Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Ойдов: Орон нутагт ажлын байраа алдах, өрхийн орлого буурах явдал газар авч байна

Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, АН-ын ҮБХ-ы гишүүн Ц.Ойдовтой ярилцлаа.

-Орхон аймаг нийгэм, эдийн засгийн хувьд бусад аймгаас илүү. Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажил хэр хийсэн бэ?
-Орхон аймагт 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байхад маш олон тооны бүтээн байгуулалт хийсэн. Тухайлбал, авто замаа бүрэн шинэчилсэн, орон сууцны хорооллын засвар хийсэн гэх мэт. Харин сүүлийн дөрвөн жил буюу 2016 оноос хойш МАН үнэмлэхүй олонх болсон ч өмнө нь хэрэгжүүлж байсан сайн ажил, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлсэнгүй. Аймгийн хуралд бид хэдийгээр хоёрхон төлөөлөлтэй ч гэсэн нийгэмд чиглэсэн ажлын санал санаачилга гаргадаг. Харамсалтай нь эрх баригчид ажил хэрэг болгох тал дээр ажиллахгүй байгаа. Ер нь өнгөрсөн дөрвөн жилд орон нутагт дорвитой шинэчлэлийн ажил хийгдэлгүйгээр бүрэн эрхийн хугацаа дуусч байна.
-Тэгэхээр Орхон аймгийн хувьд шуурхай шийдэх ёстой, тулгамдсан асуудлууд юу байна вэ?
-Манай аймаг уул уурхай түшиглэсэн эдийн засгийн бүтэцтэй. Бас 100 хувь хотожсон аймаг. Улаанбаатар хотын дараа орох том хот бол манай Эрдэнэт. Үйлдвэр уул уурхай дагасан хот учраас бид цагаан тоосны асуудлыг олон жил ярьж байгаа.Энэ тоосжилтыг бодитоор багасгах нь чухал. Үүнээс үүдэж иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Орхон аймгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн нөхөн олговрын асуудлыг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хөндөөд ажиллаж байгаа. Мөн Эрдэнэт хотын хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдарч байгаа учраас тэдгээр айл өрхийг дэд бүтэцтэй болгох, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгцээ их байна. Ажлын байр шинээр бий болгох, ЖДҮ эрхлэгчдийг дэмжин хөгжүүлэх ажлууд шийдлээ хүлээсэн хэвээр байна.
-Орхон аймаг Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Гэвч ажилгүйдэл сүүлийн жилүүдэд улс орны хэмжээнд нэмэгдсэн. Танай аймгийн хувьд ямар байна вэ?
-Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар Орхон аймаг тэргүүлж байгаа. Эдийн засгийн боломжтой, өрсөлдөх чадвартай аймаг гэж үздэг. Орхон аймагт 103 мянган хүн ажиллаж амьдардаг. Үүн дээр оюутан сурагчид, ирж очиж буй хүмүүсийн бүртгэлийг нэмбэл 130 орчим мянган хүн оршин суудаг гэсэн тооцоо бий. Аймгийн хэмжээнд хамгийн том ажил олгогч нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр. Энэ үйлдвэрт 7000 орчим хүн тогтмол ажилладаг. Мөн хивсний үйлдвэр бий. Эдгээрээс гадна Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг ашигладаг шинэ үйлдвэрүүд ч ажиллаж эхлээд байгаа. Гэвч ажилгүйдлийн түвшин өмнөх жилүүдээс бага зэрэг нэмэгдсэн судалгаа гарсан. Орон нутагт ажилгүйдлийг бууруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гол гарцын нэг нь жижиг дунд үйлдвэрлэл. Иймд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг төрийн бодлогоор дэмжих нь зүйтэй. Иргэд өөрөө өөртөө ажлын бий болгох нь хамгийн чухал зүйл гэж дэлхий нийтэд үздэг. Төрөөс ажлын байр бэлдэж өгөхөөс илүүтэй өөрсдөө ажлын байр бий болгох нь чухал. Маш зөв хандлага зорилт юм. Ийм учраас Ардчилсан намын зүгээс ажлын байрыг нэмэгдүүлэх олон зорилтыг мөрийн хөтөлбөртөө суулгаж, холбогдох байгууллагуудаар хянуулан энэ удаагийн УИХ-ын сонгуульд бэлтгэн ажиллаж байна.
-Сүүлийн жилүүдэд томоохон хот суурин газ­руудад шилжих хөдөл­гөөн нэмэгдсэн. Орхон аймгийн хувьд ямар байна вэ?
-Статистик харвал шилжиж явсан, шилжин ирсэн иргэдийн тоо ойролцоо байгаа. Өмнө нь 2000-2010 оны үед баруун аймгуудаас шилжин ирэх иргэдийн тоо нэлээд өндөр байсан. Гэвч сүүлийн үед Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэтэд шилжин ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Ер нь манай Орхон аймгийн иргэд уул уурхайн бүс нутаг руу явж нэлээд ажилладаг. Тэгэхээр гэр бүл нь Орхон аймагт байдаг ч өөр газар, орон нутагт очиж ажилладаг иргэдийн тоо сүүлийн үед нэмэгдсэн. Тэгэхээр гэр бүлдээ ойр, хамт ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Бид ийм зорилт тавин ажиллаж байгаа.
-Та орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч хүн. Орон нутагт ч улсын хэмжээнд ч эрх баригчдын мөрийн хөтөлбөрийг хэрхэн биелсэн хэмээн дүгнэж байна вэ?
-Орхон аймгийн ИТХ орон нутгийн эрх баригчдын өнгөрсөн гурван жилийн ажлын төлөвлөгөөг саяхан дүгнэсэн. Цаасан дээр бичээд танилцуулга гаргахад мэдээж өндөр үр дүнтэй биелсэн гэж гардаг. Харин амьдрал дээр асуудал ямар байна гэдэг нь гол дүн нь юм. Тэгвэл өнөөдөр иргэдийн орлого нэмэгдсэн үү, амьдралын чанар сайжирсан уу, иргэд аз жаргалтай амьдарч чадаж байна уу гэдгийг л харах хэрэгтэй. Өнөөгийн эрх баригч МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн гол асуудал нь дээрх хэдэн асуулт шүү дээ. Үүнийг нь бид өнөөдөр цаасан тайлангаар биш амьдрал дээрээ бодитоор дүгнэх нь чухал. Миний бодлоор монголчууд бидний амьдралд өсч дэвжсэн өөрчлөлт гарсангүй. Эрх баригч МАН иргэдийн амьдралын чанарт санаа тавиагүй. МАН УИХ, Засгийн газрын хэмжээнд ч орон нутагт ч ялгаагүй дотоод асуудалдаа илүү анхаарч эрх мэдэл, албан тушаалын төлөө тэмцэл өрнүүлж ирлээ.
-Коронавирусийн цар тахлын сөрөг нөлөө Орхон аймгийн хувьд ямар байдалтай байна, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ?
-Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж орон нутаг төдийгүй улсын хэмжээнд нийгэм эдийн засгийн амьдралд хүндхэн цаг үе тохиож байна. Ийм учраас эхлээд иргэдэд, дараа нь аж ахуйн нэгжүүдэд тулгараад байгаа эдийн засгийн асуудлыг шуурхай шийдэх ёстой. Эдийн засагчид, шинжээчид нийгэм, эдийн засгийн энэ хямрал 2022 он хүртэл үргэлжлэх нь гэсэн төсөөлөл гаргаад байна. Тэгэхээр ийм нөхцөл байдалд тохирсон бодлого зорилт хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарлаа. Иймд орон нутгийн хэмжээнд зургаан сар, нэг жил, хоёр жил гэсэн үе шаттай бодлого боловсруулан ажиллах ёстой гэж харж байна. Мөн иргэдийн эрүүл мэндийн дархлааг дэмжихэд онцгой анхаарч ажиллах ёстой. Цаашид иргэн, өрх бүрийн орлогыг бууруулахгүй байлгах дээр анхаарах шаардлага бий. Чанартай хоол хүнсээр хангах, эрүүл саруул байх, эдийн засгийн чадамжтай байвал дэлхий нийтийг хамарсан энэ цар тахлыг хохирол багатай туулна.
-Цар тахлын үед төр засгаас хэрэгжүүлж буй бодлого орон нутагт, иргэдэд хүртээмжтэй байж чадаж байгаа болов уу?
-Хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, жижиглэнгийн худалдаачид гээд маш олон иргэдэд төрөөс хэрэгжүүлж буй эдийн засгийн долоон арга хэмжээний үр өгөөж очиж чадсангүй. Дэлхийн улс орнууд эхлээд иргэн нэг бүртээ хүртээмжтэй байх бодлого хэрэгжүүлсэн, манай засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого иргэдэд тэр бүр хүртээмжгүй байгаа. Иргэдэд тэр бодлого шийдвэр нь хүрэхгүй байна. Иймд иргэдэд хандсан, хямралын үед амьдралын чанарыг нь дордуулахгүй байх бодлого ахин төлөвлөж хэрэгжүүлмээр байна. Эрх баригчид иргэдийнхээ дунд орж, ямар асуудал байгааг судалж байж бодлого шийдвэр гаргах шаардлага их байна.
-Жижиг дунд үйлдвэр, бизнесүүдийн орлого хэр зэрэг буурав. Энэ талаар судалгаа гарсан уу?
-Би жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийн дунд ажилладаг хүн. Бизнес эрхлэгчид, тэнд ажиллаж буй хүмүүсийн асуудал маш хүнд байна. Иргэдийн гар дээрх багахан нөөц эхний дөрвөн сард бүрэн шавхагдсан. Цаашид яаж амьдрах вэ гэдэг хүнд хэцүү сорилттой тулгараад байгаа. Иймд өөрөө өөртөө ажлын байр гаргаад явдаг жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид өдрөөс өдөрт цөөрч байна. Хүүхдийн мөнгөний 10 мянган төгрөгийн нэмэгдлээс өөр бодит дэмжлэг иргэдэд ирсэнгүй шүү дээ. Ажлын байргүй болсон иргэдийн хувьд хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй болоод байгаа юм. Орон нутагт ажлын байраа алдах, өрхийн орлого буурах явдал газар авч байна. Яаралтай арга хэмжээ төрөөс авах ёстой. Төрд ажиллаж байгаа хүмүүсээс хөрсөн дээрээ буусан, судалгаа шинжилгээтэй, хурдтай шийдвэрүүд хүлээгдэж байна. 

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com