Б.ОДМАА
-Төрийн үүрэг нь татвар бууруулах, цалин нэмэх. Үүнийгээ Засгийн газар нь гавьяа байгуулж, гайхамшигтай зүйл хийгээд байгаа аятай сурталчилдаг-
“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын mэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Нэргүйн Пунцагтай ярилцлаа.
-Таны аав Ховд аймгийн Нийтийн үйлчилгээний салбарыг тэргүүлж байсан хүн. Аав нь аль сумын хүн бэ?
-Манай аав Нэргүй Ховдын Дуут сумын хүн. Хүүхэд нь аавынхаа тухай ярина гэдэг бас хүнд шүү. Миний аав математикийн багш мэргэжилтэй. Сүүлд Намын дээд сургууль төгсөөд, Хөдөө аж ахуйн техникумд багш, Нийтийн ахуйн үйлчилгээний газрын дарга, Үйлдвэр сургалтын төвийн захирлаар ажиллаж байсан. Дуут сумын МАХН-ын дарга, аймгийн захын дарга зэрэг ажлыг хийж байгаад дараа нь хувийн хэвшилд ажиллаж байсан.
-Та Монголын хязгаар нутагт төрж өссөн, одоо ч энэ нутагтаа нийгмийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна. Хот, хөдөөгийн ялгаа, нийт олонхын амьдралын ялгааг тод хардаг байх гэж бодож байна?
-Хот хөдөөгийн ялгаа их байгаа. Техник технологийн хувьд бол хот хөдөө хоёрт бараг ялгаа алга. Хөдөөний айл угаалгын машин, хөргөгчтэй, гар утас хэрэглээд хэвшсэн, интернэтэд чөлөөтэй орж байна. Малчин айлын гадаа мотоцикль, 2-3 машин байна уу, байна. Гэхдээ хаа сайгүй ажилгүйдэл, ядуурал ихэсч байна. Манай хөдөөд бас нэг сайхан юм байна. Хүн чанар энд бий. Хүн чанарын тухай ярихаар би нөгөө л үйлчилгээний ажилчдаа ярьчих гээд байдаг талтай. Наад зах нь үүрэг хариуцлагаа мэддэг хүн цагийг ягштал барьдаг байх жишээтэй.
-Дөрвөн жил тутамд сонгууль болдог. Иргэдийг төлөөлдөг УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагын талаар Та юу хэлэх вэ. Манай улсын хөгжих гарцыг юу гэж харж байна?
-Иргэдээ зөв чиглүүлээд өгчихвөл ядуу амьдрах ямар ч үндэслэл байхгүй. Бүх төрлийн бизнес, ажил хөдөлмөр эрхэлж, нийтээрээ сайхан амьдрах боломж бий. Наад зах нь адууны хөх хомоолыг зөв ашиглахад цаашлаад экспортод гаргана. Иргэдийг бизнес эрхлэх, ахуй амьдралаа өөд татахад нь төрөөс бодлогоор дэмжээд л өг. Яг үнэндээ улстөрчид, намууд сонгуульд санал авахын тулд хүмүүст таалагдах зүйл ярихаас биш бодит үнэнийг огт ярихгүй байна. Бид одоо хаана хаанаа ҮҮРЭГ гэдийг томоор сөхөн гаргаж ирэх цаг болжээ. Манайхан Төрийн алба хариуцлагатай байх ёстой, дарга нар хариуцлагатай байх ёстой гэж яриад байгаа ч хэрэгждэггүй сул талтай улс болсон. Монгол Улсын иргэн ямар үүрэгтэй юм бэ гэдгээ бид бас яримаар байна. Аль ч улс оронд иргэний үүрэг гэж бий.
Үндсэн хуульд эрх, үүргийг тус тусад нь тодорхой тусгаад өгсөн. Монгол хүн, Монгол Улсын иргэн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэсэн мөртлөө үүрэг нь юу юм бэ гэдгийг хэн ч хөндөхгүй орхигдуулж ирсэн. Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг авчирсан. Одоо үүргийн тухай тод хөндөнө.
-Үүргийн талаар яригдахгүй байгаа ч түүнийг орлох нийгмийн хариуцлага гэдэг үг хааяа нэг дуулдаж байгаа. Эрх мэдэлтэн, шийдвэр гаргагчид үүргийг хэрэгжүүлдэг баймаар байна?
-Үүргийг тодорхой хэмжээнд ойлгуулаад эхлэхээр хүн хүнтэйгээ харьцах харьцаа, нийгмийн хандлага ч тодорхой хэмжээгээр эерэг болоод эхэлнэ. Жишээ татахад, цалингийн хэмжээ хэд хүргэх тоондоо гол нь чухал биш. Гол нь цалин үндсэн үүргээ л биелүүлдэг байх ёстой. Цалин өөрөө хэд хэдэн үүрэгтэй. Нэгдүгээрт тухайн хүний сарын хэрэгцээг бүрэн хангадаг. Хоёрдугаарт сар болгоныхоо цалин дээрээс тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжийг хангах, хуримтлал үүсгэх чадвартай байх ёстой. Үүсгэсэн хуримтлалаараа орон байраа сайжруулчихдаг, автомашин аваад уначихдаг, жилдээ гадаадаар байг гэхэд дотоодынхоо үзэсгэлэнтэй газраар аялчихдаг, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээндээ зарцуулахад хүрдэг байх ёстой. Эцсийн утгаараа бол ажил хийж байгаа хүн бүх асуудлаа цалингаараа шийдэж чаддаг байх ийм л ҮҮРГИЙГ цалин биелүүлдэг баймаар юм.
Харамсалтай нь манайд тийм биш. Цалингаа амьжиргааны доод түвшин гэх мэт ангилж байгаад олгодог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга орчим. Үйлчилгээний ажилчид хамгийн бага цалин авч байгаа. Тэд элдэв татвар, хураамжаа төлөөд гар дээрээ 350 мянга орчим төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хаанаа ч хүрэлцдэггүй. Зүгээр л амь зогоож бай гэж өгч байгаа юм шиг гээд хэлчихвэл худлаа хэлсэн болохгүй байх. Бодит байдал ийм л байна.
Манайхан, залуучууд яагаад гадагшаа явж ажилладаг гээч. Тэд үүргээ гүйцэтгэж чаддаг цалингийн хойноос явж байгаа юм. Төр бол иргэддээ үүргээ гүйцэтгэж чадах хэмжээний цалин олгох боломжийг л хангаж өгөх ёстой.
Төрийн үүрэг нь татвар бууруулах, цалин нэмэх. Үүнийгээ Засгийн газар нь нээх их гавьяа байгуулж, гайхамшигтай зүйл хийгээд байгаа аятай олон нийтэд сурталчилдаг. Энэ бол гавьяа биш. Хийх ёстой үүрэг нь юм. Өнөөдөр манай улсад ганцхан Ардчилсан нам л үүрэг, хариуцлагыг хэрэгжүүлж хийж чадна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл ардчилал хүний үндсэн эрх суурь боломжийг олгодог. Эдийн засгийн эрхийг олгосон. Ардчилал орон сууцыг хувьчилсан, малыг малчдад өмчилсөн, монгол хүнийг гадаад паспорттай болгосон гээд тооцоод байвал олон бий. Тэгвэл МАН өнгөрсөн 30 жилийн хугацаанд засгийн эрхийг хамгийн их барьсан. Ингэхдээ иргэдэд тустай тод үлдсэн юу хийв. Надтай ярилцлага хийж буй сэтгүүлч та хариул даа. МАН яг юу хийсэн байна. Шууд тодорхой хэлчих хариулт юу ч байхгүй. Ийм учраас Ардчилсан нам л ҮҮРГИЙГ хэрэгжүүлж чадна гэж хэлэх байна.
-Төрийн алба, улстөрчдийг нийгмээрээ шүүмжилцгээдэг. Бодит байдал үнэхээр дээрээ тийм байна уу?
-Энэ УИХ, төрийн түшээд бүгдээрээ 30 жил хуулийг боловсронгуй болгоно гэж ярилаа. Бодоод үз дээ, яасан ч боловсорч дуусдаггүй хууль юм. Яасан ч боловсруулж дийлдэггүй юм. УИХ бол хоёрхон үндсэн үүрэгтэй. Нэг нь хууль боловсруулан батлан гаргах. Нөгөөх нь баталсан хуулиа хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй. Гэтэл өнгөрсөн 30 жил хууль боловсруулах, цаас үйлдвэрлэх ажлаа нухсаар л. Нөгөө хоёр дахь хууль хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг орхигдуулж ирсэн. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ бүр мартаж орхисон. Тэгсэн хэрнээ төр муу менежер гэж ярьж ухуулаад байдаг. Үгүй шүү дээ, төр хамгийн сайн менежер. Одоо төр ганцхан юу хийх вэ гэхээр хариуцлага тооцдог, хяналт тавьдаг тэр үүргээ л хангалттай биелүүлдэг байх ёстой. Өсөлтийг өрх бүрд хүргэх бодлого бол яг нэг айл өрх, иргэн бүрд хүрэх, амьдралын чанарыг сайжруулахад анхаарсан ажлуудыг хийх хэрэгтэй байна.
-Төр муу менежер гэж ярьж байгаад л хөрөнгийг хэсэгчлэх, боломжтой болгоныг хуваагаад завших ийм л технологи хэрэгжээд байх шиг?
-Төр муу гэж байгаад цаагуураа хувааж идээд байгаа нь үнэн. Эндээс бас миний шүүмжлэл эхэлдэг л дээ. Ер нь яах гэж УИХ-д сонгогдож байгаа юм бэ гэдгээ ойлгодог нь цөөн. Түмнийг төлөөлнө гэчхээд хуралдаа ч ирдэггүй. Тэгсэн хэрнээ сайд, дарга болно гэж зүтгэцгээдэг. Дарга болж оччихоод хамгийн түрүүнд бүх тавилгаа сольж байх нь жигшмээр. Тэнд ажил хийх гэж байгаа болохоос биш ямар тухалж амьдрах гэж байгаа биш дээ. Төрөөс хулгай хийж хөрөнгө хураасан хүн үхэхдээ хөрөнгөө аваад явж чадах уу. Хүнд ер нь олон юм хэрэг байна уу. Амьдралыг харах миний өнцөг энэ.
Одоо дэлхий нийтийн цар тахал коронавирус маш олон юмны багийг хуулж харуулж байна. Попордог хүмүүсийн багийг, улс орнуудын багийг хуу татаж үнэн төрхийг нь харуулж байна. Хүн ардынх нь мөн чанар, сэтгэлгээний онцлогийг илчиллээ. Чи хаан байна уу, дарга байна уу, Ерөнхий сайд байна уу, тэрбумтан байна уу, энгийн иргэн байна уу, өвчин тусвал ямар ч ялгаагүй гэдгийг ойлгууллаа. Хүмүүст янз бүрийн юм бодогдуулж байгаа гэдэгт эргэлздэггүй. Хэт материаллаг болчихсон яваа хүн төрөлхтөнд, манай монголчуудад ч хүн гэдэг амьтан амьдралын бодит үнэн, хөрсөн дээрээ буух ёстойг энэ цар тахал ч сайтар ойлгуулж байна.
-Ховдод “Хүнлэг үйлстэн” нэртэй үйлчилгээний ажилчдын холбоо байгуулагдсан сайхан мэдээ дуулдаад байгаа. Та үүсгэн байгуулагч нь юм байна. Яагаад байгуулъя гэж бодсон юм бэ?
-Ховдын Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбооны дарга Ариунтөмөр үйлчилгээний ажилчдад сургалт явуулсан байдаг. Тэр сургалтан дээр үйлчилгээний ажилчид “Бидэнд нэг холбоо байгуулж өгөөч” гэсэн санал тавьсан байсан. Ариунтөмөр надад энэ хүмүүс ийм санал тавьж байна, дэмжиж тусалбал ямар вэ гэлээ. Миний өмнө нь бодож явдаг байсан санаатай яв цав нийцээд хоёр ч удаа үйлчилгээний ажилчидтайгаа уулзаад зорилгоо танилцуулсан. Энэ холбооны зорилго бол зөвхөн өөрсдийнхөө төлөө, гишүүддээ үйлчилдэг ТББ. Бас архийг хэзээ ч дэмжихгүй. Үүн дээр хатуу байр суурьтай байна шүү гэдэг саналаа хэлсэн. Манай гишүүд ч энэ саналыг зөвшөөрсөн.
-“Хүнлэг үйлстэн” холбооны гишүүдийн тоо хэд вэ. Та холбооныхоо үйл ажиллагаанд одоо оролцож байгаа юу?
-Гишүүдийн тоо нэлээд их шүү. Гэхдээ би холбооноосоо гарчихсан байгаа. Өнгөрсөн 11 дүгээр сард холбооны үүсгэн байгуулагч, тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүний ажлаа хүлээлгэн өгсөн.
-Үйлчлэгч, үйлчилгээний ажилчид бол нийгмийн анхаарлын төвөөс нэлээн хол байдаг. Тэдэнд тулгамдсан асуудал бол их шүү дээ, энэ хүмүүсийн юу таны анхаарлыг татсан бэ?
-Миний аав Нэргүй 1980-аад онд Ховд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан. Аав маань үйлчилгээний салбарын хүмүүстэй маш ойрхон, дунд нь орж ажиллаж, дотно нөхөрлөдөг хүн байсан. Манай аав 10 хүүхэдтэй айлын хүүхэд. Олуулаа өссөн учраас олноо гэсэн сэтгэлтэй хүн байж. Аав маань үйлчилгээний салбарынхны дунд амьдарч байсан болоод ч тэр үү би энэ хүмүүст тусалчих юм сан, хамтын хүчээр нэгнийгээ дэмжчихсэн юм сан гэж бодож явдаг учраас холбоо байгуулах саналыг нь хүлээн авч байсан. Үйлчилгээний ажилчдын нийгмийн асуудал бусдаас маш их хоцрогдож ирсэн учраас би энэ хүмүүсийн төлөө багахан ч болов тустай юм хийе гэж үздэг.
Жишээ нь, манай холбооны Удирдах зөвлөлийнхөн аймгийн төвөөр гүйгээд “Манай энэ хүмүүст тодорхой хэмжээний хөнгөлөлт олгож өгнө үү” гээд санал тавихад хоёр ч эмнэлэг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулах гэрээ хийгээд өгч байна. Ямар ч хүнтэй уулзаад, энэ хүмүүс рүү чиглэсэн ажил хийгээд өгнө үү гэсэн хүсэлт тавихаар огт татгалзахгүй байна. Тэдэнд сэтгэл тавиад, хөтлөөд холбоод өгөх хүн байхгүй л байсан болохоос биш монгол хүний хүн чанар үгүй болчихоогүй байгаа нь сайхан байна.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН