Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Баян-Алтай: Ардчиллын үнэт зүйлсийг баталгаажуулахад хувийн хэвшил илүү оролцох шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ЖДҮ-ийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Баян-Алтайтай ярилцлаа. Тэрбээр ардчиллын үнэ цэнээр хөл дээрээ боссон томоохон бизнесүүд болон залуу үеийнхэнд хандан, амьдралын хамгийн үнэ цэнтэй ардчилал хэмээх эрх чөлөөгөө хайрлан, хамгаалахыг уриалсан юм.

-Сайхан хаваржиж байна уу. Яриагаа ардчилал гэдэг ойлголтын талаар эхэлье. Сүүлийн 30 жилд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд орсноос хойш асар их зүйлс өөрчлөгдсөн. Эхэндээ ардчиллаас сайхан зүйл байхгүй гэдэг байсан иргэд одоо нийгмийн тогтолцооны гажуудлуудыг ардчиллаас эрж хайх боллоо. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Монгол Улсын хувьд өнгөрсөн 30 жилд олон зүйлийг дэвшилттэй хийж, амжилтад хүрсний нэг нь яах аргагүй ардчилал, түүний үнэт зүйл билээ. Хүнээр яривал 30 жил гэдэг урт хугацаа, харин улс орны хөгжлийн түвшингээр тооцвол богинохон. 1990 оноос өмнө байгаагүй эрх чөлөөг бид ардчиллаар олж авсан.

Харамсалтай нь, сүүлийн үед нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг зарим нэг хүмүүс ардчиллын буруу мэтээр холбон ярих боллоо. Үнэндээ нийгмийн тогтолцооны гажуудал нь ардчилалтай ямар ч холбоогүй бөгөөд ардчилал бол ердөө л нийгмийн нэг хэлбэр юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн тогтолцооны гажуудлыг өөр зүйлээс эрж хайх ёстой гэсэн санаа. Харин юу вэ гэдгийг мэдэж байх нь чухал. Үүнийг ярихын тулд дэлхийн хэмжээнд ардчиллын үнэт зүйлс ямар түвшинд байгааг харж, бас ойлгох хэрэгтэй болно.
-Монгол Улс бүс нутагтаа, дэлхийд ардчиллаар дээгүүрт жагсдаг орон. Үүний үнэт зүйлийг та хэлэх гээд байна уу?
-1990 оноос өмнөх хүйтэн дайны үед нэг талд АНУ тэргүүтэй барууны улсууд, нөгөө талд социалист лагерийн улс байсан шүү дээ. Ингээд 1990 оноос хойш Берлиний ханыг нурааж, ЗХУ-ын 15 холбооны улс тарж бутарснаар ардчиллын зам нээгдсэн гэхэд болно. Хуучин ЗХУ-ын 15 улсын ихэнх нь ардчилал, эрх чөлөөт нийгэм рүү шилжсэн ч гэлээ өнөөдөр зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй л явна. “Freedom House” байгууллагаас 200 гаруй улсын ардчиллын эрх чөлөөнийн индексийг жил бүр хэмжиж гаргадаг. Ингэхдээ гурван секторт хуваадаг. Бүрэн, хагас ардчилалтай болон ямар ч ардчилалгүй гэж. Тус байгууллагын судалгаагаар 200 гаруй улсын ердөө 80 орчим нь бүрэн эрх чөлөөтэй гэдэг ангилалд ордог бол үлдсэн улс нь иргэний, улс төрийн болон эдийн засгийн гээд эрх чөлөөгүй буюу хязгаарлагдмал эрх чөлөөтэй ажээ. Тухайлбал, бүрэн эрх чөлөөгүй орны хязгаарт Хойд Солонгос улс орох жишээний. Монгол Улс өнгөрсөн жил дэлхийн улс орнуудаас 35 дугаар байрт буюу нэлээд дээгүүрт жагссан. Манайхаас урд баруун Европын өндөр хөгжилтэй улсууд, АНУ орж байна. Ази тивээс хоёр л улс бидний урд байгаа. Тэр нь Япон, Тайвань хоёр.

Ерөөс дэлхий дээрх 7.5 тэрбум хүний 2.9 тэрбум нь буюу 30 гаруйхан хувь нь эрх чөлөөтэй бүсэд амьдарч байгаа бол гуравны хоёр нь эрх чөлөөгүй, хаагдмал улсад амьдарч байна гэсэн үг. Гэтэл манай улс улс төр, эдийн засгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй, иргэн хүн хаана ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам хүчин байгуулах гээд наад захын эрх чөлөө бидэнд байна. Харин сөрөг бүхэнтэй ардчиллыг холбож байгаа нь гагц манайд ч биш дэлхий дахинд өрнөж буй үзэгдэл юм.
-Ардчилал шүүмжлэгдэх болсон гол шалтгаан нь юу вэ?
-Баруун Европын ардчилал өндөр хөгжсөн улс орнуудад ч гэсэн ардчилал болохгүй байна гэсэн хандлага гарах сүүлийн үед ажиглагдах болсон. Энэ нь эдийн засгийн эрх чөлөө, тэгш бус харилцаа, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт асуудлаас үүдэлтэй. Сүүлийн 30 жилд дэлхийн эдийн засагт нөлөөтэй барууны томоохон улсуудын хүч чадал тодорхой хэмжээнд буурч, хөгжиж буй улс орон тэргүүлэх хандлага бий болсон. Тухайлбал, Хятад, Энэтхэг, Мексик гэх мэт улс дэлхийн эдийн засгийн тавцанд илүү нөлөө үзүүлэх болсон. Өнөөдөр дэлхийн эдийн засаг Хятадаас тодорхой хэмжээнд хамааралтай болж эхэллээ. Үүнийг дагаад тэдгээр улсын улс төрийн нөлөө ч нэмэгдэж ирэв. Харин баялгийн дахин хуваарилалтаас олсон орлого хүн амын олонход биш цөөн тооны баян корпорацуудад очиж байгаа учраас хүмүүс ардчиллыг тодорхой хэмжээгээр буруушаах болсон. Энэ үйл явц, өрнөл Монголд ч гэсэн бий. Манай нийт баялгийн дийлэнхийг цөөн тооны хүн эзэмшиж, улмаар нийгэмд баян, хоосны ялгаа гарч, тэгш бус байдал үүсээд байна. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын гурван хүн тутмын нэг буюу 30 гаруй хувь нь ядуу, зүдүү амьдарч байна. Энэ тэгш бус байдлын бурууг зарим хүмүүс ардчилсан нийгэм, ардчилсан тогтолцоо руу чихэж байна. Энэ буруу хандлагыг зөв эргүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал.
-Тиймээс л ардчиллаас өөр засаглалыг дэмжигчид олширч байх шиг?
-Баруун Европын улсуудад ч гэсэн хэт барууны чиглэлийн үндсэрхэг үзэлтэй, цагаачлалыг эсэргүүцдэг, либерал үзлийг буруушаадаг намууд гарч ирэх хандлага ажиглагдаж байна. Тэгш бус байдлыг хэмждэг жини коэффициент гэж үзүүлэлт байдаг. Дэлхийн олон улс оронд тэгш бус байдал ихсэх тусам хүмүүс ардчиллын үнэт зүйлсэд эргэлзэх болсон. Харин бид ийм цаг үед ардчиллын үнэт зүйлсийг улам баяжуулж, эдийн засгийн хөгжилдөө хамаг гол анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр улс орны дараагийн үеийг авч явах үүрэгтэй 1990 онд төрсөн хүүхэд 30 нас хүрлээ. Гэтэл тэд 1990-ээс өмнөх ямар хаалттай, эрх чөлөөгүй нийгэм байсныг мэдэхгүй. Ухамсарт амьдралынхаа бүх цаг хугацааг эрх чөлөөтэй, хараат бус нийгэмд өнгөрөөсөн. Тийм болохоор өөрт байгаа хамгийн гол эрх чөлөөгөө өнөөдөр огт үнэлэхгүй, зарим нэг нь ардчиллыг буруушааж байна. Тиймээс залуу үеэ ардчиллын үнэт зүйлсэд сургах зайлшгүй шаардлагатай боллоо. Ерөөс хүн гэдэг амьтан өөрт байгаа зүйлээ үнэлдэггүй, харин алдсаныхаа дараа харамсдаг араншинтай. Иймд ардчиллаа байнга тордож, усалж хамгаалах үзэлд төлөвшүүлэх ёстой. Залуу үеийг онцолж буйн гол шалтгаан бол өнөөдөр хүн амын 60 хувь нь 35-аас доош насныхан байна шүү дээ. Үндсэндээ хоёр сая орчим хүн 1990 оноос өмнөх үеийг мэдэхгүй байна гэсэн санаа. Хэрэв ардчилсан тогтолцоогоо алдах аваас нэг хүний диктатурын эрх мэдэл төвлөрсөн, өмнөх социализмын үе рүү орох эрсдэлтэй.
-Ардчиллаас ухарснаар ямар үр дүнд хүрч буйн жишээг татвал?
-Энэ жишээг холоос хайх хэрэггүй. Тухайлбал, манайхтай ижил гараанаас эхэлсэн Төв Азийн улсууд болох хуучин Зөвлөлтийн холбоонд байсан улсууд 1990 онд зах зээлийн, ардчиллын нийгэмд шилжин орно гээд явсан. Гэтэл өнөөдөр эдгээр улсын зарим нь бүс нутагтаа хамгийн их эрх чөлөөгүй, ардчилалгүй улс болж хувирсан. Тухайлбал, Тажикстан улсад гэхэд л 1992 оноос хойш нэг л Ерөнхийлөгч төрийн эрх барьж, сөрөг хүчингүй, сонгууль явуулдаггүй, хүмүүс нь үзэл бодлоо илэрхийлж, төр засгаа шүүмжилж болдоггүй, шашин шүтлэгийг нь төрөөс хянадаг ба ядуу улс болж хувирсан байна. Мөн Туркменстан улс байна. Байгалийн хий, газрын тосоор дэлхийд тэргүүлэх нөөцтэй баян улс атлаа Ерөнхийлөгчийг тойрсон нэг гэр бүл бүх баялгаа хянадаг, ямар ч ардчиллын элементгүй. Сонгуулийг дээрээс зохион байгуулж, Ерөнхийлөгч нь 97.7 хувиар ялалт байгуулдаг улс оршин тогтнож байна.
Энэ үзэгдэл зөвхөн Төв Азид болоод байгаа юм биш. Унгар улс байна. Бүрэн эрх чөлөөтэй байсан улс. Өнгөрсөн оноос хагас эрх чөлөөтэй болсон. Гол шалтгаан нь Ерөнхий Сайд Виктор Орбантой холбоотой. Тэрээр 2010 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш өөрийг нь шүүмжилсэн сөрөг хүчнийхэн, сэтгүүлчид, ТББ, судалгааны байгууллагуудыг хавчин шахаж эхэлсэн. Улмаар тус улсын ардчилсан институцууд дээр хууль өөрчлөх замаар хяналтаа тогтоосон байдаг. Гэхдээ энэ бүхний хажуугаар ардчилал, эрх чөлөөний талбар дээр гайхалтай амжилт олсон улсууд байгаа. Жишээ нь, Армени, Этиоп, Ангол, Эквадор улсыг нэрлэж болно.
-Парламентын засаглалтай ардчилсан Монгол Улсын хөгжихгүй байгаагийн гол шалтгаан юу вэ. Үүнээс гарах шийдлийг хэлж болох уу?
-Бидэнд эдийн засгийн эрх чөлөө дутагдаж байна. Хүн амыг жигд боломжоор хангах маш хүчтэй дундаж анги бүрдүүлэх шаардлага тулгарч буй. Ардчиллын буянаар маш олон хүн хувь хишиг хүртсэн шүү дээ. Тиймээс хувийн хэвшилд буй томоохон бизнесүүд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд, ардчиллыг хамгаалахын төлөө АН-тай хамтарч ажиллаасай гэж хувьдаа боддог. Эдийн засгийн чөлөөт тогтолцооноос тодорхой хэмжээний баялаг хуримтлуулсан том ААН-үүд ардчиллыг таниулж, залуу үед хүргэхэд үүргээ гүйцэтгэх л ёстой. Ёстой гэхийн учир нь, мэдээлэлгүй хүн буруу шийдвэр гаргадаг. Ардчилал гэдэг хэдий төгс хувилбар биш ч гэлээ одоогоор хүн төрөлхтөн үүнээс илүүг зохиож чадаагүй байна. Энэ үнэт зүйлсээ хамгаалахын тулд дан ганц АН ажиллаад нэмэргүй. Иймд хувийн хэвшлийнхэн болон залуус маань маш сайн идэвхтэй хамтарч ажиллах ёстой гэсэн үзлээр энэхүү уриалгыг дэвшүүлж байгаа юм.
-Судалгаагаар Монгол Улсад ядуурлын түвшин өнгөрсөн дөрвөн жилд нэмэгдсэн гэж гарсан шүү дээ. Ажилгүй иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед судалгаа гарсан болов уу?
-Дэлхийн банктай хамтарч 2018 онд хийсэн албан ёсны статистик судалгаагаар улсын дундаж ядуурал 29 хувьтай гарсан. Энэ нь бас бүс нутгаараа өөр гардаг. Жишээлбэл, манай хамгийн ядуу аймаг бол Говьсүмбэр. Тэнд ядуурал 51 хувьтай буюу хоёр хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн үг. Мөн баруун бүс, төвийн бүсэд гэхэд Дархан-Уул аймагт ажилгүйдэл ихтэй байх жишээний. Үндсэндээ нийт хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу байгаа бөгөөд өнөөдөр коронавирусийн эдийн засагт үзүүлж буй шокоор өнөөдрийн 30 хувь 40, 50-д хүрсэн байх өндөр магадлалтай. Энгийн жишээгээр, гурван хүн тутмын нэг нь хоолтой байгаа эсэхээ бодож байхад дараа дараагийн том хөгжлийн асуудлыг ярихад хүндрэлтэй. Тэрчлэн тэгш бус байдлын судалгааг боловсрол, эмнэлэг үйлчилгээ гэх мэт бүх салбараар нь гаргадаг. Зүй нь, боловсролын хувьд хүн бүр эрх тэгш сурах эрхтэй гэдэг ч захын хорооллын болон хотын төвийн сургуульд хамрагдаж буй хүүхдүүдийн сурлагын түвшин өнөөдөр тэс өөр байна шүү дээ. Энэ бол тэгш бус байдал мөнөөсөө мөн. Говь-Алтай аймгийн захын суманд байгаа эмнэлгийн үйлчилгээ Улаанбаатар хотынхоос ямар ялгаатайг хүн бүр мэднэ. Тиймээс төр засаг иргэдэд үзүүлж буй үйлчилгээгээ аль болох жигд, чанартай байх бодлогод анхаарч ажиллах нь нэгдүгээр асуудал юм. Үгүй аваас ийм тэгш бус байдал эцэстээ нийгэмд бухимдал, дарамт, стресс үүсгэж, улмаар ардчилалд хамаг бурууг тохож байгаа юм.
-Тэгш бус байдлын нөгөө талд хавтгайрсан халамжийн асуудал байдаг. Өнөөдөр залуу үеийнхэн залхуу, ажил хийхгүй байгаагийн гол шалтгааныг халамжийн буруу бодлогоос үүдсэн гэж дүгнэх хүмүүс байна. Тэгэхээр зөв шийдэл нь ямар байх ёстой юм бол?
-АН-ын өнгөрсөн гурван жилд хийсэн үзэл баримтлалын шинэчлэл, сонгосон баруун төвийн үзэл баримтлал энэ бүх асуудлын гол шийдэл. АН-ын гол санаа нь, аль болох хувийн хэвшилд тулгаарласан эдийн засгийн хөгжлийг бий болгож, нийгмийн халамжийг хязгаарлагдмал түвшинд барих. Өөрөөр хэлбэл, эрүүл саруул, нас залуу ийм хүмүүс ажил хийх ёстой. Харин нийгмээс тэтгэмж авах ёстой өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй бүлэгт тодорхой хэмжээний зохих дэмжлэг үзүүлнэ. Ажил хийх боломжтой атал хийдэггүй, эцэг эхээрээ тэжээлгэдэг хүмүүсийг ажиллуулах, бизнесүүдийг дэмжсэн механизмыг бүрдүүлэх гарц шийдлийг АН танилцуулна. Хүнд сурталгүй, авлига хээл хахуульгүй, иргэдээ мөн бизнес эрхлэгчдээ дэмжсэн үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлснээр Монгол Улс өндөр хөгжилтэй, ардчилсан улс болох юм.
-Тэгш бус байдлыг гааруулсан салбар уул уурхай гэж шинжээчид дүгнэдэг?
-Уул уурхайн баялгийн өгөөжийг Монгол иргэн бүр тэгш хүртэх зохион байгуулалтыг сүүлийн 20-оод жил хийж чадсангүй. Манай уул уурхайг хар ухаанаар хэлбэл, газар дор байгаа байгалийн баялгийг ухаж гаргаж ирээд ямар ч боловсруулалт хийхгүйгээр зарж буй процесс шүү дээ. Гэтэл энэ баялгийг лиценз нэрээр цөөн тооны бүлэглэлд өгчихсөн учраас тэд гол баялгаа өөртөө шингээж, хүн амын олонх нь өгөөж хүртэж чадаагүй учраас л тэгш бус байдал үүсчихээд байна. АН-ын хувьд, байгалиас бүтсэн баялгийн өгөөж хүн бүрт хүрдэг байхуйц, иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг нь хангахад нь тусалдаг байх ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлж байгаа. Байгалийн баялгаа ашиглаж иргэдийн амьжиргаагаа дээшлүүлсэн сайн жишээнд Норвеги, Чили, Австрали зэрэг улсуудыг дурдаж болно.
-Ярилцсанд баярлалаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com