Б.СҮРЭН
Монгол Улсын төрийн албанд 2018 оны байдлаар 193 мянган хүн ажиллаж байгаагийн 800 орчим нь ажлаасаа хууль бусаар халагдсан тухай АТГ-аас энэ сарын 12-нд мэдэгдсэн. Тодруулбал, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2017-2019 онд хууль бусаар нийтийн албанаас халагдаж чөлөөлөгдөн шүүхийн шийдвэрийн дагуу эргээд томилогдсон, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосон байдалд судалгаа, дүн шинжилгээ хийжээ. Уг судалгаагаар, төрийн албанаас хууль бусаар халагдаж, буцаан томилогдохоор шүүхийн шийдвэр гарсан нийт 796 албан тушаалтан байгаа ба тэдгээр албан тушаалтаны ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд нийт 4.094.000.000 /дөрвөн тэрбум ерэн дөрвөн сая төгрөг/ төгрөгийн нөхөн олговор олгох шүүхийн шийдвэр гарчээ.
Ингэхдээ шүүхийн шийдвэрийн төлбөрийг буруутай албан тушаалтан гаргах ёстой байтал 1.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан, улмаар төсөвт зохиомол хүндрэл учруулсан гэх үндэслэлтэй болж байна.
Тиймээс улсын төсвөөс 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай гэж АТГ-аас үзэж, улмаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “...гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна” гэж заасны дагуу Үндэсний аудитын газарт асуудлыг тавьж, шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн байна.
Үндэсний аудитын газраас АТГ-ын албан бичигт хариу хүргүүлсэн эсэх тухай тодруулахад бүтэн 10 хоног өнгөрчхөөд байхад “Хариу дүгнэлт одоогоор гараагүй байна” гэсэн тайлбар өгсөн юм.
АН-ын 2012-2016 онд хэлэлцэж, үндэс суурийг нь тавьснаар шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хууль хэрэгжээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хуулиар сонгуулийн дараа болон улс төрийн шахалтаар төрийн албанаас хууль бусаар ажлаасаа халагдах, бүтцийн өөрчлөлт нэрийн дор цомхотголд өртөх гэх мэт төрийн албан хаагчдыг ажлаас нь хоморголон халдаг байдлыг маш сайн шийдвэрлэж өгсөн. Мөн шатлан дэвшихүйн мерит зарчмыг тодорхойлж, туршлагатай, мэргэшсэн хүнийг ажиллуулах үндэс суурийг бүрдүүлсэн гэж үзэж буй.
Харамсалтай нь, хууль засаад ч төрийн албыг ханцуйндаа наймаалцаж, “60 тэрбумын” схем хэрэгжүүлдэг байдал зогсохгүй нь гэдгийг МАН-ын эрх баригчдаас харж болохоор байна. Тэд 2017-2019 он буюу гуравхан жилийн хугацаанд 800 орчим төрийн албан хаагчийг ажлаас халсан нь яаж 60 тэрбумдсаныг нь нотлон харуулж байх шиг. Ийн Төрийн албаны тухай хуулийг уландаа гишгэсэн МАН-ын эрх баригчдын ганцхан жишээг дурдъя.
Өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах шаардлага бүхий Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга “Г”-г хууль бусаар албан тушаалаас нь халсныг шүүх тогтоож, тухайн албан тушаалтныг өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг.
Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг улсын төсвийн хөрөнгөөс төрийн албан хаагчид 2018 онд олгосон тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасны дагуу “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсвэл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу төрд учруулсан хохирол болох 8.9 сая төгрөгийг буруутай албан тушаалтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболдоор төлүүлэх шийдвэрийг анхан шатны шүүх гаргажээ.
Анзаарсан бол төрийн албан хаагчдын халаа сэлгээ гэнэт ийн газар авсан огноо 2017 оноос эхлэлтэй байна. Зарим улс төр судлаач, шүүмжлэгчийн хэлж буйгаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан Ц.Ганбаатар нар УИХ-ын дарга асан М.Энхболдод “60 тэрбум”-ын схемийг танилцуулсан болохоос биш хэрэгжүүлээгүй, харин жинхэнэ энэ схем дээр тоглолт хийсэн нөхөд нь одоогийн гүйцэтгэх засаглалын тэргүүн У.Хүрэлсүх гэж үздэг юм байна. Ингээд бодоод үзэхэд, 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болсон. Тэрбээр Ерөнхий сайд болсон даруйдаа төрийн албанд халаа, сэлгээ хийж, ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг журмын нөхдөдөө тараасан уу гэдэг асуулт ургаж байна. Тиймээс Хэнтий аймагт нэр дэвшиж буй Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ бүх асуултад хариулчхаад нэр цэвэр улс төрийн карьераа үргэлжлүүлэх ёс зүйтэй байна биз ээ?
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН