Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Тавдугаар сарын 25-наас Засгийн газар чадамжгүй болох уу?

Б.САНАА

“NTV” телевизээр өнгөрсөн лхагва гарагт “Тавдугаар сарын 25-нд Засгийн газар чадамжгүй болох уу?” нэртэй хэлэлцүүлэг боллоо. УИХ болон Үндсэн хууль судлаач, хуульчдын төлөөлөл уг хэлэлцүүлэгт оролцож нээлттэй шууд ярилцсан юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны энэ тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас хэрэгжиж эхэлнэ. Хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор У.Хүрэлсүхийн Засгийн газар давхар дээлээ тайлахгүй бол Засгийн газрын шийдвэр тогтоомж чадамжтай байх уу үгүй юү гэдэг асуудал хөндөгдөнө. Энэ тухай хэлэлцүүлэгт оролцогсодын байр суурийг хүргэе.

УИХ-ын даргын Ахлах зөвлөх, хуульч Ж.СҮХБААТАР:

-Хууль тогтоогчид он сарыг шийдсэн. Хуулийн төсөл дээрээ бол анх 2020 оны долдугаар сарын 1 гэж орж ирсэн. Яагаад заавал тавдугаар сарын 25 юм бэ гэхээр учиртай. Долдугаар сарын 1 гэчихвэл дараачийн Их Хуралд бүх юмаа шилжүүлэх болчхож байгаа юм. Дагалдах хуулиуд болох Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай болон бусад хуулиуд байгаа. Тэгэхээр энэ УИХ ҮНХӨ-ийг баталлаа. Тиймээс ч зарим чухал суурь хуулиудыг наана нь өөрөө батлах ёстой. Сонгуулийн дараа Засгийн газрын тухай хууль, Чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль зэрэг шаардлагатай хуулиуд хүлээгдэх болно. Өмнөх 1992 оныхоо жишгийг бид харгалзах ёстой. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд бид Үндсэн хуулиа батлаад хоёрдугаар сарын 12-ноос мөрдөж эхэлсэн. Тухайн үеийн Улсын бага хурал үйл ажиллагаа явуулж байсан. Улсын Бага хурал тухайн оныхоо дөрөвдүгээр сарын 4-нд Сонгуулийн хуулийг баталж байсан. Улсын Бага хурлын Сонгуулийн хуулийг олон жил дагаж мөрдлөө шүү дээ.

Дараа нь тавдугаар сарын 8-нд ҮХЦ-ийн тухай хуулийг баталсан. Тэгэхээр сонгуулиас өмнө тухайн үеийн Улсын Бага хурал бол Үндсэн хуулийг хоёрдугаар сарын 12-нд хүчин төгөлдөр болгосноос хойш сонгууль хүртэлх дөрвөн сарын хугацаанд СЕХ-г зохион байгуулах, Сонгуулийн тухай хуулийг батлах, ҮХЦ-ийг байгуулах, ҮХЦ-ийн тухай хуулийг батлах гэсэн хоёр гол ажлыг заавал хийх ёстой гэж шийдсэн байхгүй юу.  Тэгэхээр хуваарь ёсоор бол УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаанаар амжиж хэд, хэдэн чухал хуулиудыг батлах шаардлагатай байгаа. Энэ нь УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд буюу тавдугаар сарын 25 гэдэг хугацаатайгаа уялдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 1992 оны жишгийг авч хэрэглэсэн. ҮХНӨ гараанаас гараагүй байхад урьдчилаад хууль баталж болохгүй. Яг одоо УИХ-ын баталсан хуулиудын дагуу холбогдох хуулиудыг өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байгаа.  

Хууль зүйн
ухааны доктор
Т.МЭНДСАЙХАН:

-1992 оны Үндсэн хууль нэгдүгээр сарын 13-нд батлагдаж, хоёрдугаар сарын 12-ноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэхдээ хавсралт хуулинд зааснаараа долдугаар сарын 1 гэхэд хуулиар зохицуулах бүх харилцаагаа зохицуулна гээд хугацааг нь заачихсан байхгүй юу. Тэр хооронд Ерөнхийлөгчөө, Их Хурлаа, Засгийн газраа бүгдийг нь шийдсэн шүү дээ. Дөрвөн сарын хугацаанд. Хавсралт хуулиа харвал бүх зүйл маш тодорхой байгаа. Гэтэл өнөөдөр бидний ярьж байгаа хууль чинь 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан. Дагаж мөрдөх журмын тухай хууль 2019 оны арваннэгдүгээр сарын 26-аас хүчин төгөлдөр болсон. Гэтэл 1992 оны хавсралт хууль чинь Үндсэн хуультайгаа яг зэрэг хэрэгжсэн байхгүй юу. Өөрөөр хэлбэл, Дагаж мөрдөх журмын тухай хууль чинь хэрэгжээд 4-5 сар өнгөрчихсөн байна шүү дээ. Энэ бол хангалттай хугацаа. Дээрээс нь 1992 оны Үндсэн хуулиар системийн хэмжээнд өөрчлөлт орсон шүү дээ. Гэтэл одоогийн ҮХНӨ-өөр системийн хэмжээнд өөрчлөлт хийгээгүй. Тодорхой хэмжээнд шаардлагатай өөрчлөлт орсон. 1992 оны Үндсэн хууль ялангуяа хавсралт хуульд заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноо түүнд харшилсан бүх зүйл заалт хүчингүй болно гэж маш тодорхой заасан байгаа. Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас доодох бүх хууль түүний дагуу гаргадаг бүх шийдвэр, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэх ёстой. Тиймээс тавдугаар сарын 25-наас ҮХНӨ хэрэгжинэ гэж үзвэл дараагийн хуулиудаа хүлээхгүйгээр ҮХНӨ-д нийцэхгүй байгаа бүх заалтуудыг автоматаар хүчингүй болгох ёстой. Хуулийн логик энэ. Ийм логикоор ҮНХӨ-ийг хийсэн гэж харж байгаа. Хэдийгээр УИХ-ын болон Засгийн газрын хууль батлагдахгүй байлаа ч гэсэн УИХ бол 27.6-ийн дагуу автоматаар хэрэгжих ёстой. Агуулга болон цаг хугацааг бүгд биччихсэн байгаа шүү дээ.

Хууль зүйн ухааны
доктор, профессор Ч.ӨНӨРБАЯР:

-Хууль зүйн сайд яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? Учир нь УИХ-ын тогтоол гаргаад бүх ачаагаа УИХ-ын гишүүддээ үүрүүлэх гэж байна. Мэдээж УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй л дээ. Гэхдээ энэ чинь Засгийн газрын хийх ажил биз дээ. Тэр дундаа Хууль зүйн сайдын хийх ажил. Ерөнхий сайдад энэ ажлыг нь хийж өгөөд ширээн дээр нь, гарт нь хүлээлгэж өгөх ёстой хүн уг нь Хууль зүйн сайд. Засгийн газрыг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу эмхлэн байгуулна гээд заачихсан байгаа. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг эмхлэн байгуулах асуудал Үндсэн хуулийн дагуу л явна. Мөн ҮХНӨ-өөр гишүүдийн тангараг алга болчихсон. Тангаргийн төслөө яаралтай бэлэн болго. Үндсэн хуультайгаа зөрчилдсөн асуудал оруулж ирээд байх юм. Үндсэн хуулиа тойруулж тоглох гээд байгаа юм уу маш ойлгомжгүй байдал үүсчихсэн. Ерөнхий сайд Үндсэн хуулиа бариад захирамж гаргаад тавдугаар сарын 25-нд ажил хийхгүй байгаа сайд нараа хөөж явуулах хэрэгтэй. Жишээ нь Ц.Нямдорж, Ч.Улаан нар байна. Ноолуурын үнэ 100 мянгад хүрнэ гэж хариуцлагагүй мэдэгдэл хийсэн сайддаа хариуцлага тооц л доо. ҮХНӨ-ийн нэг зүйл нь УИХ дахь бүлэглэл, фракцын дарамтаас Ерөнхий сайдыг гаргасан гэж харж байгаа. Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэхдээ УИХ дахь бүлэглэл, фракцаас хараат бусаар бие даасан байдлаар ажиллах боломжийг бүрдүүлсэн гэж харж байна. Тиймээс ч энэ ҮХНӨ-д ямар давуу тал, ямар сайн тал байгааг харуулах боломж байгаа. Хэрэв УИХ нь үүнийг хийхгүй бол тавдугаар сарын 25-нд захирамжаараа ажил хийдэг дөрвөн сайдаа авч үлдээд бусдыг нь явуулах хэрэгтэй. Явж, явж энэ бүхэн бол Хууль зүйн сайдын л хийх ёстой ажил шүү дээ. Чиг үүргийн дагуу Засгийн газрын хуулийн бодлогыг Хууль зүйн сайд эрхэлдэг гэж бодож байгаа. Гэтэл Хууль зүйн сайд нь ажлаа хийхгүй яагаад таг чиг болчхов. Хууль зүйн яам гээд бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа биз дээ. Яагаад УИХ-аас Ерөнхий сайдад өгсөн “гэрийн даалгавар”-аа хийхэд нь Хууль зүйн яам нь, сайд нь туслаагүй юм бэ. Дагалдах төслүүдээ боловсруулахад хагас жилийн хугацаа байсан. Энэ бол ажил хийхэд хангалттай хугацаа.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.НЯМБААТАР:

-ҮХНӨ-ийн асуудал дээр судлаачид хоёр талын байр суурь илэрхийлж байгаа. “Давхар дээл” бол Засгийн газрыг тогтвортой байлгах нэг хүчин зүйл нь байсан гэж зарим судлаачид хэлж байна. Нөгөөтээгүүр, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийг салгах нь зүй ёсны хэрэг юм. Харилцан бие биедээ хяналт тавьж тэнцвэртэй байх утгаараа бол ҮХНӨ-өөр “Давхар дээл”-ийг тайлсан нь зөв гэж нөгөө хэсэг нь хэлж байгаа. Аливаа зүйл бүх хүний санаанд нийцдэггүй шүү дээ. Зарим нь хүлээн зөвшөөрч байхад нөгөө хэсэг нь үгүйсгэдэг. Тиймээс ч МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө сүүлийн 20 жилд хийгдээгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж тусгасан байсан. Хийх, хийхдээ “давхар дээл”-ийг тайлна гэсэн зорилтдоо хүрсэн. ҮХНӨ тавдугаар сарын 25-аас үйлчилнэ. Тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд батлагдах хүртэл зарим хууль тогтоомжийн хэрэгжилт хойшлох магадлалтай байгаа. Бид хэд, хэдэн хуулиудыг заасан хугацаанд нь амжиж баталсан. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 20-ны дотор УИХ-ын сонгуулийн тухай хуулийг амжиж баталсан. Дараа нь мөн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, парламент тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж хоёрдугаар сард завсарласан. Парламент завсарласнаас хойш 10 гаруй хуулийг боловсруулах ажил хийгдсэн. Хийгдээд дууссанаасаа эхлээд УИХ-ын даргад өргөн бариад явж байгаа. Ажил хийж байгаа хүмүүсийг хажуунаас нь хараад шүүмжлэх бол амархан. Харин ажил хийх хэцүү шүү. Органик хуульгүйгээр эдийн засгийн хямралын үед Засгийн газрыг огцруул гэж байгаа нь улс төрийн хийрхсэн үйлдэл гэж харж байна.

Хуульч, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга асан Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Аливаа улсын Үндсэн хууль бол засаглалын эрх мэдэл болж байгаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлтэй холбоотой суурь зохицуулалт нь орж ирж байгаа байхгүй юу. Органик хууль гэж яриад байгаа Засгийн газрын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Засгийн газрыг эмхлэн байгуулах үндэслэл журам гэж заасан байдаг. Засгийн газрыг Үндсэн хуулийн тэдийн тэдэд заасны дагуу эмхлэн байгуулна гээд заачихсан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь органик хуулиар нарийвчлан зохицуулагддаггүй харилцаа. 1992 оноос хойш “давхар дээл”-ийн асуудал Үндсэн хуулийн дагуу л зохицуулагдаж ирсэн. Тэр ч бүү хэл 2014 онд тухайн үеийн Ерөнхийлөгч “давхар дээл”-ийг тайлуулах гээд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хууль өргөн барихад тухайн үеийн УИХ-ын олонх “Засгийн газрын хуулиар зохицуулагдахгүй, Үндсэн хуулиар зохицуулагдах харилцаа учраас....” гээд батлаагүй. Тиймээс энэ бол органик хуулиар зохицуулагдах харилцаа биш ээ. Нэгэнт Үндсэн хуулиар зохицуулагдах харилцаа учраас тавдугаар сарын 25-аас ҮХНӨ хэрэгжилт заасан журмын дагуу зохион байгуулагдах ёстой. Тавдугаар сарын 25-наас ҮХНӨ хэрэгжиж эхлэх үү, үгүй юү. Нэгэнт хэрэгжиж эхэлнэ гээд маш тодорхой хугацаа заачихсан юм бол эрх зүйн актын эрэмбэ дараа гэж бий. Тиймээс ч Үндсэн хуулиас илүү хүчин чадалтай ямар ч хууль байх ёсгүй шүү дээ. Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу бүх хууль, зарлиг, Засгийн газрын шийдвэр, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэсэн суурь зарчмынхаа дагуу хуульд нийцэхгүй байсан органик хуулийн бүх зүйл заалт угаасаа хүчингүй. Нийцэж байгаа нь цаашид хүчин төгөлдөр үйлчилнэ.

Хуульч, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Ц.ҮҮРЦАЙХ:

-ҮХНӨ бол “давхар дээл”-ийг тайлах асуудал. Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэсэн зохицуулалт бий. Энд Засгийн газрын бүтцийн асуудал яригдахгүй. Зөвхөн бүрэлдэхүүний асуудал яригдана. Бүрэлдэхүүнээ яаж өөрчлөх нь тавдугаар сарын 25-аас хойш Ерөнхий сайдын эрх хэмжээний асуудал болж хувирна. Ерөнхий сайд хэм хэмжээнийхээ эрэмбийг бариад Засгийн газрын гишүүдээсээ “давхар дээл”-тэй аль дөрвийг нь авч үлдэхээ өөрөө шийдээд бусдыг нь чөлөөлөөд, томилоод явчих л асуудал. Тэгэхээр бүтэц, бүрэлдэхүүн хоёроо ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. ҮХНӨ-ийг улс төржүүлэх шаардлагагүй. Би хувьдаа Үндсэн хуульт ёсыг хамгаалж ийм асуудал буруу болжээ гэж шүүмжилж байгаа юм. Түүнээс биш улс төр хийгээд парламентын сонгуульд нэр дэвшихийн тулд энэ асуудлыг яриад байгаа юм биш. Үндсэн хуульт ёс алдагдах гээд байна, дарангуйлал руу алхам, алхмаар ойртоод байна гэдгийг л харах хэрэгтэй. ҮХНӨ-д маш олон дарангуйллын шинжтэй заалтууд багтсан. Үндсэн хуулийн зөрчил тавдугаар сарын 25-аас эхлээд үүсэх нь. Үндсэн хуулийн зөрчилтэй, Үндсэн хуулийн бус Засгийн газартай болох нь. Өөр нэг асуудал бол ямар ч хуулийн төслийг боловсруулаад өргөн барихад дагаж өөрчлөгдөх хуулийн төслүүд хамт боловсруулагдаад орж ирэх ёстой. ҮХНӨ-ийг боловсруулаад оруулж ирэхдээ дагаад ийм, ийм хуулиудад өөрчлөгдөнө гээд төслүүд нь хамт орж ирэх ёстой байхгүй юу. Жишээ нь энэ бас л нэг доголдол.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com