Т.Эрдмаа
Эдийн засагчид энэ онд төсвийн орлого 2.4 их наяд төгрөгөөр тасарна гэсэн тооцоо хийгээд байгаа. Үүн дээр төсвийн алдагдлыг энэ онд 2.1 их наяд төгрөг гэж тооцсон нь нэмэгдэнэ. Тэгэхээр манай улсын энэ оны төсөв 4.5 их наяд төгрөгөөр сох дутах асуудал үүсч буй юм. Эдийн засагчид дээрх тооцоог хийж буй нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хоёрдугаар сард хийж байсан мэдээлэлтэй шууд холбоотой. Мөн экспорт 40 гаруй хувиар буурч, гадаад валютын нөөц дундарч эхэлсэн явдал ч ийм дүгнэлт хийхэд хүргэж буй юм. Сангийн сайд ч.Хүрэлбаатар хоёрдугаар сарын 19-нд Засгийн газрын ээлжит хуралдааны дараа “Нүүрс, газрын тос экспортлохын тулд БНХАУ-ын талтай ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ зэргээс эхлээд ярилцах зүйл их байна. Улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаж эхэлсэн. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал нэг их наяд төгрөгийн орлого дутна. Одоогоор төсөв тодотгох шаардлага байхгүй” хэмээж байсан билээ. Өнгөрсөн оны өдийд улсын төсвийн орлого 2.9 их наяд төгрөг байж. Тэгвэл энэ оны гуравдугаар сард 2.2 их наяд төгрөг болж буурсан үзүүлэлт гарсан байгаа юм. Төсвийн орлого сард 200 гаруй тэрбум төгрөгөөр тасарч байхад Сангийн сайд тодотгол хийхгүй гэж гүрийж өнөөг хүргэж буй явдал нь сонгуультай холбоотой гэсэн хардлага төрүүлж буй юм. Төсвийн хөрөнгөөр, халамжийн бодлого хэрэгжүүлж сонгогчдын саналыг худалдаж авах үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдийн засгаа аврах нэрийн дор бэлэн мөнгө тараах, нэг кг ноолуурын урамшуулалд мөнгө өгнө гэдэг нь сонгуульд чиглэсэн бодлого гэхэд хилсдэхгүй. Харин сонгуулийн дараа улс орны эдийн засаг яах вэ, хэдэн аж ахуйн нэгж ажлын байраа хадгалж үлдсэн байх бол гэдэг олон асуулт өнөөдөр хариултаа хүлээж байна. Эрх баригчид өнөөдөр сонгууль л бодож эдийн засаг элгээрээ хэвтэх үгүй нь падлийгүй гэсэн шиг аашилж байна. Дөрвөн жилийн тайлан гэж гоё гоё зурагтай сэтгүүлүүд тараах нь хачирхалтай. Өнөөгийн эрх баригчдын дөрвөн жилийн ажлын тайлан нь Европын холбооны комиссын хар жагсаалт болчихоод байна шүү дээ. Бас ФАТФ гэж мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын саарал жагсаалтад орчихсон асуудал бий.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төсвийн орлого тасарч маш хэцүү байдалд орсон. Манай улсын төсвийн бараг 90 хувь нь уул уурхайн орлогоос бүрддэг. Газрын тос, зэс, жонш, нүүрс гээд хэдхэн ашигт малтмал дээр төсөв тогтдог. Манай улс алтаа зардаггүй, хадгалдаг. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд унасан. Нүүрсний тээвэрлэлт 60 хувиар бага байна. Энэ нь Хятадын үйлдвэрлэл зогссонтой холбоотой. Тэгэхээр ирэх арванхоёрдугаар сар гэхэд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрэх нь. Ийм учраас төсвөө даруй тодотгож баримжаатай болох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл танах тэвчиж болох бүх зардлаа тооцох ёстой. Төсвийн алдагдал өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Судлаачдын хэлж буйгаар төсвийн хоёр их наяд төгрөг байхгүй болчихсон шүү гэсэн. Ийм учраас оны эцэст юу болох бол айдастай байна. Тэгэхээр улсаараа тогломооргүй байна” хэмээн мэдэгдсэн билээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Эдийн засгийг дэмжинэ гэдэг бол ажлын байраа хэрхэн хадгалах вэ, экспортоо яаж нэмэгдүүлэх юм, хувийн хэвшил, ААН-үүдээ хэрхэн дэмжих юм, мөнгөний бодлогоо банк санхүүгийн системтэй хэрхэн уях зэрэг илүү өргөн хүрээний асуудал яригдах учиртай. Халамжийг, эдийн засгийг дэмжих бодлого гэж нэрлэхгүй л дээ. Эдийн засаг хүндэрч байна гэх нэрийн дор эрх баригчид хулгай хийхээ больчих хэрэгтэй. Сонгуулийн саналыг улсын мөнгөөр худалдаж авахыг санаархаж байгаа юм байна. Пянг нь манай улсын эдийн засаг даахгүй шүү дээ. Экспорт эхний дөрвөн сарын байдлаар 40 хувиар уначхаад байна. Энэ үзүүлэлт цаашид ч хадгалагдах биз. Тэгэхээр валютын нөөц хомстоно. Одоо байгаа хуримтлалынхаа гуравны нэгийг нэмээд зараад дуусгах байх. Энэ бүх буруу бодлого, хөл хорионы дараа 260 гаруй мянган ажилтан, 1.5 сая иргэн ядуучуудын эгнээнд шилжинэ. Энэ бол бодит үнэн. Ийм л дүр зураг яг одоо ажиглагдаж байна. Гуравдугаар сарын 31-ний байдлаар 50 орчим мянган иргэн ажилгүй болсон байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 90 хувь нь орлого нь буурч, тэг зогсолт руу орсон. Аялал жуулчлал, нийтийн үйлчилгээ, боловсролын салбар гээд салбар бүрээр нь хөөвөл үүнээс ч том тоо гарна. Энэ сарын дундаас нийгэмд бодит хүндрэл мэдэгдэнэ. Гол хүндрэл энэ оны долоо, наймдугаар сард болно. Энэ жилийн төсвийн алдагдал хамгийн багадаа таван их наяд, магадгүй түүнээс их байна. Ойролцоогоор долоо орчим их наядаар төсвийн орлого тасарна. Тэгэхээр үүнийг хэнээс, хаанаас зээлэх юм, бидэнд өнөөдөр зээлэх, дэмжих улс орон олдох уу гээд олон асуудал бий” хэмээн мэдээлсэн.
Эдийн засагч Х.Батсуурь “Эдийн засаг хүндэрч байна. Хүндэрлийн гол цохилт намар буюу наймдугаар сараас хойш ирэх байх. Улсын төсвийн орлого энэ оны эхний гурван сард 600 тэрбум төгрөгөөр тасарсан тооцоо гарсан. Тэгэхээр зөвхөн эхний улиралд ийм алдагдал хүлээж буй нь цаашид асуудал хүндэрэхийн дохио. Магадгүй энэ янзаараа асуудал үргэлжилбэл төсвийн байгууллагууд цалингаа ч тавьж чадахгүй байдалд орж мэднэ. Төсвийн алдагдлыг эрх баригчид гадаадаас маш их зээл тусламж авч нөхөөд явж байна. Гэтэл Европын холбооны комиссын хар жагсаалтад орж эдийн засгийн хориг арга хэмжээ авахуулах болчихлоо. Эрх баригчид эдийн засгаа аврах, ажлын байр хадгалах талаар ямар ч арга хэмжээ авахгүй байна. Аж ахуйн нэгжүүдэд онцгой зээл буюу жилийн 1-3 хувийн хүүтэй зээл хэрэгтэй байгаа. Угаасаа үйл ажиллагаа нь зогсчихсон аж ахуйн нэгжүүдийн төсөв төвлөрүүлж чадахгүй татварыг тэглэнэ гэдэг нь утаггүй шийдвэр” хэмээн байр сууриа илэрхийллээ.
“Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн төлөвийг "Тогтвортой"-оос “Сөрөг” болгож бууруулсанаа зарласан. Энэ нь Европын холбооны комиссын хар жагсаалтад орсонтой холбоотой. Үүнээс гадна тус агентлаг Монгол Улсын төсвийн алдагдал энэ онд ДНБ-ий 8.5 хувь хүрнэ гэж тооцоолоод байна. Эдийн засагчид, судлаачид Сангийн яам ажлаа хийхгүй байна. Уул уурхайн салбараас төсөвт орох орлого энэ оны эхний хоёр сард 32 хувиар тасарчихсан. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийлгүй сонгууль өнгөртөл үлгэн салган авч явах бодлого баримталж байгаа нь улс орны эдийн засагт маш хортой хэмээн байр сууриа илэрхийлж эхлээд байгаа билээ. Манай улсын 2020 оны төсвийн нийт орлого нь 11.8 их наяд төгрөг хэмээн баталсан. Тэгвэл дээрх мэдээллүүдээс үзэхэд уг орлогын тал нь буюу 50 хувь нь шууд дутахаар байна. Ийм нөхцөлд төсвийн байгууллагын цалин, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө тавьж чадахгүйд хүрэх эрсдэл Монгол Улсад нүүрлээд байгаа юм. Үүнээс гадна эдийн засгаа хөл дээр нь босгоно гэдэг ч хүнд даваа, хэцүү ажил болох нь тодорхой.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН