Б.ОДМАА
УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан нам “Монгол өрх хөгжлийн бодлого 2020” “Өсөлтийг өрх бүрд” мөрийн хөтөлбөртэйгээр оролцож байна. АН-ын мөрийн хөтөлбөрт гол, гол ямар бодлого тусгагдсан талаар судлаач Л.Баян-Алтайтай ярилцлаа.
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөр ямар чиглэлтэй байх вэ?
-АН-ын мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь Өрх бүрд өсөлт, дэвшилт авчрах явдал. Өөрөөр хэлбэл, тус намаас ирэх дөрвөн жилд нийгмийн болон эдийн засгийн томоохон шинэчлэл, реформыг хийх замаар иргэдийн орлогын хэмжээг нэмэгдүүлж, тэдэнд очих эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсролын чанарыг эрс сайжруулах юм.
-“Өрх бүрд өсөлтийг” гол уриатайгаар орж байна. Өрхөд анхаарсан бодлогыг намууд мөрийн хөтөлбөртөө зайлшгүй тусгадаг. АН-аас 2020 оны сонгуульд онцолсон хөтөлбөртөө голлож тусгаснаас үзэхэд өрх бүрд яг ямар өсөлтийг авчрах вэ?
-Аливаа өрхийн хувьд гурван чухал зүйл байдаг. Үүний нэгдүгээрт, тухайн өрхийн гишүүдийн орлогын асуудал орно. Үүний дараа, хүмүүсийн эрүүл мэнд, тэгээд боловсрол яригдана. Цар тахал дэгдсэн одоогийн хүнд цаг үед иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нь АН-ын хувьд тэргүүлэх зорилт мөн. Үүний тулд, иргэд ажлын байртай, орлоготой байх хэрэгтэй. Үүнийг хоёр янзаар хийдэг. Нэгдүгээрт, одоо байгаа ажлын байрыг хадгалах, дараагийн ээлжинд шинээр ажлын байрыг олноор нь бий болгох. АН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн орлогоор тасалдуулж, ажлаас халуулахгүй, орон байрнаас нь салгахгүй байх бодлого туссан. Түүнчлэн, компани, аж ахуй нэгжүүдийг дампууруулахгүй, ялгаварлахгүй байх арга хэмжээ авна. Цар тахалтай тэмцэх онцгой хөтөлбөр, багц хуулиудыг шинэ УИХ-ын анхдугаар хуралдаанаар гишүүд тангаргаа өргөнгүүт батлахаар төлөвлөж байна.
Түүнчлэн жижиг дунд бизнесүүдийг дэмжсэн бодлогыг эрс шинэчлэн, олон улсад туршигдсан, батлагдсан сайн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Учир нь жижиг дунд бизнес эрхлэгчид ажлын байрыг бий болгодог.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед буюу 2020-2021 онд иргэн, бизнес эрхлэгчийн төлдөг татвар, хураамжийг бууруулахаар төлөвлөж байна. Мөн, НӨАТ-ын хувийг таван хувь болгож багасгана.
Нөгөө талаар манай бизнес эрхлэгчид маш амаргүй нөхцөлд ажиллаж байна. Тэдэнд хүү бага, хугацаа урт зээлийн эх үүсвэр олдохгүй байгаа. Тиймээс АН зээлийн шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлж, ЖДҮ-ийг бодлогоор дэмжинэ. Үүний тулд одоо байгаа Төрийн банкийг ЖДҮ-ийг дэмжих банк болгох юм. Өөрөөр хэлбэл, жижиг дунд бизнес, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлж буй мянга, мянган иргэд маань өөрт хэрэгтэй зээл, санхүүгийн үйлчилгээ авах байгууллагатай болно оо гэсэн үг. Улмаар зээлийн хүүг бууруулж, яваандаа нэг оронтой тоонд оруулна.
Өөр нэг томоохон зорилго нь ажлын байр бий болгохтой шууд холбоотой. АН-ын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлэн, том төслүүдээ хөдөлгөж 100,000 ажлын байрыг шинээр бий болгох зорилт тавьсан байна. Та бүхэн мэдэж байгаа, МАА-н болон уул уурхайн салбарын бүтээгдэхүүн Монгол Улсад ямар ч боловсруулалт хийхгүйгээр гадагшаа урсч байгаа. Энд, малын арьс шир, ноос, ноолуур, нэхий гээд дурдаж болно. Мөн, нүүрс, төмрийн хүдэр, зэс гэхчлэн Уул уурхайн бүтээгдэхүүн байна. Бүгд түүхийгээрээ гадагшаа гарч байна. Энэ бүгдийг дотооддоо боловсруулах замаар бид хэдэн мянган ажлын байр бий болгож, улмаар экспортын орлого эрс нэмэгдэх юм. Өөр нэг онц чухал салбар гадаадын хөрөнгө оруулалт. Дэлхийн нэр хүндтэй томоохон компаниуд өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсад хөрөнгө оруулахаар орж ирсэнгүй. Олон улс дахь эдийн засгийн уналтаас шалтгаалан хөрөнгө оруулалтын өгөөж буурч буй энэ нөхцөлд Монгол Улсад өгөөж өгөх хөрөнгө оруулалтын төслүүдэд татварын тогтворжуулалтыг олгоно. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, харилцан ашигтай бизнес хийх боломж үүсгэнэ.
-Дэлхий даяар эдийн засгийн уналтад орж байгаа энэ үед төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр юу юу хийхээр мөрийн хөтөлбөрт тусгасан байна вэ?
-Юуны өмнө, одоогийн байгаа байдлыг товч авч үзье. 2016-2019 оны төсвийн алдагдал зургаан их наяд болсон байгаа. 2020 оны батлагдсан төсвийн дүнтэй нийлүүлж тооцвол 8,1 их наяд төгрөгийн алдагдлыг өнгөрсөн дөрвөн жил эрх баригч нар баталсан байна. Алдагдалтай төсөв батлагдсанаас Монгол Улсын өрийн хэмжээ тасралтгүй өсч даруй зургаан тэрбум доллароор гадаад өр нэмэгдсэн. 2020 оны эхний улиралд гадаад өр 30 тэрбум ам долларт хүрээд байна. Өнөөдрийн байдлаар иргэн болгонд 26 сая төгрөгийн өр ногдохоор боллоо. Ийм байдлаас гарахын тулд АН-ын зүгээс маш тодорхой алхмууд хэрэгжүүлнэ. Юуны өмнө, улсын нэгдсэн төсвийг алдагдалгүй баталж, улсын өрийн өсөлтийг хязгаарласан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тууштай хэрэгжүүлнэ. Өрх дээр жишээ болгон авч үзвэл, тухайн айл өөрийн олдог орлогоосоо байнга илүү гаргаж хэрэглээд байвал өр зээлийн дарамтаас гарахад маш хүнд болдогтой адил юм. Тиймээс төсвийн сахилга батыг эрс сайжруулах шаардлагатай байна. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүйгээр урт хугацааны хөгжлийг дэмжсэн хөтөлбөрөөр өрийн удирдлагын хэрэгжүүлэх оновчтой бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлнэ. Мөн, төсвийн зардлыг ач холбогдол, үр өгөөжөөр нь эрэмбэлэх зарчимд шилжиж, үр ашигтай хуваарилалтын бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн бид бизнесийн орчныг эрс сайжруулах, аливаа хүнд суртал, төрийн дарамт шахалт бууруулах тал дээр ажиллах замаар хувийн хэвшлээ дэмжинэ. Мөн, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тогтвортой байдлыг бий болгох, харилцан ашигтай бизнес хийх орчныг үүсгэхийн төлөө ажиллана.
-Иргэдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой заалтыг нам бүр мөрийн хөтөлбөрөө оруулсан байсан. АН-ын мөрийн хөтөлбөрт энэ тухай юу гэж заасан бол?
-АН-ын мөрийн хөтөлбөрт 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар, монгол хүний бодит орлогыг дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүргэх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр заасан байгаа. Энэ нь өмнө дурдсан аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлж, түүхий эдээ боловсруулах, экспортоо эрс нэмэгдүүлэх замаар хүрэх боломжтой зорилго юм. Мөрийн хөтөлбөрт багш, эмч, төрийн тусгай албан хаагч нарын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэхээр заасан байна.
-АН мөрийн хөтөлбөрөө Нийслэл, Орон нутагт хэрэгжих гэж тус тусад нь бодитойгоор гаргасан харагдана лээ. Энэ талаар?
-Нийслэл Улаанбаатар хотод манай хүн амын бараг хагас нь оршин суудаг. Үүнийгээ дагаад эдийн засаг, нийгмийн олон асуудлууд байдаг. АН-ын мөрийн хөтөлбөрт нийслэлийг эрүүл, төлөвлөлттэй, иргэдийн оролцоотой хот болгох зорилго тавьсан. Юуны өмнө, иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөрийн хөтөлбөрт орсон зарим ажлыг энд дурдая. Хуучны угсармал орон сууцны дулааны алдагдлыг бууруулах зорилгоор дулаалах төсөл байгаа. Мөн, Улаанбаатар хотыг нүхэн жорлонгүй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Нийслэлийн хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Гэр хороололын иргэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон гэрт амьдарч байгаа бөгөөд тэдний хувьд аюулгүй, эрүүл орчинд амьдрах баталгаа алга.
Тийм учраас АН-ын зүгээс орон сууцны асуудлыг нэн даруй шийдэхээр тусгасан байгаа. УБ хотын гэр хороололд амьдарч буй мянга мянган өрх АН-аас дэвшүүлж буй 100,000 өрх хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ нь залуу гэр бүл, гэр хорооллын айл өрхүүдийг хувийн, түрээсийн орон сууцтай болгох хөтөлбөр юм. Түүнчлэн, ипотекийн найман хувийн зээл хөтөлбөрийг сэргээж улмаар хот, хөдөөгийн иргэдийг хөнгөлттэй зээлээр хувийн орон сууцтай болгох ажил хийгдэнэ.
Гэр хорооллын оршин суугчдын түлшний хэрэглээг аюулгүй болгох, агаар дахь хорт хийн хэмжээг эрүүл ахуйн шаардлага стандартын хэмжээнд хүртэл багасгана.
Нөгөө талаар, халаалтын болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй амины орон сууцыг төлөвлөж, барихад нь урт хугацаатай, хүү багатай, орон сууцны зээлээр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
Өөр нэг чухал зорилт бол Улаанбаатар хотын гэр хороолол, хотын хөрсний бохирдлыг бууруулах “Ногоон бүс” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ ажлын хүрээнд Сэлбэ, Туул, Дунд голыг сэргээх, хамгаалах, голын эрэг дагасан ногоон бүс, ойжуулалт хийснээр, хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ.
Хотыг илүү төлөвлөлттэй, зөв зохион байгуулалттай хөгжүүлэх үүднээс бид тодорхой ажлууд мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Тухайлбал, БОГД ХАН төмөр замын төслийг сэргээж Улаанбаатар хотыг хөндлөн дайрсан магестрал шугамыг Богд уулын урдуур тойруулна. Түүнчлэн, дугуйн болон явган замын сүлжээг илүү нэмэгдүүлж, давхар зогсоолуудыг бий болгоно. Энэ бүгд нь хотын тээврийн ачаалал, түгжрээг эрс бууруулна.
Иргэдийн маань хүсч хүлээж байдаг Гэр хорооллыг цэвэр ус, бохир ус ариутгах татуурга, интернэт шилэн кабель зэрэг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг мөн цаг алдалгүй хийхээр төлөвлөж байна. Эдгээр ажлыг хийснээр иргэд илүү эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс чөлөөлөгдсөн газар дээр иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах ажлыг ч хийнэ.
Хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах, төсөв бүрдүүлэх, зарцуулах эрхийг нэмэгдүүлнэ. Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хяналтын хувьцааг хөрөнгийн бирж дээр IPO хийх замаар гаргаж, олон нийтийн өмчийн оролцоотой болгож, удирдлага менежментийг сайжруулан, компанийн сайн засаглалыг хөгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлнэ.
Хот өөрөө түүхийг хадгалж, дараагийн үедээ дамжуулж байдаг. АН нь хотын өв соёл, түүхийг байгаа хэвээр хадгална гэдгээ хэлмээр байна. Тийм учраас, бид хотын соёлын өв, дурсгалт барилгуудыг нураахгүй, арчлан хамгаалах, сэргээн завсарлах, сайжруулж соёлын өвийг хойч үедээ үлдээх болно.
Түүнчлэн, нийслэлийн зарим гудамжийг явган хүнд зориулагдсан, худалдаа үйлчилгээний “Авто машингүй гудамж” болгоно. Мөн, нийслэлийн удирдлага улирал тутам үйл ажиллагааны тайлангаа иргэдэд нээлттэй тайлагнадаг практикийг нэвтрүүлнэ.
Хөдөө орон нутгийн хувьд АН-ын мөрийн хөтөлбөрт туссан гол ажлыг товчлон дурдъя. Мэдээж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орон сууцны нөхцөлийг сайжруулах, бизнесүүдэд ирдэг хүнд суртал, дарамтыг бууруулах гээд дээр дурдсан бүх төрлийн шинэчлэлийн ажил орон нутагт мөн хэрэгжинэ.
Малчин өрхүүдэд зориулсан нэлээд олон багц хөтөлбөр, ажлыг оруулсан байгаа. Юуны өмнө, малчдын хүүхдийн боловсролын асуудал маш чухал байдаг. Бага насны хүүхдүүд сумынхаа дотуур байранд суух, эсвэл ах дүү хамаатан айлдаа суудаг. Зарим тохиолдолд тухайн өрх хоёр хуваагдаж нэг нь малаа хараад хөдөө байдаг, нөгөө хэсэг нь суманд хүүхдээ хараад суух болдог. Үүнийг шийдэхийн тулд бид Малчин өрхийн 6-8 настай хүүхдийг гэрээр сургах гэрийн сургалт хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Түүнчлэн, малчдын нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлж, тэдний нийгмийн баталгааг хангана. Мөн малчин өрхүүдийг хүчин чадал өндөртэй цахилгаан хэрэгсэл ашиглах боломжоор хангахаар зорьж байна.
Энд дурдах ёстой хоёр хөтөлбөр бий. Үүний нэг нь “ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” ХӨТӨЛБӨР бөгөөд мал аж ахуйн салбарыг эдийн засгийн үр ашигтай, орчин үеийн шинэ технологи ашиглан хөгжүүлж, малчдыг малчин бизнесмен болгох зорилготой.
Өөр нэг хөтөлбөр нь “ШИНЭ ХӨДӨӨ”. Гол зорилго нь малын түүхий эд ноос, ноолуур, арьс шир, махыг малчдын оролцоотойгоор анхан шатны түүхий эдийн тордолгооны цэгт бэлтгэнэ. Улмаар, түүхий эд үйлдвэрлэгч, боловсруулах үйлдвэр, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч талууд кластерын тогтолцоогоор хамтран ажиллах, бүх талууд харилцан ашигтай ажиллах боломжийг бий болгох.
Мал аж ахуйн тухай ярихад бэлчээрийн доройтлыг зайлшгүй ярих хэрэгтэй болдог. АН-ын мөрийн хөтөлбөрт Монгол орны газар нутгийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бэлчээр нутгийн тогтвортой ашиглалтыг хангаж, доройтсон бэлчээрийн 30-аас доошгүй хувийг сэргээхээр төлөвлөсөн байгаа.
-Манай улсын өнөөгийн бодит нөхцөл байдал ямар байна вэ?
-Одоогийн нөхцөл байдал амаргүй байгаа. Ядуурал, тэгш бус байдал газар авсан. Зарим аймгуудад хоёр хүний нэг нь ядуу байна. Энд Говь-Сүмбэр, Говь-Алтай, Дорнод аймгийг дурдаж болно. Түүнчлэн, Улаанбаатар хотод гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Дээрээс цар тахлын нөлөөг тооцох ёстой. Ингээд бодохоор ядуурал 30 хувь биш 40, 50 хувь руу явчихсан байна.
Нөгөө талаар, иргэд тэгш бус байдалд маш их бухимдаж байгаа. Нийт баялгийн ихэнхийг цөөнх эзэмшдэг ийм тогтолцоо бий болчхоод байна. Цөөн тооны хүмүүс нийгмийн баялгийн дийлэнхийг өмчлөөд эзэмшсэн тохиолдолд улс орон жигд сайхан хөгжих боломж байхгүй. Тийм учраас, иргэд маань шударга ёсыг тогтоох талаар эрх баригчдаас шаардаж байгаа.
Уул уурхайн баялгийн өгөөжийг Монгол иргэн бүр тэгш хүртэх зохион байгуулалтыг сүүлийн 20-оод жил хийж чадсангүй. Манай уул уурхайг хар ухаанаар хэлбэл, газар дор байгаа байгалийн баялгийг ухаж гаргаж ирээд ямар ч боловсруулалт хийхгүйгээр зарж буй процесс. Гэтэл энэ баялгийг лиценз нэрээр цөөн тооны бүлэглэлд өгчихсөн учраас тэд гол баялгаа өөртөө шингээж, хүн амын олонх нь өгөөж хүртэж чадаагүй учраас л тэгш бус байдал үүсчихээд байна. АН-ын хувьд, байгалиас бүтсэн баялгийн өгөөж хүн бүрт хүрдэг байхуйц, иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг нь хангахад нь тусалдаг байх ёстой гэсэн үзэл санааг дэвшүүлж байгаа. Байгалийн баялгаа ашиглаж иргэдийн амьжиргаагаа дээшлүүлсэн сайн жишээнд Норвеги, Чили, Австрали зэрэг улсуудыг дурдаж болно. Бид тэдний сайн туршлагыг хэрэгжүүлэх замаар иргэн бүр чинээлэг амьдрах боломжтой гэж харж байна.
Өмнө дурдсан гадаадын өрийн асуудал мөн санаа зовоож байна. Ийм үед яагаад төсвийг алдагдалтай баталж, тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг зогсоохгүй байгааг үнэхээр гайхаж байгаа.
Засаглалын тогтворгүй байдал болон эдийн засгийн буруу бодлогоос үүдэж Монгол Улс Саарал жагсаалтад бичигдэж, 2016-2020 онд Монгол Улсын нэр хүнд, түүнийг дагаад иргэд, бизнесүүдийн нэр хүнд шалдаа буугаад байна. Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг илэрхийлэх бүх л индексээр Монгол Улсын эрэмбэ шат дараалан буурсан үзүүлэлттэй байгаа. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэлхийн 200 гаруй орноос 145 дугаар (ДЭМБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамны хамтарсан судалгаагаар) байранд орж байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн олон зуун тэрбум төгрөгийг санхүүгийн чадамжгүй банканд хадгалснаар Эрүүл мэндийн даатгалын санд олон зуун тэрбум төгрөгний хохирол учирлаа. Олон мянган гэр бүлийн амьдрал эмчилгээний төлбөрийн шалтгаанаар ядуурал руу шилжиж байна.
Боловсруулах үйлдвэрлэлийг ийн эрх зүйн орчин тодорхойгүй, татвар, хяналт, шалгалтын дарамт ихтэй учир шинэ залуу үйлдвэрүүд олон арваараа хөл дээрээ зогсч амжилгүй, үүдээ барьцгаав. Хөнгөн аж үйлдвэрүүд зээлийн өндөр хүүд нэрвэгдэж байна, дотоодын зах зээл дээр шахцалдах болсон тул гадаад зах зээл рүү холбогдох хүсэлтэй боловч боломж нь бүрдэхгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН