Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Авлига, албан тушаалын хэрэгтнүүд эрх чөлөөтэй зугаацсаар байх уу?

Д.Соёмбо
 

АТГ өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 532 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Тэгвэл олны анхаарлын төвд байгаа авлига, албан тушаалын гэмт хэргүүд хаана, ямар шатанд яваа талаар тоймлон хүргэе.

Сайд асан Б.Батзориг нэг жилийн хорих ял авна гэв үү

 УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн холбогдсон ЖДҮ-ийн гэх тодотголтой хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Уг хэргийг өмнө нь тус шүүхэд шилжүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон билээ. Харин энэ удаад Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Тэгвэл, эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасч,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүргүүлжээ.
Үүнээс хойш Б.Батзоригт холбогдох шүүх хурал хоёр ч удаа хойшилж, өнөөдрийн байдлаар дөрөвдүгээр сарын 22-ны 10:00 цагт болохоор товлогдоод байна.


Б.Хурц нарт холбогдох хэргийг
анхан шатны шүүх дахин
хэлэлцэхээр болов

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Элчин сайдаар томилогдохоор болсон хошууч генерал Б.Хурцыг 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгаж эхэлсэн. Түүнийг УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. Тодруулбал, шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 40.2 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт зааснаар гомдлыг шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.


УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хилийн хориг тавьж, шалгаж эхэлжээ

 

Өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн Н.Номтойбаярт хилийг хориг тавьж, шалгаж эхлээд байгаа билээ. Түүнийг “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад буй. Тэгвэл АТГ-аас түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.
Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад, “АТГ-аас шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт хүргэгдсэн. Одоогийн байдлаар хянагдаж байгаа” гэх тайлбарыг өгсөн юм.


Б.Махбалд холбогдох хэргийн
шүүх хурал энэ сарын 20 хүртэл хойшлогдов


 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны дөрөв дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа.


Бусдаас 200 сая төгрөгийн хахууль авсан Д.Бямба-Очир
гэж хэн бэ?


 “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, бусдаас 500 сая төгрөгийн хахууль авсан гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэсийн мөрдөгчид өнгөрөгч аравдугаар сард гэрээс нь баривчилж, саатуулан шалгасан байдаг. Д.Бямба-Очир нь МАН-ыг Засгийн эрх барьснаас хойш буюу 2016 оны сүүлчээс “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар томилогдон ажилласан боловч тухайн албан тушаалыг ердөө хоёрхон жил хашаад ийнхүү саатуулагдсан. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Д.Бямба-Очир 2017 оны есдүгээр сарын 26-нд тус газрын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Б.Ариунболорт 49 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж давуу байдал олгосон, тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ӨЭЭЭ” ХХК-ийг хахууль авч сонгон шалгаруулсан” хэмээн үзэж яллах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Дашрамд дурдахад төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асанг 87 ширхэг орон сууцтай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаж байсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн шалгалтын явцад Д.Бямба-Очир нь 87 байртай гэх мэдээлэл нотлогдоогүй” гэлээ.
Тэрбээр 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, жилийн орлого 78 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 668 сая, нэг тэрбум 300 сая төгрөгөөр үнэлэгдэх зургаан орон сууц, барилга байгууламжтай, 180 сая төгрөгийн үнэтэй Лексус-570 автомашинтай, нэг тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлжээ.


Сайд асан Д.Ганбат эрх мэдэл, албан тушаалаа ашиглан улсад их хэмжээний хохирол учруулжээ

Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбатыг АТГ, ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрөгч аравдугаар сард албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан цагдан хорьсон билээ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тавих тендерт “Ялгуусан” гэх компанийг ялуулж, 200 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй гэнэ. Д.Ганбатын холбогдсон яллагдагчаар татагдсан хэрэг дахиад нэмэгдэж буй нь энэ.
Түүнийг өмнө нь Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс”-ийн удирдлагын холбогдсон хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцсон билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн орд газраас тус аймгийн Ерөө сум дахь Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам концессоор барьж 2015 онд ашиглалтад оруулахад замын ажлын үнийн дүнтэй холбоотой баталгаажуулсан акт, дүгнэлт гараагүй, Сангийн, Зам, тээврийн яам, ТӨБЗГ, “Монголын төмөр зам” зэрэг байгууллагад ажлын гүйцэтгэлтэй холбоотой санхүүгийн баримт, тооцоог өгөөгүй байхад 112.66 сая ам.доллароор барьсан хэмээн тооцож улсад хүлээн авч хохирол учруулсан хэрэгт буруутгаж байгаа.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-2-т заасан эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар татсан юм. Мөн Д.Ганбатыг “Эрдэнэт үйлдвэр”-т удирдах албан тушаал хашиж байхдаа их хэмжээний мөнгө завшиж, хөвгүүдийнхээ байгуулсан “Хатанболор”, “Дэвшилт” гэх компаниар дамжуулан өмнөд хөршөөс арматур оруулж ирэн, угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж, түүний эзэмшлийн гэх “Өндөр буянт холдинг” компанийнх нь байранд нэгжлэг хийсэн билээ.

Долоон байр хувьдаа завшсан Д.Ариунбаатар Т.Бадамжунайн
бүлэглэлд хамаардаг

Нийтийн өмчийг өөрийн юм шиг захиран зарцуулж хувьдаа завшдаг эрх мэдэлтнүүдийн үйлдэл хэрээс хэтэрч байгаа дахин нэг жишээ дэлгэгдээд байна. Тодруулбал, Нийслэлийн өмчид байх орон сууцнаас албан тушаалаа урвуулан ашиглаж долоон байрыг хувьдаа завшсан гэх асуудлаар нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Ариунбаатарыг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тэрбээр, 2016 оны сонгуулийн дараа Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар томилогдсон бөгөөд Улаанбаатар хотын баланст бүртгэгдэх ёстой байсан долоон орон сууцыг өөрийн болгож авсан нь шалгалтаар илэрчээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ талаар “Орон сууцны санд бүрддэг 0.2 хувь буюу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс төвлөрүүлдэг орон сууцыг Өмчийн харилцааны газрын зөвхөн нэг орлогч өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн бүртгэлд тооцоогүйгээр улс, нийслэлийн хөрөнгөөс завшсан асуудал байгаа. Тэрхүү байруудыг буцаан авч, нийслэлд бүртгэн чөлөөлүүлж байгаа. Өшөө цаашаа юу гарахыг мэдэхгүй. Өнгөрсөн 2-3 жилийн дотор нэг орлогч долоон байрыг хувьдаа завшсан байхад бусад нь яасан бэ гэдэг асуудал том асуултын тэмдэг байх” гэж ярьсан удаатай. Д.Ариунбаатар нь Архангай аймгаас гаралтай. Улс төрийн нөлөө, хамаарал талаар яривал Т.Бадамжунайн бүлэглэлд хамаардаг гэнэ. Түүнийг өдгөө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүнд холбогдох хэрэг нийслэлийн прокурорын газарт шилжээд байгаа ажээ.

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зургаан хэргийг сэргээн шалгаж байна гэв

Эдгээрээс гадна “Жаст” групп компанийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг, цахим сүлжээ ашиглан, бусдыг залилсан, мөнгө угаасан байх магадлалтай БНХАУ-ын 23 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн байцаалт явуулж, прокурорын хяналтад байгаа аж.
Мөн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд нарт холбогдох хэргийн холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй. УИХ-ын гишүүдийг дуудан ирүүлэх зэрэг хянан шалгах ажиллагаанд хүндрэл учирч байна. Мөрдөх байгууллага болон прокуророос дуудсан хугацаанд ирээгүй. Тиймээс хуульд заасан шат дараалсан арга хэмжээг авах болно. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас гаргаагүй байна.
Монгол Улсын Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж, Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт нэгдүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан дөрвөн удаа хойшлоод байна. Тухайлбал, өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан шалтгаанаар хоёр удаа хойшилсон.
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, “Эрдэнэс монгол” компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхэд хянагдаж байгаа юм байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com