ хуульд Өрхийн эмнэлгийг нийгмийн эрүүл мэндийн үзлэг, хянах, эрсдэлийн үнэлгээг жил бүр зайлшгүй хийж байхыг хуульчилж өгч байгаа.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:
-Эрүүл мэндийн үйлчилгээг хүн арддаа чанартай, аюулгүй, хүртээмжтэй боломжийн үнээр хүргэх нь маш чухал. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн багт бүрэлдэхүүнтэй Их сургуулийн харьяа эмнэлэгтэй болох боломж энэ хуулиар бүрдэж байгаад талархаж байна. Хуульд их сургуулийн харьяа эмнэлэг гэдгийг тодотгох боломжтой юу. Өрхийн эмнэлгүүд анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа. Хуулийн төслөөр өрхийн эмнэлэгт иргэд харьяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна гэж ойлгож байна. Тэгэхээр төсвийг нь хэрхэн тооцсон юм бэ.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд
Д.Сарангэрэл:
-Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлгийг Засгийн газар, Сангийн яам, Эрүүл мэндийн яам анхаарч байгаа. Анагаахын их сургуулийн харьяа эмнэлэгт 200-250 ортой байхаар бэлтгэж байна. Бид сургалтын эмнэлэг гэдэг шинэ нэр томьёог оруулж ирж байгаа. Анхан шатны үйлчилгээ авах нь иргэдийн сонголтоор, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримтлахын тулд Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэхээр бол харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжийг нээж өгч байна. Нэг сайхан мэдээ дуулгахад Хан-Уул дүүргийн 10 жил гацсан эмнэлгийг маш богино хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ эмнэлэг 300 ортой, эхний ээлжинд дөрөвдүгээр сарын 30 гэхэд тодорхой хэсгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Сонгдо эмнэлэгт хэвтэж байсан хоёр өвчтөний шинжилгээ эхлээд эерэг гарсан ч дараа нь сөрөг гарсан. Ер нь тус эмнэлэгтэй холбоотойгоор олон янзын мэдээлэл гараад байна. Энэ талаар тодорхой тайлбар өгнө үү.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:
-Сонгдо эмнэлгийг буруутгаж болохгүй. Хувийн хэвшлийн эмнэлгүүд энэ хүнд үед эрүүл мэндийн салбартаа дэмжлэг үзүүлж байгаа. Гэхдээ хурдасгасан оношлуурын шинжилгээг эцэслэн баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв. Заавал PCR төхөөрөмжөөр баталгаажсан хариу мэдээг иргэдэд өгөх нь зөв. Яарч мэдээлэл өгснөөс болж нийгмээрээ айдаст автах аюул учирч байгаа учраас яамнаас шинэ журам гаргана. Сонгдо эмнэлгийн хоёрын биед эсрэг биет үүсээгүй, өмнө нь болон одоо шинэ коронавирусийн халдвараар өвчлөөгүй нь баталгаажсан. Өвдсөн хүмүүсийн сийвэнд шинжилгээ хийхэд эсрэг биет үүсч байгаа. Тиймээс энэ хоёр өвчтөн өвдөөгүй гэсэн үг юм.