Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ҮХНӨ-д органик хуулиа нийцүүлж чадаагүй У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох уу?

 Монгол Улсын Үндсэн хуулийг шинээр баталснаар, 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө. Энэ удаагийн өөрчлөлтүүд дунд Засгийн газартай холбоотой хэд хэдэн чухал заалт бий. Түүний нэг нь Засгийн газрын бүтэц. Одоогийн байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газар уг хуулийн хугацаанд амжиж сайд нараа шинэчлэх үү эсвэл шаардлагагүй юу гэдэг маргаан нийгэмд үүсээд буй.
Тэгвэл Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд:
-Засгийн газар Ерөнхий сайд гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
-УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна.
-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ.

-Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө гэжээ. Яг энэ заалтаар явна гэвэл одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах шаардлага үүсч буй. Гэвч ҮХНӨ-ийг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийг Үндсэн хуультай хамтад нь баталсан бөгөөд энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар органик хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол хуучин хуулиар зохицуулна гэсэн заалт байгаа нь хуульчид, судлаачдын дунд хоёрдмол байр суурийг илэрхийлсэн маргаан үүсгээд байна.

Ямартай ч манай улсын нэр бүхий хуульчдын байр суурийг хүргэе.


Ч.Өнөрбаяр: Үндсэн хуулийн дээгүүр төр засаг алхвал буруу жишиг тогтоно
Хуульч Ч.Өнөрбаяр:

-Засгийн газрын тухай хуулийг өргөн барьж батлахдаа долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр хийхэд асуудал байхгүй гэж яриад байх юм. Үндсэн хуульд бусад хууль нийцэх ёстой. С.Бямбацогт Хууль зүйн сайд хийж байсан хүн. Үүнийг мэдэх ёстой. Түүний яриад байгаа наад Засгийн газрын тухай хууль чинь Үндсэн хуультай зөрчилдөж болохгүй. Үндсэн хууль дээр тавдугаар сарын 25 гээд цагаан дээр хараар бичсэнийг та нар яагаад гуйвуулах гээд байгаа юм. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэдэг Үндсэн хуулийн байгууллага. Энэ бол бусад хуулиар байгуулагддаг, яам, агентлаг биш. УИХ яаж байгуулагддагийг Үндсэн хууль дээр биччихсэн байгаа биз дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулчхаад баяр хөөр болоод бал сараа тэмдэглэсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үг, үсэг, цэг, таслал бүрийг та УИХ-ын даргын хувьд хариуцах үүрэгтэй. УИХ-ын даргын албан тушаал ямбалдаг албан тушаал биш. Ачааны хүндийг үүрч хариуцлага үүрдэг албан тушаал. Яагаад өөрөө гарч ирж ярихгүй байгаа юм. Засгийн газар огцрох эрх зүйн үндэслэл бий. Үндсэн хуулийн хайчинд Засгийн газар орчих вий гэж яагаад тооцоогүй юм. Засгийн газрын бүтцээ цомхон болгох боломж бий. Засгийн газрын бүрэлдэхүүнээ давхар дээлгүй болгох боломж бий. Үндсэн хуулийн дээгүүр төр засаг нь алхвал цаашдаа буруу жишиг тогтоно. Цаашид эрхтэн дархтан хэн нэгэн гарч ирээд Ардчилсан Үндсэн хуулийг зөрчдөг буруу жишиг тогтох вий.

Х.Тэмүүжин: Үр дагавраа тооцож байж хуулиа батлах ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-Үндсэн хууль бол хуулийн тогтолцооны хувьд төдийгүй засаглах хүч нөлөөний хувьд хамгийн дээд хүчин чадалтай баримт бичиг. Эрх баригчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа үйлчлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр 12.00 цагаас гэж тогтоосон. Үр дагавраа тооцож байж хуулиа баталсан байлгүй дээ. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, төрийн зохион байгуулалт, албан тушаалтны томилгоо хийгдвэл түүнийг иргэд эсэргүүцэх, Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Нөгөө талаас Цэц Үндсэн хуулийг сахин хамгаалах үүрэгтэй байгууллага. Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомж, харилцааг зөвтгөж, зөвшөөрөх эрх Цэцэд байхгүй. 

Т.Мэндсайхан: Хуулиа дагаж мөрдөхгүй бол Ерөнхий сайд огцрох үндэслэл бүрдэнэ

Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан:

-Үндсэн хуулийн саяны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 43.2-д өөрчлөлт оруулж, “Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь” гэдгийг хасч зөвхөн “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж тусгасан. Гэхдээ Ерөнхий сайд Үндсэн хуульд нийцүүлэн давхар дээлтэй Засгийн газрын гишүүдээ цөөлж, дөрвөөс ихгүй болгох ажлыг тавдугаар сарын 25-ны дотор хийх үүрэг хүлээнэ. Хэрэв Ерөнхий сайд Үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй бол огцрох үндэслэл бүрдэнэ. Өнөөгийн эрх баригчид буюу УИХ-ын дарга, зарим гишүүд, Засгийн газрын Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг органик хуулиар сунгаж, хойшлуулж болно гэж албан ёсоор мэдэгдээд байна. Ер нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тогтоодог үндсэн хоёр арга бий. Нэг нь тодорхой хуанлийн он сар өдөр заах, нөгөө нь нөхцөл, болзол заах. Эхний аргыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийтлэг байдлаар хэрэглэж тавдугаар сарын 25 гэж заасан. Харин хоёр дахь аргыг зөвхөн зарим зүйл заалтын хувьд тусгайлан хэрэглэсэн. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн хоёр ба гуравдугаар зүйл буюу улс төрийн нам байгуулах, Дархан Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох, хот тосгоны өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх асуудалд хоёр дахь аргыг хэрэглэсэн байдаг. Харин нэгдүгээр зүйлд буюу УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, байгалийн баялаг зэрэгт хамаарах хууль тогтоомжийг тавдугаар сарын 25 гэдэг хугацаанд багтаан нийцүүлж шинэчлэн батлах тухай заасан. Өөр хугацаа эсвэл хойшлуулах болзол заагаагүй юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхнаасаа зөв дагаж мөрдөхгүй бол цаашид хууль зүйн олон маргаан, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. УИХ-ын нийт гишүүдийн олонх 39 гишүүний дэмжсэн саналаар хууль батлах заалт ч мөн тавдугаар сарын 25-аас мөрдөгдөх ёстой, үүнийг мөн хойшлуулна гэж зүтгэвэл батлагдсан гэх олон хуулийн хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй болно. Засгийн газрын бүх гишүүд давхар дээлтэй тавдугаар сарын 25-наас хойш ажиллах боломжгүй, гаргасан шийдвэр хууль бус болох, улмаар Ерөнхий сайд өөрөө огцрох үндэслэл бий болно. Цаашид үндсэн хуулийг эрх баригчдын дур зоргоор тайлбарладаг жишиг тогтох аюултай.

Х.Нямбаатар: ҮХНӨ-д Засгийн газар захирагдахгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Ирэх тавдугаар сарын 25-нд үйлчилж эхлэх нэмэлт, өөрчлөлтөд Засгийн газар захирагдахгүй. ҮХНӨ-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд уг харилцааг зохицуулсан шинэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл өмнөх хуулиар уг харилцааг зохицуулна гэсэн хуультай. Хаврын чуулганаар 10 гаруй органик хуулийг батлах үүрэг хүлээсэн. Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барихаар бэлдэн ажиллаж байна. Магадгүй ирэх тавдугаар сарын 25-нд багтахгүй байлаа гэхэд Үндсэн хуулийн зөрчил болохгүй. 1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Үндсэн хуульдаа 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Өөрөөр хэлбэл, дагаж мөрдөх журмын тухай хуулиар ийм харилцааг зохицуулдаг.

Б.Гүнбилэг: Засгийн газрыг огцруулах утга хаана ч байхгүй

Хуульч, доктор Б.Гүнбилэг:

-Засгийн газрыг огцруулна гэж энэ хуулийн хаана нь ч ямар нэг утга санаа байхгүй. Үүнийг дэс дараатай тайлбарлая. ҮХНӨ нь тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно гэж байгаа. Харин Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд ”Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг УИХ-аас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” гэсэн байгаа. Энэ хуулийн нэр нь дагаж мөрдөхөд шилжих журмын тухай гэж байгаа. Зүгээр дагаж мөрдөх биш, шилжих гэж үг байгааг анхаарах ёстой. Тийм учраас “хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж заасан. Мөн Үндсэн хууль нь өөрөө улсын үндсийг тодорхойлдог тул шууд нэг өдөр үсрээд орчхож болдоггүй онцлогтой. Тиймээс УИХ өөртөө хуваарь баталж, хуулиудаа батлах, шинэ болон өөрчлөгдсөн зохицуулалтуудыг батлах боломжийг өөртөө болон бусдад үүсгэсэн ба хаврын чуулганаар Засгийн газрын хуулийг батлахаар төлөвлөсөн. Техник талаасаа уг санааг журмын хуулийн 1 дүгээр зүйл байхгүй бол ярих нь зөв. Гэтэл байна. Дахиад хэлье, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулиар хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө, нийцүүлэх ажлыг УИХ-ас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана гээд тухайн хугацааг ердийн хуулийн үйлчлэлтэй холбож өгсөн байна. Энийг л хэлээд байгаа юм. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн хүчин чадалтай заалт. Харин маргах гээд байгаа бол ҮХНӨ болон дагаж мөрдөхөд шилжих журмын хуулиа батлахаас өмнө маргах ёстой байсан.

Д.Мөнх-Эрдэнэ: Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудлыг

органик хуулиар зохицуулдаггүй

Засгийн газрын Хууль эрх зүйн газрын дарга асан, хуульч Д.Мөнх-Эрдэнэ:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг эмхлэн байгуулах буюу Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх зохицуулалтад бүхэлдээ өөрчлөлт орсон. Тухайлбал, хуучин Засгийн газрын гишүүдийг УИХ томилдог байсан бол шинэ зохицуулалтаар УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилох, чөлөөлөх болсон. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албыг хашиж болохоор Үндсэн хуульд заасан тул давхар дээлтэй Засгийн газрын гишүүдийг хуульд нийцүүлэн чөлөөлөхөөс өөр гарцгүй болж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж зааснаас үзэхэд уг хуулийн зохицуулалт нь органик болон бусад хуулиудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа юм. Харин Засгийн газрыг эмхлэн байгуулах асуудал нь органик хуулиар бус, Үндсэн хуулиар тухайлан зохицуулагддаг онцлогтой. Мөн Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр гэж тогтоосон тул Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль хамаагүй юм. Ерөнхий сайд Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг албан тушаалтан тул 2020 оны тавдугаар сарын 25-наас өмнө Засгийн газрыг огцруулах, шинээр эмхлэн байгуулах ажлыг төрийн хууль, ном журмын дагуу зохион байгуулах ёстой.

Ийн дагаж мөрдөх журмын хуульд шинээр өөрчлөлт оруулах хүртэл одоогийн хуулиараа явах уу. Эс бөгөөс Засгийн газар Үндсэн хууль хэрэгжих тавдугаар сарын 25-ны өдрөөс өмнө өөрчлөлт оруулах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. УИХ-ын сонгууль хаяанд ирсэн цаг үед эрх баригчид ямар шийдвэр гаргах бол?

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com