Т.ЭРДМАА
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өчигдрөөс (2020.05.25) хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан болон Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ буюу Монгол Улсын Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. 1992, 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээ засч нийгмийн эрэлт, хэрэгцээ шаардлагын дагуу зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа, оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлалыг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан, хяналт тэнцвэрийг хангасан зохицуулалтуудыг хийж чадсанаар улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн 20-30 жилүүдэд яаж удирдаж зохион байгуулах, яаж хөгжүүлэх, иргэдийнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдгийг тогтоож чадлаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийж чадсанаар 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн долоон өөрчлөлтийг засч залруулж, байгалийн баялгийн үр өгөөж ард түмэнд очиж, тэдний аж амьдралд бодитой дэмжлэг болж, дундаж давхаргыг өсгөж, улс орноо ядуурлаас гаргах замыг нээж өглөө. Мөн парламентын ардчиллыг зөв голдиролд оруулж, ард түмний засаглах эрхийг сайжруулж, төрийн эрх мэдлийг хяналт, тэнцлийг оновчтой болгосон. Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар бий болгож, хүний эрх, эрх чөлөөг хангалаа. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгүй болгоход чиглэсэн өөрчлөлтүүд орсон. Ирэх дөрвөн жилд засаглалын реформ, эрх зүйн өөрчлөлтүүд хийнэ. Үндсэн хуулийг дагалдан гарах 40 гаруй хууль ард түмний хүсч буй шударга ёс, төрийн байгууллын хариуцлага, төсвийн байгууллагын ил тод байх зарчмуудыг амьдрах эрх зүйг бий болгоно. Иймд шинэ дэвшилтэт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, ач тусаа улс орны хөгжилд аль болох хурдан өгөхийн төлөө дараагийн төр засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Монгол Улс, Монголын ард түмэнд ач тусаа өгнө. Үндсэн хуулиас хамааралгүй иргэн, ААН гэж байхгүй. Үндсэн хууль бол Монголын ирээдүйн чиг зүгийг зааж байгаа луужин. Зөв зүгт энэхүү луужингаа дагаж, Үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж сахицгаая" хэмээн мэдээлэв.
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өчигдөр (2020.05.25) 12:00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйл заалттай. Тэгвэл энэ удаа 19 зүйл 36 зүйл заалтад өөрчлөлт оруулсан билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газартай холбоотой хэд, хэдэн өөрчлөлт орсон нь хуульдын дунд маргаан өрнүүлээд байгаа. Тухайлбал, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлж байгаа өнөөгийн Засгийн газар Үндсэн хуульд заасны дагуу бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчлөх үү, сонгууль болтол гүрийх үү гэдэг асуудал гарч ирээд байгаа билээ. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрын талаар тусгасан заалтуудын талаар УИХ-ын гишүүд болон зарим хуульч хэрхэн байр сууриа илэрхийлж байсныг дор хүргэе.
Засгийн газартай холбоотой дараах нэмэлт, өөрчлөлтүүд Үндсэн хуульд оржээ.
ҮҮНД: Монгол Улсын Үндсэн Хуулийн
39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ гэж заажээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын бүрэн эрх Үндсэн Хууль хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдрөөс хэрэгжих ёстой. Үүнийг Засгийн газар огцрох шалтгаан гэж үзэхгүй байгаа. Засгийн газар Үндсэн Хуульд нийцүүлэн бүрэлдэхүүнээ өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг удаа дараа хэлж байна. Өөрөөр хэлбэл, 16 давхар дээлээ тайлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу дөрвөн сайд нь давхар дээлтэй, Засгийн газрын гишүүний үүргийг гүйцэтгэх ёстой болно. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон суурь зарчим. Зарим нэг хуульчид Үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн Хуультай адилхан гэж үзээд байгаа. Энэ хуулийг Үндсэн Хуультай адилтган үзэх ёсгүй. Үндсэн Хуультай ижил, тэнцүү, давуу эрх эдлэх бусад хууль байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тавдугаар сарын 25 буюу Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжих өдөр бүрэлдэхүүн, бүтцээ өөрчилсөн байх зайлшгүй хуулийн шаардлага тулгарч байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Хэрэв тавдугаар сарын 25-наас хойш энэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй бол Засгийн газар өөрөө чадамжгүй байдалд хүрнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Тавдугаар сарын 25-наас хойш Засгийн газар огцрохгүй, бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилнө. Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ өөрчилнө гэдэг нь одоогийн Ерөнхий сайд Үндсэн хуульдаа нийцүүлж, бүрэлдэхүүн болон бүтцээ солино гэсэн үг. Солихын тулд шаардлага хангасан хүнийг тавина. Үндсэн хуульд УИХ-ын гишүүд сайд байж болно гэвэл өөр хэрэг. Тодорхой тоотой сайд байвал бас өөр хэрэг. Одоо бол УИХ-ын дөрвөн гишүүн нь ажлаа хий, бусад нь сайд хийвэл УИХ-ын гишүүнээсээ татгалз гэдэг зүйл яригдаж байна.
Хуульч, доктор Ч.Өнөрбаяр:
-Өнөөдрийн Засгийн газар 100 хувь давхар дээлтэй буюу сайд нар нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөж эхэлснээр дөрвөн сайд нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно. Ерөнхий сайд нь аль гишүүдээ авч үлдэх нь УИХ-д 63 суудалтай байгаа МАН-ын дотоод асуудал. Ямар ч тохиолдолд Үндсэн хууль мөрдөгдөх ёстой. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бол энэ Засгийн газар Үндсэн хуулийн чадамжгүй болно. Нэг үгээр хэлбэл энэ Засгийн газрын шийдвэр, тогтоол Үндсэн хуулийн биш болох учир Үндсэн хуульд нийцүүлэхээс өөр арга байхгүй.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүй, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтан Г.Дэлгэрбаяр:
-Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулиар шийдэгдэх асуудал. Үндсэн Хууль хэрэгжиж эхэллээ гэхэд Монгол Улсын Их Хурлаас тусгай хууль гаргах юм уу, дагаж мөрдөх журмын тухай хуулийг нь өөрчлөх юм уу, Засгийн газар шинээр байгуулагдах ёстой юм уу гэдэг нь УИХ-ын шийдэх асуудал болно. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал хэмээн байр сууриа илэрхийлж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН