“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг өчигдөр Сангийн яаманд Төрийн банкны 1.9 тэрбум төгрөгийн худалдан авалтын гэрээг олон нийтэд ил болгох талаар шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Сангийн яамны харьяа Төрийн банк нэг тэрбум 908 сая төгрөгөөр жип автомашин худалдаж авсан байна. Шилэн дансны хуулиар автомашин худалдан авсан гэрээ нь ил тод байх ёстой. Гэтэл Төрийн банк тэр гэрээгээ олон нийтэд ил тавихгүй байна. Үүний ард эрх баригчид сонгуулийн мөнгөө босгож байна гэж бид хардаж байгаа юм. Төрийн банкны удирдлагуудад Сангийн яамны өндөр албан тушаалтай дарга нар байдаг.Төрийн банкны хууль бус шинжтэй үйлдлүүдийн ард сонгуулийн мөнгө босгох үйл ажиллагаа нуугдаж байна гэж хардах үндэслэл бий. Төрийн өмчит компани, төрийн байгууллагуудад эрх баригчид ах дүү, хамаатан садан, цүнх баригчдаа томилсон. Тэгээд төрийн өмчийг шамшигдуулах асуулдал гараад байна. Тухайлбал, Төрийн банк, “”Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” гээд компаниуд байна. Бид Төрийн банкийг гүтгээгүй. Захирлууд нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял авсан. Ийм учраас эрх баригчид төрийн өмчөөс хулгай хийж сонгуулийн мөнгөө босгох магадлал өндөр юм. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй бол хуулийн хариуцлага тооцох шийтгэлийг чангатгах ёстой. Өөрөөр хэлбэл төрийн мөнгөөр өмч хөрөнгө худалдан авсан, ажил гүйцэтгүүлсэн бол гэрээгээ олон нийтэд ил тод тавьж мэдээлэх ёстой. Гэрээгээ ил тод тавиагүй тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч буй Сангийн сайд нь шууд огцрох үндэслэл болдог болгох учиртай юм. Мөн төрийн байгууллагуудын худалдан авалт, ажил гүйтцэтгүүлэх үйл явцад иргэд хяналт тавьж байх хуулийн өөрчлөлтүүд хийх ёстой гэж үзэж байна. Төрийн худалдан авалт, ажил гүйцэтгүүлэх асуудал эцсийн дүндээ улс төрийн намын сонгуулийн мөнгө босгох асуудалд тулж очдог. Ийм учраас бид Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эрх баригчдад хүргүүлсэн. Өнөөдөр улс төрийн намын санхүүжилт хаалттай байна. Эрх баригчид намынхаа санхүүжилт, сонгуульд хаанаас ямар мөнгө авч зарцуулахаа ил тод мэдээлэхгүй байна. Бид Улс төрийн намын тухай хуульд “намуудад төрийн гүйцэтгэлийн аудитын шалгалт оруулдаг” болгох ёстой. Өнөөдөр зөвхөн баримтын шалгалт хийж байгаа юм. Үүнээс гадна улс төрийн намуудын санхүүжилт шилэн бас ёстой. Бид иргэдэд нэгэн уриалга гаргаж байгаа. Тэр нь сонгууль дөхөж буй өнөө үед иргэн бүр төрийн байгууллагын шилэн данс руу орж хяналтаа тавих хэрэгтэй байна. Маш олон өндөр дүнтэй худалдан авалтууд байна. Энэ бүхний цаана сонгуулийн мөнгө босгох үйл ажиллагаа болно. Төрөөс хулгай хийчхээд, ЖДҮ, бонд, концесс бүгдийг өөрсдөө авчхаад тойрогтоо очоод баян Намсрай бурхан шиг элдэв мөнгө төгрөг тараадаг, иргэдийн саналыг худалдаж авдаг үйлдэл манай улсад бий болчхоод байна. Бид14 хоногийн өмнө ХЗДХЯ-ны авлига, албан тушаалаа ашигласан байж болзошгүй 96 хуудас материалыг Ерөнхий поркурорт өгсөн. АТГ газар таван асуудал байгаагийн дөрвийг нь шалгаж байгаа. Мөн прокуророос “Та бхүний тавьсан асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсэн” гэдэг хариу ирсэн. Ер нь Төрийн өндөр албан тушаалтан, яам тамгын газрын асуудлыг сөхөж тавихад хүндрэл учирч байна. Тухайлбал, ХЗДХЯ-нд хоёр удаа баримттай асуудал гаргаж тавьсан. Тэгэхэд хоёр удаа баривчилсан. Уг нь Чингэлтэй дүүргийн цагдаагаас шийдэх асуудлыг Цагдаадгийн ерөнхий газраас оролцож байгаа юм. ЦЕГ-ын орлогч дарга нь “Та бүхэнд ХЗДХ-ийн сайдыг мөрдөж мөшгөсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэсэн дарамт шахалт ирж байсан. Бид төрөөс хулгай хийсэн асуудлыг тавьж буй учраас хууль, хүчний байгууллагуудаас маш их дарамт ирэх юм байна хэмээв.
-1.9 тэрбум төгрөгөөр ямар ямар автомашин худалдаж авсан байна вэ?
-Жип авто машин худалдан авсан гэрээ гэж байгаа. Гэтэл тэр гэрээгээ олон нийтэд ил болгохгүй нуугаад байна. Шилэн дансны тухай хуульд зааснаар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээлэл ил байх ёстой. “Бид уучлахгүй” хөдөлгөөний зүгээс нуух тусам нягтал гэж хэлдэг: Монгол Улсад тулгамдсан гол асуудал бол авлига, албан тушаалын гэмт хэрэг юм. АТГ-аас 2019 онд авлигачдын улсад учруулсан хохирол 11.9 их наяд төгрөг байна гэж зарласан. Тэгэхээр улсын төсвөө давсан хулгай илэрсэн байгаа юм. Илрээгүй хулгай мөн асар их бий. Төсвийн хөрөнгөөр тансаглаж дундаас нь мөнгө гаргаж авдаг явдал тасрахгүй байна. Энэ хулгайг цэгцэлж чадвал улсын төсөв гурав, дөрөв дахин томрох боломжтой. Төсөв тэлж томорно гэдэг нь тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдэнэ. Иргэд мөнгөтэй болж бизнес, хувийн хэвшлийнхан цэцэглэх боломж байгаа.
-Та бүхэн авлигын асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж харж байна вэ?
-Бид нэг жилийн өмнө УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, ерөнхий сайдад авлигын эсрэг шийдлийн талаар асуудал хүргүүлсэн. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ийм учраас бид төрийн байгууллагуудад шаардлага тавиад явж байна. Төрийн шударга албан хаагчид бидэнтэй холбогдож мэдээлэл өгдөг. Авлигатай тэмцэхийн тулд “шүгэл үлээгчээ” хамгаалдаг хуультай болох шаардлага төрийн өндөрлөгүүдэд тавьсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын тансаглал, хулгай зэрэг маш олон ноцтой асуудлыг мэдээд сууж байдаг шударга албан хаагчид бий. Тэгээд түүнийг илчилж тавихад тэр албаны хүнийг хамгаалдаг хуульгүй байна. Энэ талаар бидний гаргасан шийдлийг Засгийн газраас ХЗДХЯ-нд шилжүүлсэн. Гэвч энэ яамны зүгээс өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Бас Ерөнхийлөгчийн зүгээс бидний тавьсан шийдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарт шилжүүлсэн. Гэвч бас юу ч хийхгүй, уг асуудлыг анхаарахгүй байгаа юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"