“Ардчилал таймс” өдөр тутмын сониноос “76 тойрог” буюу УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогч таны сонголт ямар үр дүнтэй байв гэдгийг эргэн нэг сануулах үүднээс “Сонгогч таны сонголт” булангаа нээж байна.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сард УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт болж, монголчууд ирэх дөрвөн жилд парламентад суух төлөөллөө сонгосон билээ. Ингээд УИХ-ын жижигсгэсэн 76 тойрогт 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч гээд нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн.
Улсын хэмжээнд нийт 1.912.901 сонгуулийн насны иргэн бүртгэгдсэнээс ирц орон даяар 72.1, аймгуудад 75.5 хувь, нийслэлд 68 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн хэдэн сонгуульд байгаагүй өндөр ирц байжээ.
Ингээд шинээр сонгогдсон УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, есөн суудлыг нь Ардчилсан нам, МАХН-аас О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нэг суудал авснаар парламент бүрдсэн юм. Сонгогдсон гишүүдийн 37 нь хоёр ба түүнээс дээш удаа, 39 нь анх удаа УИХ-д сонгогдож байв. Өөрөөр хэлбэл, 50 гаруй хувь нь шинэ гишүүн байсан юм.
Эргэн сануулахад, 2012 оны сонгууль пропорциональ, мажоритар холимог системээр явуулж байсан бол энэ удаад дан мажоритар буюу жижиг 76 тойргоор зохион байгуулсан юм. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуульд 12 дугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймгаас нэр дэвшиж, сонгогдсон гишүүний талаарх мэдээллийг хүргэе.
АТГ-т мөнгө идсэн хэргээр шалгуулсан Г.Мөнхцэцэг ба Ц.Хулангийн өчил
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нь 2016 оны сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тэрээр “Болор цом”-ын эзэн бөгөөд зохиолчдынхоо дунд “Бага Удвал” гэдэг авгайлсан нэртэй аж. Улс төрд өрсөлдөх бэлтгэлээ МЗЭ-ийг удирдаж байсан үеэс эхлүүлсэн гэдэг ч энэ хугацаандаа Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан. Учир нь яруу найрагч, одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Ц.Хулан түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох наад захын боловсрол, ёс зүйгүй хүн гэж үздэг бөгөөд МЗЭ-ийг толгойлж байхдаа мөнгө идсэн хэмээсэн юм. Ц.Хулан нь “найз” Г.Мөнхцэцэгтээ гишүүн болсных нь дараа зориулан уртаас урт захидал бичсэн байдаг. Тэнд анхаарал татах хэд хэдэн мөрт бий. Сийрүүлбэл, “...УИХ-ын 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн чи аймаг, сумдын уулзалтууд дээрээ “Ц.Хулан л миний эсрэг байгаа, бусад бүх зохиолч миний талд. Учир нь Ц.Хулан намаас тойрог авч чадаагүйдээ хорсоод байгаа юм” гэж чухам үнэнээс даанч хол юм ярьж, яриулж явна. Харин чиний тойрогт л МАН хүнээ олсонгүй ээ. Англи бүү хэл орос хэлгүй, орос бүү хэл монголоороо бичсэн эцээтэйхэн ганц бүтээлээ нэрлээч! Хэний төлөө, юуны төлөө чи ганц зоригтой дуугарч нийгэмдээ, хүмүүст хэрэг болсон юм бэ? ...Өнөөдөр чи өөрийгөө ямар ажил хийсэн гэж ташаа тулж зогсоно вэ? Соёлын яамыг хуурч аваад миний эсрэг хуралдаа тэн хагасыг нь зарцуулсан 80 сая төгрөгийг хаашаа хийгээ вэ? Хоёр зуу гаруйхан зохиолч цуглах байтал 800 хүнээр төсөв баримт бүрдүүлж, зохиолчдыг доромжилсон хоолонцор өгч, удалгүй АТГ-ын шалгалтаар бүх булхай чинь илэрч 46 сая төгрөг бэлнээр сейфнээс нь гарсан 201301000395 тоот хавтаст хэргээр чинь 2013 оны аравдугаар сарын 12-нд эрүүгийн хэрэг үүсч балраад чи хэнийг гуйж аврагдлаа?...Нэр бүхий Ардын уран зохиолчийн Ерөнхийлөгчид хадаг барьж гуйсны ачинд зүгээр мултарчхаад битгий гэмгүй царайл л даа?!
...Өнөөдөр гэтэл ийм хөлдүү чи төрийг хямралаас гаргах юм гэнэ! Төрийг бүү хэл, төрийн бус байгууллагыг аваад явчих мэдлэг, боловсролгүй, за бүр дүүрчээ гэхэд, ядаж чамд сэтгэлийн боловсрол алга юм байна. МАН-аас УИХ-ын 12 дугаар тойрогт нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг гэж нэг ийм эмэгтэй Сономын Удвал гуайтай өөрийгөө зүйрлэн “Бага Удвал” хэмээн олон түмэнд хайрлагдсан, Монголын утга зохиолыг дэлхийн түвшинд гаргаж яваа хэмээн хөдөөгийн итгэмтгий түмэн олонд сурталчилж яваа....Тэрбээр МАН-ын нэр хүнд, дэлгэр их мөнгө, олон алдартан дагуулж яваагаараа сонгогдчих байх. Уг нь нам биш, хүнийг л сонговол дээр байдгийг Дорноговь, Говьсүмбэрийн ард түмэн мэргэн ухаанаараа шийдэх байлгүй дээ” гэжээ.
Хөндлөнгөөс харахад, хоёр эмэгтэй яруу найрагчийн сандал суудлын төлөөх хэрүүл мэт боловч Ц.Хулангийн хэлсэн, бичсэнийг ажиглаад Г.Мөнхцэцэгийн АТГ-т өгсөн 2015-2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал үнэнтэй ойртоод ирэх шиг. Тодруулбал, гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд Г.Мөнхцэцэгийн нэг жилийн орлого нь 25 сая төгрөг байсан бол 2017 онд 118 сая болтлоо 4.7 дахин өссөн байх юм. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 2015 онд 7.8 сая төгрөг байсан бол 2016 онд 72, 2017 онд 102 сая төгрөг болтлоо нэмэгджээ. Харин 2018 онд 2017 оных нь орлого бараг 50 хувиар огцом буурсан харагдана. Гэхдээ үл хөдлөх хөрөнгөө зарсан борлуулсан зүйл байхгүйн дээр харин ч үл хөдлөх нь нэмэгдсэн дүнтэй байгаа нь анхаарал татаж буй. Тэгэхээр эрхэм гишүүн Г.Мөнхцэцэг 2017 онд мөнгө угаагаагүй л бол яг юу хийгээд гэнэт баяжив гэдгээ тайлбарлах, бүр эрхэм гишүүнийг АТГ-аас ахиж шалгах шаардлагатай болж байна уу?
Ямартай ч УИХ-ын гишүүнээр ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Г.Мөнхцэцэг нь хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн чиглэлд энэ гээд хэлчих дорвитой хийсэн бүтээсэн үйл хэрэг цөөн хийсэн. Ц.Цогзолмаа, Н.Учрал нарын хамтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл хэдэн төсөл санаачилснаас өөрөөр нийгмийн эрээн бараан амьдралд муу нэртэй ч гэлээ УИХ-ын гишүүн асан Г.Эрдэнэчимэгийнх шиг шууд нөлөөллөө үзүүлэх тамхины хууль зэргийг санаачилсангүй. Ердөө л Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “үнсүүлж”, “үнкүүлээд” дуусч байх шиг ээ. Түүний энэ улс төрийн карьер 2020 онд үргэлжлэх эсэхийг нутгийн сонгогчид нь шийдэх биз ээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг МАН өөрсдөө унагав
МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингээд УИХ-ын даргаар М.Энхболд, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан. Гэвч 1.2 жилийн настай Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессын луйвраас болж унасан билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагахад Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 42 гишүүн оролцож, гарын үсэг зурсан. Түүнчлэн УИХ-ыг тараахыг дэмжиж МАН-ын 60 тэрбумчин, ЖДҮ-чин 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Учир нь хугацаанаас нь өмнө УИХ-ыг тараах нь МАН-ынханд ашигтай хувилбар гэж тэд үзэж байгаа юм. Ийнхүү эрх баригчид нэг бол өөрсдөө Засгийн газраа унагаж, нөгөө бол УИХ-ыг тараах оролдлого хийж Монгол төрд тогтворгүй байдал үүсгэж байна. Ингээд МАН-ын засгаа унагахад кноп дарсан болон дэмжээгүй гишүүдийн нэрсийг дэлгэе.
МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт !!!
МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөртөө 316 зүйл заалт бүхий ажил төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 35 зүйл заалт буюу 11 хувийн биелэлттэй байна. Тэгэхээр УИХ-ын ээлжит сонгууль болох нэг жилийн хугацаанд тэр амлалтуудаа биелүүлж чадсангүй.
Учир нь МАН дотроо “60 тэрбум”, “ЖДҮ”-чин гэсэн хоёр бүлэгт хуваагдаж нөгөө л эрх мэдэл, сандал суудлын төлөөх тэмцэл, талцал нь үргэлжилсээр буй билээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийн бүхий л зүйл заалтыг биелсэн, биелээгүй гэж харьцуулбал овоо зузаан роман болох буй за. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг хэдхэн зүйлээр танилцуулъя.
Амлалтаас...
1. Бид таны хүүхдийг төрөхөд цэцэрлэг, сургуульд хамруулж, Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт
ялгаваргүй олгоно.
2. Үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийг үргэлжүүлэн олгож, сурлагын амжилтыг шударгаар
үнэлэх тогтолцоог бий болгоно.
3. Бид өрийн дарамтаа бууруулж, эдийн засгаа сэргээн босгоно. Бизнес дэх төрийн шахалт
дарамтыг багасгана.
4. Арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.
5. Аймаг бүрт үйлдвэр байгуулж, хувийн хэвшлээ бүх талаар дэмжиж, ЖДҮ болон өрхийн
бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
6. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй.
7. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй.
8. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжиж, орлого багатай иргэдээ тэтгэнэ.
9. Цалин, урамшууллыг нэмж, өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ.
10. Бүх эмнэлгийн үзлэгийн цаг, очер дугаарыг гэрээсээ захиалдаг болгоно.
11. Хуулийг хүн бүрт тэгш үйлчилдэг болгоно.
12. Тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлж, шударга халамжийн систем тогтооно.
13. Улаанбурхан, салхинцэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтыг бүрэн шийдэж,
өвчлөлийг эрс бууруулна. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлнэ.
14. Ипотекийн зээлийн хувилбарыг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлж, зээлийн нөхцөлийг
сайжруулах бодлого барина.
15. Баян, ядуугийн ялгааг бууруулж, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлнэ.
16. Төсвийн алдагдлаа бууруулахын тулд өндөр хүүтэй зээл авахгүй.
Биелэлтээс...
1. МАН-ын гишүүн 60 тэрбум төгрөгийн схемийн луйвар хийсэн.
2. УИХ, Засгийн газрын 51 гишүүн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон.
3. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Стандарт банкнаас зээл авсан Ш.Батхүүгийн 40 сая
ам.долларын өрийг татвар төлөгчдөөр төлүүлэв.
4. Капитал банкийг дампууруулж, улсын мөнгийг салхинд хийсгэв.
5. Ахмадуудад хэрэгтэй Хамтын тэтгэврийн тухай хуулийг хориглов.
6. Оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зогсоов.
7. МАН-ын гишүүн 800 тэрбум төгрөгийн концессын хулгай хийв.
8. 2018 оны байдлаар ядуурал дөнгөж 1.2 орчим хувиар буурав.
9. Хүүхдийн 20 мянган төгрөгийг ялгавартай олгодог болгов.
10. Цалин, тэтгэврийн дөнгөж 20-хон мянган төгрөгөөр нэмэв.
11. Төрийн алба завхарч, албан хаагчид нь нэгнийхээ аминд хүрэв.
12. Ипотекийн найман хувийн зээлийг зогсонги байдалд оруулав.
13. Монгол Улсын өр 2016 оноос хойш зургаан тэрбум төгрөгөөр өсөв.
14. Эрүүл, мэнд нийгмийн даатгалын татварын хувь хэмжээг 0.5-1 хүртэл хувиар нэмэв.
15. Мах, бензин, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадав.
16. Хувийн бизнес рүү халдаж, томоохон ордуудыг төр эргүүлэн авна гэж заналхийлэв.
17. Хуулийн хүрээнд хувь хүний эрх чөлөөнд халдсан хуулиудыг батлав. Тухайлбал, Шүүгчийн
эрх зүйн байдлын тухай хууль баталж, Үндсэн хууль зөрчив.
18. Халдварт сүрьеэ өвчнөөр 800 гаруй хүүхэд өвчлөв.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН