Б.НОМИН
УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-СЕХ-ноос Ардчилсан нам сонгуульд оролцох эрхийн батламжаа гардаж авлаа. АН сонгуульд хэрхэн оролцох вэ?
-АН сонгуульд хууль дүрмийн хүрээнд оролцох эрхээ авлаа. Үндэсний аудитын газраас АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хуульд нийцэж байгаа гэх дүгнэлт гарсан. Одоо сонгуулийн ажил эхэлнэ. Үндэсний хэмжээний том намын хувьд АН энэ сонгуульд ялалт байгуулах зорилготой орж байгаа. Ганц нэг суудлын төлөө ороогүй. Бид өнөөгийн эрх барьж байгаа нам өнгөрсөн дөрвөн жил яаж ажилласан билээ. Нэгдүгээрт, эрх барьж байгаа намтай сонгогчдын нэрийн өмнөөс хариуцлага тооцох, дөрвөн жилийн турш ёс зүйгүй байсных нь төлөө хариуцлага нэхэх ёстой. Улс төрийн үйл явц гэдэг нэг хоёр хүний хоорондын хувийн харилцаа биш, улс орны нийгэм, эдийн засгийн үйл явц. Өнөөдөр улс орны эдийн засаг ямар нөхцөл байдалтай байгааг иргэд харж байгаа. Цар тахлын энэ үед улам илүү үүрэг хариуцлага хүлээж ажиллах ёстой. Гэтэл эрх баригчид тэр хэмжээнд чадахгүй байна. Цар тахлын тархалт манайд харьцангүй бага байна. Хамгийн гол нь цар тахлыг дагаж гарах нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг тооцох ёстой. Одооноос сөрөг үр дагаврыг арилгах, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй. АН хэдий сөрөг хүчин ч гэсэн коронавирус цар тахлын аюулыг хэрхэн давж гэтлэх, нийгэм эдийн засгийн үр ашигтай хөтөлбөр зорилтуудыг авч хэрэгжүүлэх талаар зургаан удаагийн саналыг эрх баригчдад хүргүүлсэн. Харамсалтай нь одоо болтол нэгийг нь ч авч хэлэлцээгүй. Төсөв хөрөнгө, эдийн засгийн даван туулах чиглэлтэй холбоотой асуудлаар хэд хэдэн томоохон хөтөлбөр, хуулийн төслийг санаачилж өргөн барьсан.Хэлэлцүүлэгт оруулаагүй л байна. Ерөнхий сайд нь долоон нэр төрлийн 5.1 их наяд төгрөгийн төсөв хэрэгжүүлнэ гээд зарлаад амласан. Гэтэл сар гаруй хугацаанд дорвитой хэрэгжсэн арга хэмжээ, алхам хийгдсэнгүй. НДШ-ийг чөлөөлнө, хөнгөлнө гэсэн нь янз бүр өөрчлөгдсөөр анхны амлалт нь тэс өөр болоод хувирчихлаа. 200 мянган малчин өрхүүд дэмжих үүднээс 300 тэрбум төгрөгийн худалдан авалт хийнэ гэсэн. Төр өөрөө зах зээлийн харилцаа руу хэт хөндлөнгөөс оролцоод малчдад хүлээлт үүсгэж байна. ХХААХҮ-ийн сайд ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гээд зарлачихсан. Жамаараа явж байсан ноолуурын арилжаа бүгд зогссон.
-Коронавируст халдвар /COVID-19/-ийн цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна?
-Ерөнхийдөө олон түмэнд эрх бүхий байгууллага маш том төсөл хөтөлбөр хууль гаргаж арга хэмжээ авч байгаа дүр зураг харуулах гэж л оролдсонтой адил болчихлоо.
Тэртэй тэргүй өөр бусад хуульд бий зүйл заалтыг давхардуулж авчраад нэг л том ажил хийж байгаа юм шиг харагдах гэсэн үйл ажиллагаа. УИХ-ын хэнтэй ч үл хуваалцах онцгой эрх бол төсвийн эрх мэдэл байдаг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг Их хурлын дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж баталдаг. Яг тэрэнтэй адилхан хэмжээнд авч үзэж Төсвийн тухай хуулийг баталдаг. Төсвийн тухай хуулийг дөрвөн удаа хэлэлцэж баталдаг. Ийм онцгой хуулийн эрх мэдлийг Засгийн газарт олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.
-АН-ын мөрийн хөтөлбөрийн онцлогоос дурдвал...
-Бид нийгмийнхээ суурь гол бааз болсон өрх гэр бүлээ дэмжиж байж улс орны хөгжил харагдана гэж үзэж байгаа. Хэрвээ Монгол Улсыг хөгжүүлье гэж бодож байгаа бол хамгийн эхлээд өрх гэр бүлээ хөгжүүлэх, чинээлэг болгох ёстой. Үүн рүү чиглэсэн хөгжлийн бодлогыг бид хэрэгжүүлж байж улс орны суурийг тавьж чадна гэж харж байгаа.
-Ардчиллын анхдагчдын нэг болох Э.Бат-Үүл, Н.Алтанхуягаас эхлээд бие дааж нэр дэвшихээ илэрхийлсэн. Энэ тухайд таны бодол ямар байна?
-Хувь хүний суурь эрх сонгох, сонгогдох эрх. Нэгэнт энэ хүмүүс өөрсдөө нарийн асуудлын нюанс сайн муу бүх талыг маш сайн ойлгож байгаа хүмүүс. Нэгэнт өөрсдөө бие даасан шийдвэрээ гаргаад явж байгаа. Би тэр хүмүүсийг зөвтгөөд эсвэл буруутгах нь зохимжгүй. Шулуухан хэлэхэд аливаа улс төрийн намд орохдоо улс төрийн намаар дамжуулж улс төрд зорьж байхдаа хүн үзэл баримтлал үнэт зүйлээ эрхэмлэж явдаг. Гэтэл тухайн хувь хүн ямар нэг эрх мэдэлд хүрэхийн тулд, сонгогдохын тулд үзэл баримтлал үнэт зүйл рүүгээ нулимж болохгүй л дээ. Тиймээс энэ хүмүүсийг яаж ч зөвтгөж бодох гээд бодол төрөхгүй байна. АН бол 200 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том нам. Хэн нэгэн хүн орлоо, гарлаа гээд алдах зүйл харьцангүй бага.
-АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа бие дааж нэр дэвшинэ гэсэн үү?
-Өөрөө сонголтоо хийгээд, нэр дэвшихээ зарлаад явлаа.
-Энэ жил АН-ын сонгуульд хүч үзүүлэх хүмүүсийн ихэнх нь залуу боловсон хүчин байна уу гэж харагдаж байна. Та залуу хүмүүсийг түлхүү дэмжиж нэр дэвшүүлэх бодолтой байгаа юу?
-Зарим нь байр сууриа тавьж өгөх дургүй байна. Аливаа зүйлд халаа сэлгээ шинэчлэлт өөрчлөлт гэх зүйл заавал байх ёстой. Үндэсний бодлогын хороонд нийт бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь дандаа залуучууд орж ирсэн. Түүнээс 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд орж ирсэн. Түүхэндээ ийм байгаагүй шүү дээ. Залуу үеийн төлөөлөл манай намын төлөөллийн төв байгууллагад түлхүү орж ирсэн. Нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсийн 80 орчим хувь нь дандаа шинэ залуу хүмүүс байна.
-Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогч нь намдаа 100 сая төгрөгийн хандив өгсөн байх ёстой гэж байгаа. Харин эрх баригч нам нэр дэвшигчдээсээ ямар ч мөнгө төгрөг хураахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ тухайд?
-Төрийг төвхнүүлнэ, төрийн эрх барих дээд байгууллагыг бүрдүүлж бий болгоно гэдэг маш чухал ажил. Аливаа улсын тусгаар тогтнол, хөгжлийн удирдлагыг авч явах бүрэлдэхүүнийг бий болгоно гэдэг тухайн улсын тусгаар тогтнолтой эн тэнцэх хэмжээний асуудал. Сонгууль гэхээр ач холбогдол өгдөггүй. Хэдэн амбицтай нөхдүүд өрсөлдөөд явж байгаа юм шиг ойлгоод байна. Тэр хүмүүс чинь дараа нь чи бидний амьдрал, хувь заяаг шийднэ. Улс орны хөгжил, хөгжлийн бодлогыг тодорхойлно. Зөв хүмүүсээр төрөө бүрдүүлж чадна гэдэг хөгжлийн нэг боломжийг бий болгож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд нэг ч хууль санаачилж үзээгүй дөрвөн жил өнгөрөөж байгаа гишүүнийг хараад би гайхдаг. Хэн нэгнийг муу хэлэх гэж байгаа юм биш. Дэлхийн аль ч улс оронд хөрөнгө мөнгө зарцуулахгүй сонгууль хийдэг улс орон байхгүй. Эрх баригчдын хувьд нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн татвар авахгүй сонгуульд орно гэж байна. Сонгогчдыг доромжилж байгаа сонгодог доромжлол. Сонгогчдыг тэнэг гэж харж байгаа байхгүй юу. Тэгээд хэлчихээр итгэх юм гэнэ. МАН-ын лидерүүдийн хэлдэг дуртай үг байдаг шүү дээ. Ард түмэн гэдэг юу ч бичээгүй цагаан цаас юу ч хэлсэн яадаг юм гэж хэлж байсан. Тийм зарчмаар хандаж байгаа юм.
АН улс төрийн намууд дундаа шинэчлэлийн манлайлал харуулах гэсэндээ муу сайн хэлүүлээд явж л байна. Үеийн үед улс төрийн намуудыг хамгийн гол буруутгадаг зүйл нь санхүүжилт байсан. Асар их хэмжээний мөнгө угаалаа, луйвар хийлээ гэж сүүлийн 30 жил мууллаа. Яагаад АН санхүүжилтээ ил тод босгож байна гээд ярихаар буруутан болчхоод байгаа юм. Анх би санал оруулахдаа татварыг 50 саяар оруулсан. Харин намын гишүүд дотроосоо саналаа гаргаад 100 сая байх нь зөв юм байна гэж үзсэн. Бас нэг шалгуур нь 100 сая төгрөгийн татварын эх үүсвэрээ тодорхойлно. Нотлох баримттай татвараа бүрдүүлэх юм. Манай намын нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүс нэг ширхэг ч төрийн албан хаагч байхгүй. Тэр татвараа төлөхдөө ямар нэгэн төсөв мөнгөтэй холбоотой нэг ширхэг хөрөнгө санхүүжилтийг олж ирээгүй. Үүгээрээ санхүүгийн эх үүсвэр цэвэр. Эрх баригчид яаж сонгуульд оролцох юм. Цар тахлаар далимдуулж маш их хөрөнгө мөнгийг сайн үйлсэд зарцуулж байгаа мэтээр баруун солгойгүй цацаж байна. Эрх баригчид сонгуульд оролцох санхүүжилтээ ил тод зарлах ёстой. Надад хардах эрх байгаа. Би МАН-ыг төсвийн мөнгөөр сонгуульд орох гэж байна гэж харж байгаа. МАН-ын Нийгмийн даатгал, Хүн амын орлогын албан татвар нь зүсээ хувиргачихлаа. Ноолуур нь дампуу бодлого болж хувирлаа. Малчдыг дэмжих биш хорлосон үйлдэл болчихлоо. Аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа нь доголдсон газарт мөнгөн тусламж үзүүлнэ гэж байгаа. Үйл ажиллагаа нь доголдсон гэх тодорхойлолтыг хэн өгөх юм. Өчнөөн ААН байгууллага үйл ажиллагаа нь зогсчихлоо. Ерөнхий сайдынх нь гаргасан долоон зүйл заалт нь байндаа тусаагүй.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН