Б.БАЯР
Манай улсын хувьд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй гэж үздэг. Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад улс төрийн таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй гишүүн сонгогдож нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан. Иймээс иргэд парламентад олон эмэгтэй гишүүн ажилласны давуу талыг олж хардаг болсон. Энэ тухай болон шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяатай ярилцлаа.
-Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоо нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг үндэсний хэмжээний томоохон байгууллага гэж хардаг. Та АЭХ-ны ерөнхийлөгчийн ажлыг аваад ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлээд байна вэ?
-2000 оны арванхоёрдугаар сарын 28-нд Монголын Ардчилсан нам байгуулагдсаны дараа МҮАН, МСДН, МоАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагуудын Удирдах зөвлөлүүдээс тус бүр есөн хүн нийт 27 эмэгтэй нэгдэн хуралдаж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (АЭХ) үүсгэн байгуулж тэргүүнээр М.Тунгалаг сонгогдож байлаа. Дараа нь Б.Дэлгэрмаа, Ц.Оюунгэрэл тэргүүнээр нь сонгогдож байсан. Би 2016 онд АЭХ-ны ажлыг хүлээн авсан. Ардчилсан намын эмэгтэйчүүд дандаа шинийг санаачлагчид, байнга бусдыгаа уриалж байдаг. Иймээс тэд маань үргэлж шинэ ажил санаачилж даргаа үүнийг хийе, хэдүүлээ ингэмээр байна гээд намайг зүгээр суулгадаггүй шүү. (Инээв) Энэ ч утгаараа өнгөрсөн хугацаанд бид хамтдаа маш олон ажил санаачлан хэрэгжүүлсэн. Томоохон ажлууд гэвэл АЭХ-ны тэргүүн болон шат шатны тэргүүний сонгуулийг “Сэтгэлийн хүч” аян нэртэйгээр монгол орон даяар өрнүүлсэн. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч орон даяар хэлэлцүүлж иргэдийн саналыг нэгтгэж шийдвэр гаргах түвшинд уламжлах аяныг амжилттай зохион байгуулж, саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
Дотоод бүтцийн хувьд АЭХ-ны дэд ерөнхийлөгч, дэд тэргүүнүүдийг гишүүдийн оролцоотойгоор сонгон Удирдах ажилтны зөвлөгөөн, Бүсийн чуулган, Монголд анх удаа 1000 гаруй эмэгтэйг оролцуулсан “Лиш” Фестиваль зохион байгууллаа. Мөн 21 аймаг есөн дүүргийн АЭХ-ны салбар хороод идэвхтэй үйл ажиллагаа явуулж орон нутагт хөндөгдөж байгаа асуудлыг шийдвэрлэх тал дээр хамтран ажилласаар ирсэн. Цаг үеийн асуудалтай холбогдуулан “Хүүхдийг цахим халдлагаас хамгаалъя” аян, Охид бүсгүйчүүдийг хүчирхийллээс хамгаалах чиглэлээр шат дараатай олон акц өрнүүлсэн. Үүний үр дүнд ч нийгэм АЭХ-ны эмэгтэйчүүд аливаа асуудалд түрүүлж дуугарч охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг гэж үнэлэх болсон нь хамгийн том бодит үр дүн гэж үздэг. Энэ мэтчилэн яриад байвал олон ажил бий.
-АЭХ илүү хүчтэй, нийгэмд хүрч ажиллаж байгааг сонсоход таатай байна. АН олон эмэгтэйгээр эгнээгээ тэлж шат шатны удирдлагад эмэгтэйчүүд оролцох болсон. Хамгийн сүүлд гэхэд л АН-ын дэд даргаар Б.Жаргалан томилогдсоныг хараад баярлаж суулаа?
-АН чадварлаг залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжиж нам улс төрийн ажилд илүү давамгай оролцуулж байгаа. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр залуучууд өөрсдийгөө илүү хөгжүүлж дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж байгааг бид бүхэн дэмжих нь зүй ёсны хэрэг. Нөгөө талаар бид Монголын эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих, тэдний эрхийг хамгаалахын төлөө 2030 он хүртэл стратеги төлөвлөгөө боловсруулаад үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна. Холбооны зүгээс эмэгтэй улстөрчдөө чадавхжуулах, манлайлагч болгох, ёс зүйтэй байх, улс төрийн соёлд суралцуулах боломжоор хангах гээд шат шатны сургалтуудыг гадаад, дотоодод зохион байгуулсан. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч эмэгтэйчүүдийн хэмжээнд очихын төлөө ажиллах ёстой. Дэлхийн хэмжээний эмэгтэй улстөрчдийн сэтгэлийн хат, уйгагүй чанар, дайчин зүтгэл, олон жилийн тэмцэл, ур чадварт ойртохын тулд АЭХ-ныхон хичээн ажиллаж байна. АЭХ-ноос олон лидер улстөрч эмэгтэй төрөн гарсаар байна. Цаашид ч нэмэгдэнэ гэдэгт би итгэдэг.
-Та эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжихээс гадна хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлаар олон жил дуугарлаа. Үүний үр дүнг хэрхэн дүгнэдэг вэ?
-Нийгэм өөрчлөгдөж байна. Иргэд бодлого тодорхойлох түвшинд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал юм байна гэдгийг ойлгодог болжээ. Аливаа асуудалд эмэгтэй хүний зөөлөн сэтгэлээр ханддаг учраас иргэд эмэгтэй удирдлагуудтай уулзах асуудлаа тавих, шийдвэрлүүлэх хандлагатай болсон байна. Скандинавын орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн тоо 40 орчим хувьтай байдаг. Тэр ч утгаараа эдгээр орны нийгмийн халамж, үйлчилгээ илүү сайн байдаг. Сургууль, цэцэрлэг, хүмүүнлэгийн систем нь үнэхээр гайхамшигтай хөгжсөн. Хот төлөвлөлт, үйлчилгээ гойд сайн байдаг нь эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан мөн чанар нь нийгмийн үйлчилгээний салбарт илүү харагдаж энэ төрлийн хууль эрх зүйн өөрчлөлт бодлогуудыг сайн зангиддаг нь харагдаж байгаа юм. Тиймээс бид илүү олон эмэгтэйчүүдийг улс төрд гаргаж ирснээр хотын олон асуудал тухайлбал, бөглөрөл, нийгмийн үйлчилгээ, хүүхэд хамгаалал, ядуурлыг бууруулахад гол хүч нь болно. Эмэгтэйчүүдийг дэмжих нийгмийн уур амьсгал ч гэсэн бодитой болсон байна. Тэгэхээр дараагийн сонгуулиар улам олон эмэгтэй сонгогдоосой. Хүн амын 51 хувийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд улам л өсөөсэй. Төрийн бодлогыг тодорхойлоход эмэгтэйчүүдийн оролцоо асар чухал гэдгийг л дахин дахин хэлмээр байна. Хэрэв эвлэлдэн нэгдэж нэг санаа бодлоор хөдөлбөл харин ч Монгол эрчүүд бүсгүйчүүдээ дэмждэг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 30 хувийн квот тогтоолгосон явдал нь Монголын эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийнхээ бүх үеийн туршид олсон хамгийн том амжилт мөн байсан боловч үр дүнг нь үзэж чадаагүй. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олноор очиж байж нийгэмд тулгарч байгаа олон асуудал цэгцэрнэ гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд эмэгтэйчүүдийг дэмжээд байна. Гэтэл манайд дэлхийн дундажаас доогуур үзүүлэлттэй байгаа нь чамлалттай тоо. Эмэгтэй гишүүдэд хандах хандлага 2012-2016 онд дээшилсэн.
-2012 оны УИХ-ын сонгуулиар парламентад 11 эмэгтэй гишүүн сонгогдож нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэж чадсан. Иймээс иргэд парламентад олон эмэгтэй гишүүн, нэгдэж ажилласны давуу талыг олж харсан болов уу?
-УИХ-ын түүхэнд эмэгтэй гишүүд олноороо сонгогдсон энэ алтан боломжийг ашиглаад бид нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа гол хуулиудыг батлуулах зорилт тавьж, төлөвлөгөө гарган, холбогдох байнгын хороогоор хуваарилж аваад ажилласан. 20 гаруй жил гар хүрээгүй хэд хэдэн хуулийг шинэчлэн батлуулсан байдаг. Хамтарч ажилласан маш олон хуулийг дурдаж болно. Тухайлбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хамтын тэтгэврийн тухай хууль гэх мэт. Эмэгтэйчүүд амьдралынхаа цөөнгүй жилийг гэртээ хүүхдээ харж өнгөрөөдөг учраас тэтгэвэр нь багаар тогтоогддог. Тиймээс хамтын тэтгэврийн тухай хууль эмэгтэйчүүдэд маш чухал байсан. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль байна. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн дэд бүтэц, орон сууц, олон нийтийн барилга байгууламжид саадгүй хүрэх, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилж баталснаар зам тээврийн ослыг бууруулахад их хувь нэмэр болсон. 2012-2016 онд УИХ-д ажиллаж байсан эмэгтэйчүүдийн нөлөөлөл иргэдийн эмэгтэй гишүүдэд тэр дундаа АН-ын эмэгтэй гишүүдэд хандах хандлагыг дээшлүүлж өгсөн гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх аа. Өнгөрсөн хугацаанд АН-аас төрөн гарсан бүсгүйчүүд шат шатны шийдвэр гаргах түвшинд томилогдон ажиллаж улс орон, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө олон ажлыг санаачлан хийж бидний итгэлийг дааж ажиллаж чадсан.
-Таны хувьд 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан. Энэ хугацаандаа иргэдэд хэрэгтэй ямар хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, батлуулсан тухайгаа эргэн сануулбал?
-Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа 10 хуулийг санаачлан хэлэлцүүлж батлуулж байсан. Мөн арван хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Мөн 60 гаруй хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр орж ажилласан. Тэр болгоныг ярина гэвэл маш их хугацаа орно. Би чинь ер нь их хэнхэг хүн шүү дээ. Гол гэж боддог хуулиудаа онцолъё. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль дээр голлох үүрэгтэй оролцож батлуулсан. 2012-2016 оны эмэгтэй гишүүдийн бүлэг нэгдмэл санаатай урамтай ажиллаж байсан. Одоо дахин эмэгтэй бүлгийн гишүүд ингэж хамтарч ажиллавал олон асуудал шийдэгдэнэ дээ гэж боддог.
-Дэлхий нийтийг цочроосон титэм вирусийн халдвараас болж эдийн засаг зогсонги байдалд ороод байна. Энэ дарамт эмэгтэйчүүдэд хүндээр тусч байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Түрээсийн төлбөр, эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаагаа зогсоолоо гэсэн олон л хүн байна. Энэ нь иргэдийг ядууралд хүргэх вий гэсэн айдас байна?
-COVID-19 тахлаас болж дэлхий нийтээрээ сандарч байна. Харин манай улс дотроо алдчихгүй байгаа нь нэг бодлын бидний аз, нөгөө талаар эрүүл мэнд, цагдаа, цэрэг, онцгой байдлын албан хаагчид сайн ажиллаж байгаагийн үр дүн байх. Эдийн засаг хумигдсан энэ үед ажлын байргүй болж байгаа эмэгтэйчүүд нэмэгдсээр байна. Иймээс Засгийн газрын зүгээс ажлын байрыг хадгалах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ч үр дүнтэй ажил хийж буй нь харагдахгүй байна. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д ядуурлаас 100 хувь гарна гэж үзсэн байгаа. Хэрэв одооноос л бид зөв замыг сонгож ажиллаж чадах юм бол ирэх 10 жилд ядуурлаас гарах боломж бий. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх хэд хэдэн хууль эрх зүйн шаардлага байна. Ядууралтай тэмцэнэ гэсэн төрийн бодлого хуулийн заалт алга. Энэ болгон дээр ядуурлыг бууруулах төсөл, судалгаа гэсэн нарийвчилсан зорилтот бодлого гаргах шаардлага бий.
-Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Нийгэмд шударга ёсыг тогтоох, эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх, авлига ашиг сонирхлоос ангид байх гээд олон асуудал бидний сэтгэлийг зовоосоор байна. Амьдрал нь арга билэг буюу эр, эмийн зохицол дээр тэгш хөгждөг жамтай. Бидний амьдрал ирээдүйг чиглүүлэх төрийн удирдлага нь эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр гажууд байх болно. Иймд зохистой хөгжлийг хүсч байгаа хүн бүр хүйсийн тэнцвэртэй оролцоо сонголт хийх ёстой. Нийгэм дэх ядуурал, үл хайхрал хүчирхийлэлд хамгийн түрүүнд хүүхэд, эмэгтэйчүүд золиос болон өртөж байна. Гэр бүл салалт, ажилгүйдэл, архидалт, эдийн засгийн уналт ч эмэгтэйчүүдэд хамгийн хүндээр тусдаг. Гэтэл тэдний төлөө дуугарах, ажиллах хүсэл эрмэлзэлтэй эмэгтэй улстөрчийг эмэгтэй сонгогч нь өөрсдөө сонгох ёстой. Иргэн бүр өөрийгөө үнэлэн цэгнэж, боловсруулан хөгжүүлж өөрийнхөө болоод үр хүүхэд ирээдүйн төлөө чин сэтгэлээсээ санаа тавин ажиллах юм бол сайн сайхан ажиллаж амьдрах гарц бидэнд заавал олдох болно. Төгсгөлд нь манай улсын нийгэм, эдийн засгийн голлох нөлөө үзүүлсэн чухал шийдвэрүүд нь АН-ын хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүн байдаг гэдгийг хэлмээр байна. АН 2016 оноос намын шинэчлэлийн аяныг өрнүүлж гишүүдийн оролцоотой бодлогын нам болсон. Үүний зэрэгцээ намын мөрийн хөтөлбөрийг боловсруулж “Өсөлтийг өрх бүрд” гэсэн уриаг дэвшүүллээ. Мөрийн хөтөлбөрт ажлын байрыг олноор бий болгож, бизнесийн орчинг сайжруулан монгол хүний хөдөлмөрийн үнэлүүлэмжийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах юм.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН