“Ардчилал таймс” өдөр тутмын сониноос “76 тойрог” буюу УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогч таны сонголт ямар үр дүнтэй байв гэдгийг эргэн нэг сануулах үүднээс “Сонгогч таны сонголт” булангаа нээж байна.
Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны зургадугаар сард УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт болж, монголчууд ирэх дөрвөн жилд парламентад суух төлөөллөө сонгосон билээ. Ингээд УИХ-ын жижигсгэсэн 76 тойрогт 12 нам, гурван эвсэл, 68 бие даагч гээд нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөн.
Улсын хэмжээнд нийт 1.912.901 сонгуулийн насны иргэн бүртгэгдсэнээс ирц орон даяар 72.1, аймгуудад 75.5 хувь, нийслэлд 68 хувьд хүрчээ. Энэ нь сүүлийн хэдэн сонгуульд байгаагүй өндөр ирц байжээ.
Ингээд шинээр сонгогдсон УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, есөн суудлыг нь Ардчилсан нам, МАХН-аас О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нэг суудал авснаар парламент бүрдсэн юм. Сонгогдсон гишүүдийн 37 нь хоёр ба түүнээс дээш удаа, 39 нь анх удаа УИХ-д сонгогдож байв. Өөрөөр хэлбэл, 50 гаруй хувь нь шинэ гишүүн байсан юм.
Эргэн сануулахад, 2012 оны сонгууль пропорциональ, мажоритар холимог системээр явуулж байсан бол энэ удаад дан мажоритар буюу жижиг 76 тойргоор зохион байгуулсан юм. Ингээд 2016 оны УИХ-ын 64 дүгээр тойрог буюу Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон гишүүний талаарх мэдээллийг хүргэе.
“Боов” хочит гишүүний хадгаламж 905 сая төгрөг
УИХ-ын чуулганы хуралдаанд боорцог идэж байгаад “Боов” хочтой болсон гишүүн бол М.Оюунчимэг. Тэрбээр Байнгын хорооны танхимд шоколадны бүрмэл боов идсэнээсээ болж олон нийтээр шүүмжлүүлээд зогсохгүй, онцгүй хоч аваад амжсан. Уг нь сэтгүүлч мэргэжилтэй хүн атлаа түүний хэлж буй уг, хийж буй үйлдэл нь яагаад ч юм мордохын хазгай болно гэдэг шиг үргэлж хэл ам дагуулдаг. “Боов” идсэн гэмээ цайруулж амжаагүй байтал олон нийт түүнийг тойрогтоо гурил тараасных нь төлөө “шүүсэн”. Ер нь УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон болохоор хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь олон нийтийн шүүмжлэлд өртчих гээд байдаг хүн үү гэж анзаарагдаад байгаа. Тухайлбал, ард түмэнтэйгээ цуг жагсах үеэр түүний ороолтыг ажигласан нэгэн ямар үнэтэй вэ гэж твиттер хуудсаар асуусан байгаа юм. Тэгсэн “Даарч хөрч явахад найз маань ороолтоо зүүж өгсөн. Хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэдгийг мэдэхгүй” гэж хариулжээ. Гэвч найзын ороолт түүний хүзүүнээс салалгүй олон удаагийн арга хэмжээнд цуг явсан болохыг баталгаажуулсан зургийг сошиалчид нотолсон. Гишүүний найзаасаа “зээлж” зүүсэн LV-гийн ороолт тус брэндийн дэлгүүрт 1420 ам.доллар буюу дөрвөн сая орчим төгрөгийн үнэтэй байна.
Өлсгөлөн, ядуурал, ажилгүйдэл газар авсан өнөө цагт М.Оюунчимэг гишүүн нүнжигтэй байх шиг. Тэрбээр гэнэт баяжсан гэх гишүүдийн нэг учраас түүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шүүж үзлээ. Ингэхэд хэд хэдэн хачирхалтай өсөлт ажиглагдсан юм.
Тэрбээр УИХ-ын гишүүн болохоос өмнө буюу 2015 онд нэг жилийн 14 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд орлого нь 11 дахин өсч, 156 сая төгрөгт хүрсэн байх юм. Мөн гэр бүлийн орлого нь 2017 онд нэг жилийн 70 сая байсан бол 2017 онд ТАВ дахин нэмэгдэж, 357 сая, улмаар 2018 онд 461 сая болтлоо өссөн байв. Хадгаламжийн хэлбэлзэл нь ч гэсэн тун хачин. 2015 онд 710 сая байсан нь 2016 онд даруй 905 сая болж нэмэгдчихээд эргээд 400 орчим саяар 2017, 2018 онд буурч 550 сая дээр тогтжээ. Гайхаш төрүүлж буй нь эрхэм гишүүн маань ямар нэг компанигүй, “Эрдэнэс Тавантолгой”-гоос өөр хувьцаагүй нэгэн.
Ийнхүү гэнэт баяжсан учир шалтгаанаа М.Оюунчимэг гишүүн тайлбарласан байдаг. Тэрбээр “Төрийн бус байгууллагаас миний хөрөнгө орлогыг шалгаж өгөх хүсэлт тавьсных нь дагуу би АТГ-т үнэн мөнийг хэлж өгнө үү гэж хандсан. Тус газраас цэг таслал дээр санаатайгаар андуурах, мэдэхгүйгээр андуурах зүйл гардаг. Энэ асуудал нь УИХ-ын Ёс зүйн дэд хорооны асуудал учраас шилжүүлнэ гэсэн. Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хандаж, хурлаа яаралтай хийж, бодит үнэнийг тогтоож өгөөч гэж хүссэн байгаа” гэлээ.
Тэгвэл 2020 оны нэгдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдаж, гишүүд үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гарсан гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, АТГ гишүүдийн ХОМ гаргахдаа техникийн алдаа гаргасан гэдэг тайлбарыг хэлэв. Энэ дүгнэлтийн талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулахад “УИХ-ын гишүүд ХОМ-ын мэдүүлгээ цахим хэлбэрээр өөрсдөө бөглөдөг. Хэрэв техникийн алдаа гаргасан гэж байгаа бол өөрсдөө л буруутай. Албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй, санаатай худал мэдүүлсэн талаарх мэдээлэл ирвэл Авлигатай тэмцэх газар шалгаж тогтооно” гэжээ.
Эндээс харахад, эрхэм гишүүн ХОМ-ээ өөрөө бөглөсөн байх нь. Тийм мөртлөө өнөө ороолтоо найз руугаа чихдэг шиг асуудлаа бас л АТГ-т бухах гэж оролджээ. Сонирхолтой нь, өөрийнх нь “алдаатай” гээд мэлзээд байгаа ХОМ нь харин ч бусад гишүүдийнхийг бодвол тун эмх цэгцтэй, тооцоололтой байх юм. Тэгэхээр эрхэм гишүүн “Боов” дээрээ “Худалч” хоч нэмэхийг хүсээгүй бол иргэдэд, ялангуяа, сонгууль дөхсөн энэ цагт чингэлтэйчүүдэд тайлбар хийгээсэй билээ.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг МАН өөрсдөө унагав
МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Ингээд УИХ-ын даргаар М.Энхболд, Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат нар сонгогдон ажилласан. Гэвч 1.2 жилийн настай Ж.Эрдэнэбатын Засгийн газар концессын луйвраас болж унасан билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг унагахад Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 42 гишүүн оролцож, гарын үсэг зурсан. Түүнчлэн УИХ-ыг тараахыг дэмжиж МАН-ын 60 тэрбумчин, ЖДҮ-чин 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Учир нь хугацаанаас нь өмнө УИХ-ыг тараах нь МАН-ынханд ашигтай хувилбар гэж тэд үзэж байгаа юм. Ийнхүү эрх баригчид нэг бол өөрсдөө Засгийн газраа унагаж, нөгөө бол УИХ-ыг тараах оролдлого хийж Монгол төрд тогтворгүй байдал үүсгэж байна. Ингээд МАН-ын засгаа унагахад кноп дарсан болон дэмжээгүй гишүүдийн нэрсийг дэлгэе.
ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭН ГИШҮҮД:
ЗАСГИЙН ГАЗРАА ОГЦРУУЛАХААС ТАТГАЛЗСАН ГИШҮҮД:
МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт !!!
МАН 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөртөө 316 зүйл заалт бүхий ажил төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 35 зүйл заалт буюу 11 хувийн биелэлттэй байна. Тэгэхээр УИХ-ын ээлжит сонгууль болох нэг жилийн хугацаанд тэр амлалтуудаа биелүүлж чадсангүй.
Учир нь МАН дотроо “60 тэрбум”, “ЖДҮ”-чин гэсэн хоёр бүлэгт хуваагдаж нөгөө л эрх мэдэл, сандал суудлын төлөөх тэмцэл, талцал нь үргэлжилсээр буй билээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийн бүхий л зүйл заалтыг биелсэн, биелээгүй гэж харьцуулбал овоо зузаан роман болох буй за. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буйг хэдхэн зүйлээр танилцуулъя.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН