Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.ЗОЛЖАРГАЛ: Хэрэг дээрээ төсвийн тодотголыг Засгийн газар хууль зөрчөөд аль хэдийн хийчихсэн

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа.

-Төсвийн тодотголыг хийнэ, хийхгүй гээд л манай улстөрчид улайран маргаад, бие бие рүүгээ дайрч байгааг иргэд харж байгаа байх. Тийм учраас яриагаа Төсвийн тодотгол гэж юуг хэлж байгаа тухай ярилцлагаа эхлэх нь зүйтэй болов уу?
-Санаанд оромгүй мөртлөө чухал асуулт байна. Баримт түшиж хариулъя. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн: 4.1.26 “төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэлнэ.” гэж заасан.
Тодруулбал, УИХ-аас баталсан тухайн оны төсвийн орлого ба зарлагад зохих нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн батлахыг төсвийн тодотгол гэж ойлгоно. Төсвийн тодотголыг зөвхөн УИХ хийнэ. Засгийн газар бол саналаа оруулдаг хуультай. Ямар тохиолдолд нэмэлт, өөрчлөлт яаж оруулахыг Төсвийн тухай хуулийн З4 дүгээр зүйл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6, 8 дугаар зүйлүүдэд маш тодорхой заасан. Өөрөөр хэлбэл маргах боломжгүй тодорхой асуудал юм л даа.
Коронавирусээс болж улс орны амьдралд учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах зорилгоор Засгийн газар 5.1 их наяд төгрөгийн зарлагатай долоон арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Засгийн газрын эдгээр шийдвэр нь агуулгаараа Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголыг шууд хийчхэж байгаа юм. Тодруулбал, хувь хүний орлогын албан татварыг зургаан сараар чөлөөлнө гэсэн Засгийн газрын шийдвэрийн цаана Монгол Улсын 2020 төсвийн тухай хуульд орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр заасан 914.5 тэрбум төгрөгийн хүн амын албан татварын орлогыг тэн хагасаар нь багасгаж өөрчлөх асуудал шууд шийдвэрлэгдчихсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зургаан сараар чөлөөлөх Засгийн газрын шийдвэрүүд мөн адилхан шууд төсөвт тодотгол хийчихсэн. Засгийн газар ямар ч тохиолдолд хуулийн хүрээнд хууль биелүүлж ажиллах ёстой биз дээ.
Гэтэл маш олон хуулийг зөрчөөд, хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлээд шийдвэр гаргачихсан. Тэгээд хуулийн зөрчлөө арилгахын тулд тэр зөрчилдөөд байгаа хуулийн заалтуудыг нь өөрчлүүлэх багц асуудлыг УИХ-д оруулж ирсэн, тулгаж шийдвэрлүүлж байгааг бид харж байна. Зүй нь хуулийнхаа дагуу бол шийдвэрлэх асуудлын саналаа УИХ-д оруулж ирээд хэлэлцүүлж дэмжүүлэх, УИХ-ын эрх мэдлийн асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулах, өөрийн эрх мэдлийн асуудлаар Засгийн газрын шийдвэрээ гаргах ёстой л доо. Хуулийн зохицуулалт нь ийм юм. Гэтэл УИХ-ын олонх, ялангуяа одоогийн Засгийн газарт хуулийн зохицуулалт хамаагүй бололтой. Манай улстөрчид хуулийн дээр гишгэдэг авир өнөөгийн эрх баригчдад улам илт тодорхой байгааг төсвийн тодотгол тойрсон үйл явдлууд харуулж байна. Хэрэг дээрээ төсвийн тодотгол хийсэн шийдвэрүүд барьж орж ирчхээд хийхгүй гээд орилоод байгаа сайдыг юу гэж ойлгомоор юм бэ дээ.
-Төсвийн тодотголыг тойроод улстөрчид, эдийн засагчид, мэргэжилтнүүд үндсэндээ дэмжинэ дэмжихгүй гэсэн хоёр хэсэгт хуваагдсан нь ажиглагдаж байна. Та дэмжих талд нь багтаж байна гэвэл болох уу?
-Маргах асуудал биш гэж дээр хэлсэн. Тодотгол бол маргахгүй хийх бодит зүйл гэдэг дээр МАН-ын сайд дарга нараас бусад нь бүгд санал нэгдээд жигдэрчихсэн л дээ. Улс төрийн намууд төсвийн тодотгол хийхийг эрх баригчдаас маш хүчтэй шаардаж байгаа биз дээ. Санал бодол илэрхийлсэн эдийн засагчид, хуульчид, мэргэжилтнүүд бүгд тодотголыг маш үндэслэлтэйгээр тайлбарлаж, байр сууриа илэрхийлж байна.
Харамсалтай нь Сангийн сайд тэргүүтэй эрх баригчид төсвийн тодотголыг эрс үгүйсгэж байна. Энэ нь Монгол Улсын 2020 оны батлагдсан төсвийн онцлогтой шууд холбоотой улс төрийн учир шалтгаантай. Тэд маргахын дээдээр маргаж байна.
-Яагаад. Энд улс төр ямар хамаатай юм бэ. Аюулт өвчин дэгдсэн онцгой нөхцөл байдал бий болчхоод түүнийг яаж даван туулах тухай ярьж байгаа биз дээ?
-Эрх баригч улс төрийн нам сонгуулийн жил төсвийн зарлагыг үлэмж ихээр нэмэгдүүлдгийг 2016, 2012, 2008 оны батлагдсан төсвүүдээс тод харж болно. Энэ бол сонгуулийн можаритор тогтолцооны хор хөнөөлтэй тал. 2020 оны төсвийг 65 суудалтай эрх баригчид 2019 онд баталсан төсвөөсөө хоёр их наяад 303.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Урд өмнө хэзээ ч байгаагүй үлэмж их хэмжээ.
Монгол Улс төсвөөсөө 3.6 их наядын хөрөнгө оруулалт хийж үзээгүй. Тэгвэл 2020 онд хийхээр төсөвлөсөн. УИХ-ын гишүүн бүр сонгуулиар нүүрэндээ нааж тойрогтоо очихын тулд бие биендээ найр тавьж юу хүссэнээ төсөвт оруулснаас болж хөрөнгө оруулалт ийм ихээр нэмэгдсэн. Төсвийг тодотгож юуны түрүүнд гишүүдийн тойрогтоо батлуулсан хөрөнгө оруулалтын болон бусад сонгуулийн зардлыг танах замаар төсвийн зарлагыг хасах нь бий болсон нөхцөл байдалд хамгийн оновчтой, зөв бодлого, арга хэмжээ болохыг эрх баригчид, үүний дотор сангийн сайд өөрөө маш сайн мэдэж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Гэхдээ УИХ-д үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, засгийн эрхийг дангаараа барьж байгаа МАН улс төрийн ашиг сонирхлоо давж, төсвийн тодотгол хийхгүй гэдгээ хатуу мэдэгдэж байна. Бүх үйл ажиллагаагаа зөвхөн сонгуульд зориулж байгаа нь улам тодорхой болж байна. Тэдний хувьд Коронавирус, түүний хөнөөлт үр дагавар хоёрдугаар асуудал болж, түүнийг далимдуулж сонгуулийн улс төр хийж оноо цуглуулах асуудал тэргүүн ээлжинд тавигдсан байна.
Гишүүд тойрогтоо юу батлуулсныг зах зухаас нь харъя л даа. Өөрөөр хэлбэл юуг улайран хамгаалж байгааг харцгаая. Багийн төвийн барилга, иргэний танхимын тохижилт гэдэг нийт 90-ээд төсөл арга хэмжээнд 58.1 тэрбум төгрөг, сумын Засаг даргын Тамгын газрын барилга, халуун усны барилга гэх мэт нийт 40 гаруй төсөл арга хэмжээнд 69.0 тэрбум төгрөг, хорооны контор, өргөтгөл, тохижилт, хувцас солих байр гэх мэт 80-аад төсөл арга хэмжээнд 67.2 тэрбум төгрөг, Багийн эмч, засаг даргын мотоцикль худалдаж авахад зөвхөн хоёр аймагт 188 сая төгрөг, Засаг даргын Тамгын газрын автомашин худалдан авахад 3.4 тэрбум төгрөг, программ хангамж, компьютер, тавилга гэх мэт 100 гаруй тэрбум төгрөг гэх мэтээр үргэлжлүүлж болно. Супер жишээ татахад Хэнтийн аймгийн найман сум, Бэрх тосгонд тохижилт үйлчилгээний автомашин авч өгөхөд 360 сая төгрөг. Иймэрхүү зүйлийг нэг жил хойш нь тавья, ийм зүйлд зориулж үрэн таран хийх мөнгөө энэ хүнд үед хүмүүстээ өгч, худалдан авах чадварыг нь дэмжье гэхээр МАН-ынхан үгүй ээ яасан ч үгүй, сонгуулийн өмнө тэгж үхсэнээс тээглэж үхсэн нь дээр гээд улайраад дайрчихлаа.
Би энд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёл спортын зориулалттай барилга байгууламж нэгийг ч эш татсангүй. Энд эш татсан төсөл арга хэмжээнүүд ихэнхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад аль хэдийн оруулахаа больсон, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж хэвшсэн зүйл шүү дээ. Жишээ нь багийн эмчдээ мотоцикль унуулах уу морь унуулах уу гэдгийг тухайн багийн иргэд нь шийдэж байх журам тогтоогоод Орон нутгийн хөгжлийн санд мөнгийг нь хуваарилаад өгчихдөг болсон асуудал. Мал угаах ванн, багийн төвийн хүүхдийн тоглоомын талбай, хувцас солих өрөөний тохижилт гэх мэтийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад оруулахаар чинь одоо сонгуульд зориулсан төсөв гэхээс өөр юу гэх вэ. 2020 оны улсын төсвийг МАН-ын сонгуулийн төсөв болсон гэдэгтэй бүгд эвлэрчихсэн, эрх баригчид ч хүлээгээд авчихсан шүү дээ.
Асуудлын нөгөө талыг одоо харцгаая. Татвар төлөгчдийн мөнгөөр элс цемент зуураад хэзээ ч эргэж нөхөгдөхөөргүй үрэн таран хийх төсөл арга хэмжээнүүд дэндүү олон байна. Аливаа төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийж л байгаа бол хэн ч байсан мөнгөө эргүүлж хэзээ, хэд болгож авах вэ гэсэн асуултад хариулж байж шийдвэрээ гаргадаг. Гэтэл манай улстөрчдөд, ялангуяа Сангийн сайдад энэ зарчим хамаагүй. Яагаад гэвэл өөрийнх нь мөнгө биш, тэдэнд энд тэндгүй ажил эхлээд дундаас нь цавчаа гаргаж л байвал эцэс, төгсгөл, үр ашиг сонин биш. Үүнийг хэрэгжүүлдэг сүлжээ тогтсоныг С1 ТВ-ийн цензургүй сурвалжилга маш тодорхой үзүүлж байна лээ. Төсвийн мөнгийг ямар бүтцээр дамжуулж, хэн яаж хүртдэгийг тэд Баянхонгор, Өвөрхангай, Увс аймгийн жишээн дээр хоёр удаа сурвалжилж илчилснийг бид үзэв. Ийм сүлжээ зөвхөн эдгээр аймагт байгаа юм биш. Бүх аймаг, дүүрэгт хавтгайрч зүгширсэн сүлжээ.
Иймээс төсвийг тодотгоод гишүүдийн хөрөнгө оруулалтыг, тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн, Ч.Хүрэлбаатарын гэх мэтээр орон нутагтаа тавиулсан барилга байгууламжийг хасчихвал “Цензургүй”-гээр үзүүлсэн “баатар”-ууд ажилгүй, ашиг, орлогогүй болчих аюултай, сонгууль хийх санхүүжилт нь байхгүй болчих аюултай нь ойлгомжтой биз дээ.
-Тэгвэл Сангийн сайд тайлбарлахдаа Коронавирусээс болоод эдийн засаг агшсан байхад төсвийг танах нь эдийн засгийг улам агшаах аюултай, бүтээн байгуулалтаа зогсоож болохгүй, 15.000 ажлын байр алга болно гэсэн утгатай үндэслэл гаргаж байна шүү дээ. Үүнтэй холбогдуулж та юу хэлмээр байна?
-Улс төр эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалсан тайлбар. Хамгаалж байгаа улс төр эдийн засгийн ашиг сонирхол нь юу болохыг би дээр нэлээд тогтож ярьсан. Коронавирус эдийн засгийг шууд агшаасан гэдэгтэй нь санал нийлнэ. Цаашид ч эдийн засаг агших байх. 2020 онд 40.6 их наяд төгрөгийн ДНБ төлөвлөж, түүнийгээ үндэслэн төсвөө зохиож баталсан. Эдийн засаг агшсан гэдэг чинь ДНБ 40.6 их наяд болно гэдэг худлаа боллоо гэсэн үг мөн биз дээ. Тэгвэл үүнийг дагаад төсвийн орлого тасарна. Эхний улиралд 200 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасарсан тухай мэдээлж байна. Бизнес хаагдаж, хүмүүс цалингүй, орлогогүй болсон. Төсөвт татвар, нийгмийн даатгалд шимтгэл төлөх боломжгүй болчихсон. Шалтгаан нь коронавирусээс хамгаалж тогтоосон хөл хорио. Үүнийг давагдашгүй хүчин зүйл гэдэг. Энэ хүчин зүйл төсөвт тодотгол хийх хуульд заасан нөхцөлийг аяндаа бүрдүүлчихсэн. Орлого нь орж ирэхээ больчихоор зарлага гаргах боломжгүй болно биз дээ. Гэтэл эдийн засаг агшихаар төсөв танаж болохгүй, яагаад гэвэл эдийн засгийг улам агшаана, 150.000 ажлын байр алга болчихно ч гэх шиг ойлгоход хэцүүхэн зүйл ярьж байна. Хэцүүхэн гэхийн учир гэвэл, төсөвт орлого орж ирэхээ больчихоор зардлаа яаж санхүүжүүлэх вэ гэсэн асуултад хариулж таарна биз дээ. Зардлаа хасч олсныхоо хэмжээгээр зарлага гаргах нэг арга, бусдаас зээлж зардал гаргах ийм л хоёр арга бий. Сангийн сайд бусдаас зээлчихье сонгуулийн зардлаа л бүрэн бүтэн төсвөөс гаргаж байвал сонгуулийн маргааш юу болох нь хамаа алга гэж улайран дайрч байна. Эрх баригчдаас бусад нь бүгд төсвөө тодотгоод сонгуульд зориулж цацах мөнгийг чинь хасъя, иргэддээ мөнгө өгье, аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжье, нөхцөл байдал маш бүрхэг байна гэж хэлээд гуйгаад нэмэр алга. Тэд олонхоороо түрээд сонгуульд зориулж төсвийн мөнгийг салхинд цацах зорилгоосоо ухрахгүй нь нэгэнт тодорхой байна гэсэн үг.
Сангийн сайд нэг ч улс төсвөө танах тухай ярихгүй байна гэж онцлоод байхыг харлаа. Үүнтэй холбогдуулж, нэг ч улсад төсөв нь манайх шиг хогийн тантан болчихоогүй, тэнд хасах танах юм байхгүй, маш нягт нямбай төлөвлөгдсөн, маш хатуу хяналттай, тэдний төсөвт сонгуулийн зардал байдаггүй юм гэдгийг хэлмээр байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com