Энэ удаагийн УИХ-ын сонгууль хорио цээрийн нөхцөлд болж байгаагаараа, мөн оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоогоороо ч урьд байгаагүй түүхэн сонгууль болох гэж байна. Түүнчлэн бие дааж нэр дэвшихээр 208 хүн бүртгүүлснээс 121 нь албан ёсоор үнэмлэхээ гардсан гээд зөндөө онцлохууд байх шиг. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуулийн эргэн тойронд өрнөж байгаа, олны анхаарлыг татах үйл явдлуудаас товчлон хүргэе.
Голландын иргэншилтэй эсэх талаараа Г.Амартүвшинг
ам нээхийг хүлээж байна
УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Г.Амартүвшин Голланд улсын иргэн байх магадлал маш өндөр гэсэн жиргээ цахим ертөнцөөр тархаж байна. Үнэндээ эл шуугиан өнөөдөр гарсан зүйл биш л дээ. Түүнийг “Шарк” Амараа гэж нэрлэгдэж эхэлж байх үед Голландын иргэн гэж яригдаж, бичигдэж байсан юм. Тэрбээр Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байна. Гаднын иргэншилтэй хүн УИХ-д нэр дэвших нь бүү хэл, Монгол Улсын аль ч сонгуульд сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцохыг хуулиараа хориглосон байдаг.
Түүнийг 2014 онд Нидерландын Вант улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албан тушаалд томилогдож байсан гэдгийг хэлэх нэгэн нь ч байна. Хэрвээ тэр “Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоолгох хүсэлт” гаргасан тохиолдолд Харьяатын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг захирамжийн дагуу шийдэгдэх ёстой.
Харин ийм мэдээлэлд Г.Амартүвшин одоог хүртэл ямар нэгэн тайлбар хэлж, ам нээгээгүй л байна. Түүнд иргэншлээс илүүтэй, бичгийн сод хүмүүн еншөөбүү Б. Ринчингийн зээ хүү гэгдэх нь л чухал байгаа бололтой. Удам судрыг нь нарийн нягталж үзвэл тэр их хүмүүнтэй хувь заяагаа холбосон эмэгтэйн охиноос гарсан нь үнэн боловч, Б.Ринчин гуайтай цусан төрлийн холбоогүй гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаад хэлсэн гэдэг яриа ч бий.
Хоригдож байгаа нэр дэвшигчтэй ховорхон сонгууль болох нь
Хан-Уул дүүргийн сонгогчид хачин сониноор арвин байх бололтой. МАН-аас нэр дэвшигч Г. Амартүвшингийнхээ харьяаллыг хараахан мэдэж амжаагүй мунгинаж байх зуурт тус дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаагаа олон нийтэд зарлаж, 801 хүний гарын үсгийг 30 гаруй мянга болтол нь давуулан биелүүлсэн Н.Номтойбаяр хорих 461 дүгээр ангид саатуулагдчих нь тэр. Гэвч түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ноос аав нь гардаж авсан бөгөөд хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааг хариуцаж хийнэ гэдгээ мэдэгдсэн юм. Харин Н.Номтойбаяр хорих ангиас захидал бичжээ. Тэрбээр захидалдаа “... “Эрүүгийн зохиомол хэргийн зохиол”-ыг бичиж, яллахдаа гаршсан зарим хүмүүсийн эсрэг би өөрийн хүсэлтээрээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөн, шударга ёс, хууль цаазын үнэн мөнийн дэнс хэрхэн ажиллахыг хүлээн жирийн иргэний хувиар шалгуулж байгаа. Харамсалтай нь намынхаа эгнээнд байтугай, УИХ-д ч шударга үнэний дуу хоолой байлгахыг хүсэхгүй байгаа МАН-ын одоогийн удирдлага Азийн ардчиллын бэлгэ тэмдэг гэгдсэн Монгол Улсад “шоронгоос” сонгуульд өрсөлддөг шинэ үзэгдлийг бий болгож байна. Энэ бол зөвхөн миний эрх чөлөөг боомилоод зогсохгүй, Хан-Уул дүүргийн 127 мянган иргэдийн сонгох эрхэнд халдаж, Монголд ардчиллын үнэт зүйлсийг устгаж, хэлмэгдүүлэлтийн шинэ зохион байгуулалтыг XXI Зууны Монголын хөрсөнд нутагшуулахыг санаархаж байна. Ард түмэн, сонгогч олон Та бүхэн сонор сэрэмжтэй байж, зөв, мэргэн сонголт хийхийг УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшигч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 461 дүгээр ангид цагдан хоригдож буй “улс төрийн хэлмэгдэгч” Нямтайширын Номтойбаяр миний бие уриалж байна” гэжээ.
Хорионд байгаа
Л.Гүндалай Тайландаас өрсөлдөнө
Төрийн түшээгээр хоёронтоо сонгогдож, Эрүүл мэндийн сайдын алба хашиж явсан Л.Гүндалай мөн энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Гэхдээ Монголоос бус Тайландаас өрсөлдөнө. Учир нь, тэрбээр өвчний улмаас бэртлээ эмчлүүлэхээр гэр бүлийн хамт Тайландыг зорьсон байж. Харамсалтай нь, дэлхийг түгшээсэн коронавирусийн улмаас хил хааж эх орондоо ирэх боломжгүй болоод гацчихаж. Транзит нислэгт багтсан ч эхнэр хүүхдийг нь авчраад Л.Гүндалай тэндээ ганцаараа үлдсэн байна. Ингээд л хилийн цаанаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх содон үзэгдлээр нэрлэгдэх нь тэр. Л. Гүндалай УИХ-ын 17 дугаар тойрог болох Хөвсгөл аймагт буюу төрсөн нутагтаа хүч үзнэ. Тиймдээ ч нэр дэвшигчийн үнэмлэхийг гэр бүлийн хүн нь авсан цагаас эхлээд өдөрт 5-10 минутын LIVE хийж эхлээд байгаа. Түүгээрээ дамжуулж Хөвсгөлийн сонгогчдоо өөртэйгөө найз болохыг уриалж, бүр ах эгч, дүү болоорой гээд захиад амжсан. Харин өчигдрийн дөрөв дэх бичлэгээрээ “Би Н.Номтойбаяр гэж залууг тодорхой хэмжээгээр хэлмэгдэж байгаа гэж бодож байна. УИХ-д нэр дэвшиж байхад нь ингэж хорьж болохгүй гэж бодож байна. Н.Номтойбаярт амжилт хүсье. Сонгуулиа сайн хийгээрэй. Наанаасаа хурдан гараарай. Алдаагаа бүү давтаарай” гэж захисан. Иймэрхүү маягаар л сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа нэг эрхэм Тайландад байна.
Хамгийн олон бие даагч Баянзүрх дүүрэгт өрсөлдөнө
Нийслэлийн Баянзүрх дүүргийн сонгогчид өнгөрсөн удаагийн сонгуулиар бие дааж нэр дэвшсэн МУГЖ С.Жавхланд итгэл үзүүлж, төрийн түшээ болгосон гавьяатай. Энэ нь ч нөлөөлсөн үү, аль эсвэл С.Жавхланг “булган сүүлтэй” байж магад гэж итгэсэн үү, энэ удаагийн УИХ-ын сонгуульд хамгийн олон бие даагч зөвхөн Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр болжээ. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байсан ч 121 хүнийг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, тэдний зарим нь нам, эвслээс нэр дэвшихээр болсон бол бусад нь сонгууль зохион байгуулах төрийн байгууллагуудын шалгуураар шүүгдэж 121-үүлээ болсон. Эдгээр бие даагчдын 48 нь нийслэлд бусад нь орон нутагт нэр дэвшиж байгаа юм. Түүн дотроос хамгийн олон бие даан нэр дэвшигч өрсөлдөж буй тойрог нь 23 дугаар тойрог буюу Баянзүрх (1-3, 7, 9-12, 17, 19-24, 27, 28 дугаар хороо) дүүрэг юм байна. Тус тойрогт 12 хүн бие даан нэр дэвшихээр бүртгүүлжээ.
Харин хамгийн цөөхөн бие даагчтай тойрог нь Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай аймаг бөгөөд энэ тойрогт тус бүр нэг хүн бие даан нэр дэвшжээ. Түүнчлэн Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий аймагт нэг ч нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлээгүй байна. Түүнчлэн өөрийгөө “Чингис Хаан” хэмээн өргөмжилдөг Магнайбаярын Чингисхаан, “Өүлэн эх” гэгддэг зураач Л.Өнөрчимэг, дуучин Нара нар бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газар бичиг баримтаа өгсөн байдаг. Зарим нь тэднийг “Мөрөөдлийн баг”-ийнхан гэж гоочилдог ч, Монголдоо л сошиалд танигдсан хүмүүс. Нэр дэвших эрх нь хүн бүрт нээлттэй байгаагийн тод жишээ юм даа.
Хүйсээр ялгаварладаггүйн бодит жишээ нэр дэвшигч Н. Ган-Од
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас энэ удаа Н.Ган-Одыг нийслэлийн СХД-т өрсөлдүүлэхээр нэрийг нь дэвшүүлээд байна. Нэр дэвшигч Н. Ган-Од буюу Ганбууш өөрөө “МАН-аас нэр дэвшигч П.Анужинтай халз өрсөлдөнө” гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр өөрийн нүүр хуудсандаа “Жилийн орлого нь хэдэн арван тэрбум, хураасан хөрөнгө, үнэт зүйлс нь хэдэн тэрбумаар яригдаж байгаа нэр дэвшигчдэд би атаархаагүй шүү.
Гэхдээ хэдэн асуулт байна.
Аж ахуй эрхэлж байхдаа өөрийн ажилчдаа, бас хэрэглэгчдээ хайрлаагүй хүн УИХ-д орж ирээд Ард Түмний төлөө ажиллаж чадах уу?
Орлогын тэгш бус байдал, ядуурлыг бууруулж чадах уу?
Дундаж давхаргыг нэмэгдүүлж чадах уу?
Эсвэл өөрийнхөө бизнесийг хамгаалах гэж байна уу?
Өөрийн компанидаа давуу тал олох гэж байна уу?
"Баян хүн гурван төрд нүүртэй" гэдэг үг бол магтаал биш, харин эд хөрөнгийнхөө төлөө итгэл үнэмшлээсээ урвагч гэсэн үг.
Нягталцгаая” гэсэн байна. Түүний талаар янз бүрээр шуугьж байгаа энэ цаг үед зарим хүмүүсийн харж байгаа өнцөг, дүгнэж байгаа дүгнэлт их эрүүл байлаа. Тухайлбал, Zorig Alima “Монголд анх удаа ЛГБТИ хүмүүсийн төлөөлөл болох GO Gan-Od эгч нэр дэвшиж байгаа юм байна. Бие дааж биш, нам төлөөлж. Сонгогдох эсэх нь тусдаа асуудал, гэхдээ Монгол Улсын иргэд хүйс, шашин, бэлгийн чиг баримжаа, хүйсийн гэх мэтээс хамаарахгүйгээр тэгш эрхтэй гэдэг Үндсэн хуулийн зарчмыг нийгэм нь, улс төрийн нам нь хүлээж авч дэвшүүлж байна гэдэг нь өөрөө маш том дэвшилт” гэсэн байна. Үүнээс өөр тайлбар илүүц биз.
Жүжигчин Ж.Баясгалан хандивын данснаас татгалзсан
Жүжигчин Ж.Баясгалан АН-аас нэр дэвшиж байгаа. Энэ залуу ослын улмаас суугаа болсон ч улс орныхоо төлөө зүтгэе, адил зовлонтой хүмүүсийн дуу хоолойг төрд хүргэе гэсэн чин сэтгэлээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Тиймдээ ч бусдын адил хандив тусламж гуйсан данс нээхээс татгалзаж байгаагаа цахим ертөнцөөр нийтэд зарласан. Хандивын данс нээх журмын дагуу нээсэн ч өөртэй нь адил олон хүн “Тэтгэвэр тэтгэмжээ буухаар хандив өргөе” гэж сэтгэгдэл бичсэн нь түүнийг шимшрүүлж, коронвирусээс болж, хөл хорио тогтоосон энэ цаг үед ард түмнээсээ хандив тусламж гуйхгүй гэдэг шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдэж, өөрийн хөрөнгөөр сонгуульд өрсөлдөнө гэдгээ хэлсэн. Түүний энэ шийдвэр хувьдаа гурван машинтай байж, бусдаас портер нэр заан гуйж байгаа нэр дэвшигчид нэгийг бодогдуулах биз ээ. Нэр дэвшигч Ж. Баясгалан “Авлига аваад, албан тушаал хүртээд би хөл дээрээ босох уу, үгүй шүү дээ... Энгийн иргэдийн тэр бүр анзаардаггүй олон бэрхшээл бидэнд бий, би тулгардаг асуудлуудынхаа төлөө тууштай явна, 75+1” гэсэн мессежийг өчигдөрхөн нисгэсэн. Тун олон хүнд хүрсэн байна лээ. Түүнийх нь хариуд хүмүүс “Тэдэндээ боломж өгье, бидний туслах зүйл ердөө л энэ. Төрийн албад налуу замтай болж, тусгай хэрэгцээт иргэдийг ажиллуулдаг алба хэлтэстэй ч бол!” гэсэн байсан шүү.
М.Чингисхаан: Сэтгэлгээний боловсролтой хүнд Монгол төрийн босго зөөлөн хандах байх
“Чингис хааны академи”-ийн тэргүүн Ч.Давааням гэдэг хүн өөрийгөө Чингис хааны удмын хүн, үе дамжсан хунтайж гэж нэрлээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа өгөөд л явдаг байсан. Мөнөөх Ч.Даваанямын сүртэй хувцасласан зургийн дэргэд нэг шавилхан залууг зэрэгцүүлж тавиад “Хүн насаараа хунтайж гээд явж байхад гэнэт нэг залуу гарч ирээд шууд л Чингисхаан болчих юм. Үнэхээр гомдолтой байна” гэсэн байсан. Харин тэр залуухан Чингис хаан энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ. Тэрбээр сарын өмнө өгсөн ярилцлагандаа “Чингис хаан гэдэг нэрийг 2018 онд албан ёсоор авсан. Хуулиараа хүн нэг удаа нэрээ солих эрхтэй. Тэр эрхээ би тултал ашигласан. Миний зорилго мөрөөдөл бол Чингис хаан шиг мянганы хүн болох суут өвийг бүтээхийн төлөө юм. Тэр ч утгаараа өнөөдөр УИХ-ын гишүүн болохоор горилоод явж байна. Шулуухан хэлэхэд эрх мэдэл хэрэгтэй байна. Өмнө нь хийж үзсэн. Хийгээд явангуут эрх мэдэл байхгүй, мөнгө байхгүй, хүч хүрэхгүй байгаа учраас УИХ-ын гишүүн болохыг хүссэн. Би урлагийн хүн биш, төр түмнийхээ төлөө явах ёстой юм байна гэдгээ олж, илрүүлж, шийдвэр гаргасан хүн. Би хэн нэгний халаасны хүн биш. Санал хуваах зорилготой сонгуульд өрсөлдөөгүй. Зөв үнэнээр явж үзэх гэж байна. Сонгууль шударга явагддаг бол мөнгөгүй ч мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа бор ардын хүү гишүүн болохыг хэн байг гэх вэ. Манай төрд сэтгэлийн боловсролтой хүмүүс дутмаг байна. Тиймээс УИХ-ын босго давна гэдэгт итгэлтэй байна. Сэтгэлгээний боловсролтой хүнд Монгол төрийн босго зөөлөн хандах байх” гэжээ. Бүрэн дунд боловсролтой гэж өөрийгөө тодорхойлсон энэ залуу УИХ-ын босгыг давна гэдэгтээ тун итгэлтэй байгаа ажээ.
Манай монголчууд “Сайн муу нийлж сав дүүрнэ” гэж ярьдаг. Үнэхээр ч энэ удаагийн сонгууль сайн муу нийлж сав дүүргийн бодит жишээг үзүүлж мэдэхээр байна. Зөвхөн нэр дэвшигчдээс шигшиж онцлоход ийм. Түүнээс биш сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд гуравхан хоноход л урьд огт үзээгүй сонин хачин ПИАР явж байгааг энд оруулсангүй. Үлгэрийн баатрууд амилаад гудамжаар энд тэндгүй алхах энэ тэр огт сонин биш байна. Сонгогчид ч үүнд хууртахгүй. Арай өөр амьдрал ойр юм сэтгэ л дээ. Заримынх нь өмнөөс ичих хэрэг гараад байна. Насанд хүрсэн сонгогчид чинь бүү хэл, нялх хүүхдийн доог болж гүйцлээ.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН