Х.АМАРАА
-МАН-ын мөрийн хөтөлбөрийн амлалт ба биелэлтийн үр дүн харьцангуйн ойлголтоос ч хол давав-
2016 оны сонгуулиар 65-уулаа сонгогдсон МАН өнгөрсөн дөрвөн жилд юу хийж бүтээсэн бэ, хэлсэн үгэндээ эзэн байж, эхлүүлсэн ажлаа дуусгав уу, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлсэн үү гэх мэт маш олон асуултын хариултыг дүгнэж, тэдэнд дүн тавих цаг хэдийн ирлээ.
Эрх баригчид 2016 оны “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөртөө ажлын байр, цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ, томоохон төслүүдээ хөдөлгөж, газрын тос боловсруулах болон зэс хайлуулах үйлдвэр барина, төмөр зам барина, ард түмнээ ядуурлаас гаргаж, эх орноо өрнөөс салгана, төрийн дампуурлыг засч, хариуцлагын тогтолцоог бий болгоно гэх мэт маш сайхан амлалтыг салбар бүрт өгч байсан.
Харамсалтай нь, бүхэл бүтэн дөрвөн жил засагласан МАН-ын эрх баригчид эх орноо СААРАЛ болон ХАР ЖАГСААЛТАД оруулж, эдийн засгаа элгээр нь хэвтүүлсэн. Энэ бол тэдэнд муугийн муу тавих хамгийн бодит дүн. Үнэндээ МАН-ын мөрийн хөтөлбөрийн амлалт ба биелэлтийн үр дүн харьцангуйн ойлголтоос ч хол даваад байна.
Уг нь том төслүүдээ хөдөлгөж, ипотекийн зээлийн журмаа шинэчилж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, Төв цэвэрлэх байгууламжаа шинээр барина гэхчлэн нэн тэргүүний төслүүдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ядаж л 50 хувьд хүргэчих боломж тэдэнд хангалттай байлаа. Үнэндээ хүний амьдралын дөрвөн жил гэдэг хийж, бүтээе гэсэн нэгэнд маш их хугацаа. Даанч эрх баригчид бүтээн байгуулалтын алт шиг он жилүүдэд ердөө л сандал суудлын төлөө тэмцэлдэж, эрх мэдэл албан тушаал, өнгө мөнгөний хойноос улайрсаар хайран сайхан цаг хугацааг хий дэмий үрэв.
Үнэндээ 2016 онд эмхлэн байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг ч том ажил эхлүүлж чадаагүй. Удаах буюу одоогийн У.Хүрэлсүхийн Засгийн газар том, том шийдвэрүүдийг ар араас нь гаргасан ч тэдгээр ажлууд нь төдийлөн үр дүнгээ өгсөнгүй. Энд тэнд очиж тууз хайчлах, шав тавихаас хэтрэхгүй Засгийн газрын ажлын үр дүн үнэндээ өнөөдөр ямар байна вэ?
Шийдвэр гаргах, цаасан дээр том ажлууд бичих нь сайхан ч түүнийгээ ажил хэрэг болгоно гэдэг хамгийн чухал. Гэвч манай дарга нарын хайчилсан тууз нь салхинд гандаж, чихэнд чимэгтэй амлалтууд нь мартагдаж эхэлээ. Дараагийн сонгууль болоход яг нэг сарын хугацаа үлдлээ. Улс даяар сүр дуулиантай зарлаж, тууз хайчлан эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын үр дүн, 2016 онд ард түмэнд өгсөн амлалтуудыг нэхэн санацгаая. МАН-ын бүрэн эрхээ хэрэг¬жүүлж эхэлсэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар том ажил эхэлж, өдгөө тэр нь ахицтай явна уу, эсвэл цаасан дээр үлдэв үү гэдгийг шүүрдэж үзлээ.
2020 онд ашиглалтад орох ёстой шинэ Төв цэвэрлэх байгууламж юу болсон бэ?
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болсны зэрэгцээ ашиглалтын хугацаа дууссан зэрэг нь шинэ байгууламжийг барих шаардлагатай болгосон. Гэвч, хөрөнгө байхгүй тул шинэчлэлийн ажил хойшлогдсоор, 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилтээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Улаанбаатарт айлчлах үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчилсан. Тэр цагаас хойш хоёр жилийн нүүр үзсэн ч ажил дорвитой урагшлахгүй байна. Энэ хавар барилгын ажил эхэлбэл 2023 онд ашиглалтад орох сурагтай байсан ч цар тахал гарснаар зогсчээ. Хэрэв энэ хавартаа амжиж барилгын ажил эхлэхгүй бол түлхүүр гардуулах ёслол дахин нэг жилээр ч хойшилж магадгүй гэдгийг албаныхан хэлж байна.
Төв цэвэрлэх байгууламжийг барихаар БНХАУ-аас авсан зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Эхний долоон жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөхөөр гэрээ байгуулсан. Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газраас, таван хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргахаар гэрээлсэн.
Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах боломжтой аж. 2018 онд хотын мээр асан С.Батболд Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг нүдээр үзэж, “танилцаад” явсан. Ингээд 2020 он гэхэд шинэ байгууламжийг БНХАУ-ын тусламжтайгаар барьж байгуулаад ашиглалтад оруулахаа мэдэгдэж байв. Гэвч үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч тууз хайчилж эхлүүлсэн шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажил тэг зогсолт хийсэн байдалтай байна. Урт удаан хугацаанд толгойн өвчин болж ирсэн Төв цэвэрлэх байгууламж У.Хүрэлсүхийн Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын үед бүрэн шинэчлэгдлээ гэсэн мессежийг албан тушаалтнууд өгсөн ч өнөөдөр бүх хэлсэн ярьсан зүйл нь бахь байдгаараа, бүхнийг корона руу чихээд сууж байна.
Дорноговь аймагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл гацжээ
2019 оны аравдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд оролцсон. Газрын тосны боловсруулах үйлдвэр нь урьдчилсан ТЭЗҮ-ээр жилд 1,5 сая/тн тос боловруулах хүчин чадалтай байх юм. Үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг тогтоох хайгуулын ажлууд бүс нутгийн хэмжээнд хийгдэж байгаа бөгөөд бүрэн тогтоогдсон нь 35 сая/тн. Нефть-хими болон химийн аж үйлдвэрийн суурь, түүхий тос дамжуулах хоолой төслийн хүрээнд тавигдахаар төлөвлөсөн. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурна. Мөн Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллароор өсч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Төслийн ажлын төлөвлөгөө ёсоор бол энэ сард төслийн барилга угсралтын ажлын дунд шатны ажил явагдаж байх учиртай. Гэвч цар тахлын улмаас БНЭУ-аас эхний ажлын гүйцэтгэгч ирэх ёстой байсан ч ийн гацахад хүрсэн гэдгийг албаны хүн хэлэв. Энэ мэт томоохон төслүүд гацсан байдалтай 2020 оны сонгуультай золгож байна.
МАН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨМӨРЧ, ИРГЭДИЙН НУРУУН ДЭЭРХ АЧАА УЛАМ ХҮНДРЭВ
МАН мөрийн хөтөлбөртөө “Бид татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэсэн амлалт өгсөн ч бодит байдал дээр иргэдийн нуруун дээр ачаа болох ЕСӨН ТӨРЛИЙН ТАТВАРЫГ нэмэгдүүлсэн билээ. Үнэндээ эрх баригчдын барьж буй татварын бодлого нь ард түмний эсрэг байгааг доорх татварын нэмэгдлээс бэлхнээ харж болно. Үүнд,
1. Суудлын автомашины албан татвар
2017 оны тавдугаар сарын 1-нээс автомашины насжилтаас хамаарч, 3-15 хувиар татвар нэмж, моторын багтаамж нь 4501 см/кубээс илүү байгаа нөхцөлд насжилтаас нь хамаарч 40-250 хувийн татвар ногдуулсан.
2. Нийгмийн даатгалын шимтгэл
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар тус тус нэмэгдүүлж, нийт таван хувиар нэмсэн.
3. Хадгаламжийн хүүгийн орлогын татвар
2017 оны тавдугаар сарын 1-нээс бүх хадгаламж эзэмшигчийн хадгаламжид тооцсон хүүгийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авч эхлэв.
4. Импортын тамхины татвар
2017 оны тавдугаар сарын 1-нээс импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэв.
5. Хувь хүний орлогын албан татвар
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс сарын 1.5 сая хүртэл орлоготой иргэн 10, 1.5 саяас дээш орлоготой бол 15, 2.5 саяас дээш орлоготой бол 20, 3.5 саяас дээш бол 25 хувийн татвар төлөх шийдвэр гаргав. Иргэдийн орлогоос хамаарч, 10-25 хувийн татвар нэмсэн нь ард түмнийг дарамтад оруулав.
6. Шатахууны онцгой албан татвар
2017 оны долдугаар сарын 1-нээс шатахууны онцгой албан татварыг 2016 оны түвшинд хүргэнэ гэсэн боловч 2017 оны аравдугаар сараас татварыг дахин нэмэв.
7. Тамхи, согтууруулах ундааны албан татвар
Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмсэн.
8. Газар худалдаалах татвар
2018 оны улсын төсөвтэй хамт “Газрын тухай хууль”-д өөрчлөлт оруулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс газар эзэмших тусгай зөвшөөрлөө бусдад худалдах, шилжүүлэхэд шинэ төрлийн татвар авч эхэлсэн.
9. Ашигт малтмалын лицензийн татвар
2018 оны нэгдүгээр сараас “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрчлөлт оруулж, одоо эзэмшиж байгаа уул уурхайн лицензээ гуравдагч этгээдэд худалдах, эсвэл шилжүүлэхэд 10 хувийн татвар авахаар тусгасан зэрэг нь иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлсэн шийдвэр болсон.
Дэлхий нийт хөгжлийнхөө дараагийн шатанд гарч, Аж үйлдвэрийн 4.0 хувьсгалын эрин үед амьдарч буйгаа, юмс гэрлийн хурдаар хөгжиж, цаг хуга¬цаа харвасан сум шиг нисэн одож, биднийг хүлээхгүйг Ерөнхий сайд ба түүний багийнхан мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч үл ойшоов уу?
Ардчилал хөгжөөд 30 жилийн нүүр үзлээ. Алдаатай, оноотой нь цаашид аваад л явна. Харин дараагийн 30 жилийн мөчлөг дээр тулж ирсэн 2020-2050 онд бид алсыг хараалж, хэн надад зээл өгөх бол гээд хүлээгээд суусаар байх уу, хэзээ ч олдохгүй цаг хугацаагаа бид хайрлаж, амьсгалах минут, секунд тутамдаа өөрсдийн хүчээр баялаг бүтээх он жил ирлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН