Х.АНАНД
БЗД-ийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Нэргүйтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Баянзүрх дүүрэгт сонгууль будилаантах нөхцөл бүрдчихлээ гэж дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчдээс мэдэгдээд байгаа. Яагаад сонгууль будилаантай болно гэж үзэж байгаа бэ, Та энэ тухай тодорхой тайлбар өгөөч?
-Монгол Улсын иргэн шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан төрийн удирдах хэрэгт оролцох эрхтэй. Шууд оролцох эрхээ төрийн сонгуульд сонгох, сонгогдох замаар хэрэгжүүлдэг. Гэтэл МАН сонгуулийн дүнг будилаантуулах мэргэшсэн багтай болсон байна. Үе үеийн сонгуулиар үүсдэг сонгуулийн хорооныхны луйврыг ам дамжин ярьцгаадаг. Олны үг ортой. Ашгүй хар машинтай болж гараар тоолохдоо хэрэглэдэг байсан аргуудыг хэрэглэх боломжгүй болсон. Гэхдээ л хулгайчийн арга улам нарийсдаг гэгчээр эрх баригч нам сонгуулийн хороог хараат байдалд байлгаж, гар хөл болсон хүмүүсээ томилох замаар иргэдийн саналыг хулгайлахаар зэхэж байна. УИХ-ын ээлжит сонгууль тун удахгүй болж, иргэд маань дөрвөн жилд нэгхэн удаа сонгох, сонгогдох эрхээ эдлэх түүхэн он цаг хаяанд ирээд байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос Нийслэлийн тойргийн хороог, Нийслэлийн тойргийн хороо нь дүүргүүдийн тойргийн хороог байгуулж ажилладаг хуультай. Сонгуулийн тусгай хуулийн 14.3 “Сонгуулийн хороодод сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулна.”, 17.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн саналыг харгалзан байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдаас аль мэдлэг, туршлагатай гэсэн албан хаагчдын нэрсийг 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Зэрэгцүүлээд МАН-ын бүлгээс нэр бүхий таван хүнийг тойргийн хороонд оруулж, ажиллуул гэсэн захиалга гэх үү, заавар гэх үү албан бичиг очсон байна. Ямар ашиг, сонирхолтой болоод намын бүлэг тойргийн хорооны бүрэлдэхүүнийг захиалаад, тэр нь сонгуулийг шударга явуулж, аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нөлөөлөлд автахгүй байх үүрэгтэй Нийслэлийн сонгуулийн хороо гэдэг байгууллага биелүүлээд сууж байна бэ гэдэг нь их сонин байгаа юм. МАН өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд л тэдгээр хүмүүсийг санал болгож дүүргийн сонгуулийн хороонд оруулж, Нийслэлийн сонгуулийн хороо МАН-ын бүлгийн заавраар ажиллаж байгаа нь тодорхой байна.
-Ер нь аль нэг нам, эвслээс сонгуулийн хороодод ажиллуулах хүсэлтэй хүмүүсийнхээ нэрсийг өгч болно гэдэг ч юм уу хуулийн заалт байдаг уу?
-Байхгүй ээ.
-Ямар хүмүүсийг МАН урьдчилаад захиалсан юм бол гэсэн гайхаш төрж байна. Нэрийг нь Та мэдсэн үү?
-Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батсүх, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Э.Энх-Очир, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ гэсэн таван нөхрийг МАН-аас захиалсан байна. Эдгээрээс И.Баттөгс, Э.Энх-Очир нар нь 2016 оны дүүргийн орон нутгийн сонгуулийг хууль бус шийдвэрээрээ бужигнуулж, дөрвөн жилийн турш сонгуулийн маргаан гарахад хүргэсэн хүмүүс. Өмнөх сонгуулиудад ажиллахдаа гаргасан шийдвэрүүд нь хууль бус байсан нь шүүхээр тогтоогдож, ийм хариуцлагатай ажил хийхэд мэдлэг, чадвар нь тэнцэхгүй байгаа нь тодорхой байхад МАН-аас тусгай урилгаар дахин ирж байгаа нь будилаан хутгаж гаршсан ажлаа энэ жил дахин хий гэсэн даалгавартай ирсэн байх магадлалтай.
-Тойргийн хороо гэдэг хэр зэрэг их эрх мэдэлтэй байгууллага бэ?
-2019 оны арванхоёрдугаар сард МАН олонхоороо сонгуулийн хуулийг дахин шинээр баталсан. Ингэхдээ 2016 оны Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно гэсэн заалтыг өөрчилж, “сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг хуульд заасны дагуу тогтоож, энэ тухай холбогдох байгууллагын шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж өөрчилсөн.
Үндсэндээ шүүх эрх мэдлийг сонгуулийн хороонд олгосон байна. Тэд хуулиар хамгаалалт бий болгосон учраас сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гишүүдийг намын албан бичгийг үндэслэн томилж ямар ч айдасгүйгээр хууль зөрчдөг, ямар ч үндэслэлгүйгээр хүний эрхийг зөрчдөг хүмүүсийн баг болгон улс орон даяар илгээж хүссэнээрээ ажиллуулах нь ээ. Илүү тодорхой мэддэгээрээ БЗД-ийн 2016 оны орон нутгийн сонгуулийн будилааныг жишээ татаж болно. Дүүргийн сонгуулийн хорооны гаргасан 13 тогтоолыг хуульд нийцсэн эсэхийг хянаж,100 гаруй шүүх хурал болж, бүтэн хоёр жил маргалдлаа. Тухайн үед хар машины дүнгээр АН 22, МАН 19 төлөөлөгчтэй болж АН олонх болсон. Хуулиараа бол дүүргийн сонгуулийн хороо энэ дүнг үндэслэж дүүргийн ИТХ-д тогтоолын төсөл өргөн барих үүрэгтэй байсан. Гэтэл дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүн гарсны маргааш нь хуралдаад л АН-аас нэр дэвшиж олонхын санал авч сонгогдсон долоон хүнийг ямар ч үндэслэлгүйгээр шууд нэр дэвшигчээс хассан. Эрх нь зөрчигдсөн хүмүүс шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр орж сонгуулийн хорооны тогтоол хууль бус байна гэдэг нь тогтоогдсон. Гэтэл дахиж хуралдаад зургаан хүнийг нь хасах шийдвэр гаргасан. Энэ хооронд Ц.Батболд Нийслэлийн засаг дарга байхдаа дүүргийн Засаг даргыг томилсон хууль бус захирамж гаргаж цагдаагийн байгууллагатай хүч хавсран дүүрэг рүү дайрсан. С.Амарсайхан дарга мөн л дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсон захирамж гаргаж иргэдийг хооронд нь талцуулж бас л дүүрэг рүү дайрсан. Шүүх захирамжийн хэрэгжилтийг түдгэлзүүлж ашгүй энэ байдал намжсан. Энэ мэтээр дүүргийн сонгуулийн хорооны гаргасан хууль бус шийдвэрүүд хүчингүй болсон ч МАН-ын бүлэг хууль бусаар төрийн тамга хийлгүүлсэн асуудлыг шүүх дээр хэлэлцээд явж байна.
-МАН өөртөө байхгүй эрх эдлэн хүсэлт явуулж, Нийслэлийн сонгуулийн хороо үүнийг хүлээн авч, ёсоор болгосон юм байна. Энэ нь бусад намын нэр дэвшигчдэд мөн адил хамаатай байх?
-Баянзүрх дүүргийн МАН-ын бүлэг Нийслэлийн сонгуулийн хороонд үүрэг өгдөг их том эрх мэдэлтэй бүлэг юм байна. Нийслэлийн сонгуулийн хороо намын бүлгийн хүсэлтийг ёсчлон биелүүлж санал болгосон таван хүнийг бүгдийг нь сонгуулийн хороонд орж ажиллуулах шийдвэр гаргасан. Намаас тусгай даалгавар, захиалга авч дүүргийн тойргийн хороонд орж ажиллаж байгаа хүмүүс намаас ангид ажиллах уу?
Яаж ч бодсон энэ бол төрийн бус намын сонгууль болох гээд байгаагийн нэг дохио. Тиймээс энэ асуудал дан ганц Ардчилсан намын асуудал биш. Баянзүрх дүүрэгт сонгогдох эрхээ эдлэхээр горилж байгаа бүх нам, эвслийн нэр дэвшигчид, бие даагчдад хамаатай асуудал.
-Нийслэлийн сонгуулийн хороо хуулиа мэдэхгүй байна гэж байхгүй. Та бүхэн Нийслэлийн сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийнх нь талаар тайлбар авсан уу. Та бүхний шаардаж буй зүйл юу вэ?
-Яг үнэн. Нийслэлийн сонгуулийн хороо шинэ хуулиа маш сайн мэддэг, судалсан гэдэгт итгэлтэй байна. Учир нь нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд 2012 оноос хойших бүхий л сонгуулиудад Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар ажиллаж байгаа туршлагатай хүн. Гэтэл энэ хүн хуулийг үл тоож МАН-ын бүлгийн саналаар сонгууль зохион байгуулах хүмүүсийг томилж байгаа нь МАН-тай ашиг, сонирхол нэгтэй байгааг нь харуулж байна.
2016 онд хууль зөрчсөн шийдвэр гаргасан дүүргийн сонгуулийн хороог хамгаалахдаа ч мэргэшсэн хүн байна. Хотын дарга нарын хууль бус захирамжийг биелүүлэх гэж улайрахдаа ч мэргэшсэн хүн байж. МАН-ын бүлгийн томилгоог хийхдээ ч тун дуртай. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хороо улс төржихгүйгээр хуулийнхаа дагуу ажиллаж чадахгүй бол татан буугдах нь зөв. Эсвэл сонгууль будилаантуулдаг, төрийн хуулийг үл тоодог, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчдөг нөхдүүдийг тойргийн хороонд оруулсан шийдвэрээ буцааж, хуулиа мөрдөж ажиллахыг шаардаж байна. Нэгэнт гаргачихсан шийдвэр учраас тэд хуулиа хэрэгжүүлэх нь юу л бол гэж эргэлзэж байгаа учраас Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээс шүүхэд хандсан. Төрийн байгууллага ядаж хуулийн дагуу ажиллаж шүүхэд энэ мэт ачаалал үүсгэдэг явдлаа болих хэрэгтэй. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэдгийг шат шатандаа санаж мөрдөж ажиллах ёс зүй хэрэгтэй байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН