МАН-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Баян-Өлгийд нэр дэвших гээд чадсангүй “өвдөг шороодон”, фэйсбүүк хуудастаа ийнхүү халаглажээ. “ Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Шударга ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe" гэсэн байна. Эрх баригч намаас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорсны дараа МАН-ын даргын сайхан үгэнд итгэсэн олон хүн ийнхүү бухимдахад хүрсэн юм. МАН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өчигдөр хүлээлгэн өгөх үеэр тус намын гишүүн Я.Содбаатар “МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тавьсан гурван шаардлагыг хангасан нэр дэвшигчдийг тодруулсан. Тус шаардлага нь өндөр ёс суртахуунтай байх, мэдлэг боловсролтой, туршлагатай гэсэн үндсэн шалгуур тавьж, мөн олон нийтийн дэмжлэг авч чадах нэр дэвшигчдийг тодруулсан" гэсэн нь доогтой сонсогдсоныг яана. Үнэндээ У.Хүрэлсүхийн шударга ёс, ёс суртахуун гээч нь олон нийтийн хүсэн хүлээснээс “ойлголтын зөрүү”-тэй байсан бололтой.
Саяхан дөрөвдүгээр сард “МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ” гээд л хэвлэлүүд сүржин мэдээлж байж билээ. Одоо болохоор “МАН-ын 10 нэр дэвшигчийн нэг нь ЖДҮчин байна” гээд л ууртай мэдээллүүд урсах юм. Энэ У.Хүрэлсүх ер нь амлахдаа сайн хэрнээ амласандаа хүрэхдээ муу нөхөр юм байна. Өөрөө ЖДҮ-гийн асуудалд хутгалдсан этгээдээс жинхэнэ ЖДҮ-чдийн боломжийг хулгайлсан нөхөдтэйгээ хариуцлага тооц гэж шаардах нь ер нь хэр зохистой вэ?
У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр гэгч нь ЖДҮХС-гаас авсан зээлийн эргэн төлөлтийг өөрийн хувийн данснаасаа хийсэн тухай сэтгүүлчид баримтаар нотлоод мэдээлж л байсан даа.
Нөгөө Б.Батзориг яалаа?
Хамгийн сүүлд энэ хүний хэргийн тухай ийм л мэдээлэл үзэгдсэн. “Сайд асан Б.Батзоригийн хэргийг прокурорт буцаалаа” гэж.
Прокурорын байгууллагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан", 22.4, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль авах, хахууль өгсөн" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналыг шүүхэд гаргасан байдаг. Харин шүүхээс уг саналыг хүлээж аваагүй бөгөөд хэргийг ердийн журмаар шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн өнөөдөр (2020.04.22) Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хурлыг товлоод байсан юм. Улмаар шүүх хуралдаан өглөөний 10.00 цагт эхэлж, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаатай гэж үзэн хэргийг прокурорт шилжүүлж шийдвэрлэлээ хэмээн уг албан мэдээнд дурджээ. Тэгэхээр одоохондоо “туг тахисан”, “золигт гаргасан” гээд байгаа хэргийн эзэн ял аваагүй л явж байна. Үндсэндээ ЖДҮ-чдийн хэргээр хэн ч ял сонсоогүй, хариуцлага хүлээгээгүй гэсэн үг.
2019 оны нэгдүгээр сард Улсын Ерөнхий Прокурорын газраас ЖДҮХС-гаас хууль зөрчин зээл авсан гэсэн үндэслэлээр УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн нь Б.Ундармаа, Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар байв. МАН хараахан тэдэнд нэр дэвших эрх өгч зүрхэлсэнгүй. Саяхан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 13-ны өдрийн 1683 дугаар захирамжаар яллагдагч Г.Солтаныг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна лээ. Тэднээс бусад нь буюу Архангайд нэр дэвших эрх авсан УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн ээжийн компани ЖДҮХС-гаас зээл авсныг хэвлэлүүд өмнө нь мэдээлж л байсан. Дорнодод нэр дэвшсэн Х.Болорчулуун ЖДҮ-д холбогдож л байсан. Ховдод нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн О.Батнасангийн төрсөн дүүгийн компани ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан тухай мэдээлэгдэж л байлаа. Энэ мэтээр үргэлжилбэл сонины багагүй зай талбай шаардагдах тул энэ удаа түдгэлзье.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг зориулалтын бусаар авсан хэргийн араас удтал хөөцөлдөж, хариуцлага тооцохыг шаардсан хуульч
Ж.Эрхэмбаатар эцэст нь ийнхүү дүгнэж байна. “ЖДҮ гэдэг үзэгдлийн ард хэд хэдэн зарчмын асуудал яригдана. Хууль хэрэгждэг үү гэдэг асуултанд ЖДҮ-гийн хэрэг хариулт өгсөн. Санхүүгийн, эрүүгийн, ёс зүйн гээд янз бүрийн хариуцлага яриад, жагсаал цуглаан хийгээд, Засгийн газрыг огцруулах тухай хүртэл ярилаа шүү дээ. Хэн хариуцлага хүлээсэн юм бэ. Хэд нь зээлээ эргүүлж төлсөн бэ, жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хэдэн төгрөгийн зээл эргэж очсон юм бэ гээд тоо баримт харахаар нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй болж таарч байна. Хууль эрх зүйн орчин ч тэр, мөнгийг хуваарилах шийдвэр гаргалт нь ч тэр, үнэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих сэтгэл байгаагүйг харуулж байна. Энгийн иргэн гар утас хулгайлсан бол хэдэн жилийн ял авч байна. Хууль хяналтын байгууллагынхан хараат бусаар ажиллаж чадахгүй байгааг ЖДҮ-гийн хэрэг харуулж байна” гэсэн юм. Ийнхүү ЖДҮчин гишүүдэд хэн ч хариуцлага хүлээлгэж чадсангүй. ЖДҮХС-гаас зээл авч, жирийн иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүд ичих нүүрээ илгэндээ наан, ахин ард түмнийг төрд төлөөлөх эрх авах аяндаа гарлаа. Нам нь тэднийг өөгшүүлдэг юм бол, хууль хяналтын байгууллага нь хариуцлага тооцож чаддаггүй юм бол ард түмэн маань шүүх нь гарцаагүй. ЖДҮчин гишүүд намын даргатайгаа намтайгаа хамт та бүхний шүүлтийн өмнө ирж байна.
Ийнхүү МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ дагуулаад УИХ-ын сонгуульд орж, хууль шүүхийн байгууллага нь ЖДҮ хөгжүүлэх зээлийг намынхандаа түгээж өгсөн Б.Батзоригийг шийтгэчихгүй хойш сууж байгаагаас үзэхэд үүнийг энэ МАН гэмт хэрэг, ёс бус үйлдэл гэж үзэхгүй байгаа юм байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН