УИХ-ын баасан гаргын (2020.04.24) үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэдээс ХХААХҮ сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Засгийн газрын 2018 оны тогтоолоор ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ноос, ноолуурын салбарын экспорт 2019 онд 434,7 сая ам.долларт хүрч 2017 онтой харьцуулахад 30 хувиар өссөн байна. Ноолуур хөтөлбөрт тусгагдсаны дагуу ноолуурын үйлдвэрийг гурван жилд тутам шинэчлэх зорилгоор аж ахуй нэгжүүдэд 2019 оны дөрөвдүгээр улиралд 140 гаруй аж ахуй нэгжийг аттестат. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны эх үүсвэрээр 2019 онд 38 аж ахуй нэгжид 296,4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. 2016 оноос хойш төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, 2019 оны үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэр хүнд байдалд орсныг харуулж байна. Малчдын орлогыг тогтвортой байлгах, аж ахуй нэгжээ дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг олгож байна. Өнөөдрийн байдлаар яамтай бодлогын гэрээ байгуулсан 10 гаруй аж ахуй нэгж ноолуураа бэлтгэж эхэлсэн. Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймгуудаас эхэлсэн бөгөөд нийт аймгуудаас 2240 тонн ноолуур авах гэрээ байгуулсан. Ойрын үед 3000 тоннд хүрч гэрээ байгуулагдах бөгөөд бэлтгэл ажил хангагдсан. Дотоодын бэлтгэн нийлүүлэгчдэд дэмжлэг үзүүлэхээс гадна блокчэйн технологийг хэвшүүлэх, хураамжийг бууруулах, экспортыг саадгүй явуулах чиглэлээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Ч.Улаан сайд аа, та одоо болно. Өнөөдөр дэлхий нийтийн хэмжээнд ноос, ноолуурын хэмжээг өсгөхөөс илүү яаж ард иргэдээ хоолтой байлгах вэ гэдэгт дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Гэтэл та ноолуурын үнийг нэмнэ гэдэг асуудал чинь бүтэхгүй. Та буруу мэдээлэл өгч байна. Та ноолуур бэлтгэхэд зориулж 300 тэрбум төгрөг гаргаж, нэг кг ноолуур 105 мянган төгрөгт хүрч байна гэдэг үлгэр ярьж байгаа тань ард түмнийг хуурч байна. Одоо та хуучин цагийн төвлөрсөн, төлөвлөгөөт эдийн засгийн үеийн бодлогоосоо сал. Ноолуур монголчуудын хувьд чухал ч гэсэн малчдын гол орлого олдог зүйл дээр нь улс төр хийж, тоглож хүний амьдрал ахуйг сүйрүүлж болохгүй. Зах зээлийн зарчмыг нь барьж ажиллах ёстой шүү, та. Тиймээс малчид хамгийн үнэтэй байгаа зах зээлээ барьж, зах зээлийн зарчмаа барьж ажиллахгүй бол 30 хувь нь мөнгө гаргачхаад үлдсэн 70 хувийг нь хоосон хоцроох гэж байна. Та өөрийнхөө яриад байгаа зүйлдээ итгүүлж үнэмшүүлэх гэж хичээхээ болино уу.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Ер нь асуудалд бодитой хандах ёстой. Дэлхийн зах зээлийн үнэ, Хятадын зах зээлийн үнэ бидний хэлсэн үнэнээс өндөр байна. Бид нэмэгдүүлж тогтоосон үнэ биш, өнгөрсөн жилийн үнээс 30 хувиар бууруулж тооцсон. Нэгэнт бид төрийн зохицуулалтаар зах зээлээ хэрэгжүүлнэ гээд заачихсан. Зэс, ноолуур хоёр стратегийн бүтээгдэхүүн учраас доод үнийг нь тогтоож өгсөн. Би буруу гэж бодохгүй байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-200 мянган малчин, 800 мянган хүний орлогын асуудал, малчдын орлогын 40 хувь нь ноолуураас гарч байгаа юм. Аймаг бүр дээр чанар, хугацаанаас хамаарч 100 мянган төгрөгөөр доод үнэ тогтоосон гэж бүх малчид хүлээж байна. Банкууд дээр хэдэн аж ахуй нэгж, нийт хэчнээн аж ахуй нэгж байгаа вэ. Үндэсний үйлдвэрлэлээ, малчдаа дэмжинэ гэж тайлбарлаж байна. Бодлогын гэрээ хийсэн хэдэн компани байгаа, дахиад хэд байгаа вэ. Үнийн өрсөлдөөнийг бий болгох, аж ахуй нэгжүүддээ жигд хуваарилахын тулд зээлийн нөхцөлийг хөнгөвчлөх боломж байна уу.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:
-Ноолуур бэлтгэхэд оролцож байгаа болон саналаа ирүүлсэн 20 компани байна. Гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн 10 орчим, хүлээгдэж байгаа 10 орчим байна. Ойрын үед банкуудтай гэрээ байгуулаад зээл авах бололцоог ирэх долоо хоногт бүрэн хангана гэж бодож байна. Энэ компаниуд Монголын бүх л газар нутгаас худалдаж авна. Хамгийн чухал нь аж ахуй нэгжүүдийн өөрсдийнх нь саналыг харгалзан үзэж байна.
Ажлын хэсэг:
-Хөгжлийн банканд нийт 300 тэрбум төгрөг бөгөөд 5300 тонн ноолуурыг худалдаж авахаар төлөвлөж байгаа. Бид ирүүлсэн хүсэлтийг харгалзаж, олон талын судалгаа хийж доод үнийг тогтоосон. Хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөгжлийн банк болон бусад банкуудтай хамтран бусад хөнгөлөлттэй зээл гаргуулах чиглэлээр бодлого хэрэгжүүлж байна. Бусад эх үүсвэр, бонд, түүхий эдийг барьцаалах эх үүсвэр нь 300 тэрбум төгрөг дээр нэмэгдэнэ гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Өнөөдөр 3000 тонн бэлтгэсэн гэдэг асуудал зүүн аймгуудтай холбоотой. Түрүүлж гарснаар, эх үүсвэр бий болгосон 300 тэрбум төгрөгөө дуусгасан гэсэн ойлголт өгөөд байна. Гэтэл улсын хэмжээнд авч байгаа ноолуурын хэмжээнд хувь тэнцүүлж хуваарилж болоогүй юм уу. Яагаад эхний аймгуудынхыг нь аваад мөнгө дууссан гэдэг асуудал яригдаж байна. Одоо төвийн болон баруун аймгуудын ноолуурыг яах вэ. Аж ахуй нэгжүүд 100 мянган төгрөгөөр ноолуур аваад алдагдал хүлээгээд зээлээ төлөхгүй байх, зээлээ эргэн төлөхгүй нөхцөл үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ.
ХХААХҮ-ийн Ч.Улаан:
-300 тэрбум төгрөгийн зээлийг аймаг бүрт хувь тэнцүүлэх боломжгүй. Гэхдээ бид энэ зарчмыг харгалзан үзсэн. Бид эрсдэлээ хүлээж, дэлхийн зах зээлийг тооцож үзэж буй аж ахуй нэгж тогтооно. Гэхдээ өнөөдөр зүүн гурван аймгаар хязгаарлахгүй. Гэрээ хийсэн аж ахуй нэгжүүдийг харж байхад Архангай, Сүхбаатар, Хэнтий аймагт тус бүр гурав, Завхан, Булган гурав, бусад аймагт хоёр, нэг гээд гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа компани байна. Цаана нь 20 аж ахуй нэгж саналаа ирүүлснийг банк хянаж байна. Тиймээс аль болох бүх аймгийг хамруулах чиглэлээр бид ажиллаж байна. Ноолуур бэлтгэж чадахгүй бол зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна гэлээ.