Монгол Улсын гавьяат эдийн засагч Н.Батбаяртай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашид ямар арга хэмжээ авч болох талаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй юм.
-Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ямар ямар асуудал тусгав. Түүнээс таны хувьд нэр дэвшиж буй Архангай аймагт хэрэгжүүлэх гол ажлууд нь юу вэ?
-Ардчилсан нам өргөн хүрээтэй мөрийн хөтөлбөр боловсруулсан. Гол цөм нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх явдал. Архангай аймгийн хувьд малчдын асуудал байгаа. Хоёрдугаарт, төв суурин газарт амьдарч буй иргэдийн асуудал бий. Малчдын хувьд гурван гол асуудлыг шийдэх учиртай. Онд тарган тавтай орж, төл сайн хүлээж аваад, түүхий эдийн үнэ өндөр байх ёстой. Эхний хоёр асуудлыг малчид өөрсдөө хийчихдэг. Ганцхан түүхий эдийн үнэ ханш малчдаас хамаардаггүй. Үүнд л төрөөс дэмжлэг хүсдэг. Ноолуур, мах хоёр дээр малчдын үндсэн орлого төвлөрдөг. Энэ жил МАН-ынхан малчдаар тоглоод хаячихлаа. Хүнс хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдаж авна гэж амласан.
Ноолуурын үнэ энэ хавар нэг кг нь 80 мянган төгрөгийн үнэтэй эхэлсэн. Гэтэл “Ноолуураа битгий зараарай. Нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авна” гэсэн амлалтдаа хүрээгүй. Харин ч малчдад хор хохирол учруулсан. Нэг кг ноолуурын үнэ өнөөдөр буурсаар 40 мянган төгрөг боллоо. Ингээд МАН, У.Хүрэлсүхийн Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар малчдын гол орлогоор тоглочихсон. Малчид нэг кг ноолуураа дунджаар 50 мянган төгрөгөөр зарлаа гэж бодъё. Эрх баригч МАН-ынхан ичсэн нүүрэндээ малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал төрөөс олгоно гээд сууж байна. Малчид нэг кг ноолуураа 70 мянган төгрөгөөр зарлаа гэсэн үг. Тэгэхээр нэг кг ноолуур тутамд 30 мянган төгрөг үлдэж байна. МАН нэгэнт амласан бол түүнийгээ биелүүлэх ёстой. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан малчдаас уучлалт гуйсан байна лээ. Уучлалт гуйлаа гээд малчдын алдагдсан орлогыг нөхөж чадахгүй шүү дээ.
-Тэгэхээр ноолуурын үнийг төрөөс зохицуулах ямар боломж байна вэ?
-Дэлхийн зах зээлд ноолуурын үнийг өнөөдөр манай урд хөрш Хятад тогтоож байна. Тэгэхээр Монгол Улс яагаад ноолуурын үнийг тогтоож болохгүй гэж. Учир нь бид дэлхийн ноолуурын зах зээлийн 40 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр төр засаг нь малчид, дотоодын үйлдвэрлэгч нартайгаа нийлж бодлого боловсруулж ноолуурын дэлхийн зах зээлийн үнийг монголчууд тогтоодог болох тогтолцоо бүрдүүлж болно. Ер нь нийт зах зээлийн 40 гаруй хувийг бүрдүүлэгч нэг тийш хөдлөхөд үнийг унагах, өсгөх тоглогч болж чаддаг. Өнөөдөр дэлхийн газрын тосны зах зээл яг ийм байдлаар тогтож байгаа юм. Төр, хувийн хэвшил, малчид хамтарч ажиллавал Монгол Улс дэлхийн ноолуурын үнийг тогтоогч нь болж чадна.
-Та эдийн засагч хүн манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Эдийн засаг маш хүнд байдалд орчихлоо. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын ФАТФ байгуулллагын саарал жагсаалтад эхлээд орсон. Өнөөдөр Европын холбооны хар жагсалтад орчихлоо. Тэгэхээр эдийн засгийн хориг арга хэмжээнд орж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл гадаад харилцаа хаагдаж байгаа юм. Дэлхий нийтэд өнөөдөр Монгол Улс хуурай газрын арал болох гэж байна. Засгийн газрын бодлогын алдаа ийм байдалд хүргэлээ. Нөгөө талаар дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас хөл хорио тогтоосон. Энэ бүхний нөлөөгөөр манай улсын эдийн засаг хямарч байна. Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд энэ оны эхний улиралд -10 хувьтай гарсан статистик бий. Монголын түүхэнд эдийн засгийн ийм муу үзүүлэлт гарч байгаагүй. 1990 оны эхээр хямрахад манай эдийн засгийн үзүүлэлт -9 хувьтай байсан. Эдийн засгийн энэ уналт тодорхой хугацааны дараа илэрдэг. Сонгуулийн дараа Засгийн газар төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрнэ. “Ковид-19” дэлхийн гуравдугаар дайн болчхоод байна. Дэлхийн улс орнууд эдийн засгаа аврах, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авч байгаа юм. Манай улсын эрүүл мэндийн салбарт харьцангуй гайгүй. Эдийн засгийн тал дээр ажиллаж чадахгүй байна.
-Тэгэхээр эдийн засгаа хамгаалахын тулд ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Улс орнууд энэ онцгой нөхцөл байдлын үед эдийн засгаа хамгаалахын тулд гурван чиглэлээр санхүүжилт хийж байна. Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарт санхүүжилт хийж байгаа. Хоёрдугаарт, иргэдээ мөнгөжүүлэх болсон. Гуравдугаарт, ажлын байраа хадгалж үлдэх үүднээс бизнесээ дэмжиж байгаа юм. Гэтэл манай улс сүүлийн хоёр асуудлыг нь хэрэгжүүлээгүй. МАН өнөөдөр зөвхөн сонгууль бодоод эдийн засгаа хамгаалах асуудлаа хаячихлаа. Ардчилсан намын шахалтаар хүүхэд бүрт зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг өглөө. Өөрөөр иргэдээ мөнгөжүүлэх ажил хийсэнгүй. Ардчилсан намын зүгээс иргэн бүрд нэг сая төгрөг өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Эрх баригчид түүнийг хүлээж аваагүй. Ер нь МАН хүүхдийн мөнгийг эсэргүүцдэг байсан. Өнөөдөр ингээд хүлээн зөвшөөрч байгаа нь сайн л байна. Засгийн газар татварын хөнгөлөлт үзүүллээ гэж зарласан. Татвар төлөхийн тулд аж ахуйн нэгжүүд эхлээд орлого олох ёстой биз дээ. Гэтэл аж ахуйн нэгжүүд өнөөдөр орлогогүй болчихсон. Тэгэхээр эхлээд аж ахуйн нэгжүүдийг эхлээд орлоготой болгох ёстой. Энэ тал дээр МАН юу ч хийсэнгүй. Иргэдээ мөнгөжүүлсэн бол худалдан авалт хийх, үйлчилгээ авахад зарцуулагдана. Жишээ нь зарим улс иргэддээ сар бүр 500 ам.доллар өгч байна. Ингэж худалдан авалтыг дэмжсэнээр аж ахуйн нэгжүүд нь ажлын байраа хадгалах, дампуурах эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж буй юм. Хэрэв бизнесүүд дампуурчихвал эргэж босгохын тулд асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана гэсэн үг. Ийм учраас улс орнууд иргэддээ бэлэн мөнгө, аж ахуйн нэгжүүдэд маш бага хүүтэй зээл өгч байгаа юм. Манай улсад ийм боломж бий. Гэтэл МАН сонгууль, зөвхөн сонгууль гэсэн арга барилаар ажиллаад байна. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ шүү, нөхөд өө.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх бодлого тусгасан. Үүнд МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд нэмэгдүүлсэн бүх татвар хураамж, торгууль зэргийг өмнөх хэмжээнд хүртэл буулгахаар тусгасан. Мөн НӨАТ-ыг таван хувь болгох замаар бизнесээ дэмжих юм. Өнөөдөр хүн бүр НӨАТ төлөгч шүү дээ.
-Манай эдийн засаг уул уурхайд тулгуурладаг. Эдийн засгийн шинэчлэлт хийх ёстой гэдэгт санал нэгдэх үү?
-Манай улсын гол орлого уул уурхайн салбараас орж ирж байгаа нь үнэн. Тэгээд түүхий эдээ боловсруулахгүй экспортолж байна. Бид аль болох боловсруулж өртөг өндөртэй болгож зарах ёстой. Оюу толгой төсөл эхлээгүй ганцхан Эрдэнэт үйлдвэр байхад гэнэтийн ашгийн 68 хувийн татвар санаачилж байсан. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал экспортолж байгаа. Нэг тонн зэсийн баяжмалын 75 хувь нь шороо, 25 хувь нь зэс юм. Хэрэв зэс хайлуулах үйлдвэртэй байсан бол цэвэр зэс экспортолно гэсэн үг. Мөн цэвэр зэсэд суурилсан дараагийн шатны үйлдвэрүүд бий болно. Ийм учраас Оюу толгой төслийг хэрэгжихээс өмнө тэр гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг санаачилсан юм. Өөрөөр хэлбэл Оюу толгой ордыг ашиглах гэрээг анхнаас нь зэс хайлуулах үйлдвэртэй байхаар хийх ёстой байсан. Эрдэнэтийн баяжмалаас зэс, молибден гардаг. Оюу толгойгоос алт, зэс гардаг. Хэрэв зэс хайлах үйлдвэртэй болсон бол манай улсад орж ирэх орлого илүү нэмэгдэх байсан. Тэгэхээр Ардчилсан намын хувьд урьдаас харж, алсдаа үр өгөөж өгөх бодлого хэрэгжүүлдэг. МАН болохоор өнөөдөр нэг зүйл бодож олоод маргааш хийнэ гээд дайрдаг. Тэгээд маргааш болохгүй бол нөгөөдхөө нөгөөдөр мартъя гэдгээрээ ялгаатай.
-Манай улсад статистикийн судалгаа үнэн зөв гарахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Тухайлбал, ажилгүйдэл буурсан, дундаж цалин 1.1 сая төгрөгт хүрсэн гэдэг. Гэтэл иргэд ажилтай болсон, цалин нэмэгдсэн зүйл алга гэж бухимдаж байна л даа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Өнөөдөр “Ковид-19” цар тахлын улмаас дэлхий нийтээр ажилгүйдэл огцом нэмэгдэж байна. Жишээ нь дэлхийн хамгийн том нөлөө бүхий эдийн засагтай АНУ-д ажилгүй иргэд 40 саяд хүрлээ. Энэ нь 1929 оны их хямралын үеэс давчихсан. Учир нь гадаад худалдаа хумигдсан, хөрөнгө оруулалт зогссон, бараа бүтээгдэхүүний борлуулалт зогслоо. Ганц манайд ч биш, дэлхий нийтээр ийм хямрал нүүрлэж байхад манай улс нуун дарагдуулсан худал тоо гаргаж ирээд яриад байж болохгүй. Өөрөө өөрсдийгөө хуурч бүр аюултай байдал руу орно гэсэн үг. Муу нуухаар сайн илчил гэдэг. Тэгэхээр асуудлыг бүхлээр нь авч үзээд хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох нь чухал. Монголчууд “Ковид-19” цар тахлын үед танай манай нам гэлтгүй нэгдэж улс орноо эдийн засгийн гүн хямралд оруулчихгүй байх аргаа бодох ёстой.
-Архангай аймагт тулгамдсан ямар ямар асуудал байна вэ?
-Бусад аймаг орон нутгийн адил ажлын байр хүрэлцээгүй, иргэдийн орлого доогуур гээд шийдэх ёстой асуудал их бий. Энэ чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлэхээр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгасан. Хот, хөдөөгийн ялгааг арилгана гэж ярьдаг даа. Орон нутагт амьдарч буй иргэд Улаанбаатар хотынх шиг орчин нөхцөлд амьдарч болохгүй гэж. Ардчилсан нам ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлсэн. Тэгэхээр аймаг, сумын төв, хотын гэр хороололд амины орон сууцтай болох төсөл хэрэгжүүлэх юм. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт хот хөдөөгийн иргэдийг хөнгөлөлттэй зээлээр хувийн орон сууцтай болгох бодлого тусгасан. Энэ зээлийг иргэд хамгийн боломжит нөхцөлөөр төлөөд явна гэсэн үг. Энэ талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН