Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Өнөрбаяр: Зарим нэг УИХ-ын гишүүн “Чи биднийг загнадаг хэн бэ” гэж байсан л даа...

Ярилцлагын зочноороо залуу, эрч хүчтэй, шинэ хүнийг танилцуулж байна. Гэхдээ тэр туршлагатай. Олон хуулийг парламент руу оруулж батлуулж байсан нэгэн. Энэ бол хуульч, доктор Чадраабалын Өнөрбаяр юм. Түүнтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар “давхар дээл”-ээ тайлах ёстой байсан. Гэвч Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжсэнгүй. Та хуульч, судлаачийн хувьд энэ талаар дуугарч Ерөнхий сайд, УИХ-ын даргыг мэтгэлцээнд дуудаж Үндсэн хуулийг зөрчихгүй гэдгийг байнга сануулж байсан?
-Зарчим л ярьсан. Надтай санаа бодол нэгтэй байгаа хуульчид ч ялгаагүй Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хамгаалж дуугарсан. Засгийн газар, УИХ нь өөрсдийн баталсан Үндсэн хуулиа зөрчөөд байж болохгүй биз дээ. УИХ-д хоёр том эрх мэдэл байгаа учраас хүмүүс шунаад байгаа юм. Хууль бичих гэж ийшээ орох гэж зарим нь зүтгээд байгаа юм биш. Нэг нь сайд нарын томилгоо.Түүгээр дамжуулж тухайн яаманд нөлөө үзүүлэх гэсэн улс төрийн оролдлого. Тийм учраас хэд хэдээрээ бүлэг үүсгэж байгаад чамайг сайд болгоё гээд дараа нь өртэй юм шиг амьдруулдаг. Ийм байсан учраас зүтгэдэг байсан. Хоёрдугаарт, төсвийн эрх мэдэл. Сангийн яам улсын төсвийг боловсруулаад бүхий л мөнгө тэнд явж байгаа. Мэргэжлийн түвшинд аятайхан юм хийгээд оруулаад ирэхэд л өөрчлөх эрх мэдэл нь УИХ-ын гишүүдэд байгаа.

Тэгэнгүүт УИХ-ын гишүүд нийлж байгаад манай тойрогт нэг юм хийчихье, ийшээ нэг мөнгө оруулчихъя гэдэг байсан. Ийм л хоёр эрх мэдлийн төлөө алалцдаг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн.
-“Давхар дээл”-ийг тайлах ёстой гэсэн хууль баталчхаад яагаад хэрэгжүүлэхгүй байгаа хэрэг вэ?
-Үндсэн хуулиа бүрэн уншаагүй хүмүүс УИХ, Засгийн газрыг тэргүүлж болохгүй биз дээ. Тавдугаар сарын 25-наас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд Засгийн газраа байгуулна. Сайд нараа томилно. УИХ-ын гишүүдийн дөрөв нь л “давхар дээл”-тэй. Бусад нь бүгд гаднаас. Дээрээс нь төсвийн эрх мэдэл байхгүй болчихсон. Саяных шиг нийлж байгаад найрладаг юм байхгүй. Сангийн яам анх оруулсан төсвийн төслөө танихгүй болтол өөрчлөх юм байхгүй болно. Тэгэхээр нэг, хоёр удаагийн сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болох сонирхолтой хүмүүсийн тоо эрс багасна. Яагаад гэхээр саяны хоёр том эрх мэдэл нь байхгүй болчихсон. Дээрээс нь ажлын 50 өдөр чуулдаг байсан. Үүнийг 75 болгосон. 1992-2000 оны УИХ-ын чуулган ийм байсан. Тэр үеийн УИХ-ын чуулган чөмөгтэй байж, суудаг байж, ажил хэрэгч байж, сэтгэл гаргадаг байж. 2000 оноос хойш гарсан гишүүд нь ямар их чуулдаг юм бэ гээд Үндсэн хуулийг хулгайгаар өөрчлөөд хуралдах цагаа бараг 50 хувь бууруулсан. Өөрсдийгөө амраах гээд. Тэгэнгүүт одоо эргүүлээд 75 болгочихсон. Тэнд сууж сурсан хүн л сууна. Дандаа чуулганаа тасалдаг гишүүн бол 0 оноо авна шүү. Эргээд тэдэнтэй хариуцлага тооцно. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болсон. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ л баригдаагүй бол эгүүлэн татах гэсэн ойлголт байдаггүй байсан. Энэ хугацаанд эгүүлэн татагдсан гишүүд ховор. Харин одоо бол УИХ-ын гишүүд Үндсэн хуулиараа хууль тогтоох, санаачлах ажилтай. Үндсэн хуулийг зөрчвөл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэж байгаа. Тэгэхээр хуралдаа суухгүй бол эгүүлэн татдаг, төсөв мөнгөний эрх мэдэлгүй, томилгооны эрх мэдэлгүй болж байгаа.
-Өөрөө олон хууль санаачилж, батлалцахад оролцсон хүн. Одоо нэн яаралтай батлах хуулийг нэрлэвэл?
-Өмнө нь өргөн бариад буцаагдаж байсан Улс төрийн намын тухай маш сайн хууль бий. Улс төрийн намын хөөсрүүлсэн гишүүнчлэлийг болиулах. Улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгоё. Нэг хүн улаан, цэнхэр, ногоон батлахтай байдаг. Аль ялсан талынх нь батлахыг үзүүлдэг ийм шогийн юмаа больё. Монгол Улс 330 сумтай. Сум бүр дээр намын салбартай байж яах юм бэ. Жалга довоороо улс төржөөд дууслаа. Дээрээс нь улс төрийн намууд дээр байдаг олон нийтийн байгууллагыг больё. Энэ хуулийг хамгийн эхэнд батлуулах ёстой.
-Та хотод суурьшаад удаж байна уу?
-Би Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж өссөн. Тэндээ ахлах сургуулиа төгсөөд хуулийн мэргэжил эзэмшихээр Улаанбаатарт ирж байлаа. Түүнээс хойш Улаанбаатар хотын иргэн болсон доо.


-Ингэхэд хэр олон найзтай вэ?
-Найз нөхөр гэдэг бол үнэт зүйл, зарчим, ойлголцдог зүйл, дотоод ертөнцөөрөө нэгддэг хүмүүсийг хэлдэг. Намайг илэрхийлж байгаа өнгө төрх чинь миний эргэн тойронд надтай адилхан ойлголцолтой хүмүүсийг бий болгохыг нөхөрлөл гэж ойлгоод байна л даа. Тооны хувьд гэвэл их олон найзтай юм байна. Миний найз нөхдийн хүрээлэлд олон төрлийн хүмүүс бий. Найзуудын маань мэдлэг боловсрол амьдралын түвшин ч харилцан адилгүй. Гэхдээ бидний нөхөрлөлийг бататгадаг, холбодог зүйл байдаг болоод бид найзалсаар байгаа. Тэр нь хэн хэндээ түшигтэй, итгэлтэй, үнэнч зан байгаа юм л даа. Түүгээр бид холбогддог болохоор илүү их ойлголцож нөхөрлөдөг байх. Тэр бол мөнгө, цаг хугацаа, нас хүйсээр хэмжигдэхгүй. Нутаг ус, улс төрийн намаар ч хэмжигдэхгүй. Миний найзууд өөр намд ч байна, өөр нутаг усанд ч байна, өөр хүйснийх ч байна, надаас залуу нь ч байна, ахмад нь ч байна. Гэхдээ бүгдээрээ найзын сэтгэлээр холбогддог. Би энэ бүх найзуудаасаа бүгдээс нь нэг л зүйлийг олж хардаг. Сэтгэл сайхантай, зөв бодолтой, түшигтэй, зангарагтай, зовлон жаргалын алинд нь ч хамт байдаг ийм сайхан талыг нь олж хардаг даа.
-Тэгвэл та хэр олон дайсантай вэ?
-Тэд миний дайсан биш ээ, магадгүй тэд миний нөхөр ч юм бил үү. Яагаад гэвэл тэд намайг хурцалдаг байхгүй юу. Хүнийг хэтэрхий бялдууч үгээр булаад тойрон хүрээлж байгаа хүмүүс нь хоосон магтаад байхын оронд зарим талаараа хатуу ч гэсэн үнэн шүүмж, нөгөө талаараа хүчтэй өрсөлдөгч гарч ирэхээр дахиад илүү их өөрийгөө хурцлах, ухаанаа хурцлах шинэ сорилт болдог. Тэр утгаараа энэ хүмүүс миний дайсан биш миний нөхөр ч гэж хэлж болох юм даа. Ер нь хүний амьдралд хар, цагаан хоёр зэрэгцэж явдаг шүү дээ. Жаргал, зовлон ээлжилдэг шиг сайхан, муухай сүлэлдэж байж хорвоогийн өнгө ялгардаг байх. Эсвэл тэр миний дайсан болчихлоо гээд дотроо өс зангидаж, дараа нь түүнийг чадна даа ч гэх юм уу тийм бодол надад ерөөсөө байдаггүй.
-Заримдаа нийгмээрээ шүүмжлэх, ажил хийх гэсэн нэгнээ үгүйсгэх хандлага ихээхэн ажиглагддаг. Ер нь улстөрчдийн гол хийх үндсэн үүрэгт ажил яг юу байх ёстой вэ?
-Улстөрчийн ажил бол цаасны, хуулийн ажил. Ер нь улстөрчдөөс л нийтийн тусын тулд үйлчилж чадах бодлого л гарч байх ёстой. Чиний бодлогыг олон хүн дэмжиж байх юм бол тэр бодлого чинь дэмжигдээд явна. Олон хүн дэмжихгүй бол шахагдаад л явдаг тийм л хатуу тоглоомын дүрэмтэй. Тэгэхээр өөрийнхөө итгэж үнэмшиж байгаа бодлогыг уншиж судалсан мэдлэгээ Монголын нийгэмд бага ч гэсэн тус болчих юм болов уу гэж харж ажилладаг. Өмнөх УИХ гурван намын төлөөлөлтэй, бие даагчтай УИХ-д хууль батлуулахаар би 53 удаа чуулган руу хуулийн төслөө бариад орж байсан. 53 удаа загнуулсан байхгүй юу даа.
-Та харин чуулганы хуралдаан дээр гишүүдийг хуулиа мэдэх хэрэгтэй гээд нэлээн ширүүхэн үзэлцдэг байсан?
-Загнах ч юу байх вэ /инээв/. Оруулсан хуулийн төслөө ойлгуулах, хамгаалах шаардлага гарна шүү дээ. Зарим нэг УИХ-ын гишүүн “Чи биднийг загнадаг хэн бэ” гэж байсан л даа. Гэхдээ би бас загнуулж байсан шүү. Түүнд эмзэглэдэггүй. Яагаад гэвэл тэр бүхэн намайг чөмөг суулгадаг байсан. Намайг маш олон зүйлд сургасан. Тухайн үеийн Ерөнхийлөгчийн барьж байсан бодлого нь хуулийн шинэтгэл байсан шүү дээ. Түүнийг хэн нэг нь аваад орох л байсан байхгүй юу. Тэр ажлыг бараг 30 насандаа хийсэн. Гучтай залуу Монголын өнгө төрх төлөөлөл болоод гараад ирчихсэн гишүүдэд хуулиа ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж батлуулна гэдэг амаргүй байсан. Гэхдээ 76 хүнд хууль ойлгуулах нэг асуудал. Харин гурван сая хүнд ойлгуулна гэдэг надад дахин нэг шинэ сорилт. Төрийн алба гэдэг ялангуяа улс төрийн алба гэдэг эрх ямба гэхээс илүүтэй, үүрэг хариуцлага, ачаа даах чадвар л чухал л даа. Тэр нь оюун ухаан, мэдлэг, тэвчээр хатуужлаас шалтгаална. Нэгэнт ийшээ хөл тавьсан бол хэвлэл мэдээлэл, олон нийт дайрна. Тэглээ гээд сэтгүүлч нарыг барьж цагдаад өгөөд, энэ миний нэр төрд халдлаа шалгаад өгөөч, хэн нэгэн иргэнийг намайг доромжиллоо гээд цагдаад өгөөд явна гэсэн үг биш. Би тийм зүйл рүү орохгүй л гэж бодож байгаа. Хэвлэлийн эрх чөлөө манайд байх ёстой.
-Манайхан төрд ажилласан залуучуудаа түүний хүн, үүний хүн гэх нэр хоч зүүдэг боллоо?
-Хүнд өөрийн үнэт зүйл зарчим байгаа. Миний хувьд хэн нэгний утсан хүүхэлдэй болж явах хүн биш. Зарчим нийлэхгүй хүнд угаасаа би үгүй хэлж чадна хэнийг ч байсан дэмжинэ. Яагаад гэхээр бүгдээрээ л эцсийн үр дүнд сайн сайхан нийгмийн төлөө л явах ёстой. Улстөрчид гэхээр хувийн өс хонзон, дайсан, мөнгөтэй хүмүүсийн уралдаан биш. Монгол Улсыг зөв чигт, аятайхан болгох бодлогын л уралдаан гэж хардаг. Нэг хэсэг нь Ардчилсан нам гэж харж байхад нэг хэсэг нь багшаа, найзаа гэж харж болно. Тиймээс тэр хүмүүсийн эргэлзээг тайлж, өөрийнхөө хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл, хийж хэрэгжүүлэх ажлаараа л өөрийгөө таниулж яваа гэдгээ харуулна.
-Та өөртөө маш итгэлтэй, эрэмгий харагддаг?
-Манай зарим нэг найзууд чиний жаахан дутагдалтай зан шийдэмгий гэдэг. Ер нь итгэлтэй биш залуу хүн гэж байдаг юм уу. Шийдэмгий ч гэсэн цагаан талдаа, би хүнд хар буруу санадаггүй. Дөнгөж 27 насандаа ҮАБЗ-д орж ажиллан, 28 насандаа Авлигатай тэмцэх газарт жинхэнэ гал гарсан газар ажиллаж байсан нь өөртөө итгэлтэй шийдэмгий байхад нөлөөлсөн ч байж магад. Сэтгэл зүйгээ залуу хүний хувьд бэлдэж байх ёстой. Сэтгэл зүй нь ядруу суурьгүй хүн бол аливаа юманд ялагдал хүлээх амархан юм билээ. Тэр хатыг өөртөө суулгасан. Хуульч хүний хувьд аливаад гүн няхуур хардаг бас монгол зан заншил, төрт ёс, монгол хүний сэтгэлгээний онцлог, монгол хөрсөө бодох ёстой гэдгийг хардаг болчхож.
-Хүмүүс улс төрд шинэ хүн хүсдэг боллоо гээд байна. Гэхдээ хуучцуул шинэ хүнд зай өгөхгүйн тулд улс төрийн янз янзын арга сэдэж байна. Ялангуяа зарим бие даагчийг санал хуваалгахаар зориуд цаанаас нь түлхэж дэвшүүлж байх шиг...
-Би ингэж хардаг шүү. Улс төрд чи орсон л бол сайн муу бүхнээ л бодох ёстой. Ялалтын тугийг зоохын тулд аль ч улс төрийн нам хүчин, аль ч нэр дэвшигч энэ замыг туулна. Замд ямар ч бартаа саад, гуу жалга таарч болно. Чи энэ замыг сонгосон л юм бол даваад л гараад ирэх ёстой. Улс төрд орж байгаа бол чамайг өөр зам хүлээж байдаг. Энд хорвоогийн хамгийн сайн зүйл, муу зүйл хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Хамгийн сайхан магтаалын үг ч бий, хамгийн хатуу хараалын үг ч бий. Үүнийг туулаад гарах оюун ухаан сэтгэл зүтгэл байх ёстой. Нэг хэсгийг нь залуу насныхаа ааг эрч хүчээр туулна, нэг хэсгийг нь туршлага зангаргаар туулна. Энэ бол сонирхолтой зам. Нөгөө талдаа энэ бол ардчиллын ололт юм. Энэ олон өнгө төрх, улс төрийн бараанаас хэнийг нь худалдаж авч, хэнд нь итгэл үзүүлэх вэ гэдэг сонголт л явж байгаа юм. Нөгөө талаар энд хүч сорих гэж байгаа хүмүүс бүгд л шинэ. Зөвхөн Монголд ч биш дэлхийд улс төрийн шинж чанар үргэлж солигдож байна. Канад, Францад бүхий л түвшинд залуус гарсан. Ер нь нэг тийм давлагаа яваад байна. Миний хувьд УИХ гэдэг бол Монголын нийгмийн тусгал байхгүй юу. Тэр утгаараа тэнд тодорхой хүмүүсийн төлөөлөл заавал байх ёстой. Тэр дундаа эмэгтэйчүүд, залуучууд, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер нь байвал сайн л байна.
-Дуучин, бөх хүмүүс байж болох юм уу. Тийм хүмүүс байлаа гээд иргэд уурлаад байх юм?
-Ард түмэн итгээд сонгож л байгаа бол хэн байсан ч болно шүү дээ. Миний бас нэг бодол ард түмэн ямар ч улстөрчийг сонгож болно. Харин парламентын дэргэд улстөрчдийн уураг тархи нь болдог байгууллага байх ёстой. Хүрээлэн ч юм уу.
-Хоёр танхимтай парламентын талаар бас ярьдаг шүү дээ?
-Тийм байж болно л доо. Хоёр танхимтай байх нь тийм муу хувилбар биш. Гэхдээ миний итгэл үнэмшил парламентын гишүүдийн тоог нэмэх ёстой гэж боддог. Олон улсын жишгээр гурван сая хүнийг 130 орчим хүн төлөөлөх ёстой байдаг. Төр данхайж харагдаад байгаа бол ашиггүй ажиллаж байгаа төрийн компаниудаа хувьчлаад, хэрэггүй яам агентлагуудаа алга болго л доо. Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл нь бодлогоо аваад явдаг, Ерөнхий сайд нь мэргэжлийн Засгийн газраа бүрдүүлдэг буюу Сангийн яамаа хамгийн шилдэг эдийн засагчдад нь хариуцуулдаг гэх мэт. Харин парламент улс төрийн шийдэл яриад байж байх ёстой гэж боддог. Дэргэд нь мэргэжлийн зөвлөгөө өгдөг газар нь байх ёстой. Ер нь алсдаа ийм шийдэл рүү яваасай гэж бодож байгаа. Дэлхий даяараа ийм болж байгаа.
-Та аавынхаа тухай өмнө нь ярьж байсныг нэвтрүүлэг ярилцлагаас тань харж байсан. Харин ээжийнхээ тухай дэлгэрэнгүй яриагүй байна лээ. Тухайн хүнийг таньж мэдэхийн тулд хаанаас ургасан үндсийг нь таньж мэдэх нь чухал байх. Цаашлаад монголчуудын ярьдаг удам сайтын угсаа сайн гэдэгтэй ч холбоотой шүү дээ?
-Миний аав жолооч хүн байсан.Тухайн үед дээд сургуульд сурч байгаад машиндаа дурлаад сургуулиа орхиод жолооч болчихсон хүн л дээ. Гэхдээ намайг болохоор “Эрдэм номын мөр хөө. Наашаа битгий зүглэ” гээд ойртуулдаггүй байсан. Ер нь эмэгтэй хүн, ээж хүн чинь түлхүү хүүхдүүддээ нөлөөлдөг юм шиг байна лээ. Арван сар хэвлийдээ тээж хүйгээр холбогдсон болохоороо ч тэгдэг байж болох. Миний биеийг бүтээж байгаа тал хэсэг нь ээж байж магадгүй. Миний ээж бол Өвөрхангай аймгийн Тарагт сумын гаралтай хүн. Хүнсний технологич мэргэжилтэй. Насаараа хүнсний үйлдвэрт ажиллаад дараа нь намын захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Аавын талаас дуучид, гавьяатнууд, цэргийнхэн их олон. Хилийн цэрэгт байсан хурандаа гавьяат бий. Олон дархчууд бий. Уртын дууч ч бий.
-Та тэгвэл сайхан дуулдаг байх нь?
-Мэргэжлийн түвшинд биш ч гэлээ эр хүн найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэдэг шиг бас хоосонгүй ээ. Айлын найранд очвол ямар ч байсан гэрийн жавар үргээгээд гурван дуу дуулчихна аа. Аавын талд бас нээрээ хуульч байхгүй. Хоёр талаасаа хуульч болсон анхных нь, би. Харин надаас хойш манай удмаас хуульч болсон ганц хоёр хүүхэд бий. Ихэнхдээ л манайхан эмч, багш, инженер болцгоосон.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com